| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0095/Э |
| Дугаар | 89 |
| Огноо | 2019-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 89
2019 01 16 89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Д.Ганчимэг,
шүүгдэгч Г.Б-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С- овогт Г-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1808 0565 00000 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С- овогт Г-ын Б- нь Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Их Засаг Олон Улсын Их сургуулийн Дүрслэх урлаг, дизайн технологийн сургуулийн архитектурын 1 дүгээр курсэд суралцдаг, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы 8 дугаар гудамжны 000 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Б-нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 8 дугаар гудамжинд 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр насанд хүрээгүй иргэн О.Х-тэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт өшиглөж, биед нь хамар ясны зүүн хажуу хананы цөмөрсөн хугарал, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б-: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 1808 0565 000000000 дугаартай хэргээс:
1. Насанд хүрээгүй хохирогч О.Х-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн:
2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд нарангийн 7-198-А тоот гэрээсээ гараад найз Сумъяахүүгийн гэр рүү явж байхад тус хорооны Хайрханы 8 дугаар гудамжинд зүс таних Б-тэй таарсан. юм. Тэгээд хажуугаар нь өнгөртөл намайг дуудахаар нь би очоод юу болсон гээд асуухад “чи яагаад хашаанаас нохойны гинж хулгай хийсэн бэ, мөн дүү яагаад дэлдэн гээд дуудаад байгаа юм бэ” гэхээр нь би “юу гэж танай хашаанаас нохойны гинж хулгай хийдэг юм бэ, танай дүүг танихгүй” гэж хэлээд цаашаа явахад Б- араас “чи давраад байгаа шүү” гэж хэлээд чулуу шидэхэд миний нурууг оносон. Би цаашаа дахиад явахад араас чулуу шидээд дахиад нуруу руу оноод араас гүйж ирээд газар унагасан. Чи ахтайгаа нийлээд томроод байдаг гэж хэлээд миний хамар руу өшиглөхөд хамраас цус гарсан. Тэгтэл цаанаас худгийн эгч, манай найз Сумъяахүү хоёр ирээд худгийн эгч “яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ, чамайг цагдаад өгнө шүү” гэж хэлэхэд Б- “энэ чинь өөрөө томроод байгаа, чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд би ээжтэйгээ Гэмтлийн эмнэлэгт орж хамраа үзүүлэхэд хугарчихсан байсан. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр очиж хагалгаанд орсон. Б- миний нуруу руу хоёр удаа чулуу шидэж оносон. Мөн өшиглөж унагаад нүүр рүү хоёр удаа өшиглөсөн. Б-ээс эмчилгээний зардалд 300.000 төгрөг авсан тул цаашид нэхэмжлэх эд зүйл байхгүй. Б-ийн хашаанаас нохойны гинж хулгайлаагүй. Би шүүх эмнэлгийн дүгнэлтээр миний хамар яс хугарсан гэснийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх гэмтлийг Б- учруулсан. Би хамраа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв эмнэлэгт үзүүлж янзлуулсан. Одоо гомдол саналгүй. ...” гэх мэдүүлэг [1],
2. Гэрч Ч.Баттогтохын хэрэг бүртгэлтэд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн:
“...Манай хүү Г-ын Б- нь 1999 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод Эх нялхасын эмнэлэгт төрсөн. Айлын том хүүхэд доороо хоёр дүүтэй Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Хайрханы 8-277 тоотод амьдардаг. Манай хүү Ирээдүй цогцолбор сургуульд ороод 5 дугаар анги хүртлээ суралцаж байгаад 5 дугаар ангиасаа Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу шилжиж тэндээ Тосонцэнгэл сумын 2 дугаар арван жилийг 12 дугаар анги төгссөн, бүрэн дунд боловсролтой. Миний хүүгийн зан араншин түргэн ууртай, юманд хурдан гомддог, сэтгэл хөдлөл ихтэй. Миний хүү уран зураг зурдаг, сагс тоглодог, дүү нартаа халамжтай, ээжийнхээ үгэнд сайн ордог хүүхэд юм. Би Хүслэн гэдэг хүүхдийг урьд нь харж байгаагүй. Манай хүү доороо хоёр охин дүүтэй, өмнө нь Хүслэн гэдэг хүүхэд манай хамаатны хүүхэд Энхжинг дэлдэн даамбо гэж шоолсон юм байна лээ. Тэрнээс болж маргалдсан юм байна лээ. ...” гэх мэдүүлэг [2],
3. Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн:
“...2018 оны12 дугаар сарын 08-ны өдрийн 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 8-277 тоот гэрээсээ гараад гудамжиндаа явж байхад зүс таних Хүслэн гэдэг хүүхэд явж байхаар нь дуудаж уулзаад Хүслэнд хандан “чи манай хамаатны дүүг дэлдэн гэж шоолсон, яагаад манай нохойны гинжийг авчихсан юм бэ” гэхэд Хүслэн аваагүй гэж хэлэхээр нь “энэ дэнжид чамаас өөр нохойны гинж авдаг хүн байдаг юм уу” гээд явтал Хүслэн араас “ярих юмаа олж яриарай, ахаа дуудаж ирж уулзуулна” гэж хэлэхээр нь “ахаа дуудаад ир” гэж хэлээд Хүслэн рүү газраас чулуу аваад шидэхэд нуруунд нь оносон. Хүслэн газар суугаад уйлахаар нь би явтал араас “пизда минь би чамайг ахаа дагуулж ирээд алуулна” гэж хэлэхээр нь би араас нь хүлээж байя гэж хэлээд явахад Хүслэн зугтаахаар нь дахиж газраас чулуу аваад шидэхэд дахиад нуруунд нь оноход газар хэвтээд уйлахаар нь очоод “ярих юмаа яриарай” гэж хэлэхэд уйлаад суугаад байсан. Тэгээд өндийгөөд босохоор нь баруун хөлөөрөө нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгтэл хамраас нь цус гараад сууж байхад Хүслэнгийн эгч ирээд “яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ” гэхээр нь “өөрөөсөө болсон юм аа” гэж хэлээд яваад өгсөн. Хүслэн намайг цохиж зодсон асуудал байхгүй. Би Хүслэнгийн нуруу руу чулуугаар хоёр шидэж оносон, хөлөөрөө нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Би дээрх гэмтлийг Хүслэнд учруулсан. Би Хүслэнд эмчилгээний 300.000 төгрөг өгсөн. ...” гэх мэдүүлэг [3],
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 65 дугаартай дүгнэлтэд:
“...Хэсэг газрын үзлэгт: Хамрын нурууны 2 талаар хавдсан, эмзэглэлтэй, хамрын амьсгал зүүн талд буурсан. Хамрын нурууны баруун хажууд 1х1 см хэмжээтэй хүрэн өнгийн зулгаралттай.
Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн 2018 оны 12 дугаар сарын 08-ны үзлэгт онош: хамрын ясны далд хугарал, нүүрний зулгаралт, тархи доргилт гэжээ.
2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн яаралтай тусламжийн хуудсанд: онош: хамрын ясны хугарал гэмтэл гэсэн.
Амбулаторын картнаас 2018 оны 12 дугаар сарын 10-ны үзлэгт онош: хамрын хугарал гэмтэл гэсэн.
2018 оны 12 дугаар сарын 08-ны толгойн тодосгогч бодисгүй компьютер томографийн шинжилгээнд: ...2 ухархайн яс, гавлын ясанд хугарал бүтцийн өөрчлөлтгүй, хамар ясны зүүн хажуу хана 0,2 см орчим цөмөрсөн шинэ хугаралтай гэжээ.
ДҮГНЭЛТ:
1. О.Х-гийн биед хамар ясны зүүн хажуу хананы цөмөрсөн хугарал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч эмч Ө.Сарангэрэл/...” гэсэн дүгнэлт [4],
5. 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас[5], Насанд хүрээгүй хохирогч О.Х-гийн төрсний гэрчилгээний хуулбар [6], хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэм хорын хор уршгийн зардал нэхэмжилсэн баримтууд[7], хохирогчийн эцэг Ц.Отгонбаяр 300.000 төгрөг хохиролд хүлээн авсан тухай баримт, Г.Б-ийн 300.000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай баримт [8],
6. Шүүгдэгч Г.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа [9], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [10], оршин суугаа хаягийн тодорхойлолт [11], түүний “Хаан” банкинд эзэмшдэг депозит дансны хуулга [12], Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Г.Б-ийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа [13], Их засаг Олон улсын Их сургуулийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 02/297 дугаартай “Г.Б-нь 2018-2019 онд архитектурын 116 дугаар бүлэгт суралцаж байгаа тухай тодорхойлолт [14], хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эвлэрлийн баталгаа [15],
7. Г.Б-ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт [16], хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 2019 оны 01 дүгээр 15-ны өдрийн 11 дугаартай тогтоол [17], хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын саналыг танилцуулсан баримт [18] зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Г.Б-нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналыг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагчаас гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Г.Б-нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Б-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар.
Хэрэгт цугларсан нотлох баримт, үйл баримтаас үзвэл шүүгдэгч Г.Б-, насанд хүрээгүй хохирогч О.Х- нар нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тус тус амьдардаг байх ба 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Хайрханы 08 дугаар гудамжинд насанд хүрээгүй О.Х-г явж байхад шүүгдэгч Г.Б-дуудаж “чи яагаад хашаанаас нохойны гинж хулгай хийсэн бэ, дүүг минь яагаад дэлдэн гээд байгаа юм бэ” гэж хэрүүл маргаан үүсгэсэн байна. Улмаар шүүгдэгч Г.Б-нь О.Х-г гудамжаар цааш явахад “чи давраад байгаа юм биш үү” гэж хэлэн хоёр удаа чулуу шидэж, нуруунд нь чулуугаар цохиж, газар унаган “чи ахтайгаа нийлээд томроод байдаг” гэж насанд хүрээгүй хохирогч О.Х-гийн нүүрэн тус газар нь өшиглөж биед нь хамар ясны зүүн хажуу хананы цөмөрсөн хугарал, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
- Насанд хүрээгүй хохирогч О.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд нарангийн 7-198А тоот гэрээсээ гараад ...тус хорооны Хайрханы 8 дугаар гудамжинд зүс таних Б-тэй таарч, хажуугаар нь өнгөртөл намайг дуудахаар нь би очоод “юу болсон” гээд асуухад “чи яагаад хашаанаас нохойны гинж хулгай хийсэн бэ, мөн дүү яагаад дэлдэн гээд дуудаад байгаа юм бэ” гэхээр нь би “юу гэж танай хашаанаас нохойны гинж хулгай хийдэг юм бэ, танай дүүг танихгүй” гэж хэлээд цаашаа явахад Б- араас “чи давраад байгаа шүү” гэж хэлээд чулуу шидэхэд миний нурууг оносон. Би цаашаа дахиад явахад араас чулуу шидээд дахиад нуруу руу оноод араас гүйж ирээд газар унагасан. “Чи ахтайгаа нийлээд томроод байдаг” гэж хэлээд миний хамар руу өшиглөхөд хамраас цус гарсан. ...Тэгээд би ээжтэйгээ Гэмтлийн эмнэлэгт орж хамраа үзүүлэхэд хугарчихсан байсан. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр очиж хагалгаанд орсон. Б- миний нуруу руу хоёр удаа чулуу шидэж оносон....” гэх мэдүүлэг [19],
- Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 8-277 тоот гэрээсээ гараад гудамжинд явж байхад зүс таних Хүслэн гэдэг хүүхэд явж байхаар нь дуудаж уулзаад Хүслэнд хандан “чи манай хамаатны дүүг дэлдэн гэж шоолсон, яагаад манай нохойны гинжийг авчихсан юм бэ” гэхэд Хүслэн аваагүй гэж хэлэхээр нь “энэ дэнжид чамаас өөр нохойны гинж авдаг хүн байдаг юм уу” гээд явтал Хүслэн араас “ярих юмаа олж яриарай ахаа дуудаж ирж уулзуулна” гэж хэлэхээр нь “ахаа дуудаад ир” гэж хэлээд Хүслэн рүү газраас чулуу аваад шидэхэд нуруунд нь оноход Хүслэн газар суугаад уйлсан. ...би явтал араас “пизда минь би чамайг ахаа дагуулж ирээд алуулна” гэж хэлэхээр нь би араас нь хүлээж байя гэж хэлээд явахад Хүслэн зугтаахаар нь дахиж газраас чулуу аваад шидэхэд дахиад нуруунд нь оноход газар хэвтээд уйлахаар нь очоод “ярих юмаа яриарай” гэж хэлэхэд уйлаад суугаад байсан. Тэгээд өндийгөөд босохоор нь баруун хөлөөрөө нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгтэл хамраас нь ус гараад сууж байхад Хүслэнгийн эгч ирээд “яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ” гэхээр нь “өөрөөсөө болсон юм аа” гэж хэлээд яваад өгсөн....” гэх мэдүүлэг [20],
-2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас[21], Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 65 дугаартай дүгнэлт [22] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй,үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Б-ээс хохирогч О.Х- манай нохойны гинжийг 2-3 удаа хулгайлсан учраас би түүнийг дуудаж уулзсан гэх ба хохирогч нь шүүгдэгчийн эд хөрөнгийг хулгайлсан гэх, хохирогчийн зүй бус ажиллагаа байна гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.
Гэм буруугийн хэлбэрийн хувьд шүүгдэгч Г.Б-нь насанд хүрээгүй хохирогч О.Х-г шууд санаатай үйлдлээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Г.Б-ийн зүй бус харьцаа, биеэ зохисгүй авч явсан байдал зэрэг нь нөлөөлжээ.
Шүүгдэгч Г.Б-ийн насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тиймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэстэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Г.Б-нь тус гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч О.Х-гийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан ба хэрэгт хохирогчоос 140.700 төгрөгийн оношилгоо хийлгэсэн болон эм тарианы зардлын баримтыг ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Б-нь насанд хүрээгүй хохирогч О.Х-гийн эмчилгээний зардалд 300.000 төгрөг нөхөн төлсөн болох нь хохирогчийн эцэг Ц.Отгонбаярын хүлээн авсан тухай тэмдэглэл бүхий баримт [23]-аар тогтоогдсон тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ “...Г.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоол гаргаж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг Г.Б-д танилцуулахад, зөвшөөрч гарын үсгээ зурсан тул, Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Г.Б-нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Б-ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэлгүй буюу ял шийтгэлгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогчид сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх талаар заасан ба уг зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.
Шүүхээс шүүгдэгч Г.Б-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал, мөн хувийн байдалд буюу Их Засаг Олон Улсын Их сургуульд архитектурын ангид суралцдаг байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Б-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэрэгт авагдсан шүүгдэгч Г.Б-ийн банкны дансны хуулгад үндэслэн торгох ялыг биелүүлэх хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
4. Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Б-ийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С- овогт Г-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд биелүүлэхийг тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Г.Б-нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, насанд хүрээгүй хохирогч О.Х-, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Отгонхишигт төлөх төлбөргүй зэргийг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
[1] Хавтаст хэргийн 23 дугаар тал.
[2] Хавтаст хэргийн 26 дугаар тал.
[3] Хавтаст хэргийн 43 дугаар тал.
[4] Хавтаст хэргийн 31 дүгээр тал.
[5] Хавтаст хэргийн 10-11 дүгээр тал.
[6] Хавтаст хэргийн 6 дугаар тал.
[7] Хавтаст хэргийн 14-16 дугаар тал.
[8] Хавтаст хэргийн 55-56 дугаар тал.
[9] Хавтаст хэргийн 49 дүгээр тал.
[10]Хавтаст хэргийн 46 дугаар тал.
[11]Хавтаст хэргийн 50 дугаар тал.
[12]Хавтаст хэргийн 54 дүгээр тал.
[13]Хавтаст хэргийн 51 дүгээр тал.
[14]Хавтаст хэргийн 53 дугаар тал.
[15] Хавтаст хэргийн 60 дугаар тал.
[16] Хавтаст хэргийн 61 дүгээр тал.
[17] Хавтаст хэргийн 68 дугаар тал.
[18] Хавтаст хэргийн 69 дүгээр тал.
[19] Хавтаст хэргийн 23 дугаар тал.
[20] Хавтаст хэргийн 43 дугаар тал.
[21] Хавтаст хэргийн 10-11 дүгээр тал.
[22] Хавтаст хэргийн 31 дүгээр тал.
[23] Хавтаст хэргийн 55 дугаар тал.