| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 168/2017/0033/Э |
| Дугаар | 80 |
| Огноо | 2022-04-13 |
| Зүйл хэсэг | 21.12.1., 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 80
Х.Б, Д.М нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч Х.Б-ын өмгөөлөгч Б.Баярмагнай, шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Э.Ганбат, Ө.Батболд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 305 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар магадлалтай, Х.Б, Д.М нарт холбогдох 201611000324 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Х.Б-ын өмгөөлөгч Б.Баярмагнай, Б.Мянган нарын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Ш овогт Х-ын Б,
2.Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, эрэгтэй, урьд 2010 оны 10 дугаар сарын 26-нд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 03 жил 02 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Д-ын М.
Шүүгдэгч Х.Б нь Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүү шүүлт тулгах”, шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.М-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Х.Б-ыг төрийн албан хаагч хэрэг хүлээлгэх зорилгоор бие махбодыг шаналган зовоож эрүү шүүлт тулгасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт буруутайд тооцож,
шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 776 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
шүүгдэгч Х.Б-ыг Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, түүний цагдан хоригдсон 297 хоногийг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 433 хоногоор тогтоож, энэ хугацаанд шүүгдэгч Х.Б-ыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Д.М-ын эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Дорнод аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.М-ын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Б овогт Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд” гэснийг “Шүүгдэгч Б овогт Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Xүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д 10 жилийн” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.М-д 7 жил” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтын “2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Х.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай” гэснийг “2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 7 дугаар зүйлийн 7.1-д тус тус зааснаар шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ялаас 2 жилийг хасаж, түүний эдлэх ялыг 5 жилээр тогтоож, шүүгдэгч Х.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг, 2 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.” гэж,
тогтоох хэсгийн 4 дэх заалтын “10 /арав/” гэснийг “5 /тав/” гэж,
тогтоох хэсгийн 5 дахь заалтын “776” гэснийг “778” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж,
шүүгдэгч Д.М-ын цагдан хоригдсон нийт 91 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэжээ .
Хяналтын шатны шүүхэд Дорнод аймгийн прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх С.Алтай бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ “Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Д.М нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны орой 19-23 цагийн орчимд Дорнод аймаг Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Д гэх айлын хашааны хойд талд согтуугаар мал хулгайлсан гэх шалтгаанаар, хувийн таарамжгүй харьцааны улмаас Б-Э-ыг зодож алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Гэрч Э.Х-ийн дахин өгсөн “...Намайг анх цагдаагийн байранд ирэхэд аавын цээж нь тод хөхөрсөн, дээш өргөхөд ёолоод байсан. Мөн амнаас нь цус гарсан байхаар нь би дээлийн бүсээр аавын уруул амных нь цусыг арчсан. Уруул ам нь ярьж чадахгүй их хавантай байсан. Би дээлийг нь өмсүүлж байхад дуугарч чадахгүй ёолоод байсан. Тэр үед цагдаагийн байранд байхад М ах хэсгийн төлөөлөгчийн хажууд байхдаа “аавыг чинь үхэр хулгайлсан болохоор би зодсон” гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /5хх-ийн 147/,
Эрүүл мэндийн яамны Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаартай “Аалзан бүрхүүл доорх шинэ цус хуралт, баруун чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа үүссэн хугацааг нас барахаас 8-12 цагийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Үхэлд хүргэсэн шалтгаан нь хатуу хальсан доорх цусан хураанаас тархи дарагдаж нас барсан байна” гэх дүгнэлт /8хх-ийн 198/,
Гэрч М.Б-ийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэрчээр дахин өгсөн “Тухайн үед М гэх хүнээс “би хүн зодчихлоо, Д гэх айлын гадна байна, цагдаатай хамт ирээрэй” гэж надад дуудлага өгсөн. Тухайн үед очиход Б.Э-ын амнаас цус гарсан байсан. Би М-аас “чи яагаад зодож байгаа юм бэ” гэж асуухад “миний малыг хулгайлсан болохоор зодсон” гэж хэлсэн... Эрдэнэбаатараас яагаа вэ гэж асуухад “М-д зодуулсан” гэж хэлсэн. Хэсгийн өрөөнд ирээд баруун талын цонхны доор нэг хэвтээд, нэг босож суугаад байсан. Сувилагч А бид хоёр Б.Э-ын хувцсыг тэнд нь тайлаад биеийн байдлыг нь үзсэн. Тэгэхэд Э-ын биед баруун чамархай хэсэгт хөхөрч зулгарсан, баруун нүдний доод талд зулгарсан, баруун чих хөхөрсөн, зүүн нүдний доод талд хавантай, зүүн нүдний зовхийг татаж харахад цус хуралттай, дээд, доод уруул битүү хавантай, амнаас цус гарсан, баруун чихний дээд талын дэлбээ хөхөрсөн, баруун гарын бугалгын булчин хэсэг хөхөрсөн, цээж хэсэг нь нэлэнхийдээ хөх алаг болж, цус хурсан, нуруун баруун хэсэгт 11 см орчим зулгарсан шарх, гуя шилбэ хэсгээр олон тооны жижиг, хөхрөл няцралттай байсан... Өглөө ажил дээрээ байхад 08 цаг 55 минутын үед ... дугаараас С залгаад ...сумаас зүүн тийш гараад явж байхад гэрээс нь нааш хэсгийн төлөөлөгч Батбаяр, цагдаа Ганзориг, ар талд нь Х Э-ын толгойг өвөр дээрээ тавьчихсан, хажууд нь С нар суусан явж байсан. Э-ын биөд үзлэг хийхэд даралт унасан, зүрх зогссон байсан. Тухайн үед цаг харахад 09 цаг 23 минут болж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 60, 6хх-ийн 74/ болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хэрэг үйл явдал болох үед Д.М, амь хохирогч Б.Э нар хоёулхнаа байсан боловч Д.М-тай хамт явахаас өмнө түүний биед шарх, гэмтэл огт байгаагүй зүгээр байсан талаар гэрч Ц.Б, Б.Л, А.Б, М.А, Т.Г нарын өгсөн мэдүүлэг болон Д.М-д зодуулсны дараа биед нь хичнээн тооны ямар шарх, гэмтэл, хөхрөлт, няцралт бий болсон талаар анхны үзлэгийн тэмдэглэл, сумын эмч М.Б, сувилагч А нарын өгсөн мэдүүлэг, гар утсаар авсан зураг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар Д.М нь амь хохирогч Б-Э-ыг хэрхэн зодсон, үйлдэлдээ хэрхэн хандсан болох нь тодорхой харагдах бөгөөд хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хуний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох ба энэ үед эмнэлгийн тусламж авсан бол амь нас нь аврагдах боломжтой эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.
“Хүнийг санаатай алах”, “Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг хооронд нь харьцуулж, ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсэж нас барсан зэрэг нөхцлүүдийг нарийвчлан тогтоосны үндсэн дээр прокуророос Д.М-ыг хүнийг алах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн болно.
Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэл өөрчлөн шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон нөхцөл байдлыг няцааж, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй бөгөөд Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн байна.
Иймд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ДШМ/03 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.Б-ын өмгөөлөгч Б.Мянган гаргасан гомдолдоо “...Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 322/ШЦТ/305 дугаартай шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ДШМ/03 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэж дараахь үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
1.Давж заалдах шатны шүүхийн магадлалын 19 дүгээр талд буюу Тодорхойлох хэсэгт “...Шүүгдэгч Х.Б нь Дорнод аймгийн Цагдаагийн газарт Сэргэлэн сум хариуцсан хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тайлбар, мэдүүрэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өглөөний 06-07 цагийн үед Э-ын нүүр болон хэвлий орчимд цохиж бие махбодыг шаналган зовоож эрүү, шүүлт тулгасан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь ... нотлогдон тогтоогдсон байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Б-ыг Төрийн албан хаагч хэрэг хүлээлгэх зорилгоор бие махбодыг шаналган зовоож эрүү шүүлт тулгах” гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ” хэмээн дүгнэж, түүнийг эрүү шүүлт тулгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл ногдуулаад байгаа билээ.
Шүүгдэгч Х.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэх үеийн буюу 2016 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйл буюу “Эрүү шүүлт тулгах гэмт хэрэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан...” үйлдлийг хамааруулан ойлгодог байжээ. Өөрөөр хэлбэл тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу мэдүүлэг /гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаар г.м/ авах үед л хуульд заасан дээрх аргуудаар эрүү шүүлт тулгасан бол гэмт хэрэгт тооцдог байсан гэж үзэхээр байна. Гэтэл 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд шинэ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан, тухайлбал төрийн албан хаагч энэ төрлийн гэмт хэргийн субъект байхаар хуульчилж өгсөн байна. Мөн зөвхөн мэдүүлэг авах үеэр хязгаарлахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд, цаашилбал эс үйлдэхүйгээр үйлдсэнийг хамааруулж ойлгохоор хуульчилжээ.
Шүүгдэгч X.Б нь тэр үеийн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан мэдүүлэг авах байцаан шийтгэх ажиллагаа явуулаагүй, харин гэмт хэргийн тухай мэдээллийг газар дээр нь шалгах, хэрэг гарсан газарт үзлэг хийх зорилгоор хулгайлагдсан малын сэвсийг зааж өгсний дагуу үзлэг хийх ажиллагаа хийхээр явж байсан болохыг шүүгдэгч болон гэрч Б.Г, Б.Б нар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шинэчилсэн байцаалтаар мэдүүлдэг. Гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-д “Хойшлуулшгүй тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө үзлэг хийж болно” гэж хуульчилж өгсөн байна. Иймд шинээр гэмт хэрэгт тооцсон үйлдлийг хийсэн гэж үзэж хуулийг буцаан хэрэглэсэн нь 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зуйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн заалтыг шүүх ноцтой зөрчиж, ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна.
Шүүх зөвхөн хохирогч Б.Э-ын төрсөн хүү, шүүгдэгч Д.М-ын хамаатан болох гэрч Э.Х-ийн мэдүүлгийг үндэслэж “...Э-ыг “малынхаа сэвсийг ол” гэж шанаанд цохиж, хэвлийд нь өшиглөсөн...” гэж үзэж ял шийтгэл оногдуулжээ. Мөрдөн байцаалт болон шүүхийн шинэчилсэн байцаалтаар гэрч Э.Х нийт 5 удаа хоорондоо эрс зөрүүтэй, эргэлзээтэй мэдүүлгүүдийг өгсөн байдаг. Харин хэрэг учрал болох үед хамт байсан гэрч Б.Г, Б.Б нарын мэдүүлэг зөрүүгүйгээс гадна хохирогч Б.Э-ын эрх чөлөөнд Х.Б халдаагүй гэдгийг хангалттай гэрчилдэг бөгөөд эдгээр гэрчийн мэдүүлгийг үнэлэлгүйгээр ашиг сонирхолын зөрчилтэй Э.Х-ийн мэдүүлгийг үндэслэлтэй гэж үзэн Х.Б-ыг эрүү шүүлт тулгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Мөн хэдий сонгох санкцтай боловч эрх зүйн байдал нь дээрх байдлаар дордсон байхад 2015 оны Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татаж, ял шийтгэл оногдуулж буй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн заалтыг дахин зөрчиж байгаа болно.
2.Х.Б-ын гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаа нь 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр бөгөөд уг цаг хугацаанаас хойш 5 жил 07 сар өнгөрч, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа болох 5 жилийн хугацаа нь дуусаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол 2002 оны болон 2015 оны Эрүүгийн хууль, процессын хуулиар бий болоод байхад хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж ял шийтгэл оногдуулаад байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/305 дугаартай шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ДШМ/03 дугаартай магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.Бын өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүгдэгч X.Б-т холбогдох эрүүгийн 201611000324 дугаартай хэргийн Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэцээд ДШМ/03 дугаартай магадлалаар шүүгдэгч Х.Б-т 2 жилийн хорих ял оноож, уг ялыг 2 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн талаар:
Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд шүүгдэгч Х.Б-ын үйлдсэн гэх эрүү шүүлт тулгах гэмт хэрэг нь 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр үйлдэгдсэн болох нь тогтоогдож байна. Тухайн цаг хугацаанд 2002 онд батлагдсан Эрүүгийн хууль хэрэгжиж байсан бөгөөд Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж байгаа гэх үндэслэлээр 2015 оны Эрүүгийн хуулийн 21.12 дахь хэсгийг үндэслэн уг зүйл ангиар миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон байдаг. 2002 оны Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх дэх хэсэгт “Эрүү шүүлт тулгах” үйлдлийг гэмт хэрэгт тооцон эрүүжүүлж хуульчлаад 5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр заасан байна. Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн 21.12 дахь хэсэгт мөн “Эрүү шүүлт тулгах” үйлдлийг гэмт хэрэгт тооцон 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байна. Эрүүгийн хуульд зааснаар Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхдээ “шүүгдэгч этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх” ерөнхий зарчимтай. 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр заасан байдаг. Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” бол яллагдагчаар татаж болохгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй талаар тус тус тусгасан байна.
Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд шүүгдэгч Х.Б-ын үйлдэл нь 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр үйлдэгдсэн гэх бөгөөд хуанлийн тооллоор 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 5 жилийн хугацаа нь дууссан байна. 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй талаар хуульчилсан бөгөөд уг хуулийн 34.19 дүгээр зуйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох талаар хуульчилжээ. Иймд хуулийн дээрх заалтуудыг үндэслэн Х.Б-т холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2. Мөн шүүгдэгч Х.Б-т холбогдох үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 21.12 дахь хэсэгт заасан зүйл ангиар зүйлчлээд “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор...” гэх үйлдэлд буруутгасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Х.Б-ын яг ямар үйлдэл нь дээрх хуулийн шаардлагыг хангаж байгаа нь эргэлзээтэй байх тул ЭХХШТХуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Э.Ганбат хэлсэн саналдаа “Шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгчөөр энэ хэрэг дээр 6 жил ажилласан бөгөөд давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар магадлал нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байгаа. Прокурорын хувьд үндэслэлгүйгээр эсэргүүцэл бичсэн. Д.М-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар хөнгөрүүлэн өөрчилсөн гол үндэслэл нь холимог буюу хүнд гэмтлийн хүндрэл нь үүсч байгаа нөхцөл байдалд нь болгоомжгүй хандсан гэж үзсэн. Д.М эмнэлэг, цагдаа дуудсан. Хохирогчийн хувьд цагдаагийн буюу төрийн албан хаагчийн эрхшээлд нас барах хүртлээ байсан. Өөрөөр хэлбэл Д.М-ын үйлдлээс хүнд гэмтэл учирсан гэж үзэхэд хохирогчийн амь насыг аврах боломж нь юунаас болж алдагдсан бэ гэдэг тал дээр нотлох баримтууд хангалттай байсан. Энэ талаар шүүх зөв дүгнэлт хийсэн. Эмч ирж үзээд зүгээр байна гээд орхиод явсан. Цагдаагийн ажилтан хэрэг шалгах ажиллагааны журмаар явсан гэдэг утгаар шөнөжин өөрийнхөө эрхшээлд байлгасан, энэ хугацаанд эрүүдэн шүүсэн болох нь хангалттай нотлогдсон. Амь нас аврах боломж алдагдсан нөхцөл байдал шүүгдэгчтэй ямар ч хамааралгүй гэдэг нь хангалттай тогтоогдсон. Энэ тохиолдолд хүнд гэмтлийн хүндрэл буюу цусан хураа аажимдаа нэмэгдээд байсан үйл явц буюу процесс цаг хугацаа тохирч байна гэж үзэж байгаа. Энэ байдал эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх журмаар, цагдаагийн эрхшээлд байгаагүй бол амь насыг нь аврах боломжтой байсан болохыг шинжээч мэдүүлсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Тус шүүх хуралдаанд шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Ө.Батболд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Тус шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхтуяа хэлсэн саналдаа “...Х.Б-ын хувьд амь хохирогчийг зүгээр зогсож байхад нь элэгдэж, шанаанд нь цохиж унагаасан. Төрсөн хүүхэд нь нүдээрээ харж байсан учраас үүнд гомдолтой байдаг” гэв.
Тус шүүх хуралдаанд прокурор Б.Ууганбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.Б, Д.М нарт холбогдох хэргийг Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 03 дугаар магадлалд “Шүүгдэгч Д.М нь хохирогч Б-Э-ыг зодохдоо алах зорилго агуулаагүй, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн биед амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан байна. Д.М-ын хохирогчийг зодож хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ санаатай хандсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн холимог хэлбэрийг агуулсан байх тул “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн байна гэж дүгнэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж шууд тодорхойлон заасан ба шүүгдэгч Д.М-ын гэмт үйлдлийн хувьд болгоомжгүйгээр хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь хохирогчийн биед олон удаагийн үйлчлэлээр гэмтэл учруулсан болох нь шинжээч нарын удаа дараа гаргасан дүгнэлтүүдээр тогтоогдож байна. “Хүнийг санаатай алах”, “Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас нас барсан зэрэг нөхцөлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэж өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох ёстой ба давж заалдах шатны шүүх гэм буруугийн холимог хэлбэр гэж үзэх болсон үндэслэлээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хууль зүйн дүгнэлт өгч чадаагүй байна.
Шүүгдэгч Д.М нь хохирогчид олон удаагийн үйлчлэлээр гэмтэл учруулсан ба уг үйлдлүүдийн улмаас хохирогчийн амь нас хохирч болох эрсдэлийг ухамсарлах боломжтой байсан, мөн шүүгдэгчийн учруулсан гэмтлийн улмаас хохирогч нас барсан буюу шүүгдэгчийн үйлдэл хохирогч нас барсан хор уршиг нь шууд шалтгаант холбоотой гэж дүгнэж байна.
Шүүгдэгч Х.Б-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 305 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Х.Б-ын өмгөөлөгч Б.Баярмагнай, Б.Мянган нарын гаргасан гомдлыг үндэслэн Х.Б, Д.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласны улмаас шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.М нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны орой Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт амь хохирогч Б.Э-тай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ түүнийг мал хулгайлах гэмт хэрэгт хардан зодож, тархинд цус харвалт, баруун 6, 7, 8 дугаар хавирга, зүүн 7 дугаар хавирганы хугарал, их бие мөчдийн олон тооны цус хуралт бүхий гэмтэл учруулсны улмаас хохирогч Б.Э нь 2016 оны 07 дугаар сарын 29-ний өглөө нас барсан,
шүүгдэгч Х.Б нь Дорнод аймгийн цагдаагийн газарт Сэргэлэн сум хариуцсан хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2016 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө амь хохирогч Б-Э-ыг мал хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар маргааш нь буюу 29-ний өглөө түүний мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулах үедээ Б.Э-ын нүүр лүү цохиж, хэвлий орчимд өшиглөж, бие махбод, сэтгэл санааг нь шаналган зовоосон үйл баримт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Б-ын үйлдэлд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинж тогтоогдсон талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, 2015 оны Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Быг 02 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.
Харин шүүгдэгч Д.М-ын хувьд амь хохирогч Б-Э-ыг зодсон даруй эмч болон цагдаад мэдэгдэж түүнд эмнэлгийн тусламж үзүүлэх арга хэмжээ авсан бөгөөд сумын бага эмч М.Б хохирогч Б.Э-ын биед үзлэг хийж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн түүний амин үзүүлэлтийг хэвийн гэж тодорхойлсны дараа хэсгийн төлөөлөгч Х.Б нь хохирогч Б-Э-ыг мал хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан шалгахаар цагдаагийн хэсгийн байранд саатуулсан, улмаар гэмтлийн улмаас бие нь зовиуртай байсан Б-Э-ыг түүний хүү Э.Х, шүүгдэгч Д.М, бусад цагдаагийн ажилтны хамт 30 орчим км газар машин, мотоциклээр авч явж, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулах үедээ түүний нүүрэнд гараараа цохиж, хэвлий орчимд өшиглөсөн, улмаар хохирогч Б.Э яаралтай эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Д.М нь хохирогч Б-Э-ыг хувийн сэдэлтээр зодохдоо түүнийг шууд алах санаа зорилготой байсан гэж дүгнэхэд эргэлзэх үндэслэл бүхий нөхцөл байдал үүссэн байна.
Мөрдөн байцаалтын шатанд сумын бага эмч М.Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “Эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан” гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгасан боловч гэмт хэргийн шинж тогтоогдоогүй тул прокурорын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 5/108 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож /2хх-208/ шийдвэрлэсэн, мөн амь хохирогч Б.Э-ын нас барсан шалтгааныг тогтоох зорилгоор хийгдсэн 7 удаагийн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр шүүгдэгч Д.М-ын зодсон үйлдлийн улмаас хохирогч Б.Э-ын тархинд цус харвалт бүхий хүнд гэмтэл учирч, улмаар тархины эдийн цусан хураа аажим томорч, тархи дарагдаж амьсгал, зүрх судасны төв дарангуйлагдаж нас барсан, энэхүү үхэлд хүргэсэн гэмтэл нь түүнийг нас барахаас 12-18 цагийн өмнө үүссэн болох нь эргэлзээгүй тогтоогдож, харин шүүгдэгч Х.Б-ын хохирогч Б-Э-ыг цохисон үйлдлийн улмаас түүнийг үхэлд хүргэх гэмтэл учирсан гэж үзэх шалтгаант холбоо үгүйсгэгджээ.
Давж заалдах шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, шүүгдэгч Д.М-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, түүнийг 7 жил хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 2 жилийг өршөөн хасаж, Д.М-ын биечлэн эдлэх хорих ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд түүнд оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзэв.
2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж заасан бөгөөд прокуророос “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийг хөөн хэлэлцэх /5 жил/ хугацааны дотор шүүгдэгч Х.Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах талаар бичсэн прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Х.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах талаар түүний өмгөөлөгч Б.Баярмагнай, Б.Мянган нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 305 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Дорнод аймгийн прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх С.Алтайн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Х.Б-ын өмгөөлөгч Б.Баярмагнай, Б.Мянган нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ,
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ХОСБАЯР
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН