| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2016/0455/З |
| Дугаар | 346 |
| Огноо | 2017-05-05 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 346
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч М.Цэцэгмаа, иргэдийн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Б” ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Гуравдагч этгээд: “А” ХХК, “Г” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ТХ-000**-DG өргөдөлд өгсөн Кадастрын хэлтсийн дүгнэлтийг хүчингүй болгуулж, уг дүгнэлтийг үндэслэн өргөдлийн бүртгэлээс хасагдсан ТХ-000**-DG өргөдлийн бүртгэлийг сэргээлгэх, Ашигт малтмалын газрын 2016 оны 04 дүгээр 13-ны өдрийн албан бичгийн зарим хэсгийг хүчингүй болгуулж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс Д аймгийн А сумын нутагт орших “А” ХХК-д олгосон хайгуулын XV-02029* дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал А.Б 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани 2015 оны 11 дүгээр сард Д аймгийн А сумын нутгийн 103 га газарт Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан. Тус хуулийн дагуу уг газрыг олгох боломжтой эсэх талаар Ашигт малтмалын газраас дүгнэлт гаргуулах шаардлагатай байдаг ба үүний дагуу тус газраас Д аймгийн Засаг дарга руу албан бичиг явуулж, дүгнэлт гаргуулсан байдаг. Уг дүгнэлтэд бидний хүсэж буй талбай нь 000**-DG гэсэн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлтэй давхцалтай тул танайд олгох боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Д аймагт очиж, өмнө талбай байгаагүй атал юу болсон талаар тодруулахад тус аймгийн Засаг даргын Тамгын газрыг хариуцсан хүн шалгаж үзээд З-Үэд өгсөн талбайтай давхцалтай байна гэдэг. Тэгээд бид буцаж ирээд Ашигт малтмалын газарт тэр асуудлаар Ашигт малтмалын газрын даргад гомдол гаргахад “Манай ажилтны буруу. Техникийн алдаа гарсан байна. Танайхтай давхцалгүй байна. Гэхдээ эрдсийн хуримтлалтай тул танайд олгох боломжгүй” гэдэг. Гэтэл тус талбай нь эрдсийн хуримтлалгүй талбай юм. Засгийн газрын Ашигт малтмалын тухай хууль батлагдсаны дараа ашигт малтмалаар олгох бүх талбайг 2 хуваах шаардлагатай болсон. Нэг нь сонгон шалгаруулах журмаар, нөгөө нь өргөдлийн журмаар олгохоор болсон. Өргөдлийн журмаар олгох талбай нь дуусгавар болсон, цуцалсан, хэтийн төлөвгүй, эрдсийн хуримтлалгүй талбай нийлүүлээд өргөдлийн журмаар олгоё. Нөгөө эрдсийн хуримтлалтай, дуусгавар болсон талбайг сонгон шалгаруулалтаар олгоё гээд бүх талбайг хуваах шаардлагатай болж Засгийн газрын 239 дүгээр тогтоол гарсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад Ашигт малтмалын газрын хийх үйл ажиллагааг нарийн заасан байдаг. Тэгэхээр өргөдөл хүссэн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэх тухай тогтоолгохдоо Ашигт малтмалын газарт явуулна гэж байдаг. Гэтэл тус хуулийн заалтыг баримтлаагүй дүгнэлт гаргасан байдаг.
Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ТХ-000**-DG өргөдөлд өгсөн кадастрын хэлтсийн дүгнэлтийг хүчингүй болгон өгч, уг дүгнэлтийг үндэслэн өргөдлийн бүртгэлээс хасагдсан ТХ-000**-DG өргөдлийн бүртгэлийг сэргээж, Ашигт малтмалын газрын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн албан тоотын “түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаас өөр төрлийн ашигт малтмалын эрдсийн хуримтлалын илрэлтэй байх тул танай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэснийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани 2015 оны 11 дүгээр сард Д аймгийн А сумын нутгийн 103 га газарт Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан. Тус хуулийн дагуу уг газрыг олгох боломжтой эсэх талаар Ашигт малтмалын газраас дүгнэлт гаргуулах шаардлагатай байдаг ба үүний дагуу тус газраас Д аймгийн Засаг дарга руу албан бичиг явуулж, дүгнэлт гаргуулсан байдаг. Уг дүгнэлтэд бидний хүсэж буй талбай нь ТХ-000**-DG гэсэн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлтэй давхцалтай тул танайд олгох боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан байдаг.
Улмаар бид Д аймагт очиж, өмнө талбай байгаагүй атал юу болсон талаар тодруулахад тус аймгийн Засаг даргын Тамгын газрыг хариуцсан хүн шалгаж үзээд З-Үэд өгсөн талбайтай давхцалтай байна гэдэг. Тэгээд бид буцаж ирээд Ашигт малтмалын газарт тэр асуудлаар Ашигт малтмалын газрын даргад гомдол гаргахад “Манай ажилтны буруу. Техникийн алдаа гарсан байна. Танайхтай давхцалгүй байна. Гэхдээ эрдсийн хуримтлалтай тул танайд олгох боломжгүй” гэдэг. Гэтэл тус талбай нь эрдсийн хуримтлалгүй талбай юм.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад Ашигт малтмалын газрын хийх үйл ажиллагааг нарийн заасан байдаг. Тэгэхээр өргөдөл хүссэн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэх тухай тогтоолгохдоо Ашигт малтмалын газарт явуулна гэж байдаг. Гэтэл тус хуулийн заалтыг баримтлаагүй дүгнэлт гаргасан байдаг. Мөн дүгнэлтийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12 дахь заалтыг барьж тайлбарласан байдаг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10 дахь заалтад “Ашигт малтмалын тухай хуулийн 19.12, 20.1 дэх хэсэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахад хамаарахгүй” гэж заасан байдаг ба эдгээр хуулийн зохицуулалтыг баримтлаагүй байдаг.
Эрдсийн хуримтлалгүй гэдэгт тайлбар хэлье. Засгийн газраас Ашигт малтмалын тухай хууль батлагдсаны дараа ашигт малтмалаар олгох бүх талбайг 2 хуваах шаардлагатай болсон. Нэг нь сонгон шалгаруулах журмаар, нөгөө нь өргөдлийн журмаар олгохоор болсон. Өргөдлийн журмаар олгох талбай нь дуусгавар болсон, цуцалсан, хэтийн төлөвгүй, эрдсийн хуримтлалгүй талбайг нийлүүлээд өргөдлийн журмаар олгоё. Нөгөө эрдсийн хуримтлалтай, дуусгавар болсон талбайг сонгон шалгаруулалтаар олгоё гээд бүх талбайг хуваах шаардлагатай болж Засгийн газрын 239 дүгээр тогтоол гарсан. Тус тогтоолд манай өргөдөл өгсөн талбай орсон байдаг. Засгийн газрын тогтоолын дагуу эрдсийн хуримтлалгүй гэдгийг баталсан гэж би үзэж байгаа.
Энэхүү маргаан үргэлжилж байх явцад гуравдагч этгээд “А” ХХК-д тусгай зөвшөөрлийг олгосон байдаг. Хэрэв тухайн талбай нь эрдсийн хуримтлалтай бол Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалтын дагуу тус талбайг сонгон шалгаруулалтын журмаар олгох байсан. Гэтэл тус компанид энгийн өргөдлийн журмаар олгосон байдаг. Манай компанийг авахаас өмнө эрдсийн хуримтлалгүй байж байгаад авах болохоор эрдсийн хуримтлалтай болдог. Тэгээд буцаад “А” ХХК-ийг авах болохоор дахиад эрдсийн хуримтлалтай болчихдог.
Та бүхэн тайлбар дээрээ “Бал чулуу байсан бөгөөд бал чулуу түгээмэл тархацтай ашигт малтмал биш” гэж бичсэн байна. Энэ нь танай нарийвчлаад өгсөн тайланд байдаг. Хариуцагч тал өмнө нь ямар ч координатгүй, нэг цэг тавиад түүнийгээ “Энэ бол бал чулууны орд учраас танайд өгөх боломжгүй” гэж тайлбарладаг.
Яагаад ийм болсон талаар ярья. Бидний зүгээс өргөдөл өгөхөд “А” ХХК-иас тухайн талбайг ямар нэгэн аргаар унагасан байдаг. Ингэхдээ огт байхгүй мэтээр өргөдлийн дугаар бичээд давхцалтай байгаа тул олгох боломжгүй гэдэг. Хэрэв бид мэдэхгүй байсан бол итгээд болих байсан. Гэтэл аймаг дээр нь очиход байхгүй гэдэг. Улмаар биднийг гомдол гаргасны дараа тус компанид олгосны дараа “Манай ажилтны хариуцлагагүй байдал байна. Бид нар цалинг хассан, хариуцлага тооцсон” гэдэг байдлаар ханддаг. Ийм учраас хууль бус үйл явцын дүнд хохирсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Түгээмэл тархацтай ашигт малтмал нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагддаг. Өмнө нь Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдаж байсан. Сүүлд шинэ хууль батлагдсантай холбоотойгоор төрийн захиргааны байгууллага орон нутгаас буюу аймаг, нийслэлийн Засаг даргаас ирсэн хүсэлтийг хүлээж аваад дүгнэлт гаргадаг.
Нэхэмжлэгч компанийн тухайд Дундговь аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/1817 тоот албан бичгээр тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргуулахаар тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн хамт ирүүлсэн байдаг. Тус өргөдөл болон хавсаргасан баримт бичгийг Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалтад заасан шаардлагыг хангаж байгаа хэсгийг Кадастрын хэлтсийн зураг зүйн шүүлт хариуцсан мэргэжилтэн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зураг зүйн шүүлтээр ТХ-00** тоот талбайтай хэсэгчлэн давхцалтай гэж тодорхойлсон байгаа. Улмаар Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ТХ-**62 тоот өргөдлийн талбайд хийсэн дүгнэлтээр өргөдөлд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн ТХ-00** дугаар өргөдөлтэй хэсэгчилсэн давхцалтай учраас түгээмэл тархацтай ашигт малтмал олгох боломжгүй гэж дүгнэлт гарсан байдаг. Тус дүгнэлттэй холбогдуулан нэхэмжлэгч компани 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0103 тоот албан бичгээр Ашигт малтмалын газрын даргад гомдол гаргасан. Тус гомдлын дагуу хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын мэдээллийн хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг хяналт шинжилгээ хийж, Ашигт малтмалын газрын даргын 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/2385 тоот албан бичгээр тус компанид “Хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” тухай хариу өгсөн.
Хэдийгээр хасагдсан талбайтай хэсэгчилсэн давхцалтай гэж зурагзүйн шүүлтийг буруу хийсэн ч гэсэн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд түгээмэл тархацтай ашигт малтмал гэж юу болох талаар тодорхойлсон байдаг. Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдах эрдсийн хуримтлалын илрэлтэй гэж тогтоогдож байсан учраас шийдвэрлэх эрх зүйн боломжгүй байгаа.
Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухай тайлбар хэлье. “А” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн өргөдлийн бүртгэлийн 27244 тоот дугаарт бүртгэгдсэн 3537,87 га талбайд ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан. Өргөдлийн материалд Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь заалтад тусгагдсан ажиллагааг хийж тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Д аймгийн Засаг даргын саналын дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалтад зааснаар 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хаягаа өгөөгүй тул тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ гэсэн зохицуулалтын хүрээнд 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 61104 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлж, түүний дагуу хариу ирээгүй учраас Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 249 дүгээр шийдвэр хууль зүйн үндэслэлтэй юм.
“А” ХХК нь ашигт малтмалын хайгуулын 2029* дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хүссэн өргөдөл 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргасан. Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5 дахь заалтад заасан ажиллагааг хийж, 49.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрээр Д аймгийн А сумын нутагт орших Балт нэртэй талбайг “Г” ХХК-д шилжүүлснийг хавсралтад бүртгэсэн байгаа.
Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Дөрөв. Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Засгийн газрын 239 дүгээр тогтоол гэдгээр өргөдлийн талбайд цахимаар өрсөлдөж, нөхцөл шаардлагын дагуу төлбөрөө төлөөд авсан байгаа. Хугацааны хувьд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр олгогдсон байдаг. Гол шалтгаан нь Ашигт малтмалын газраас нийтэд зарласан солбицлын талбайд өрсөлдөж авсан. Түүнээс дотоод процессыг бид мэдэхгүй бөгөөд Ашигт малтмалын газартай хуйвалдаж, хүмүүсийг хохироогоод хууль бусаар авсан талбай биш юм. Холбогдох хууль журмын дагуу авсан байдаг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Тав. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Б 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“А” ХХК нь цахимаар өргөдлөө гаргаад хайгуулын ажил хийх зөвшөөрөл авсан. Нэхэмжлэгч тал нь 239 дүгээр тушаалын дагуу өргөдлөөр болон сонгон шалгаруулалтаар олгох талбайд орсон байсан гэдэг. Тус тушаалыг гаргахдаа Засгийн газрын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийг баримталсан байдаг. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдах харилцаа байгаа учраас тус талбайг энэ хуулиар зохицуулна гэсэн агуулгатай зөвшөөрөл байгаа. Гэтэл нэхэмжлэгч талын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдах юм. Өөрөөр хэлбэл Засаг дарга зөвшөөрлийг олгох бөгөөд олгохдоо Ашигт малтмалын тухай хуульд заасан талбайд бусад тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцаж байгаа эсэх талаар саналаа өгөх асуудлыг зохицуулсан байдаг.
Гэтэл тус талбай нь 239 дүгээр тушаалд багтсан, эрдсийн хуримтлалтай гэдгийг Ашигт малтмалын газар тодорхойлж өгсөн байгаа.
Эхэндээ ажилтны буруугаас солбицол нь давхацсан гэдэг ташаа мэдээллийг өгсөн байдаг. Дараа нь нарийвчилсан хяналт шалгалтаар эрдсийн хуримтлалтай талбай болох нь Геологийн мэдээлэл лавлагаанаас гадна 1994 онд бал чулууны нэгдсэн хайгуул, судалгааны ажил хийгээд тогтоогдсон байдаг. Мөн бал чулууны илэрц байна гэдгийг тогтоосон. Тийм учраас тус талбайг “А” ХХК ашигт малтмалын хууль болон Засгийн газрын 239 дүгээр тогтоолд заасан журмын дагуу, цахимаар хүсэлтээ гаргаад хуулийн дагуу авсан юм.
Гэтэл хуйвалдааны журмаар авсан тухай ярьж байна. Гэтэл ямар журмын дагуу, хэрхэн олгогдсон нь хариуцагчийн гаргаж өсөн баримтаар тогтоогдож байгаа. Тийм учраас нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Зургаа. Иргэдийн төлөөлөгч С.Д дүгнэлтэндээ: “...Ашигт малтмалын газрын лицензтэй маргаан юм байна. Лиценз олгохдоо буруу тооцоон дээр олгогдсоноос болжээ” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ТХ-000**-DG өргөдөлд өгсөн Кадастрын хэлтсийн дүгнэлтийг хүчингүй болгуулж, уг дүгнэлтийг үндэслэн өргөдлийн бүртгэлээс хасагдсан ТХ-000**-DG өргөдлийн бүртгэлийг сэргээлгэж, Ашигт малтмалын газрын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичгийн зарим хэсгийг хүчингүй болгуулж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс Д аймгийн А сумын нутагт орших “А” ХХК-д олгосон хайгуулын XV-02029* дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлжээ.
1. “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ТХ-000**-DG өргөдөлд өгсөн Кадастрын хэлтсийн дүгнэлтийг хүчингүй болгуулж, энэ дүгнэлтийг үндэслэн өргөдлийн бүртгэлээс хасагдсан ТХ-000**-DG өргөдлийн бүртгэлийг сэргээлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
“Б” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Д аймгийн А сумын нутагт 103 га газарт түгээмэл тархацтай ашигт малтмал хайхыг хүссэн өргөдлийг Д аймгийн Засаг даргад гаргажээ. Д аймгийн Засаг даргаас 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь түрүүлж өргөдөл гаргасан өргөдөлтэй хэсэгчиллэн давхцалтай тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг үүгээр мэдэгдэж байна “гэсэн утга бүхий 1/2093 тоот албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлжээ. Тус албан бичигт Ашигт малтмалын газраас ирүүлсэн “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл” хүссэн өргөдлийн талбайд хийсэн дүгнэлтийг хавсаргаж ирүүлжээ.
Ашигт малтмалын газрын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлтэд “өргөдөл ирүүлсэн талбай нь хэсэгчилсэн давхцалтай тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгох боломжгүй” гэж байна.
Хариуцагч талаас түгээмэл тархацтай ашигт малтмал хариуцсан мэргэжилтэн нь хүсэлт гаргасан өргөдлийн талбайд зураг зүйн шүүлт хийхдээ хасагдсан өргөдлийн талбайтай хэсэгчилсэн давхцалтай гэж буруу шүүлт хийсэн болох нь шалгалтаар тогтоогдсон гэдэгт маргадаггүй. Харин нэхэмжлэгч тал “...түгээмэл тархацтай ашигт малтмал хариуцсан мэргэжилтний алдаатай дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгоогүй, энэ дүгнэлт хүчингүй болсон байхад тухайн талбайд өөр эрдсийн хуримтлалтай гэж үзэж манай хүсэлтийг сэргээхгүй байгаа нь хууль бус” гэж, хариуцагч тал “...өргөдөлд дурдсан тайлбайг давхцалтай гэж алдаатай дүгнэлт гаргасан хэдий ч бусад ашигт малтмалын эрдсийн хуримтлалтай талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл олгох үндэслэлгүй” гэж маргажээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д ”ашигт малтмал эрэх” гэж ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг”, 4.1.6-д ”ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийх”-ийг гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч талын “хүсэлт гаргасан талбайд эрдсийн хуримтлал байхгүй” гэж, хариуцагч талын “эрдсийн хуримтлалын илрэлтэй” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь маргаан бүхий талбайд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст “Б” ХХК-иас түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, гуравдагч этгээд “А” ХХК болон “Г” ХХК-иас ашигт малтмал хайх хүсэлтийг тус тус гаргажээ. Эндээс дүгнэж үзэхэд маргаан бүхий газарт түгээмэл тархацтай болон ердийн ашигт малтмалын эрдсийн хуримтлалтай гэж үзэх боломжгүй бөгөөд үүнийг хайгуулын ажлын үр дүнгээр тогтоохоор талууд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж байгаа юм.
Дээрх нэхэмжлэлийн шаардлагын тухайд түгээмэл тархацтай ашигт малтмал хариуцсан мэргэжилтэн нь хүсэлт гаргасан өргөдлийн талбайд зураг зүйн шүүлт хийхдээ хасагдсан өргөдлийн талбайтай хэсэгчилсэн давхцалтай гэж буруу шүүлт хийсэн ч Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцолд хамрагдсан тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ТХ-000**-DG өргөдөлд өгсөн Кадастрын хэлтсийн дүгнэлтийг хүчингүй болгон, ТХ-000**-DG өргөдлийн бүртгэлийг сэргээж Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар зохицуулах харилцаа үүсэх боломжгүй гэж дүгнэлээ.
Учир нь Засгийн газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэсний дагуу 5.2-т “Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй”, 9 дүгээр зүйлийн 9.1.11-д “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх” гэсэн бүрэн эрхийнхээ хүрээнд “Б” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл хүссэн талбай болох Д аймгийн Айраг суманд байрлах “1. уртраг нь 1090 18 мин, 41.75 сек, өргөрөг 450, 48 мин 56,62 сек. 2. Уртраг 1090, 19 мин, 36.75 сек, өргөрөг 450 , 48 мин, 56.62 сек. 3. уртраг 1090 , 19 мин, 36.75 сек, өргөрөг 450 , 50 мин, 00 сек. 4. уртраг 1090 , 18 мин, 41.75 сек, өргөрөг 450 , 50 мин, 00 сек” гэж заасан талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд солбилцлоор орсон болох нь нэхэмжлэгч тал болон хариуцагч талын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор баталсан талбайд хамаарч байгааг харуулсан кадастрын тойм зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
2. “Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичгийн зарим хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухай:
Ашигт малтмалын газраас 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/2385 дугаартай “танай байгууллагаас ирүүлсэн гомдлын дагуу ажлын хэсэг байгуулагдан хяналт-шинжилгээ хийлээ. Хяналт шинжилгээний ажлын гаргасан дүгнэлтээр Кадастрын хэлтсийн түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудал хариуцсан мэргэжилтэн дүгнэлт гаргахдаа алдаа гаргаж, буруу бөглөсөн зөрчил, дутагдал илэрсэн тул буруутай албан тушаалтнуудад сахилгын шийтгэл ногдуулсан болно. Хэдийгээр зураг зүйн шүүлтийг буруу хийсэн ч өөр төрлийн эрдсийн хуримтлалын илрэлтэй байх тул танай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэсэн утга бүхий албан бичгийг “Б” ХХК-ийн захирал Н.Ат хүргүүлжээ.
Энэ албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэсэн шинжүүдийг агуулаагүй байх бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагаар шийдвэрлээд өгсөн хариу гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах боломжгүй байна.
3. “Ашигт малтмал газрын тосны кадастрын хэлтсээс Д аймгийн А сумын нутагт “А” ХХК-д олгосон хайгуулын XV-02029* дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
“А” ХХК Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 11:45-12:00, Д аймгийн А сумын L-49-75 кодтой 3532 га талбайд ус, газрын тос, уламжлалт бус газрын тосноос бусад ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл авах өргөдөл гаргажээ. Өргөдөлд хуулийн этгээдийн тодорхойлолт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн тодорхойлолт, боловсон хүчний тодорхойлолт, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өргөдлийн дэлгэрэнгүй зураг, уул уурхайн кадастрын зураг зэргийг хавсаргаж ирүүлсэн зэргээс үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.25-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг солбицлоор тодорхойлж, Засгийн газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрсөн талбайд “А” ХХК-иас ирүүлсэн хүсэлт нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага болон 18 дугаар зүйлийн 18.1-т заасан өргөдөл гаргах журмыг хангасан гэж үзэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д зааснаар ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэж, 11.1.19-д “түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох”-оор заасан эрхийн хүрээнд “А” ХХК-д Д аймгийн А сумын Балт нэртэй газарт 3537.87 гектар талбайд хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу ашигт малтмал хайхыг зөвшөөрч, 2016 оны 03 сарын 31-ний өдөр XV-02029* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгожээ.
“Б” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүссэн талбай “А” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XB-02029* тоот тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлдээ буюу 231.84 га хэмжээгээр давхцалтай болох нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн тайлбар, мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан давхцалыг харуулсан кадастрын тойм зураг /хх-116 дахь тал/, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс тус шүүхэд ирүүлсэн “Б” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор баталсан талбайд хамаарч байгааг харуулсан кадастрын тойм /хх-232 дахь тал/ зураг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий хурдас, чулуулгийн хуримтлалыг түгээмэл тархацтай ашигт малтмалын ордод хамруулна”, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “ энэ хуульд заасан дараах нэр томъёог доор дурдсан утгаар ойлгоно”, 4.1.1-т “түгээмэл тархацтай ашигт малтмал гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн чулуу, боржин, хайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг”, 4.1.4-д “түгээмэл тархацтай ашигт малтмалын орд гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд бүрэлдэн тогтож, чанар, нөөц нь тодорхойлогдсон, үйлдвэрийн аргаар олборлоход эдийн засгийн хувьд ашигтай эрдсийн хуримтлал”-ыг гэж заажээ. Тэгвэл 1994 оны Монгол Улсын төвийн районд 1993-1994 онд явуулсан бал чулууны сэдэвчилсэн судалгаа, эрэл-шалгалтын үр дүнгийн тайлан, гуравдагч этгээд “А” ХХК-иас шүүхэд ирүүлсэн Д аймгийн А сумын нутаг дахь Балт талбайд 2016 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаас үзэхэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хуримтлалтай байна гэж үзсэн захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 119 дүгээр шийдвэрээр “А” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн Д аймгийн А сумын нутаг дахь Балт нэртэй 3537.87 гектар талбай бүхий XV-02029* тоот тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-д шилжүүлжээ.
Иймд “А” ХХК-д олгосон хайгуулын XV-02029* дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хангах боломжгүй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.3, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 12 дугаар зүйлийн 12.1-д тус тус заасныг баримтлан “Б” ХХК-ийн нэхэмжлэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргаснаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ТХ-00063-DG өргөдөлд өгсөн дүгнэлтийг хүчингүй болгуулж, уг дүгнэлтийг үндэслэн өргөдлийн бүртгэлээс хасагдсан ТХ-00063-DG өргөдлийн бүртгэлийг сэргээлгэж, Ашигт малтмалын газрын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичгийн зарим хэсгийг хүчингүй болгуулж, Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсээс “А” ХХК-д олгосон Д аймгийн А сумын нутагт орших хайгуулын XV-02029* дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ
ШҮҮГЧ М.БАТЗОРИГ
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА