| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борын Дэнсмаа |
| Хэргийн индекс | 226/2017/0017/Э |
| Дугаар | 15 |
| Огноо | 2017-03-21 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 15
2017.3.21 ¹15
М.Цогтбаатарт холбогдох захиргааны
зөрчлийн талаар
226/2017/0017/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд
Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга,
Зөрчил гаргагч: М.Цогтбаатар нарыг оролцуулан хийв.
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаар шийтгэврийг эс зөвшөөрч, зөрчил гаргагч М.Цогтбаатарын давж заалдах гомдлоор зөрчил гаргагч М.Цогтбаатарт холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Бэрх хотод 1961 онд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, уурхайн өрөмдөгч мэргэжилтэй, ам бүл 6, 5 хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Бэрх хотын 1 дүгээр хороо 57-р байрны 3-25 тоотод оршин суух Тайжид овогт Мягмарсүрэнгийн Цогтбаатар /СФ61111512/
Зөрчил гаргагч М.Цогтбаатарыг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг хэл амаар доромжилж, өдөөн хоргоож амгалан тайван байдлыг нь алдагдуулж, цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн зөрчилд холбогджээ.
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаар шийтгэврээр: Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21, 302 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Цогтбаатарт 30 /гуч/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулж, бичиг баримт, эд зүйл хураагдаж ирээгүйг дурдаж шийдвэрлэжээ.
Зөрчил гаргагч М.Цогтбаатар нь давж заалдах гомдолдоо: Би архи ууж согтуурсан үедээ жижгээр танхайрч, цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн зөрчил гаргаснаа зөвшөөрч байна. Энэ үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байна. Би урьд нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Эхнэр маань 2016 онд нас барсан бөгөөд 5 хүүхдийнхээ хамт өрх толгойлон амьдардаг эцэг юм. Охин Түвшин-Энх ажил хийдэг учраас би одоо 7 сартай зээгээ асардаг ба 2 дугаар ангид сурдаг 8 настай охиноо сургуулиас нь өгч авдаг. Мөн олон жил уурхайд ажилласан учир мэргэжлээс шалтгаалах сульказ гэх өвчтэй зэрэг байдлуудыг харгалзан үзэж 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсныг багасгаж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий болсон байна.
Зөрчил гаргагч М.Цогтбаатар нь 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Бэрх тосгоны төвд “Онон шанд” хүнсний дэлгүүрийн гадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн А.Алтансувдыг хэл амаар доромжилж, өдөөн хоргоож амгалан тайван байдлыг нь алдагдуулсан, мөн цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлж албан үүрэгтэй нь холбоотой заналхийлж, доромжилсон зөрчил гаргасан болох нь:
Иргэн А.Алтансувдын цагдаагийн байгууллагад өгсөн: ... 2017 оны 2 дугаар сарын 10-ны орой “Онон шанд” хүнсний дэлгүүрийн үүдэнд машинаа тавьчихаад орох гэтэл Цогтбаатар намайг хэл амаар доромжилсон. Буцаад дэлгүүрээс гарч ирээд машиндаа суугаад хөдлөх гэтэл машины урд зогсчихоод явуулахгүй дайраад гар гээд таягаараа машиныг маань цохиод байсан. Намайг хэл амаар доромжилсонд гомдолтой байна гэх тайлбар,
Цагдаагийн алба хаагч Я.Үерийн өгсөн: ... Дуудлагын дагуу очиход Цогтбаатар гэгч нь машины зам хаагаад зогсчихсон байсан. Намайг та холдооч ээ гэхэд үл биелүүлж хэл амаар доромжилж, баруун гараараа шанаа руу цохиж, хүргэн Ц.Гэрэлт-Од нь бас миний энгэр заамнаас зуурч эрх чөлөөнд халдсан гэх тайлбар,
Зөрчил гаргагч М.Цогтбаатарын: Би тухайн өдөр архи ууж бусдыг доромжилж, цагдаагийн алба хаагчийн өөдөөс эсэргүүцсэн буруугаа ойлгож байна гэх тайлбар,
Цагдаагийн алба хаагч Р.Гончигсүрэнгийн илтгэх хуудас, зөрчлийн талаар авсан тайлбар зэргээр тогтоогдсон байна.
М.Цогтбаатарын эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж шийтгэвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаартай шийтгэврийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад “30 хоног баривчлах” гэснийг “15 хоног баривчлах” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэврийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
Энэхүү магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болно.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.СҮХГОМБО
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
Б.ДЭНСМАА