| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 101/2016/05165/И |
| Дугаар | 102 |
| Огноо | 2016-06-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 102
| 2016 оны 06 сарын 17 өдөр | Дугаар 181/ШШ2016/00102 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 16-р гудамж, 187 тоотод байрлах, “Лоан шарк” ХХК /РД: 6047491/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 13-р хороолол, 75-р байр, 201 тоотод байрлах, “Уулан Үүлэн” ХХК /РД: 5758572/-д холбогдох
Түрээсийн гэрээний үүрэгт 5 429 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Лоан Шарк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Уулан Үүлэн" ХХК-ийн Б.Хишигжаргал нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Арвин” нэртэй ломбардаа нэг сарын 500 000 төгрөгөөр түрээслүүлсэн. Түрээсийн гэрээний дагуу миний бие 1 сарын түрээсийн төлбөр болон барьцаа төлбөрт 3 500 000 төгрөг шилжүүлсэн ба Б.Хишигжаргал өөр дээрээ баталгаа гарган байнгын үйпчлүүлэгчээсээ 7ш Этамон халаагуурыг 1 400 000 төгрөгөөр авсан. Түрээслэх явцад уг ломбардны үйл ажиллагаа явуулах зөшөөрлийн хугацаа дууссан эрхийн зөрчилтэй байсан учраас гэрээгээ цуцалсан.
Улмаар түрээсийн төлбөр 500 000 төгрөг, барьцаа 3 000 000 төгрөг халаагуурын 1 400 000 төгрөгийг Б.Хишигжаргал нь 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дотор эргүүлэн төлөхөөр тохиролцсон.
Гэтэл Б.Хишигжаргал банкнаас зээл авч байгаа маргааш өгнө гэх зэргээр удаа дараа худлаа хэлж залгахаар утсаа авахгүй өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөхөөс санаатайгаар зайлсхийж байна.
Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги тооцохоор тохиролцсоны дагуу 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 04 сарын 19-ний өдөр хүртэл 36 хоногийн алданги 529 200 төгрөг нийт 5 429 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: “Нэхэмжлэгч “Лоан Шарк” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 5 429 200 төгрөгөө 1 200 000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 4 229 000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Лоан Шарк” ХХК нь хариуцагч “Уулан Үүлэн” ХХК-д холбогдуулан 5 429 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Лоан Шарк” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 5 429 200 төгрөгөө 1 200 000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 4 229 200 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна гэсэн болох нь тогтоогдож байна.
Зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Лоан Шарк” ХХК нь хариуцагч “Уулан Үүлэн” ХХК-д холбогдуулан 5 429 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 1 200 000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 4 229 200 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101 820 төгрөгийн тал хувь болох 50910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611016809 тоот данснаас 50910 төгрөгийг, хариуцагч “Уулан Үүлэн” ХХК-иас 82617 төгрөгний 50 хувь болох 41308 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Лоан Шарк” ХХК-д олгосугай.
3. Хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй дурдсугай.
ШҮҮГЧ С.ХИШИГБАТ