Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 1561

 

 

Б.Энхмандахын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/00328 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Энхмандахын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Говь боловсрол төв” ТББ-д холбогдох,

 

500 ам.доллар буюу 971 195 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхсоёлын давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Энхмандах,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Говь боловсрол төв” ТББ-тай 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Хятад улсын Далиан Бизнес удирдлагын чиглэлээр сургалтын тэтгэлгээр магистрт суралцуулах нөхцлөөр гэрээ байгуулсан. Гэвч гэрээ байгуулснаас 10 хоногийн дараа буюу 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр “Говь боловсрол төв” ТББ-иас дээр нөхцлүүдийн дагуу суралцуулах боломжгүй тухай мэдэгдсэн. Миний бие дээр нөхцлүүдийг хүлээн зөвшөөрөөгүй тул тус байгууллагад 2016 оны 2 дугаар сарын 06-ны өдөр амаар мэдэгдсэн. Мэдэгдэхдээ Нианжин хотыг санал болгосон. Би 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр албан ёсоор өргөдлөө өгсөн ч одоог хүртэл хариу ирээгүй байна. Иймд урьдчилгаа болох 500 ам.доллар буюу 971 195 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар “Говь боловсрол төв” ТББ-иас 971 195 төгрөг гаргуулж, Б.Энхмандахад олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Говь боловсрол төв” ТББ-иас 28 550 төгрөг гаргуулж, Б.Энхмандахад олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжэгдсэн төлөөлөгч Б.Мөнхсоёл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Дараах үндэслэлээр шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийн материал танилцуулаагүй, мэтгэлцэх боломж олголгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Мөн хуулийг буруу тайлбарласан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар үйл ажиллагааны зардалд 100 000 төгрөг суутган авна гэсэн байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн буруу юм. Гэрээ цуцалсан тохиолдолд шаардах эрх аль талд үүсч байгааг шүүхээс шалгаж тогтоосонгүй. Иймд 100 000 төгрөгийг хасч, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Энхмандах нь хариуцагч “Говь боловсрол төв” ТББ-д холбогдуулан 500 ам.доллар буюу 971 195 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн 5-8 дугаар талд БНХАУ-д тэтгэлгээр суралцуулах гэрээ болон бэлэн мөнгөний орлогын баримт авагдсан байна.

 

Дээрх баримтаас үзвэл талуудын хооронд 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр БНХАУ-д тэтгэлгээр суралцуулах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр “Говь боловсрол төв” ТББ-ын сургалтын хөтөлбөрт хамруулах шалгуур болзол, БНХАУ-ын Их дээд сургууль, коллежид элсэн суралцах шалгуур болзлыг хангасан 16-35 насны Монгол Улсын иргэнийг өөрийн хүсэлтийн дагуу сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогджээ.           /хх-6-8 дугаар тал/

 

            Хариуцагч “Говь боловсрол төв” ТББ нь БНХАУ-д тэтгэлгээр суралцуулахад зуучлах зорилгоор нэхэмжлэгч Б.Энхмандахаас урьдчилгаанд 500 ам.доллар авсан үйл баримт нэхэмжлэгчийн тайлбар болон бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдсон байна.                                                                                                                  /хх-5 дугаар тал/

 

БНХАУ-ын Далиан хотод бизнес удирдлагын чиглэлээр сургалтын тэтгэлгээр магистрт суралцуулахад зуучлахаар тохиролцсон байтал хариуцагч 10 хоногийн дараа буюу 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр БНХАУ-ын Нанжин хотод Олон улсын худалдааны мэргэжлээр суралцуулахаар суралцах хот, мэргэжил өөрчлөгдсөн талаар мэдэгдсэнийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тул гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 500 ам.долларыг гаргуулахаар гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

 

Дээрх гэрээний агуулгаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ байгуулагдсан талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй, биелүүлэх боломжгүй болсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн 500 ам.доллар буюу 971 195 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй тул анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Шүүх хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар хариу тайлбар өгөх үүргээ биелүүлээгүй байна.  

 

Ийнхүү хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, татгалзсан тайлбар нотлох баримтаа шүүхэд гаргаж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа нөхцөлд шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Хэргийн 17, 21, 29, 35-36 дугаар талд авагдсан баримтаас үзвэл талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох” эрхтэй бөгөөд шүүх хэргийн оролцогчдод шүүх хуралдааны тов мэдэгдэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулжээ.          

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй талаар шүүхэд мэдэгдээгүй тул хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тайлбар болон бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нь хэргийн оролцогчийг хэргийн материалтай танилцуулаагүй, мэтгэлцэх боломжоор хангаагүй гэх тайлбар, гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй болно. Түүнчлэн хариуцагчийн хүсэлтээр удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд энэ хугацаанд хариуцагч хэргийн материалтай танилцах боломжтой байсан бөгөөд шүүхээс түүнийг хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх эрхийг хязгаарласан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэхүү тайлбар гомдол үндэслэлгүй байна.

                                                                     

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/00328 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                                      ШҮҮГЧИД                                         С.ЭНХТӨР

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ