| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0403/И |
| Дугаар | 448 |
| Огноо | 2016-07-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 448
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-6-10 тоотод оршин суух, ВТ79022011 регистрийн дугаартай, Хөх толгой овогт Бадамхандын Цэрэндоржийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-40-07 тоотод оршин суух, ВТ84090803 регистрийн дугаартай, Боржигон овогт Цэвэгжавын Наранцацралд холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Цэрэндорж, хариуцагч Ц.Наранцацрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Цэрэндорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хөх толгой овогтой Бадамхандын Цэрэндорж миний бие 1979 оны 02-р сарын 20-нд Эрдэнэцогт суманд төрсөн. Миний бие нь 2004 онд Ц.Наранцацралтай танилцаж, улмаар 2006 оны 09-р сарын 27-нд 1522 тоот дугаартай баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2005 оны 06-р сарын 04-ний өдөр хүү Оргилболд, 2007 оны 05-р сарын 24-нд охин Намуунаа нар төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлаас болж цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2008 онд салж, тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү, охин хоёр маань эцэг Цэрэндорж миний асрамжид амьдарч, өсч торниж одоо бид тус тусын амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Оргилболд, охин Намуунаа нарыг миний асрамжид үлдээж өгнө үү. Одоо Цэрэндорж би эхнэр Өнөрмөөтай, 4 хүүхдийн хамт амьдарч байна. Оргилболд нь сургуульд ороход нь би өөрийн овгоор овоглосон. Одоо хүү 5-р анги төгсөж байгаа хувийн хэрэгт миний овгоор төрсний гэрчилгээн дээр ээжийнхээ овгоор овоглосон байгаа тул миний хүүхдийн овгийг сольж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгө болон мөнгө төгрөгний асуудал байхгүй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэжээ.
Хариуцагч Ц.Наранцацрал шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Цэвэгжав овогтой Наранцацрал нь Б.Цэрэндоржийн нэхэмжлэлтэй танилцаад гэрлэлтээ цуцлуулж, хүү, охин хоёроо эцэг Б.Цэрэндоржийн асрамжид өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр 2008 онд салж, түүнээс хойш хоёр хүүхэд маань эцэг Б.Цэрэндоржийн асрамжид өсөж байгаа. Би хэдийгээр гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ Б.Цэрэндоржийн асрамжид үлдээж байгаа ч хүүхдүүдтэйгээ уулзаж баймаар байна. Хүү Н.Оргилболдыг эцгээр нь овоглуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын иргэний үнэмлэхний хуулбарууд, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, охин Ц.Намуунаагийн төрсний гэрчилгээний хуулбар, хүү Н.Оргилболдын төрсний гэрчилгээний хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, Өрхийн эрүүл мэндийн төвийн болон сургуулийн тодорхойлолтууд, хүүхдүүдийн санал зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Цэрэндоржийн гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Наранцацрал хүлээн зөвшөөрсөн байна.
Нэхэмжлэгч Б.Цэрэндорж, хариуцагч Ц.Наранцацрал нар нь 2006 оны 07 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болсноо 2006 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэн гэрлэгсдийн эрх, үүргийг үүсгэн амьдарсан, 2005 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүү Н.Оргилболд, 2007 оны 05 дугаар сарын 24-ний өдөр охин Ц.Намуунаа нар төрж эрүүл энх өсөн торниж байгаа болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, багийн Засаг даргын тодорхойлолт, өрхийн эрүүл мэндийн төвийн болон сургуулийн тодорхойлолтууд зэргээр тус тус тогтоогдсон байна.
Хариуцагч Ц.Наранцацрал, нэхэмжлэгч Б.Цэрэндорж нар нь 2008 оноос хойш тусдаа амьдарсан, тус тусдаа хамтран амьдрагчтай болж нэхэмжлэгч Б.Цэрэндорж нэг хүүхдийн, хариуцагч Ц.Наранцацрал хоёр хүүхдийн эцэг, эх болцгоосон зэрэг амьдралын бодит байдал үүссэн болон гэрлэлтээ цуцлуулж, эцэг Б.Цэрэндоржийн асрамжид хоёр хүүхдийг хэвээр үлдээхээр харилцан тохиролцсон байх тул эвлэрэх хугацаа зааж, эвлэрүүлэн зуучлагчид хандуулалгүйгээр гэрлэлтийг нь цуцалж шийдвэрлэв.
Харин 2005 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Н.Оргилболдыг эх Наранцацралаар овоглон төрсний бүртгэлд бүртгүүлэн төрсний 0114976 Г-999 тоот гэрчилгээ авсан байх ба Н.Оргилболдыг өөрийн төрсөн хүү болохыг нэхэмжлэгч Цэрэндорж хүлээн зөвшөөрсөн, энэ асуудлаар маргаангүй байх тул хүү Н.Оргилболдын эцгээр Б.Цэрэндоржийг тогтоож, хүү Н.Оргилболд, охин Ц.Намуунаа нарыг тэдний тохиролцсоноор эцгийн асрамжид хэвээр үлдээж тэтгэлэг тогтоохгүйгээр тус тус шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Хөх толгой овогт Бадамхандын Цэрэндорж, Боржигон овогт Цэвэгжавын Наранцацрал нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйийн 23.1-д заасныг баримтлан 2005 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Н.Оргилболдын эцгээр Хөх толгой овогт Бадамхандын Цэрэндоржийг тогтоосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2007 оны 05 дугаар сарын 24-ний өдөр охин Ц.Намуунаа, 2005 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүү Н.Оргилболд нарыг эцэг Б.Цэрэндоржийн асрамжид хэвээр үлдээсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг баримтлан гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч охин Б.Намуунаа, хүү Н.Оргилболд нарыг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг Б.Цэрэндорж, эх Ц.Наранцацрал нарын үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Б.Цэрэндоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Наранцацралаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Цэрэндоржид олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 120 дугаар зүйлийн 120-2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, зохигч талууд энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ