Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2019/0680/З |
Дугаар | 221/МА2019/0673 |
Огноо | 2019-12-18 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2019/0673
“С-У” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б-Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, А.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б-Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, З.Л, хариуцагч УГТЭТҮХны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Т, Л.Н, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ө.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0725 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “С-У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын гуравдугаар төв эмнэлэг, тус эмнэлгийн Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0725 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасныг баримтлан “С-У” ХХК-ийн гаргасан “УГТЭТҮХны 9 дүгээр багцад оролцсон “С-У” ХХК болон “Ч т” ХХК-д холбогдох шийдвэр, Улсын гуравдугаар төв эмнэлгийн даргын “Ч т” ХХК-д холбогдох шийдвэр, Улсын гуравдугаар төв эмнэлгийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/378 дугаар тушаал, “Ч т” ХХК-тай байгуулсан ДНТГ201905 дугаар гэрээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Гомдлын нэг үндэслэл: Захиалагч болон тендерийн үнэлгээний хороо нь өөрсдийн боловсруулсан техникийн тодорхойлолт болон тодруулгыг үл хайхран, биднийг хууран мэхэлж, техникийн тодорхойлолт, тодруулгадаа үл нийцэх “Ч” ХХК-ийн санал болгосон S0218 хэрэгслийн кодтой, Америкийн Нэгдсэн Улсын Cardinal Health (Cordis) компанийн 5-7F хэмжээтэй, “Судас оёгч” /Angioseal Exoseal/ улмаар энэ хэрэгслийг 8F хэмжээгээр үйлдвэрлэдэггүй тул түүнийг орлуулан, 3 дугаар багцаар худалдан авч байгаа код S0188 кодтой, Америкийн Нэгдсэн Улсын Abott компанийн 6F хэмжээтэй, “судасны тусгай интродесер, судас боох багц буюу гадаад нэр нь Perclose Proglide гэсэн хэрэгслийг хольж нийлүүлэхээр урьдчилан ярьж тохирсон байна.
Захиалагч болон түүний үнэлгээний хороо техникийн тодорхойлолт, тодруулгаар биднийг төөрөлдүүлэн, хууран мэхэлсэн. Нөгөө талаар энэхүү техникийн тодорхойлолт, тодруулгадаа нийцэхгүй, зөрүүтэй эмнэлгийн хэрэгсэл санал болгосон “Ч т” ХХК-ийг үндэслэлгүй шалгаруулсанд туйлын гомдолтой байна. Үүнийг зөв гэсэн анхан шатны шүүхэд маш их гомдолтой.
“С-У” ХХК-ийн санал болгосон Японы Teruma компанийн судас бөглөгч “Angio-Seal” нь 6-8F хэмжээтэй, утас болон хавчаар, колаген ашиглан богино хугацаанд бөглөдөг идэвхтэй хаалттай, судасны дотроос зангуу, гаднаас бөглөөс хийдэг, шимэгдэж, хайлдаг олон бүтэцтэй, шуурхай найдвартай цус тогтоодог, гараар дарах шаардлагагүй байхад “Ч т" ХХК-ийн санал болгосон судас бөглөгч Ехоsеаl нь 5-7F хэмжээтэй, 8F гэсэн хэмжээ байхгүй, утас болон хавчаар, колаген ашиглан богино хугацаанд бөглөдөг идэвхтэй хаалт байхгүй, тодорхой хугацаанд гараар дарж цусны бүлэгнэлт болон бөглөөсийг наалдах хугацааг хүлээдэг, шимэгдэж, хайлдаг ганц бүтэцтэй, нүдэн баримжаагаар хийдэг, ажилбарт хэрэглэсэн өөр хэрэгсэл интродесерийг давхар ашигладаг дутагдалтай байна.
Захиалагч нь тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 18.1 (а)-д “үйлдвэрлэгчийн зөвшөөрөл” шаардсан хэрнээ “Чоноголтрейд” ХХК-ийн санал болгосон Америкийн Нэгдсэн Улсын Cardinal Health (Cordis) компанийн “Судас оёгч /Ехозеа!/ бараанд үйлдвэрлэгчийн зөвшөөрөл байхгүй байтал шалгаруулсан. Өөрөөр хэлбэл, тендерийн баримт бичигт “үйлдвэрлэгчийн зөвшөөрөл” заавал шаардсан байна. Энд үйлдэрлэгчийн зөвшөөрөл болон гэрээт борлуулагчийн итгэмжлэлийг хамтад нь шаардсан ба “эсхүл” гэсэн “аль нэг нь” үг байхгүй байна. Захиалагч нь 2017 ба 2018 оны тендерт үйлдвэрлэгчийн зөвшөөрөлгүй компаниудыг хасдаг байсан баримтууд байна.
Нөгөө талаас үйлдвэрлэгч нь өөрийн албан ёсны гэрээт борлуулагчид эрх өгдөг. Харин “Ч т” ХХК-тай гэрээт борлуулагчийн гэрээтэй гэх Армен улсын “Аг Medica” компани нь Америкийн Нэгдсэн Улсын Cardinal Health (Cordis) компанийн албан ёсны гэрээт борлуулагч биш, ялангуяа тэдний бүтээгдэхүүнийг Монгол улсад борлуулах бүрэн эрхгүй компани юм. Тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 18 1 (а)-д “Шаардлагатай тохиолдолд гадаадын харилцагчдаас тодруулга авна" гэж заасан хэрнээ тодруулга аваагүй.
Захиалагч нь тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 19.3-д “нийлүүлэх бараа нь тендерийн баримт бичигт нийцэж буйг нотлох баримт нь тухайн барааны дээж байна. Тухайн багцад санал болгож буй эмнэлгийн хэрэгслийн дээж ирүүлнэ" гэсэн заалтыг зөрчиж, 3 бараа санал болгочихоод 2 дээж ирүүлсэн “Ч т" ХХК-ийг шалгаруулсан.
Иймд бидний гомдлыг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, анай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “...Тендерийн комисс нь хуралдаад “С-У” нь урьдчилан тохиролцож авлигаа өгөөгүй учир 110, 111, 112 гэж кодлогдсон өвчнүүдийг манай эмнэлэг эмчлэхээс татгалзаж дээрх өвчтөнд үл тохирох эмнэлгийн хэрэгслийг санал болгосон “Ч т” ХХК-ийг шалгаруулъя гэж шийдсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү”,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: “...Хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд маш чухал хамааралтай, маш чухал ач холбогдолтой бөгөөд захиалагч нь маргааныг урьдчилан шийдвэрлэсэн Сангийн яам болон анхан шатны шүүхээс нуусан, улмаар нэхэмжлэгчийн хүсэлтээр 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шүүхийн үзлэгээр гаргаж ирсэн захиалагчийн 2 хуудас хавсралт бүхий 2019 оны 06 сарын 19-ны өдрийн 1/550 дугаартай тодруулгыг анхан шатны шүүх огт үнэлээгүй. Гэтэл бодит байдалд энэ баримтаар авна гэсэн бараагаа захиалагч аваагүй, өөр бараа санал болгосон “Ч т” ХХК-ийг шалгаруулсан.
“Гэрээт борлуулагчийн итгэмжлэл” гэдэг зүйлийг ялгаж, салгаж ойлгохыг хүсээгүй. Мөн маргаад байхад шалгаж үзэхийг хүсээгүй. Ингэснээр нотлох баримтыг шууд өөрөө буруу үнэлсэн. Хэрэв зөв үнэлэхийг хүссэн бол шаардлагатай нотлох баримтыг хариуцагч юм уу гуравдагч этгээдээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргийн дагуу цуглуулан авах байсан. Өөрөөр хэлбэл, гомдолд дурдсан асуудал үндэслэлтэй эсэхийг бодитойгоор тогтоох ажиллагааг зайлшгүй явуулах ёстой байсан.
Мөн нийлүүлэх барааны дээж 3-ийг ирүүлсэн, 2-ийг ирүүлсэн гэж маргасан, хавтас хэрэгт байгаа нотлох баримт нь зөрүүтэй байтал нотлох баримтыг дутуу цуглуулсан. Шууд нэг талд нь орсон шийдвэр гаргасан.
Бодит байдалд тендерт шалгарсан гэх “Ч т" ХХК-ийн 9 дүгээр багцын тендерийн санал нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар “мөн хуулийн 27.1.2 техникийн тодорхойлолт, 27.1.3 тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага” зэргийг хангаагүй учраас хянан үзэх шатнаас татгалзах, цаашид үнэлгээнд орохгүй тендер байсан байтал шуүх зөв шийдвэр гаргасангүй.
Ийнхүү анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлээгүй, буруу үнэлсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хөндлөнгийн байр сууриа алдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
Эсхүл шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаар тушаалаар 2019 онд тус эмнэлгийн өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгслийг худалдан авах үйл ажиллагааны Үнэлгээний хороог байгуулж, уг үнэлгээний хороо 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тендер сонгон шалгаруулалт явуулж маргаан бүхий 9 дүгээр багцад “Ч т” ХХК-ийг шалгаруулж, “С-У” ХХК-ийн тендерээс татгалзжээ.
Улмаар уг тендер сонгон шалгаруулалтад оролцсон “С-У” ХХК Сангийн яаманд гомдол гаргасныг тус яам хянан үзээд 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “...Гомдолд дурдсан худалдан авах эмнэлгийн хэрэгслийн SO137 кодыг тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод нарийвчлан тусгаагүй байна. Харин гомдолд дурдсаны дагуу “Ч т” ХХК-ийн тендерт санал болгосон судас бөглөгч иж бүрдэл, хэмжээ 5F-7F байгаа нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод “Судас бөглөгч иж бүрдэл, хэмжээ 6F-8F гэж заасан үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг захиалагч нягталж үзэх нь зүйтэй. Иймд дээрх тендер шалгаруулалтын 9 дүгээр багцын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье” гэсэн 6-1/5232 дугаар албан бичгийг Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргүүлсэн байна.
Уг албан бичгийн дагуу хариуцагч тендерийн үнэлгээний хороо 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хуралдаанаар дахин үнэлгээ хийж, 07 дугаар хуралдаанаар “С-У” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж, гуравдагч этгээд “Ч т” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, захиалагчид тухайн шийдвэрийг хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “УГТЭТҮХны 9 дүгээр багцад оролцсон “С-У” ХХК болон “Ч т” ХХК-д холбогдох шийдвэр, Улсын гуравдугаар төв эмнэлгийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн гэрээ байгуулах эрх олгосон Б/378 дугаар тушаал, “Ч т” ХХК-тай байгуулсан ДНТГ201905 дугаар гэрээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж[1], нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хянан үзэх шатны шаардлагад нийцээгүй “Ч т” ХХК-ийг тендерийн үнэлгээний шатанд оруулалгүй шууд хасах ёстой байтал хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалтыг зөрчиж, тендерийн үнэлгээ хийсэн ... шалгаруулсан компанийн эмнэлгийн хэрэгсэл нь 8F гэсэн диаметрийн хэмжээ байхгүй ... ” гэж тайлбарлан маргасан байна.
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, “С-У” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд Үнэлгээний хороо тендерийг сонгон шалгаруулахдаа тендер тус бүр нь тендерийн бичиг баримтад заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэж, бүх нөхцөлийг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзэх, шаардлагад нийцээгүй гэж үзвэл уг тендерээс татгалзахаар хуульчилсан, хуулийн энэ шаардлагын дагуу Үнэлгээний хороо нь дээрх байдлаар “С-У” ХХК, “Ч т” ХХК-уудын ирүүлсэн тендерийг хуульд заасан бүх нөхцөлийг хангасан, шаардлагад нийцсэн тендер гэж үзэн үнэлгээ хийж, бага үнийн санал ирүүлсэн “Ч т” ХХК-ийг шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Тодруулбал, тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод “судас бөглөгч 6F-8F хэмжээтэй, ангиографикийн оношилгоо, эмчилгээний үед хэрэглэх, нэг удаагийн хэрэглээний, цус тогтоож судас бөглөх хэрэгслийн иж бүрдэл” гэж заажээ.
Гуравдагч этгээдийн тендерийн баримт бичигт хавсаргасан баримтуудаас дүгнэхэд Америкийн Нэгдсэн Улсын Abott үйлдвэрлэгчийн 8F, Cordis үйлдвэрлэгчийн 5-7F хэмжээтэй судас бөглөгчийг санал болгосон байх тул техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй, мөн хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг хангасан шаардлагад нийцсэн тендер гэж үзэн үнэлгээ хийсэн хариуцагчийг уг үндэслэлээр буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн “... “Ч т” ХХК-ийн 8F гэсэн хэмжээтэй судас бөглөгчийг орлуулан өгсөн эмнэлгийн хэрэгсэл нь судас бөглөгч биш, энгийнээр хэлбэл оёдлын машин...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3, 28.7.4-д заасны дагуу тендерт оролцогчдын ирүүлсэн үнийн саналыг харьцуулан хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Ч т” ХХК-ийг тендерт шалгаруулсан нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “...өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасанд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан “... “С-У” ХХК-ийн үнийн санал нь тендерийн төсөвт өртөгт багтаж байгаа...” гэсэн гомдол үндэслэлгүй.
Нэгэнт Сангийн яамны 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 6-1/5232 дугаар албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийж 07 дугаар хуралдаанаар “С-У” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж, гуравдагч этгээд “Ч т” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер хэмээн үзсэн Үнэлгээний хорооны шийдвэрийг шүүхээс үндэслэлтэй гэж дүгнэж буй энэ тохиолдолд “Ч т” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Улсын гуравдугаар төв эмнэлгийн даргын тушаал, түүний дагуу байгуулсан ДНТГ201905 дугаар гэрээг хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхив.
Харин анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт хуулийн нэрийг буруу бичсэн байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 241 дүгээр тал