Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 92

 

 

      

 

 

 

    2019           01           17                                          92

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Мөнхзул, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Д.Цогбадрах,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0938/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Л- овогт Г-гийн Б-чийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад заасан,

-мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан тус тус гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808 0445 71139 дугаартай эрүүгийн хэргийг шүүх 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Л- овогт Г-гийн Б-ч нь 1974 оны 12 дугаар сарын 02-нд  Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг,  Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 30-02 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл:

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2/а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ял шийтгүүлж, Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай 2006 оны хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 5 жил 1 хоногийн хорих ялын 3 жилийг өршөөн хасч, 2 жил 1 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, 2007 оны 2 дугаар сарын 09-нд 7 сар 21 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнссэн суллагдсан,

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 111 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

3. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 722 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 111 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 176 цагийн ялыг нэмж, 716 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн  (РД:ЧН74120270).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Г.Б- нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 32 дугаар гудамжны 14 тоотод иргэн С.Х-г шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж, зүүн нүдийг шөвгөөр хатгаж “зүүн нүдний хараагүйдэлт, зүүн хөмсөг, зүүн дээд зовхинд сорви” бүхий гэмтлүүд учруулж,

-улмаар иргэн Г.Дашдэлэгийг “...С.Х-г өмөөрлөө...” гэх шалтгааны улмаас нүүр болон нүдэн тус газар нь шөвгөөр олон удаа хатгаж, зодож, цохиж “хоёр нүдний ухархайн дотор доод хана, хоншоор яс, хамар ясны хугарал, этмойд гайморовын хөндийд цус хуралдалт, баруун нулимсны сувгийн тасрал, нулимсны сувгийн тасрал засах мэс заслын дараах байдал, нүүрэнд олон тооны гүн шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий олон тооны шарх, няцрал бүхий гэмтлүүдийг учруулан онц харгис хэрцгийгээр хоёр хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч Г.Б-ийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй буюу үргэлжилсэн үйлдлээр хоёр хүнийг алахыг завдсан;

-мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 55-06 тоотод иргэн Г.Цэдэвсүрэнг “туургаа олигтойхон барьчих пизда минь” гэж хэлсний улмаас түүний толгой, баруун дал орчим сүхээр цохиж “зулайн хуйх, баруун мөр, даланд сорвитой, баруун эгэм яс зөрөөгүй ташуу сэлтэрсэн хугарал” бүхий гэмтэл учруулан, онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч Г.Б-ийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй буюу хүнийг алахыг завдсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б- мэдүүлэхдээ: Би бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсандаа чин сэтгэлээсээ гэмшиж байна. Надад хүнийг алах гэсэн санаа байгаагүй. Хишигдавааг 1 жил 6 сарын өмнөөс таньдаг болсон. Тухайн айлд ороод архи уусан нь үнэн. Гэхдээ би зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би шууд айлд ороод хутгалаад шөвөгдсөн зүйл байхгүй. Шатар тоглох гэж орсон, тэгээд хийж өгсөн архинаас нь уусан. Ингээд шатар байгаагүй тул шатар авчрахаар яваад эргээд ирэхэд архи үлдээгээгүй байсан. Тэгтэл Хишигдаваа намайг “чи юу юм” гээд байхаар нь би түүнийг өшиглөсөн, харин тухайн үед хутга, шөвөгтэй уг айлд ороогүй. Дашдэлэгийг таягаар нь цохиод, би өөрөө тэр айлаас гарч явсан, цагдаа орж ирээгүй. Хохирогч Цэдэвсүрэн “намайг пизда” гэхээр нь би түүнийг сүхээр хоёр удаа цохисон. Тэгээд эхнэр нь “болиочээ” гэхээр нь орхиод явсан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хоёр. Эрүүгийн 1808 0445 71139 дугаартай хэргээс:

Хохирогч Г.Дашдэлэг, С.Х- нарыг алахыг завдсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд:

1.Хохирогч Г.Дашдэлэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 28-нд өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 24-ний 21.00 цагт гадуур явж байгаад гэртээ орж ирээд хэвтэж байтал 21 цаг 30 минутын үед хуурай дүү Хишигдаваа танихгүй нэг “Соёрхол” нэртэй архи барьсан согтуу орж ирсэн. Бид гурав архи хувааж уугаад сууж байтал гаднаас 2 жилийн өмнө танилцсан Г.Б- орж ирсэн. Бид дөрөв “Соёрхол” нэртэй архийг  хувааж ууж дууссан. Тэгээд Хишигдаваа газар хэвтэж байхад нь Б-ч нүүр лүү нь 2-3 удаа шалтгаангүйгээр өшиглөсөн. Би Б-чид “чи яаж байгаа юм бэ араа дааж чадах юм уу, лалар минь” гэж хэлсэн чинь Б-ч “чамд хамаагүй пизда минь” гэж хэлээд миний хажууд ирээд куртикныхээ халааснаас жижиг хутга гаргаж ирээд миний нүд, нүүр лүү 7-8 удаа хатгасан. Би доошоо тонгойтол миний баруун нүд рүү “ гүйцээчий л даа муу новшийг” гээд дахиж 4-5 удаа хатгасан. Тэгж байтал хажуу айлын эмэгтэй “цагдаад дуудлага өгчихсөн шүү” гээд гэрт орж иртэл Б-ч, Хишигдаваатай хамт орж ирсэн залуутай хамт гараад зугтаасан. Удалгүй цагдаа, түргэн ирээд Хишигдаваа бид хоёрыг Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Гэмтлийн эмнэлэгт очоод нүүрэндээ оёдол тавиулаад, 3 дугаар эмнэлгийн нүдний тасагт хэвтэж байна. Тухайн үед цагдаад өргөдөл гаргах гэсэн боловч би эмнэлгээр  явах боломж олдоогүй тул өнөөдөр өргөдөл гаргаж байна. Б-чтай 2 жилийн өмнө ханын материалд гудамжинд архи ууж байгаад танилцсан. Тэрнээс хойш манай гэрээр орж гараад явдаг байсан, урд нь өр авлага, өс хонзон байхгүй. Тэр өдөр миний нүүр лүү яагаад хутгаар хатгасан гэхээр “Хишигдавааг өмөөрлөө” гэх шалтгаанаар хатгасан. Миний нүүр битүү хутганы шарх байна, баруун нүд цагаан нь эргээд гарчихсан байсан, гэмтэл дээр очиж оёдол тавиулсан. Би гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг [1],

- мөн түүний дахин 2018 оны 10 дугаар сарын 22-нд өгсөн: “...Хишигдавааг газар хэвтэж байхад нь ямар ч шалтгаангүйгээр нүүр лүү нь өшиглөөд байхаар нь би өмөөртөл Б-ч миний нүд нүүр лүү жижиг хар иштэй шөвгөөр олон удаа хатгаж гэмтээсэн, тэр үед, хажуу айлын эмэгтэй “цагдаа дуудсан шүү” гэсэн чинь Б-ч гараад зугтаасан ...Б-ч ямар ч шалтгаангүйгээр зодож цохиж, шөвгөөр хатгаж гэмтээсэн. Намайг тухайн үед Б-ч шөвгөөр хатгаж гэмтээсэн. 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн мэдүүлэгтээ андуураад хутга гээд хэлсэн байна. Б-ч хар өнгийн жижиг мухар иштэй шөвгийг биедээ байнга авч явж байдаг, өмнө нь би 2 удаа аваад явж байхад нь харж байсан. Надад харуулсан зүйлсийг би харсан, жижиг хар иштэй шөвгөөр нь Б-ч миний нүүрийг олон газар сийчиж, зодож гэмтээсэн. Би жижиг мухар ишээр нь тэр шөвгийг таньж байна. Тухайн үед Б-ч бид хоёрыг “гүйцээчихье” гээд жижиг шөвөг бариад дайраад байсан. Тэгсэн хажуу айлын эмэгтэй орж ирээд “цагдаа дуудчихлаа” гэсэн чинь Б-ч гараад зугтааж тэр үйлдэл зогссон. Манайд Хишигдаваа, Б-ч, үл таних 30 орчим насны залуу байсан, сүүлд нь хажуу айлын эмэгтэй орж ирсэн, өөр хүн байгаагүй. Би эмчилгээний зардлаа нэхэмжилж байна, 2.000.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн, баримт гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[2],

2. Хохирогч С.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 28-нд өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 24-ний 22 цагийн орчимд Дашдэлэгийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 32-14 тоотод гудамжинд архи ууж танилцсан үл таних залуутай хамт орсон. Дашдэлэг бид гурав “Соёрхол” нэртэй архи хувааж уугаад сууж байсан чинь Г.Б- согтуу орж ирээд намайг газар хэвтэж байтал ямар нэгэн шалтгаангүйгээр шууд дээрээс өшиглөж жижиг хутгаар шалтгаангүйгээр нүд, нүүр, толгой руу хатгаж, зүүн гар дээр дэвсэж, “чамайг алчий” гэж орилж миний биед гэмтэл учруулсан. Дашдэлэг намайг өмөөрсөн чинь жижиг шөвгөр үзүүртэй хар хуванцар бариултай шөвгөөр нүүр, нүд зовхи орчим нь 5-6 хатгаж, зүсэж гэмтэл учруулаад хажуу айлын эмэгтэй “цагдаа дуудчихсан шүү” гэсэн чинь надтай ирсэн залуутай гараад явчихсан. Дашдэлэг бид хоёр цустайгаа холилдоод үлдсэн. Цагдаа түргэн 2 ирээд Дашдэлэг бид хоёрыг авч яваад Гэмтлийн эмнэлэг дээр аваачиж оёдол тавиулсан. Миний зүүн талын нүд юу ч харахгүй байна, мөн зүүн талын хөмсөгний дээд тал, зүүн шанаа орчим том урагдаж оёдол тавиулсан.

Намайг Б-ч ямар ч шалтгаангүйгээр хутгалсан, Б-ч ер нь байнга биедээ хутга шөвөгтэй явдаг.  Намайг хатгасан хутга нь гаднаас орж ирэхдээ бэлдчихсэн намайг хутгалах зорилготой орж ирсэн. Б-ч архи уучихаараа намайг ална гэж байнга заналхийлдэг. Энэ удаа бол  яг алахаа шахсан. ... 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Энхээ гэдэг найзын гэрт байхад Б-ч согтуу орж ирээд миний толгой руу өшиглөж үсдэж аваад шөвгөөрөө хатгаж “ална” гэхэд нь Энхээ салгасан. Одоо би энэ хүнээс их айж байна. Намайг хаана ч явж байсан яаж ч магадгүй гэж бодож байна. ..Б-ч яагаад надад өс хонзон санаж явдаг талаар ойлгохгүй байна. Сүүлийн 2 удаа согтуу таарчихаад намайг “ална” гээд занаад байгаа. Миний мэдэж харснаар хар өнгийн хуванцар бариултай жижиг үзүүртэй шөвөгтэй явдаг. Тэр шөвгөөрөө Дашдэлэг бид хоёрыг гэмтээсэн. ...гомдолтой байгаа, миний зүүн нүд юу ч харахгүй байна. ...” гэх мэдүүлэг [3]

- мөн түүний дахин 2018 оны 10 дугаар сарын 22-нд өгсөн: “...Тэр өдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 24-ний 21-22 цагийн орчим Дашдэлэгийн гэр рүү явж байгаад замдаа гудамжинд нэг 30 орчим насны залуутай танилцаад тэрийг дагуулаад Дашдэлэгийн гэр рүү очсон. Тэгээд Дашдэлэг бид гурав архи хувааж уугаад сууж байтал гаднаас удалгүй Б-ч согтуу орж ирээд бид нартай архи уусан. Тэгээд би жоохон согтоод газар хэвтэж байтал Б-ч ямар ч шалтгаангүйгээр уурлаад миний нүүр рүү хэд хэдэн удаа өшиглөөд зүүн гар дээр хөлөөрөө дэвсээд, жижиг шөвгөөр миний зүүн нүдний дээд хэсэг рүү хатгаж гэмтээхэд Дашдэлэг өмөөрсөн. Тэгтэл халааснаасаа жижиг шөвөг гаргаж ирээд Дашдэлэгийн нүүр рүү хатгаад “гүйцээчихье” гээд байсан. Тэгтэл хажуу айлын нэг эмэгтэй хүн орж ирээд “цагдаа дуудсан шүү” гэсэн чинь Б-ч танихгүй залуу хоёр гараад зугтаасан. Би тухайн үед хутга гэж андуурч мэдүүлэг өгсөн байсан. Тэр жижиг зүйл нь шөвөг байсан. ...Хугархай юм шиг богино хар өнгийн иштэй шөвгөөр Б-ч миний нүүрийг гэмтээж дээрх шөвгөөрөө зүүн нүд рүү хатгаж сохолсон, бас зодсон, би тэр шөвгийг харвал танина. Надад харуулсан модон иштэй цүүц, хар өнгийн иштэй шөвөг зэргийг би харлаа, жижиг богино хар иштэй шөвгөөр нь Б-ч миний нүдийг сохолж нүүрийг гэмтээж зодсон. Би дээрх шөвгийг богино хар ишээр нь таньж байна. Хажуу айлын эмэгтэй орж ирж “цагдаа дуудчихсан шүү” гэж хэлээгүй бол бид хоёрыг яах байсныг мэдэхгүй. Б-ч өөрөө тэр үйлдлээ зогсоохгүй байсан байх. ...намайг бас КТГ-д харуул гэсэн, өөр шинжилгээ өг гээд байсан надад ямар ч мөнгө байгаагүй болохоор шүүх эмнэлэгт үзүүлж чадаагүй өдий хүрсэн. Би мөнгө төгрөгийн асуудлаас болоод биедээ ямар нэгэн эмчилгээ хийлгэж чадаагүй, харин толгойгоо 4 удаа бариулахад 40.000 төгрөг өгсөн, өөр эмчилгээний хийлгэсэн баримт байхгүй...” гэх мэдүүлэг [4],

3. Гэрч Б.Батсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 23-нд өгсөн:

“...Манайх Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 32-14 тоотод 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ирж амьдрах болсон, тухайн хашаанд нэг байшин байдаг бөгөөд уг байшин нь 2 тусдаа хаалгатай голдоо ханаар тусгаарлагддаг. Манайх зүүн талын хаалганд, Дашдэлэг ахынх баруун талын хаалганд амьдардаг. 2018 оны 9 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн орчим ...Дашдэлэг ахын гэрт хүмүүс хэрэлдээд чанга, чанга дуугараад байхаар нь би хаалгаар нь шагайгаад “цагдаа дуудлаа шүү та нар болиороо” гэж хэлээд гэр лүүгээ орох гэтэл миний араар Дашдэлэг ахын гэрээр орж гараад байдаг туранхай биетэй, бор царайтай, хар өнгийн куртиктэй хүн гараад явсан. Тэгээд би гэр лүүгээ орсон чинь Дашдэлэг ах араас орж ирсэн чинь нүүр нь сийчүүлчихсэн цус гарсан байдалтай “ах нь хүнд зодуулчихлаа” гэхээр нь би шууд цагдаа, 103 дуудсан. Удалгүй цагдаа, түргэн ирсэн. Дашдэлэг ахыг үзээд “Гэмтлийн эмнэлэг авч  явна” гэсэн. Цагдаа Дашдэлэг ахыг “хэнд зодуулсан” бэ гэхэд дуугарахгүй байсан. Цагдаа намайг дагуулаад Дашдэлэг ахынд ортол шал дээр нь бас нүүр ам нь цус болоод зодуулсан байдалтай хүн байхаар нь авч гарсан. 103 тэр хоёрыг авч явсан. Тэр өдөр 22 цагийн үед Дашдэлэг ахынд ороход цаад өрөөнд нь хүмүүс хэрэлдээд бужигналдаад байсан, би айгаад цаашаа ороогүй “цагдаа дуудлаа шүү та нар болиороо” гэж хэлээд гэр лүүгээ орсон. Дашдэлэг ах араас орж ирээд “ах нь зодуулчихлаа туслаарай түргэн дуудаарай” гэж хэлсэн. Дашдэлэг ахын гэрт яг хэдэн хүн байсныг мэдэхгүй, үүдний хэсгээс нь “цагдаа дуудлаа шүү” гэж хэлсэн. Намайг гэр лүүгээ орох гэж байхад араар Дашдэлэг ахын гэрээр байнга орж гараад байдаг туранхай бол царайтай 45-50 орчим насны ах гараад явсан. ...” гэх мэдүүлэг [5],

4. Гэрч Д.Батдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 24-нд өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цагийн орчим би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад манай хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Ганбат манай өрөөнд орж ирээд “хоёулаа хаягаар явмаар байна, над дээр шалгагдаж байгаа Б-ч хүн гүйцээж ална гээд заналхийлээд байна, хоёулаа хамт гэрийнх нь хаягаар яваад ирье” гэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр лүү хамт явсан. Ойролцоогоор 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо,Тоосгоны 32 дугаар гудамжны баруун талын хөдлөн гудамжинд Б-ч гэгч ганцаараа явж байсныг баривчилж авсан. Тэр үед Ганбат бид хоёрыг баривчлах үед биеэс нь мужааны модон иштэй цүүц/хасуур/, жижиг мухар иштэй шөвөг зэрэг гарсныг хурааж авсан. Б-ч тэр үед “нэг хүнийг ална, гүйцээх байсан” гээд  яриад байсан, ямар ч байсан хэргийн хохирогчийг ална гээд байсан байх. ...” гэх мэдүүлэг [6] ,

5. Гэрч Г.Дашдондогийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 24-нд өгсөн:

“...Манай ах Дашдэлэг нь Б-ч гэдэг хүнд зодуулаад нүүрээ ямар нэг мэсээр сийчүүлсэн гээд цагдаад өргөдөл өгсөн байсан. 2018 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө гэртээ байж байтал 00 цагийн орчим Ганбат байцаагч над руу залгаад “чи хаана байна, танай ах Дашдэлэгийг Б-ч хайгаад байна гэнээ, амь насанд нь аюултай байдал үүсч магадгүй” гэхээр нь би таван шард гэртээ байсан болохоор шууд машинаа унаад гарч яваад Ханын материалд ахын гэрт очиход Дашдэлэг ах нилээн айсан байдалтай байсан. Тэгэхээр нь би “хамт явах уу, таныг Б-ч хайгаад байна гэнэ” гээд ахыг аваад гарсан. Тэгээд гудамжинд явж байхад Б-ч тааралдаад манай ахыг харчихаад “нүүр чинь их  хурдан эдгэж байгаа юм байна” гээд инээгээд байсан. Тэгтэл манай ах “энийг очоод бариад авчих уу” гэхээр нь би “наадах чинь хутга, шөвөгтэй явж байж магадгүй” гэж хэлээд Ганбат байцаагчид хэлсэн юм. Ганбат байцаагч нэг цагдаатай хамт ирээд Б-чийг бариад хэлтэс рүү аваад явсан. Манай ах Дашдэлэгийн нүүрийг ямар нэг мэсний зүйлээр сийчсэн байсан....” гэх мэдүүлэг [7],

6. Гэрч Э.Ганбатын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 24-нд өгсөн:

“...Би 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Дашдэлэг, Хишигдаваа нараас гэмт хэргийн шинжтэй өргөдөл хүлээн авсан. Тэгтэл 2018 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дэх ажил дээрээ байхад хэрэг бүртгэгч цагдаагийн ахмад Эрдэнэбаатар над руу залгаад над дээр шалгагдаж байсан Б-ч “хүн ална” гэж яриад байна гэхээр нь би шууд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэдэг офицер Сайнбилэг рүү залгаад “Дашдэлэгийг хүн алах гээд байх шиг байна” хаягийг нь шалгаарай гэж хэлсэн. Бас Дашдэлэгийн дүү Дашдондог руу залгаад “Дашдэлэг хаана байна, танай ахыг Б-ч гэдэг хүн ална гээд яваад байна” гэхэд “манай ах гэртээ ганцаараа байгаа, би таван шард  явж байна одоо шууд очоодохъё” гэсэн. Би тухайн өдөр жижүүрт гарч байсан эрүүгийн мөрдөгч Батдэлгэрийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр лүү явсан, явж байхад Дашдондог над руу залгаад “нөгөө Б-ч гэдэг хүн манай гудамжны орчим явж байна” гэхээр нь би 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 32 дугаар гудамжнаас Б-чийг олоод шууд цагдаагийн хэлтэст авчирсан. ...Б-ч баригдаад явж байхдаа “би Дашдэлэг, Хишигдаваа хоёроос болоод ингээд явж байна, би тэр хоёрыг ална гүйцээнэ” гээд заналхийлээд байсан. Ингээд Б-чийн биеэс гарсан мухар хар иштэй шөвөг, модон цүүцийг хурааж авсан. ...” гэх мэдүүлэг [8],

7. Гэрч С.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 24-нд өгсөн:

“...Г- овогтой Б-ч нь өмнө нь 2018 онд хоёр хүний толгой руу архины шилээр цохиж гэмтээсэн хэрэгт шалгагдаж байгаад шүүхээр орж ял шийтгүүлсэн бөгөөд түүнээс хойш мөрдөгч ахмад Э.Ганбат нь Г.Б-ийг мөн эрүүгийн хэрэгт шалгаж байгааг би мэдсэн. Тэгээд 2018 оны 9 дүгээр сарын 28-ны орой 23 цагаас 00 цагийн орчим Г.Б- нь намайг гэртээ амарч байх үед утсаар залгаад “би хүн аллаа” гэж хэлээд утсаа салгасан. Би тухайн үед Г.Б-ийг шалгаж байсан байцаагч ахмад Э.Ганбат руу залгаж Г.Б- хүн аллаа гээд над руу утсаар залгаад байна гэж хэлсэн. Би энэ талаар тэмдэглэл бичиж өгсөн. ...” гэх мэдүүлэг [9],

8. Гэрч Э.Сайнбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 30-нд өгсөн:

“...Би Ачит-115 чиглэл дээр цагдаа жолооч Батсайхан нарын хамтаар 24 цагийн хугацаатай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. 2018 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цагийн орчим мөрдөгч Ганбат миний утас руу залгаад “Б-ч гээд над дээр шалгагдаж байгаа хүн хэргийн хохирогчийг ална гээд яваад байна, та хоёр хохирогчийн заасан хаягийн орчмоор яваад шалгаад өгөөч, байвал аваад ирээч” гэж хэлсэн. Хохирогчийн амьдардаг хаяг буюу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 32-14 тоот хаяг болох ойр орчмоор шалгахад Б-ч гэгч олдоогүй, байгаагүй учраас бид Ганбатад мэдэгдээд дараагийн ажилдаа шилжсэн.

2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 22 цагаас 23 цагийн орчим дээрх хаяг дээр мөн Батсайхан бид хоёр үүрэг гүйцэтгэж байгаад очиж шалгаж байсан, тухайн үед очиход Б-ч нь хэргийн газраас гараад зугтсан, хохирогч Дашдэлэг, Хишигдаваа гэх хоёр хүн байсан. Тэр хоёрын нүүрнээс цус гарсан, олон тооны шархтай байсан. 103 ирж тэр хоёр хүнийг гэмтлийн эмнэлэг аваад явсан. Дашдэлэг, Хишигдаваа хоёр Б-чид зодуулсан гэсэн зүйл яриад байсан. ...” гэх мэдүүлэг [10],

9. Гэрч О.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 30-нд өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 28-наас 29-ний хооронд Ачит-115 чиглэл алаг машин дээр эрүүгийн офицер Сайханбилэгийн хамт 24 цагийн хугацаатай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн шөнө 00 цагийн орчим манай офицер Сайнбилэгийн утас руу нь мөрдөгч Ганбат залгаад “Б-ч гэгч нь хэргийнхээ хохирогчийг ална гээд мэс бариад яваад байна” гэсний дагуу хохирогчийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 32-14 тоот хаягаар шалгахад Б-ч байгаагүй.

2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 22 цагаас 23 цагийн орчим дээрх хаяг дээр Сайнбилэг бид хоёр Ачит-10-аас “хажуу айлын хүн хүнд зодуулаад манай гэрт ороод ирсэн байна”  гэх дуудлагын дагуу очиж шалгаад зодуулсан гэх Дашдэлэг, Хишигдаваа нарыг 103-т өгч явуулж байсан. 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр дуудлага өгсөн гэх эмэгтэй байсан, Дашдэлэг нь тэр эмэгтэйн гэрт байсан, харин Хишигдаваа нь Дашдэлэгийн гэрт байсан. Дашдэлэг, Хишигдаваа хоёрыг Б-ч гэгч зодсон гэж байсан. Тухайн үед Б-ч байгаагүй, гараад зугтаасан байсан. Дашдэлэг, Хишигдаваа хоёын нүүр нь битүү шархтай, цус нөж болсон байдалтай байсан. 103-ын эмч ирээд тэр хоёрын нүүрийг битүү боож аваад явсан. Ямар ч байсан зүсэгдсэн шархнууд тэр хоёрын нүүрэнд байсан...” гэх мэдүүлэг [11],

10. Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 17-нд яллагдагчаар өгсөн:

“.....2018 оны 9 дүгээр сарын 24-ний үдээс хойш гэх юм уу даа ямар ч байсан гэгээ тасраагүй байсан. Дашдэлэгийн гэрт яваад ортол Хишигдаваа болон бас нэг танихгүй залуугийн хамт архи уугаад сууж байсан. Би архинаас нь 100 грамм татчихаад Дашдэлэгтэй шатар тоглох тухай яриад гэрээс нь гараад, удалгүй гаднаас шатар аваад гэрт нь дахин ороход архиа уугаад дууссан байсан. Бүгд халамцсан байсан. Тухайн үед би Хишигдаваатай маргалдсан. Надад өмнө архи уусан талаар яриад үг хаяад байсан. Тухайн үед Хишигдаваа нэг жижиг хутга барьсан байхаар нь бүр уур хүрээд Хишигдаваагийн нүүр рүү хоёр гурван удаа өшиглөсөн. Тэгэхэд Дашдэлэг болиулах гэж байснаа таягаа тулаад над руу дайраад байхаар нь би барьж байсан таягаар нь Дашдэлэгийн нүүр рүү цохисон. Тэгээд тэдний гэрээс гараад явсан. Дараа нь хэдэн өдрийн дараа Дашдэлэг дүүгийнхээ хамт явж байсан. Дашдэлэгтэй хамт янз бүрийн яриа хийгээгүй, гэр рүүгээ орчихоод Дашдэлэгийн гудамжнаас баруун тийш уруудаад гудамжинд явж байтал Ганбат ахмад бас нэг цагдаагийн хамт ирээд барьж аваад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр авчирсан. Тэр шөнөдөө намайг 461 дүгээр хорих ангид 48 цагийн хугацаатай баривчлан, үргэлжлүүлэн хорьсон. Би Дашдэлэгийн  нүүрийг тухайн үед барьж байсан таягаар нь гэмтээснээ санаж байна. Бас Хишигдаваагийн нүүрийг өшиглөж байснаа санаад байгаа юм. Би тухайн үед архи уусан их согтуу байсан болохоор зарим зүйлийг нарийн сайн санахгүй байна. Тухайн үед миний биеэс гарсан жижиг хугархай, хар иштэй шөвгийг би хэрэг болохоос өмнө автобусны буудлын хажуунаас олсон. Тэгээд биедээ аваад явж байсан. Харин цүүц нь миний өөрийн, 5 мм хэмжээтэй. Би түүнийг ирлэх гэж биедээ авч явж байсан. Би Дашдэлэг, Хишигдаваа нартай маргалдаж зодолдож байхад ямар нэг хүн орж ирээгүй. ...Тухайн үед тэр хоёрыг цохиж зодчихоод би өөрөө гараад явсан. Намайг хэн ч болиулаагүй. Би архи уухаараа ямар нэг хүнтэй маргалдвал огшоод биеэ барьж чадахгүй байдаг юм. Би 2018 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө ямар нэг хүн рүү ална гэж яриагүй. Дашдэлэг, Хишигдаваа нарыг ална гэж сүрдүүлээгүй. ...” гэх мэдүүлэг [12],

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эмнэлгийн бичиг баримтаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11724  тоот дүгнэлтэд:

2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн эмчийн үзлэгт: Онош: Нүүрний олон тооны гүн шарх... гэсэн байна.

2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн КТГ-н шинжилгээнд “... 2 нүдний ухархайн дотор, доод хана, хоншоор яс, хамар яс хугарсан, 2 хөндийд цус хурсан, зөөлөн эдэд хаван хавдартай.

2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн яаралтай тусламжийн хуудаснаас “хэсэг газрын үзлэгт баруун нүд шанаа орчим шархтай, зүүн нүд хөхөрсөн. Онош: нүүрний гэмтэл.

2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ШУГТЭ-н нүдний эмнэлгээс гарах үеийн эпикризээс: Онош: Гэмтлийн шалтгаант доод зовхины урагдал, нулимсны замын тасрал, битүү гэмтэл оноштой хэвтэж, ХМА- дор баруун доод зовхины урагдал засах мэс засалд орсон. ...баруун доод зовхи дотор 2/3 хэсгээр урагдсан шархтай.  ...хэсэг газрын үзлэгт: дух, баруун хөмсөг, зовхи, хацар, шанаанд олон тооны анхдагч цэгцлэлт хийгдсэн шархтай. Баруун, зүүн зовхи, хацарт хавдартай, зүүн доод зовхи, хацарт хөхөлбөр өнгийн цус хуралттай.

Дүгнэлт:

1. Г.Дашдэлэгийн биед 2 нүдний ухархайн дотор, доод хана, хоншоор яс, хамар ясны хугарал, этмойд, гайморовын хөндийд цус хуралдалт, баруун нулимсны сувгийн тасрал, нулимсны сувгийн тасрал засах мэс заслын дараах байдал, нүүрэнд олон тооны гүн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо болон ир ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл Шүүх эмнэлэг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна... /шинжээч Г.Ханхүү/...” гэсэн дүгнэлт [13],

12. Шинжээч Г.Ханхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 26-нд өгсөн:

“...би 2018 оны 10 дугаар сарын 05-ны Дашдэлэгийн эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн дээрх дүгнэлтийг гаргасан. Дэшдэлэгийн биед баруун нулимсны сувгийн тасрал, нүүрний .... шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл нь ир, үзүүр бүхий /дээр үзүүлсэн шөвөг/ зүйлээр үүсгэгдэнэ. Бусад гэмтэл буюу хоёр нүдний ухархайн дотор доод хана, хоншоор яс, хамар ясны хугарал, этмойд, гайморын хөндийн цус хуралдалт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байсан. 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг [14],

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12769 тоот дүгнэлтэд:

-хэсэг газрын үзлэгт: Зүүн хөмсөгний дээд хэсэгт сар хэлбэрийн зүүн дээд зовхинд S хэлбэрийн эдгэж буй сорвитой, дээд зовхи буусан,  нээж шалгахад жижгэрч эвэрлэг хүүхэн хараа харагдахгүй ба нүдний алимны хэлбэр дүрс алдагдаж хонхойсон цайвар шаргал өнгөтэй болсон.

2018.10.15-ны Нүдний эмчийн үзлэгт: баруун нүдний хараа 6/6, зүүн нүдний хараа 0, баруун нүдний эвэрлэг болон угт эмгэг өөрчлөлтгүй.

Дүгнэлт:

1. С.Х-гийн биед зүүн нүдний бүрэн хараагүйдэлт, зүүн хөмсөг, зүүн дээд зовхинд сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь ямар цаг хугацаанд үүссэнийг тогтоох боломжгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувиар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /шинжээч эмч Б.Даваасүрэн/...” гэсэн дүгнэлт [15],

14. Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 26-нд өгсөн:

“...2018 оны 10 дугаар сарын 22-нд үзлэг болон нүдний эмчийн үзлэгийг үндэслэн Хишигдаваагийн дүгнэлтийг гаргасан. Хишигдаваагийн зүүн хөмсөгт сар хэлбэрийн хуучин сорвитой, зүүн дээд зовхинд латин S хэлбэрийн эдгэж буй сорвиудтай байсан. Нүдийг нээж шалгахад нүдний агууламж гоожсон, нүдний алим хэлбэр дүрсээ алдаж цайвар шаргал өнгөтэй болсон байсан. Дээрх гэмтэл нь үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байсан. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтын 4.7.31.1-т заасан буюу ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувиар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Үзүүртэй зүйл гэдэг нь шөвөг, хадаас гэх мэт зүйлийг ойлгож болно. Дээрх гэмтлүүдийг тухайн цаг хугацаанд үүсгэсэн байх боломжтой. ...” гэх мэдүүлэг [16],

15. Прокурорын 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 27 дугаартай хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг буюу шөвөг 1 ширхэг, цүү 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан ажиллагааг хүчинтэйд тооцсон тогтоол, Г.Б-аас хураан авсан хар өнгийн жижиг иштэй шөвгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тогтоол, хураан авсан эд зүйлд буюу шөвөг, цүүц зэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг [17],

16. Хохирогч Г.Дашдэлэг, С.Х- нараас өөрсдийн биед учирсан гэмтлийг харуулсан гэх тус бүр 2 ширхэг гэрэл зургийг мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан тэмдэглэл, гэрэл зургууд [18],

17. 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр яллагдагч Г.Б-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг [19],

18. Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт хохирогч Г.Дашдэлэг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд хэвтэн эмчлүүлсэн “өвчний түүх”-ийн хуулбар [20], түүний Гэмтэл согог судлалын үндэсний төвд КТГ оношилгоо хийлгэсэн баримт, яаралтай тусламжийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хуудас [21],

Хохирогч Г.Цэдэвсүрэнг алахыг завдсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд:

19. Хохирогч Г.Цэдэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 26-нд өгсөн:

“...2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 13 цагийн үед гэртээ харихаар Ханын материалын эцэс  дээр явж байтал хуурай дүү Ганзоригтой тааралдахаар нь “ах нь гэрээ дулаалах гэж байна, туслаад өгөөч” гэхэд “за” гээд надтай хамт манайд очихоор болсон. Ганзориг надтай тааралдах үедээ халаасандаа 0,75 литрийн Хараа нэртэй архитай явж байсан. Бид хэд алхаад гэрийн зүг явж байтал зүс таних Б-ч тааралдсан. Тэр “ахдаа тусалъя” гээд тортой юмнаас дамжлаад манайд хамт ирсэн. Гэртээ ирээд хашаанд байдаг хоёр гэрийнхээ баруун гэрээс зүүн гэр рүү дээвэр шилжүүлээд эхлэх үед Б-ч “нөгөө юмнаасаа” гэсэн. Тэгтэл Ганзориг “ах юмаа тойруулчих” гэсэн. Тэгээд би аягалаад Б-чид өгсөн. Туургаа барьж байх үедээ санаандгүй Б-чид хандаад “наад туургаа олигтойхон дээшээ барьчихаач пизда минь” гээд хэлчихээд архиа аягалж байтал шууд хажууд байсан сүхийг аваад миний толгой хэсэгт цохих үед би тэврээд автал дал хэсэгт цохисон. Би “Ганаа алах нь” гээд эхнэрээ дуудсан чинь эхнэр гарч ирэх үед Б-ч гараад явчихсан. Ганзориг архинаас хоёр татчихаад муудчихлаа гээд явчихсан байсан. Үлдсэн архийг нь би Б-чтай хувааж ууж байгаад гэрийнхээ туургыг тавих үедээ “пизда минь туургаа олигтойхон дээшээ барьчих” гээд хэлчихсэн чинь тэрнээс болоод гэнэт уурлаад үгийн зөрүүгүй шууд ойрхон байсан түлээний жижиг сүхийг аваад толгойн орой хэсэг болон баруун дал, баруун эгэм орчимд цохисон. Миний толгой хагараад оёдол тавиулсан. Мөн эгэм, дал орчимд оёдол тавьсан. Одоо миний толгой бага зэрэг хөндүүртэй байна. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй. ...” гэх мэдүүлэг [22]

-Мөн түүний дахин 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн “...Тухайн үед Ганзориг манай гэрийг дулаалалцаж янзалчихаад түрүүлээд яваад өгсөн байсан. Болсон зүйлийн талаар тэр хараагүй. Тэгээд гэрийн гадаа Б-ч намайг сүхээр толгой, мөр, эгэм рүү цохиход би эхнэрийг дуудсан. Эхнэр гарч ирээд болиулсан. Манай гэрт эхнэр болон хоёр настай зээ хүү нар л байсан. Би тухайн үед ухаан алдаж унаад эмнэлгийн машинд сэрсэн. Манай эхнэр намайг Гэмтлийн эмнэлэг дээр аваачаад, дараа нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очоод өргөдөл өгсөн байна лээ. Надад нэхэмжлэх зүйл гомдол, санал байхгүй. Би ямар нэг эмчилгээ хийлгээгүй, миний шархнууд тэгсгээд эдгэрсэн, ямар нэг баримт байхгүй. ...” гэх мэдүүлэг [23],

20. Гэрч Д.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 25-нд өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 25-ны өглөө 10 цагийн орчимд Хархорин зах ороод бүрээс дулаалах материал аваад 12 цаг 30 минутын үед Ханын материал дээр буугаад замаараа гэр дулаалах 2 хүн аваад гэртээ харьсан. ...араас дахиад нэг хүн дулаална гээд ирсэн. Тэр гурван хүн архи уусан байсан. Нэг нь нилээн согтуу болохоор яваад өгсөн. Үлдсэн хоёр нь дулаалаад байж байтал манай 2 настай зээ маань унтая гээд уйлаад байхаар нь унтуулах гээд орсон. Манай нөхөр “энэ хоёр хүн нэг шил архитай ирсэн байна” гээд гэрт чанасан байсан хонины толгой аваад гарсан. Төд удалгүй “Ганаа аллаа” гээд манай хүний дуугарахаар нь гараад очтол нэг нь явчихсан нэг залуу нь манай нөхрийн толгой руу далайгаад цохих гэж байхаар нь би очоод “миний хүү боль” гэсэн чинь эргэж хараад яваад өгсөн. Тэгсэн манай хүний толгойноос маш их цус гарч байсан. Би түргэн, цагдаа дуудсан. Толгой руу нь сүхээр хоёр удаа цохисон байсан. Зүүн мөр болон доор харалдаа далан дээр нь нэг цохисон байсан....” гэх мэдүүлэг [24],

- мөн түүний дахин 2018 оны 11 дүгээр сарын 27-нд өгсөн:  “...би тухайн үед гэртээ 2 настай зээгээ хараад байж байхад манай нөхөр Цэдэвсүрэн муухай орилоод “Ганаа намайг аллаа” гэхээр нь шууд гараад очтол Б-ч нь гартаа манай түлээний төмөр сүхийг далайчихсан байхаар нь би “болиочээ юу болж байгаа юм бэ, миний хүү боль, тайвшир” гэтэл Б-ч над руу муухай хараад сүхээ газар хаяад гараад явсан. Тэгтэл манай нөхөр газар ухаан алдаж унаад толгойноос нь цус гарсан. Би сандраад 103 дуудсан. Удалгүй 103 ирээд нөхрийг аваад Гэмтлийн эмнэлэг рүү явах замд манай нөхөр ухаан орсон. Эмнэлэг дээр очоод манай нөхрийн толгой болон баруун талын мөр, далан дээр оёдол тавьсан. ...Манай түлээний сүх нь төмөр иштэй, төмөр сүх байсан. Турба иштэй л төмөр сүх байгаа юм. ...” гэх мэдүүлэг [25],

21. Б-чийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 17-нд яллагдагчаар өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд амьдардаг хар Цэдэвээг бас архи ууж байхад над руу том дуугараад загнаад байхаар нь би үгийг нь даахгүй барьцалдаж аваад сүхээр толгойг нь цохиж гэмтээсэн. ...” гэх мэдүүлэг [26],

22. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13132 тоот дүгнэлтэд:

-хэсэг газрын үзлэгт: зулайн орой хэсгийн хуйханд 6 см, зулайн зүүн орой хэсгийн хуйханд 7 см оёдлын ором бүхий ягаан сорвитой. Баруун мөрөн дээр 8 см оёдлын ором бүхий ягаан сорвитой. Баруун даланд өнцөг үүсгэсэн 6х0,3 см тав нь бүрэн унаагүй сорвитой.

2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 19 цагт ГССҮТ-д үзүүлсэн гэх бичигт: Толгойн хуйхны няцарсан шарх, шинжилгээ хийлгэх гэжээ.

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд авахуулсан гэх 1 ширхэг 9 сарын 25-ны Си Ди-г уншуулсан хариуд: Баруун эгэм яс дээд 3/1-ээрээ зөрөөтэй ташуу сэлтэрсэн хугаралтай гэжээ.

Дүгнэлт:

1. Г.Цэдэвсүрэнгийн биед зулайн хуйх, баруун мөр, даланд сорвитой, баруун эгэм яс зөрөөгүй ташуу сэлтэрсэн хугаралтай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Шүүх Эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. /шинжээч эмч С.Одончимэг/ ...” гэсэн дүгнэлт [27],

23. Шинжээч С.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 26-нд өгсөн:

“...Г.Цэдэвсүрэн гэх хүнийг 2018 оны 11 дүгээр сарын 01-нд үзэхэд 2018 оны 9 дүгээр сарын 25-нд бусдад сүхээр цохиулсан гэсэн, толгойн хуйх, баруун мөр даландаа эдгэрч эхэлсэн шарх сорвинуудтай байсан. Тухайн үедээ Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлээд рентген зураг авахуулсан Си Ди-г уншуулахад баруун эгмэнд зөрүүтэй хугарал, эгэмний сэлтрэлт харалдаа нь эдгэрч байсан сорви байсан. Г.Цэдэвсүрэнгийн биед учирсан толгой, хуйхны сорви, эгэмний сорви, далны соривнуудын эдгэрсэн байдлыг харахад сүхний ир биш хавтгай хэсгээр цохиулж учирсан байж болох байдалтай байсан. Иймээс дээрх гэмтлүүдийг хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд гэж үзсэн. Сүхний ир хэсгээр цохиулсан бол цавчигдах байсан. Г.Цэдэвсүрэнгийн биед учирсан дээрх гэмтэл, сорви нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд авсан учраас тухайн цаг хугацаанд үүссэн байж болно...” гэх мэдүүлэг [28] ,

24. 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төмөр сүх 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцох тогтоол, тус сүхэнд үзлэг хийсэн тэмдэглэл [29]

25. 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэрч Д.Ганчимэгээр хохирогч Г.Цэдэвсүрэнг цохиж гэмтээхэд хэрэглэсэн гэх эд зүйлийг гэрэл зураг ашиглан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл [30],

26. Хохирогч Г.Цэдэвсүрэнгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үзлэгийн төлбөр төлсөн баримт [31], түүний Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн баримт [32], Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас [33],

Шүүгдэгч Г.Б-ийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд.

27. Гэрч Г.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 19-нд өгсөн:

“...Би Б-чийн том эгч нь байгаа юм. Бид ээж Г-агаар овоглодог, бид эцэг ондоотой. ...Б-ч 10-н жилийн сургуулийн 47 дугаар сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд барилгын ТМС-д ороод барилгын талын мэргэжил эзэмшсэн шиг санагдаж байна. ...Б-ч 14-15 жилийн өмнөөс шар хадны эмнэлэгт хэвтэж эхэлсэн, уг нь 1 жилд 1-2 удаа хэвтдэг байсан хавар, намар заавал хэвтдэг байсан. 2 жилийн өмнө шар хаданд хэвтэж байсан. Хэвтэж байсан онош нь нойргүйдэл гэж байсан.  Б-чийн аавынх нь талд сэтгэцийн өвчтэй удам байдаг байсан юм шиг байна лээ. Б-ч ер нь их дуу цөөтэй даруухан хүн байгаа юм, өвчин нь хөдлөхөөрөө их ширүүн догшин болчихдог юм шиг байна.....” гэх мэдүүлэг [34],

28. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 933 тоот дүгнэлтэд:

Дүгнэлт:

1.Г.Б- нь шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр. Засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй байна.

2.Г.Б-ийн дээрх эмгэг нь удамшлын дотоод шалтгаантай сэтгэцийн эмгэг болно.

3.Г.Б- нь гэмт хэрэг үйлдэх үедээ шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр, засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй байсан байна.

4.Г.Б-ийн дээрхи сэтгэцийн эмгэг нь сэтгэцэд нөлөөт эмийн эмчилгээнд засрал сайжралын байдалд орно.

5.Г.Б-ийн дээрх сэтгэцийн эмгэг сэдэрч хөдөлсөн тохиолдолд өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүй болно.

6.Г.Б- нь мэдүүлэг өгөх чадвартай байна.

7.Г.Б- нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна.

8.Г.Б- нь хэрэг хариуцах чадвартай байна.

9.Г.Б-ид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Харин харьяа дүүргийн сэтгэцийн эмчийн хяналт ар гэр асран хамгаалагчийн хяналтанд байх шаардлагатай байна.

10.Г.Б-ийн дээрхи эмгэг нь засрал сайжралын байдалтай болон хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байгаа тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй болно.

11. Г.Б- нь СЭМҮТөвийн хяналтанд байдаг гэх баримт үгүй байна. Харин СЭМҮТөвд нийт 7 удаа хэвтэн эмчлэгдэж байсан өвчний түүх байна. /эмч О.Баатаржав, Э.Амгалан, Я.Ганхүү/ ....” гэсэн дүгнэлт [35],

29. Шинжээч Я.Ганхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 27-нд өгсөн:

“...Г.Б-ийн шүүх сэтгэцийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг санал нэгтэй гаргасан. Б-чийн хувьд шизоаффектив эмгэгийн холимог, сэтгэцийн эмгэгтэй, засрал сайжралын байдалтай байна гэдэг дүгнэлтийг гаргасан. Дээрх эмгэг нь дотоод шалтгаантай, удамших хандлагатай, сэтгэл хөдлөл  шизоаферины шинж тэмдгүүд аль аль нь илэрдэг сэтгэцийн эмгэг юм. Хэрэг үйлдэх үеийн цаг хугацаанд Г.Б-ийн эмгэг сэдэрч, хөдөлсөн гэх эмгэг шинж тэмдгүүд илрээгүй байсан. Харин тухайн үед засрал сайжралын байдалтай байсан. Иймээс Г.Б- нь тухайн үед өөрийгөө удирдан жолоодож, үйлдлээ ухамсарлаж ойлгох чадвартай байсан. Иймээс хэрэг хариуцах чадвартай, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. Цаашид өвчин илэрч хөдөлсөн тохиолдолд харьяа дүүргийн сэтгэцийн эмчийн хяналтанд эмчилгээ зөвлөгөө авч сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэх боломжтой...” гэх мэдүүлэг [36],

30. Шүүгдэгч Г.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [37] , 2006, 2018 оны шийтгэх тогтоолын хуулбарууд [38], Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4/17931 дугаартай ял эдлүүлэх ажиллагааны биелэлтийн талаарх лавлагаа [39] болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Г.Б-ид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ

“...шүүгдэгч Г.Б-  нь 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр иргэн С.Х-, Г.Дашдэлэг нарын биед олон тооны шарх гэмтэл учруулж, онц харгис хэрцгийгээр хоёр хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч Г.Б-ийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй буюу үргэлжилсэн үйлдлээр хоёр хүнийг алахыг завдсан,

-мөн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Г.Цэдэвсүрэнг сүхээр цохиж, гэмтэл учруулан, онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч Г.Б-ийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй буюу хүнийг алахыг завдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь Г.Б-аас хураан авсан шөвөг, сүх болон хохирогч нараас гаргаж өгсөн гэрэл зургууд, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалтын шатанд Г.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад заасан зааснаар, түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан тус тус гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ Г.Б- нь хохирогч нарт гэмтэл учруулсныг хүлээн зөвшөөрч байгаа боловч зүйлчлэлийн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох хэсэг, тусгай ангид заасан гэмт хэргийг авч үзэхэд тус зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Гэхдээ ял шийтгэлийн хувьд төгссөн гэмт хэрэг биш, завдалтаар орж ирсэн. Нэг талаас эрх зүйн байдал дээрдэх нөхцөл харагдаж байгаа боловч шүүгдэгч Г.Б- нь гурван хүнийг алах санаа зорилго байгаагүй. Г.Б- нь өөрөө сэтгэцийн дүгнэлтээр шизоаффектив эмгэгтэй өвчтэй гэж тогтоогдсон ба уг эмгэг өвчин сэдэрсэн тохиолдолд бусдад болон өөртөө аюул учруулна гэсэн байдаг. Үүнээс үзвэл Г.Б- нь эрүүл үедээ гэмт хэрэгт холбогдож байсан нөхцөл байдал байхгүй. Харин дандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт холбогдсон байдаг. Субъектив санаа зорилгын хувьд шууд санаатай үйлдэл бүрэн төгссөн байсан эсэх нь эргэлзээтэй гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

Шүүгдэгч Г.Б- нь хүнийг алах санаа зорилго байгаагүй, би өөрөө хохирогчийн гэрээс гараад явсан, хэн нэгэн хүн миний үйлдлийг таслан зогсоосон зүйл байхгүй гэж гэм буруугийн талаар маргасан.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Б-ид холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1.Гэм буруугийн талаар.

1.1 Иргэн Г.Дашдэлэг, С.Х- нарыг алахыг завдсан гэмт хэргийн талаар.

Хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгээс үзвэл: 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Г.Дашдэлэг, С.Х- нар нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 32 дугаар гудамжны 14 тоот Г.Дашдэлэгийн гэрт архидан согтуурч байх үед тус тоотод Г.Б- очиж тэд хамтдаа согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн байна. Улмаар шүүгдэгч Г.Б- нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.Х-г газар хэвтэж байхад нь шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж, зүүн нүдийг шөвгөөр хатгаж “зүүн нүдний хараагүйдэлт, зүүн хөмсөг, зүүн дээд зовхинд сорви” бүхий хүнд гэмтэл учруулж,

-мөн иргэн Г.Дашдэлэгийг “...С.Х-г өмөөрлөө...” гэх шалтгааны улмаас нүүр болон нүдэн тус газар нь шөвгөөр олон удаа хатгаж, зодож, цохиж “хоёр нүдний ухархайн дотор доод хана, хоншоор яс, хамар ясны хугарал, этмойд гайморовын хөндийд цус хуралдалт, баруун нулимсны сувгийн тасрал, нулимсны сувгийн тасрал засах мэс заслын дараах байдал, нүүрэнд олон тооны гүн шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий олон тооны шарх, няцрал бүхий гэмтлүүдийг учруулж, онц харгис хэрцгийгээр хоёр хүнийг алахыг завдсан болох нь:  

- Хохирогч Г.Дашдэлэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 9 дүгээр сарын 24-ний ...21 цаг 30 минутын үед хуурай дүү Хишигдаваа танихгүй нэг залуутай 0,75 граммын “Соёрхол” нэртэй архи барьчихсан согтуу орж ирсэн. Бид 3 архиа хувааж уугаад сууж байтал гаднаас Г.Б- орж ирсэн. Бид дөрөв “Соёрхол” нэртэй архийг хувааж ууж дуусаад Хишигдаваа газар хэвтэж байхад нь Б-ч нүүр лүү нь 2-3 удаа шалтгаангүйгээр өшиглөсөн. Би Б-чид “чи яаж байгаа юм бэ араа дааж чадах юм уу лалар минь” гэж хэлсэн чинь Б-ч “чамд хамаагүй пизда минь” гэж хэлээд миний хажууд ирээд куртикныхээ халааснаас жижиг хутга гаргаж ирээд миний нүд, нүүр лүү 7-8 удаа хатгасан, би доошоо тонгойтол миний баруун нүд рүү “ гүйцээчий л даа муу новшийг” гээд дахиж 4-5 удаа хатгасан. Тэгж байтал хажуу айлын эмэгтэй “цагдаад дуудлага өгчихсөн шүү” гээд гэрт орж иртэл Б-ч, Хишигдаваатай хамт орж ирсэн залуутай хамт гараад зугтаасан. ...миний нүүр лүү яагаад хутгаар хатгасан гэхээр Хишигдавааг өмөөрлөө гэх шалтгаанаар хатгасан. Миний нүүр битүү хутганы шарх байна, баруун нүд цагаан нь эргээд гарчихсан байсан, гэмтэл дээр очиж оёдол тавиулсан. ...” гэх мэдүүлэг [40],

-мөн түүний дахин 2018 оны 10 дугаар сарын 22-нд өгсөн “...Б-ч миний нүд нүүр лүү жижиг хар иштэй шөвгөөр олон удаа хатгаж гэмтээсэн,  тэр үед, хажуу айлын эмэгтэй “цагдаа дуудсан шүү” гэсэн чинь Б-ч гараад зугтаасан. ...би 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн мэдүүлэгтээ андуураад хутга гээд хэлсэн байна. ...жижиг хар иштэй шөвгөөр нь Б-ч миний нүүрийг олон газар сийчиж, зодож гэмтээсэн. ...Б-ч бид хоёрыг “гүйцээчихье” гээд жижиг шөвөг бариад дайраад байсан, тэгсэн хажуу айлын эмэгтэй орж ирээд “цагдаа дуудчихлаа” гэсэн чинь Б-ч гараад зугтааж тэр үйлдэл зогссон....” гэх мэдүүлэг[41],

-хохирогч С.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 24-ний 22 цагийн орчимд Дашдэлэгийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо,Тоосгоны 32-14 тоот гэрт нь гудамжинд архи ууж байгаад танилцсан үл таних залуутай хамт орсон. ...Дашдэлэг бид гурав “Соёрхол” нэртэй архи хувааж уугаад сууж байсан чинь ...Г.Б- согтуу орж ирээд намайг газар хэвтэж байтал ямар нэгэн шалтгаангүйгээр шууд дээрээс өшиглөж жижиг хутгаар шалтгаангүйгээр нүд, нүүр, толгой руу хатгаж, зүүн гар дээр дэвсэж, “чамайг алчий” гэж орилж миний биед гэмтэл учруулсан. Дашдэлэг намайг өмөөрсөн чинь жижиг шөвгөр үзүүртэй хар хуванцар бариултай бага шөвгөөр нүүр, нүд зовхи орчим нь 5-6 хатгаж зүсэж гэмтэл учруулсан. ...хажуу айлын эмэгтэй “цагдаа дуудчихсан шүү” гэсэн чинь гараад явсан. Дашдэлэг бид хоёр цустайгаа холилдоод үлдсэн. ...Одоо миний зүүн талын нүд юу ч харахгүй байна, мөн зүүн талын хөмсөгний дээд тал, зүүн шанаа орчим том урагдаж оёдол тавиулсан. ...Намайг Б-ч ямар ч шалтгаангүйгээр хутгалсан. ...Намайг хатгасан хутга нь гаднаас орж ирэхдээ бэлдсэн намайг хутгалах зорилготой орж ирсэн. ...Архи уучихаараа намайг ална гэж байнга заналхийлдэг. Энэ удаа бол  яг алахаа шахсан. Урд өмнө нь буюу 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Энхээ гэдэг найзын гэрт байхад Б-ч согтуу орж ирээд миний толгой руу өшиглөж үсдэж аваад шөвгөөрөө хатгаж “ална” гэхэд нь Энхээ салгасан. ...Б-ч яагаад надад өс хонзон санаж явдаг талаар ойлгохгүй байгаа. Сүүлийн 2 удаа согтуу таарчихаад намайг “ална” гээд занаад байгаа.  Миний мэдэж харснаар хар өнгийн хуванцар бариултай жижиг үзүүртэй шөвөгтэй явдаг. Тэр шөвгөөрөө Дашдэлэг бид хоёрыг гэмтээсэн. ...миний зүүн нүд юу ч харахгүй байна. ...” гэх мэдүүлэг [42] ,

-мөн түүний дахин 2018 оны 10 дугаар сарын 22-нд өгсөн “...Б-ч ямар ч шалтгаангүйгээр уурлаад миний нүүр рүү хэд хэдэн удаа өшиглөөд зүүн гар дээр хөлөөрөө дэвсээд, жижиг шөвгөөр миний зүүн нүдний дээд хэсэг рүү хатгаж гэмтээхэд намайг Дашдэлэг өмөөрсөн. ...тэгээд халааснаасаа жижиг шөвөг гаргаж ирээд Дашдэлэгийн нүүр рүү хатгаад гүйцээчихье гээд байсан. Тэгтэл хажуу айлын нэг эмэгтэй хүн орж ирээд цагдаа дуудсан шүү гэсэн чинь Б-ч ...гараад зугтаасан. ...хутга гэж андуурч мэдүүлэг өгсөн байсан. Тэр жижиг зүйл нь шөвөг байсан. ...Хугархай юм шиг богино хар өнгийн иштэй шөвгөөр Б-ч миний нүүрийг гэмтээж дээрх шөвгөөрөө зүүн нүд рүү хатгаж сохолсон, бас зодсон, ...Хажуу айлын эмэгтэй орж ирж “цагдаа дуудчихсан шүү” гэж хэлээгүй бол бид хоёрыг яах байсныг мэдэхгүй байна. Б-ч өөрөө тэр үйлдлээ зогсоохгүй байсан байх гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг [43],

- Гэрч Б.Батсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 24-ний орой 22 орчим би гэртээ байж байтал хажуу талд Дашдэлэг ахын гэрт хүмүүс хэрэлдээд чанга, чанга дуугараад байхаар нь би хаалгаар нь шагайгаад “цагдаа дуудлаа шүү” та нар болиороо гэж хэлээд гэр лүүгээ орох гэтэл миний араар Дашдэлэг ахын гэрээр орж гараад байдаг туранхай биетэй, бор царайтай, хар өнгийн куртиктэй хүн гараад явсан. ...Дашдэлэг ах араас орж ирсэн чинь нүүр нь сийчүүлчихсэн цус гарсан байдалтай “ах нь хүнд зодуулчихлаа” гэсэн. ...цагдаа, 103 дуудсан. ...цагдаа намайг дагуулаад Дашдэлэг ахынд ортол шал дээр нь бас нүүр ам нь цус болоод зодуулсан байдалтай хүн байхаар нь авч гарсан.  ...Дашдэлэг ахынд ороход цаад өрөөнд нь хүмүүс хэрэлдээд бужигналдаад байсан, би “цагдаа дуудлаа шүү та нар болиороо” гэж хэлээд гэр лүүгээ орсон. ...тэгээд гэртээ ороход дахин хашааны хаалга дуугараад хүн гараад явчих шиг болсон, удалгүй Дашдэлэг ах зодуулчихлаа гээд ороод ирсэн...” гэх мэдүүлэг [44],

- Гэрч Д.Батдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цагийн орчим үүрэг гүйцэтгэж байхад манай хэрэг бүртгэгч Ганбат манай өрөөнд орж ирээд “хоёулаа хаягаар явмаар байна, над дээр шалгагдаж байгаа Б-ч хүн гүйцээж ална гээд заналхийлээд байна, хоёулаа хамт гэрийнх нь хаягаар яваад ирье” гэсэн. ...ойролцоогоор 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 32 дугаар гудамжны баруун талын хөдлөн гудамжинд Б-ч гэгч ганцаараа явж байсныг баривчилж авсан. ...Б-ч тэр үед “нэг хүнийг ална, гүйцээх байсан” гээд  яриад байсан. ...ямар ч байсан хэргийн хохирогчийг ална гээд байсан байх....” гэх мэдүүлэг [45]

- Гэрч Г.Дашдондогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө гэртээ байж байтал 00 цагийн орчим Ганбат байцаагч над руу залгаад “чи хаана байна, танай ах Дашдэлэгийг Б-ч хайгаад байна гэнээ, амь насанд нь аюултай байдал үүсч магадгүй” гэхээр нь ...ханын материалд ахын гэрт очиход Дашдэлэг ах нилээн айсан байдалтай байсан. ...тэгэхээр нь би “хамт явах уу, таныг Б-ч хайгаад байна гэнэ” гээд ахыг аваад гарсан. ...гудамжинд явж байхад Б-ч тааралдаад манай ахыг харчихаад “нүүр чинь их  хурдан эдгэж байгаа юм байна” гээд инээгээд байсан. ...” гэх мэдүүлэг [46] ,

- Гэрч Э.Ганбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс ажил дээрээ байхад манай хэрэг бүртгэгч цагдаагийн ахмад Эрдэнэбаатар над руу залгаад “над дээр шалгагдаж байсан Б-ч хүн ална” гэж яриад байна гэхээр нь би ...офицер Сайнбилэг рүү залгаад “Дашдэлэгийг хүн алах гээд байх шиг байна” хаягийг нь шалгаарай гэж хэлсэн. Дашдэлэгийн дүү Дашдондог руу залгаад “Дашдэлэг хаана байна, танай ахыг Б-ч гэдэг хүн ална гээд яваад байна” гэсэн. ...Б-ч баригдаад явж байхдаа “би Дашдэлэг, Хишигдаваа хоёроос болоод ингээд  явж байна, би тэр хоёрын ална гүйцээнэ” гээд заналхийлээд байсан ...” гэх мэдүүлэг [47],

- Гэрч С.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны орой 23 цагаас 00 цагийн орчим намайг гэртээ амарч байх үед Г.Б-  утсаар залгаад “би хүн аллаа” гэж хэлээд утсаа салгасан.  ...би тухайн үед Г.Б-ийг шалгаж байсан байцаагч ахмад Э.Ганбат руу залгаж Г.Б- хүн аллаа гээд над руу утсаар залгаад байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг [48],

- Гэрч Э.Сайнбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цагийн орчим мөрдөгч Ганбат миний гар утас руу залгаад “Б-ч гээд над дээр шалгагдаж байгаа хүн хэргийн хохирогчийг ална гээд яваад байна, та хоёр хохирогчийн заасан хаягийн орчмоор яваад шалгаад өгөөч, байвал аваад ирээч” гэж хэлсэн. ...2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 22 цагаас 23 цагийн үед ...Батсайхан бид 2 үүрэг гүйцэтгэж байгаад тухайн үед очиход Б-ч нь хэргийн газраас гараад зугтсан байсан, харин хохирогч Дашдэлэг, Хишигдаваа гэх хоёр хүн байсан, тэр хоёрын нүүрнээс цус гарсан олон тооны шархтай байсан. ...Дашдэлэг, Хишигдаваа хоёр Б-чид зодуулсан гэсэн зүйл яриад байсан. ...” гэх мэдүүлэг [49],

- Гэрч О.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 28-наас 29-ний хооронд ...шөнө 00 цагийн орчим манай офицер Сайнбилэгийн гэр утас руу нь мөрдөгч Ганбат залгаад “Б-ч гэгч нь хэргийнхээ хохирогчийг ална гээд мэс бариад яваад байна” гэсний дагуу хохирогчийн гэрийн хаяг орчмоор буюу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 32-14 тоот хаягаар шалгасан. ...2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 22 цагаас 23 цагийн орчим дээрх хаяг дээр Сайнбилэг бид 2 Ачит-10-аас “хажуу айлын хүн хүнд зодуулаад манай гэрт ороод ирсэн байна”  гэх  дуудлагын дагуу очиж шалгаад зодуулсан гэх Дашдэлэг, Хишигдаваа нарыг 103-т өгч явуулж байсан. ...Б-ч байгаагүй гараад зугтаасан байсан. Дашдэлэг, Хишигдаваа хоёрын нүүр нь битүү шархтай цус нөж болсон байдалтай байсан.  ...” гэх мэдүүлэг [50],

- Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 17-нд яллагдагчаар өгсөн:

“.....2018 оны 9 дүгээр сарын 24-нд ...Дашдэлэгийн гэрт яваад ортол Хишигдаваа болон бас нэг танихгүй залуугийн хамтаар архи уугаад сууж байсан. ...би архинаас нь 100 грамм татсан.  ...Тухайн үед би Хишигдаваатай маргалдсан. ...уур хүрээд Хишигдаваагийн нүүр рүү хоёр гурван удаа өшиглөсөн. Тэгэхэд Дашдэлэг, бас болиулах гэж байснаа таягаа тулаад над руу дайраад байхаар нь би барьж байсан таягаар нь Дашдэлэгийн нүүр рүү цохисон...” гэх мэдүүлэг [51], түүний шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11724, 12769 тоот дүгнэлтүүд[52], шинжээч Г.Ханхүү [53], Б.Даваасүрэн нарын мэдүүлэг [54], Г.Б-аас хураан авсан хар өнгийн жижиг иштэй шөвгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, шөвөгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг [55], хохирогч Г.Дашдэлэг, С.Х- нарын Г.Б-ид зодуулсны дараах гэх тус бүр 2 ширхэг гэрэл зургууд [56], хохирогч Г.Дашдэлэгийн эмнэлэгт 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд хэвтэн эмчлүүлсэн “өвчний түүх”-ийн хуулбар [57], яаралтай тусламжийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хуудас [58] зэрэг бичгийн болон эд мөрийн баримт зэргээр тогтоогдсон байна.

Тус гэмт хэргийг шүүгдэгч Г.Б- нь шууд санаатай үйлдлээр үйлдсэн байх ба

шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгахад хохирогч С.Х-гийн”...Г.Б- намайг урьд нь удаа дараа алах талаар байнга заналхийлж байсан. ...чамайг алчий гээд” биед гэмтэл учруулсан. Урьд нь шөвгөөрөө хатгаж ална гэхэд Энхээ салгасан,  энэ удаа яг алах шахсан..” гэх мэдүүлэг, хохирогч Г.Дашдэлэгийн “... Г.Б- бид хоёрыг гүйцээчихье” гээд шөвөг бариад дайраад байсан...” гэх мэдүүлэг, мөн Г.Б- нь “би хүн аллаа” гэж яриад утсаа салгасан” тухай гэрч С.Эрдэнэбаатарын мэдүүлэг,  Г.Б-ийг баривчлах үед “би тэр хоёрыг ална, гүйцээнэ” гээд үглээд байсан...” гэх гэрч Э.Ганбатын мэдүүлэг зэргээр Г.Б- нь хохирогч С.Х-, Г.Дашдэлэг нарыг алах санаа зорилго, сэдэлттэй байсныг хангалттай нотолж байх ба эдгээр нотлох баримтыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй, шүүгдэгч Г.Б- нь хүнийг алах санаа байгаагүй гэх мэдүүлэг нь эсрэгээрээ дээрх баримтаар үгүйсгэгдэж байна. Мөн шүүгдэгч Г.Б-ийн тус гэмт хэргийг үйлдэхдээ шөвөг хэрэглэсэн, уг хүйтэн зэвсгээр хохирогч Г.Дашдэлэг, хохирогч С.Х- нарт гэмтэл учруулж, улмаар хохирогч С.Х-гийн нүдийг гэмтээж, зүүн нүдний хараагүйдэлт бий болсон, мөн олон тооны шарх гэмтэл учруулсан нөхцөл байдал буюу шүүгдэгчийн үйлдэл, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан гэмтэл, учирсан хохирол хор уршгийн шинж чанар зэргээр хүнийг алах санаа зорилготой байсныг давхар нотолсон гэж үзнэ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасан.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас үзвэл 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Г.Дашдэлэгийн гэрт гэмт хэрэг гарсан тухайн хугацаанд хохирогч Г.Дашдэлэгийн хөрш болох гэрч Б.Батсүрэнгээс “...цагдаа дуудлаа шүү, та нар болиорой...” гэж хэлснээр Г.Б- нь зугтсан буюу түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас Г.Б-ийн үйлдэл нь таслан зогсоогдсон байх тул түүнийг үргэлжилсэн үйлдлээр хоёр хүнийг алахыг завдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Түүнчлэн хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэсэн, өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон бол онц харгис хэрцгийгээр үйлдсэнд хамааруулан ойлгох ба тус хэргийн хувьд хохирогч С.Х-д зүүн нүдний бүрэн хараагүйдэлт бүхий хүнд гэмтэл учруулж, хөдөлмөрийн чадварыг 65 хувиар алдагдуулж, нэг нүд нь бүрэн хараагүй болсон буюу зовж зүдрэхээр байдал бий болгосон, мөн дээрх хохирогч нарт учирсан гэмтэл нь хоёр буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн талаар шинжээчийн дүгнэлт гарч, энэ талаар мөн мэдүүлсэн, улмаар хохирогч Г.Дашдэлэг, С.Х- нарт шөвөг буюу хүйтэн зэвсгээр олон тооны шарх гэмтлийг учруулсан байх тул онц харгис хэрцгийгээр хүний алахыг завдсан гэж үзэх үндэслэл, хүндрүүлэх нөхцөл байдал бүрэн тогтоогдсон байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Б-ийг хохирогч С.Х-, Г.Дашдэлэг нарыг онц харгис хэрцгийгээр алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            1.2 Хохирогч Г.Цэдэвсүрэнг алахын завдсан гэмт хэргийн талаар.

            Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл хохирогч Г.Цэдэвсүрэн нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Г.Б-тай гудамжинд тааралдаж, Г.Б- нь хохирогчийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 55-06 тоот гэрт нь хамт очсон байна. Улмаар хохирогч Г.Цэдэвсүрэн, шүүгдэгч Г.Б- нар нь хамт согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн, мөн хэрэглэх явцдаа Г.Цэдэвсүрэнгийн Монгол гэрийн гадна талын туургыг барилцахад туслалцах явцад хохирогч Г.Цэдэвсүрэн нь шүүгдэгч Г.Б-ийг “туургаа олигтойхон барьчих пизда минь” гэж хэлсний улмаас шүүгдэгч Г.Б- нь Г.Цэдэвсүрэнгийн биед толгой, баруун дал орчим сүхээр хоёр удаа цохиж “зулайн хуйх, баруун мөр, дал, баруун эгэм яс зөрөөгүй ташуу сэлтэрсэн хугарал” бүхий гэмтэл учруулан, онц харгис хэрцгийгээр хүнийг алахыг завдсан болох нь:

- Хохирогч Г.Цэдэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 13 цагийн үед ...гэрийн зүг явж байтал Б-ч тааралдсан. Тэр “ахдаа тусалъя” гээд тортой юмнаас дамжлаад манайд хамт ирсэн. Гэртээ ирээд хашаанд байдаг хоёр гэрийнхээ баруун гэрээс зүүн гэр рүү дээвэр шилжүүлээд эхлэх үед Б-ч “нөгөө юмнаасаа” гэсэн. Би аягалаад Б-чид өгсөн. Туургаа барьж байх үедээ санаандгүй Б-чид “наад туургаа олигтойхон дээшээ барьчихаач пизда минь” гээд хэлчихээд архи аягалж байтал шууд хажууд байсан сүхийг аваад миний толгой хэсэгт цохих үед би тэврээд автал дал хэсэгт цохисон. Би “Ганаа алах нь” гээд эхнэрээ дуудсан чинь эхнэр гарч ирэх үед Б-ч гараад явсан. ...пизда минь туургаа олигтойхон дээшээ барьчих гээд хэлчихсэн чинь тэрнээс болоод гэнэт уурлаад үгийн зөрүүгүй шууд ойрхон байсан түлээний жижиг сүхийг аваад толгойн орой хэсэг болон баруун дал, баруун эгэм орчимд цохисон. Миний толгой хагараад оёдол тавиулсан. Мөн эгэм, дал орчимд оёдол тавьсан. ...” гэх мэдүүлэг [59], мөн түүний дахин 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн “...Б-ч намайг сүхээр толгой, мөр, эгэм рүү цохиход би эхнэрийг дуудсан. Эхнэр гарч ирээд болиулсан. ...Би тухайн үед ухаан алдаж унаад эмнэлгийн машинд сэрсэн. ...” гэх мэдүүлэг [60],

- Гэрч Д.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 25-нд ... “Ганаа аллаа” гээд манай хүний дуугарахаар нь гараад очтол ...нэг залуу нь манай нөхрийн толгой руу далайгаад цохих гэж байхаар нь би очоод “миний хүү боль” гэсэн чинь эргэж хараад яваад өгсөн. Тэгсэн манай хүний толгойноос маш их цус гарч байсан. ...Толгой руу нь сүхээр хоёр удаа цохисон байсан. Зүүн мөр болон доор харалдаа далан дээр нь нэг цохисон байсан....” гэх мэдүүлэг [61], мөн түүний 2018 оны 11 дүгээр сарын 27-нд дахин өгсөн:  “...Цэдэвсүрэн муухай орилоод “Ганаа намайг аллаа” гэхээр нь шууд гараад очтол Б-ч нь гартаа манай түлээний төмөр сүхийг далайчихсан байхаар нь “би болиочээ юу болж байгаа юм бэ, миний хүү боль, тайвшир” гэтэл Б-ч над руу муухай хараад сүхээ газар хаяад гараад явсан. Тэгтэл манай нөхөр газар ухаан алдаж унаад толгойноос нь цус гарсан. ...манай нөхрийн толгой болон баруун талын мөр, далан дээр оёдол тавьсан. ...13 цагийн орчим Б-ч манай нөхрийг сүхээр цохиж гэмтээсэн байх..” гэх мэдүүлэг [62],

- Г.Б-ийн 2018 оны 10 дугаар сарын 17-нд яллагдагчаар өгсөн: “...Цэдэвээг бас архи ууж байхад над руу том дуугараад загнаад байхаар нь би үгийг нь даахгүй барьцалдаж аваад сүхээр толгойг нь цохиж гэмтээсэн. ...” гэх мэдүүлэг [63],

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 13132 тоот дүгнэлт [64], шинжээч С.Одончимэгийн мэдүүлэг[65] , 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл [66], төмөр сүх 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцох тогтоол, сүхэнд үзлэг хийсэн тэмдэглэл [67] зэрэг бичгийн нотлох баримтуудаар болон эд мөрийн баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Тухайн хэрэг үйл явдал болсон хугацаанд шүүгдэгч Г.Б- хохирогч Г.Цэдэвсүрэнг сүхээр цохиж, зодож байхад гэрч Д.Ганчимэг ирж түүнийг болиулсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Б-ийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй буюу таслан зогсоогдсон байх тул хохирогч Г.Цэдэвсүрэнг алахыг завдсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Г.Б- нь ахуйн хэрэглээний төмөр сүхийг хэрэглэж, хохирогч Г.Цэдэвсүрэнг сүхээр биеийн толгой болон дал хэсэгт удаа дараа цохиж зодсон харгис, балмад үйлдэл, тус үйлдлийн улмаас хохирогч Г.Цэдэвсүрэнд зулайн хуйх, баруун мөр, дал, баруун эгэм ясны сэлтэрсэн хугарал бүхий олон тооны гэмтэл учруулсныг хүнийг  алахыг завдсан гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.   

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Б-ийг хохирогч Г.Цэдэвсүрэнг онц харгис хэрцгийгээр алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Дээрх гэмт хэргүүд гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан.

Прокуророос шүүгдэгч Г.Б-ид хохирогч С.Х-, Г.Дашдэлэг нарыг онц харгис хэрцгийгээр алахыг завдсан, мөн хохирогч Г.Цэдэвсүрэнг онц харгис хэрцгийгээр алахыг завдсан гэмт хэрэг тус бүрийг тус тусад нь зүйлчилсэн нь шүүгдэгчийн эрх байдлыг дордуулсан байх ба, шүүгдэгч Г.Б-ийг нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан гэж үзэх үндэслэлтэй байх тул түүнд  Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад зааснаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх зөвтгөн:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалт болгон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Г.Б-ийг онц харгис хэрцгийгээр хоёр, түүнээс олон хүнийг буюу гурван хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалтыг журамлах шаардлагагүй болно.  

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.     

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Г.Дашдэлэг нь мөрдөн шалгах ажиллагаанд “...2.000.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн гэж...”, хохирогч С.Х-гаас мэдүүлэхдээ  “...бариачаар толгойгоо 4 удаа бариулахад 40.000 төгрөгийн зардал гарсан, мөн зүүн нүд хараагүй болсон, компьютер томографийн шинжилгээ эмч хийлгэ гэсэн боловч хийлгэж чадаагүй байгаа, эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа...” гэж мэдүүлж тус тус хохирлыг нэхэмжилсэн байх боловч тэд энэ талаар хэрэгт ирүүлсэн баримтгүй байх тул дээрх хохирогч нар нь нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Хохирогч Г.Цэдэвсүрэнгээс нэхэмжлэх зүйлгүй гэснийг тогтоолд дурдав.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Г.Б-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад зааснаар 13 жилийн хорих ял оногдуулах, мөн өмнөх шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 620 цагийн ажлын ялын найман цагийг 1 хоногийн хорих ялаар сольж, түүний эдлэх ял дээр 77 хоногийн хорих ялыг нэмж, нийт эдлэх ялыг 13 жил 2 сар 17 хоногийн хорих ялаар тогтоож, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилгаагүй, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлөөгүй зэргийг ял оногдуулахад харгалзсан, мөн шүүх сэтгэц эмгэг судлалын 933 тоот дүгнэлтээр гэмт хэрэг үйлдэх үед Г.Б-ийн сэтгэцийн эмгэг нь засрал сайжралын байдалтай байсан гэсэн байгаа учраас гэмт хэрэг үйлдэх үед түүний сэтгэцийн эмгэг нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй, хэрэг хариуцах чадвартай байна гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгч Г.Б-ийн урьд хоёр удаа ял шийтгэгдсэн тогтоолыг үзэхэд согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн байдаг, мөн өнөөдрийн энэ холбогдсон хэргийн үед ч согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн байдаг, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүний сэтгэцийн байдалд өөрчлөлт орж нөлөөлдөг юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байна, сэтгэцийн эмчийн дүгнэлтээр Г.Б-ийг шизоаффектив эмгэгтэй гэж тодорхойлсон, уг эмгэг өвчин сэдэрсэн тохиолдолд бусдад болон өөртөө аюул учруулна гэсэн байгаа учраас тус гэмт хэрэг гарахад түүний сэтгэцийн өвчин нөлөөлсөн гэж үзэж байна. Тус гэмт хэрэг нь төгсөөгүй гэмт хэрэг учраас улсын яллагчийн саналд дурдсан хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү, мөн шүүгдэгч нь орчин тойрондоо аюул учруулж болзошгүй байгаа тул уян хатан хандаж шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж, мэтгэлцсэн.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүгдэгч Г.Б- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр 3 удаа ял шийтгэгдэж байсан байх ба сүүлд  2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн шийтгэх тогтоолоор 716 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус хэргийн шүүгдэгч Г.Б-ийн сэтгэцийн талаар тусгай мэдлэг бүхий шинжээчид 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 933 тоот дүгнэлтийг гаргасан байх ба, уг дүгнэлтээр шүүгдэгч Г.Б- нь шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр, засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр, засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй байсан, мэдүүлэг өгөх, өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох, хэрэг хариуцах чадвартай, түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй, дээрхи эмгэг нь засрал сайжралын байдалтай болон хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байгаа  талаар дүгнэсэн байна. Түүнчлэн шинжээч Я.Ганхүүгээс “...Хэрэг үйлдэх үеийн цаг хугацаанд Г.Б-ийн эмгэг сэдэрч, хөдөлсөн гэх эмгэг шинж тэмдгүүд илрээгүй, харин тухайн үед засрал сайжралын байдалтай байсан. Иймээс Г.Б- нь тухайн үед өөрийгөө удирдан жолоодож, үйлдлээ ухамсарлаж ойлгох чадвартай байсан. Иймээс хэрэг хариуцах чадвартай, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. ...” гэж мэдүүлжээ. [68] 

Иймд шүүгдэгч Г.Б- нь хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Г.Б-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасан.

Иймээс шүүгдэгч Г.Б- нь онц харгис хэрцгийгээр хоёр, түүнээс олон хүнийг буюу гурван хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Г.Б- нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 722 дугаар шийтгэх тогтоолоор 716 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн байх ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4/17931 дугаартай ял эдлүүлэх ажиллагааны биелэлтийн талаарх албан бичигт дурдсанаар дээрх ялын 620 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй байна.

Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Б-ид дээрх дурдсан шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 620 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 77 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 10 жилийн хорих ял дээр нэмж, Г.Б-ийн эдлэх хорих ялыг 10 жил 2 сар 17 хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

4. Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хар өнгийн жижиг иштэй шөвгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хохирогч Г.Цэдэвсүрэн нь өөрийн төмөр иштэй сүхийг буцаан авах хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул уг сүхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгох нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй зэргийг тогтоолд дурдаж,  шүүгдэгч Г.Б-ийн 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон 109 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулж тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Б-ийг

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалт,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Л- овогт Г-гийн Б-чийг онц харгис хэрцгийгээр, хоёр, түүнээс олон хүнийг алахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Б-ийг 10 (арав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ид Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 722 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 716 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелүүлээгүй үлдсэн 620 цагийн ажлын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож нийт хорих ялыг 77 (далан долоо) хоногоор тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад зааснаар оногдуулсан 10 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 620 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 77 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 10 жил 77 хоног буюу 10 (арав) жил 2 (хоёр) сар 17 (арван долоо) хоногийн хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ид оногдуулсан 10 жил 2 сар 17 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийн 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 109 (нэг зуун ес) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хар өнгийн жижиг иштэй шөвгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн төмөр иштэй сүх 1 ширхэгийг хууль ёсны эзэмшигч Г.Цэдэвсүрэнд буцаан олгосугай.

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Цэдэвсүрэн нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Дашдэлэг, С.Х-  нар нь тус гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зардлыг нэхэмжилсэн нэхэмжлэлээ нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.Б-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж түүний эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Г.Б-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА

 

ШҮҮГЧИД                                                       Г.МӨНХЗУЛ

 

                                                                        Л.БААТАР

 

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтасны 27-28 дугаар тал.

[2] Хэргийн 1 дүгээр хавтасны 29-31 дүгээр тал.

[3] Хэргийн 1 дүгээр хавтасны 34-35 дугаар тал.

[4] Хэргийн 1 дүгээр хавтасны 36-38 дугаар тал.

[5] Хэргийн 1 дүгээр хавтасны 39-40 дүгээр тал.

[6] Хэргийн 1 дүгээр хавтасны 41-42 дугаар тал.

[7] Хэргийн 1 дүгээр хавтасны 43-44 дүгээр тал.

[8] Хэргийн 1 дүгээр хавтасны 45-46 дугаар тал.

[9] Хэргийн 1 дүгээр хавтасны 47 дугаар тал.

[10]Хэргийн 1 дүгээр хавтасны 49-50 дугаар тал.

[11] Хэргийн 1 дүгээр хавтасны 51-52 дугаар тал.

[12] Хэргийн 1 дүгээр хавтасны 115-116 дугаар тал.

[13] Хэргийн 1 дүгээр хавтасны 57 дугаар тал.

[14] Хэргийн 1 дүгээр хавтасны 58-59 дүгээр тал.

[15] Хэргийн 1 дүгээр хавтасны 62 дугаар тал.

[16] Хэргийн 1 дүгээр хавтасны 63-64 дүгээр тал.

[17] Хэргийн 1 дүгээр хавтасны 9, 11-13 дугаар тал.

[18] Хэргийн 1 дүгээр хавтасны 18-21 дүгээр тал.

[19] Хэргийн 1 дүгээр хавтасны 22-24 дүгээр тал.

[20] Хэргийн 1 дүгээр хавтасны 169-174 дүгээр тал.

[21] Хэргийн 1 дүгээр хавтасны 193-195 дугаар тал.

[22] Хэргийн 2 дугаар хавтасны 6-8 дугаар тал.

[23] Хэргийн 2 дугаар хавтасны 50 дугаар тал.

[24] Хэргийн 2 дугаар хавтасны 9-10 дугаар тал.

[25] Хэргийн 2 дугаар хавтасны 57 дугаар тал.

[26] Хэргийн 1 дүгээр хавтасны 115-116 дугаар тал.

[27] Хэргийн 2 дугаар хавтасны 21 дүгээр тал.

[28] Хэргийн 2 дугаар хавтасны 58-59 дүгээр тал.

[29] Хэргийн 2 дугаар хавтасны 45, 43-44 дүгээр тал.

[30] Хэргийн 2 дугаар хавтасны 46 дугаар тал.

[31] Хэргийн 2 дугаар хавтасны 19 дүгээр тал.

[32] Хэргийн 2 дугаар хавтасны 26 дугаар тал.

[33] Хэргийн 2 дугаар хавтасны 18 дугаар тал.

[34] Хэргийн 1 дүгээр хавтасны 53-54 дүгээр тал.

[35] Хэргийн 1 дүгээр хавтасны 70-73 дугаар тал.

[36] Хэргийн 1 дүгээр хавтасны 73-74 дүгээр тал.

[37] Хэргийн 1 дүгээр хавтасны 118, 120 дугаар тал.

[38] Хэргийн 1 дүгээр хавтасны 133-136, 141-147 дугаар тал.

[39] Хэргийн 1 дүгээр хавтасны 153 дугаар тал.

[40] Хэргийн 1 дүгээр хавтасны 27-28 дугаар тал.

[41] Хэргийн 1 дүгээр хавтасны 29-31 дүгээр тал.

[42] Хэргийн 1 дүгээр хавтасны 34-35 дугаар тал.

[43] Хэргийн 1 дүгээр хавтасны 36-38 дугаар тал.

[44] Хэргийн 1 дүгээр хавтасны 39-40 дүгээр тал.

[45] Хэргийн 1 дүгээр хавтасны 41-42 дугаар тал.

[46] Хэргийн 1 дүгээр хавтасны 43-44 дүгээр тал.

[47] Хэргийн 1 дүгээр хавтасны 45-46 дугаар тал.

[48] Хэргийн 1 дүгээр хавтасны 47 дугаар тал.

[49] Хэргийн 1 дүгээр хавтасны 49-50 дугаар тал.

[50] Хэргийн 1 дүгээр хавтасны 51-52 дугаар тал.

[51] Хэргийн 1 дүгээр хавтасны 115-116 дугаар тал.

[52] Хэргийн 1 дүгээр хавтасны 57, 62 дугаар тал.

[53] Хэргийн 1 дүгээр хавтасны 58-59 дүгээр тал.

[54] Хэргийн 1 дүгээр хавтасны 63-64 дүгээр тал.

[55] Хэргийн 1 дүгээр хавтасны 9, 11-13 дугаар тал.

[56] Хэргийн 1 дүгээр хавтасны 18-21 дүгээр тал.

[57] Хэргийн 1 дүгээр хавтасны 169-174 дүгээр тал.

[58] Хэргийн 1 дүгээр хавтасны 193-195 дугаар тал.

[59] Хэргийн 2 дугаар хавтасны 6-8 дугаар тал.

[60] Хэргийн 2 дугаар хавтасны 50 дугаар тал.

[61] Хэргийн 2 дугаар хавтасны 9-10 дугаар тал.

[62] Хэргийн 2 дугаар хавтасны 57 дугаар тал.

[63] Хэргийн 1 дүгээр хавтасны 115-116 дугаар тал.

[64] Хэргийн 2 дугаар хавтасны 21 дүгээр тал.

[65] Хэргийн 2 дугаар хавтасны 58-59 дүгээр тал.

[66] Хэргийн 2 дугаар хавтасны 46 дугаар тал.

[67] Хэргийн 2 дугаар хавтасны 45, 43-44 дүгээр тал.

[68] Хэргийн 1 дүгээр хавтасны 73-74 дүгээр тал.