Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2023/0042

 

Х.О-ийн нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:  Ц.Цогт

Танхимын тэргүүн:     Д.Мөнхтуяа

шүүгчид:                        Г.Банзрагч

                                         П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:             Д.Батбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 123/ШШ2022/0033 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2023/93 дугаар магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 194 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч Х.О, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.С нарыг оролцуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн З сумын ... багийн Ө хотхоны ... дугаар байрны ... тоотын 47.46 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хууль ёсны өмчлөгч Х.О-ийн өмчлөлд шилжүүлэн өгөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг 2 өрөө орон сууцыг хууль ёсны өмчлөгч Х.О-ийн өмчлөлд шилжүүлэх асуудлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж шийдвэрлүүлэхийг хариуцагчид даалгуулах;

2.Хэргийн нөхцөл байдал: Төв аймгийн Засаг дарга Улсын баяр наадмын сурын харваанд 3 дахь удаагаа түрүүлсэн амжилтыг үнэлж Х.О-т 2 өрөө орон сууц бэлэглэсэн боловч холбогдох шийдвэр гаргахгүй байгаатай холбогдуулан маргасан.

3.Нэхэмжлэгчээс “... миний Үндэсний их баяр наадмын сур харвааны төрөлд 3 дахь удаагаа түрүүлсэн амжилтыг урамшуулж, надад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Засаг даргын Тамгын газар 2 өрөө орон сууц бэлэглэж, уг орон сууцны түлхүүрийг гардуулан өгсөн, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргад удаа дараа өргөдөл хүсэлт гаргасан боловч шийдвэрлэхгүй байгаа” гэж, хариуцагчаас “... төрийн болон тухайн орон нутгийн өмчийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах гэж заасан байхад тухайн орон сууцыг ямар ч шийдвэргүйгээр иргэн Х.О-т бэлэглэсэн нь хууль бус” гэж тус тус маргажээ.

4.Анхан шатны шүүх: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны хууль/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-н б, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2020 оны хууль/-ийн 60 дугаар зүйлийн 60.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ... “хариуцагч Төв аймгийн Засаг дарга орон сууц өмчлөх эрхийг Х.О-т бэлэглэсэн боловч орон сууц ашиглалтад ороогүй шалтгаанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх үүргээ биелүүлээгүй орхигдуулсны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

5.Давж заалдах шатны шүүх: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан ... “захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй, захиргааны байгууллагын захирамжилсан үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэх нь тодорхойгүй“ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б гомдолдоо:

6.1.Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийг зөрүүтэй хэрэглэсэн.

6.2.Нэхэмжлэгчийн цолны мялаалгын үеэр 2 өрөө байрыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилүүлэхээр шийдвэрлэж, олон нийтийн өмнө түлхүүрийг гардуулан өгсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулсан шийдвэр.

6.3.Хариуцагч гаргасан шийдвэрээ баталгаажуулахгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан зарчимд нийцэхгүй.

6.4.Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг ноцтой зөрчсөн.

6.5.Давж заалдах шатны шүүх өмнө шийдвэрлэсэн яг ижил маргаанаас өөрөөр шийдвэрлэсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцэхгүй байна гэжээ.

7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 194 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

8.Хариуцагчаас нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

9.Дараах үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

10.Нэхэмжлэгч Х.О-ээс “Төв аймгийн З сумын ... багийн Ө хотхоны ... дугаар байрны ... тоотын 47.46 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хууль ёсны өмчлөгч Х.О-ийн өмчлөлд шилжүүлэн өгөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг 2 өрөө орон сууцыг хууль ёсны өмчлөгч Х.О-ийн өмчлөлд шилжүүлэх асуудлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж шийдвэрлүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

11.Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд түрүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын цол хүртсэн Х.О-ийн “Хүндэтгэлийн арга хэмжээ”-нд оролцохдоо 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Засаг даргаас иргэн Х.О-т 2 өрөө орон сууцны түлхүүр гардуулсан, тухайн орон сууцанд нэхэмжлэгч өнөөг хүртэл амьдарч байгаа үйл баримт тогтоогджээ.

12.Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор төрийн албан хаагчдыг орон сууцжуулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан 11 айлын орон сууцыг орон нутгийн өмчид бүртгэн авч, мөн оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 95, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор тус тус худалдахаар шийдвэрлэсэн орон сууцууд дунд нэхэмжлэгчид бэлэглэсэн гэх орон сууц хамаарч байна.

13.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас ... зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.“, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.”, 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.”, 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж заасан.

14.Нэхэмжлэгчээс Төв аймгийн Засаг даргын бэлэглэсэн орон сууцны өмчлөлийг бүрэн шилжүүлэхгүй байгаатай холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагын захирамжилсан үйл ажиллагаа буюу эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэл гаргасныг давж заалдах шатны шүүх буруу тодорхойлж “эдийн баялагтай холбогдуулан зөрчигдсөн эрхийг сэргээлгэхтэй холбоотой, захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан” гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д нийцэхгүй. Тодруулбал, орон нутгийн өмчийн хөрөнгийг захиргааны байгууллагаас захиран зарцуулахтай холбоотой харилцаа нь нийтийн эрх зүйн харилцаанд хамаарна.

15.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд буюу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хариуцагчийн татгалзал, маргааны үйл баримтад гаргасан давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт өгүүлэхээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

16.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээс өмгөөлөгч оролцуулахаар гаргасан хүсэлт, эсхүл тэдний хооронд байгуулсан гэрээ хэрэгт хавсаргагдаагүйг анхаарах шаардлагатай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2023/93 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ЦОГТ

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Д.МӨНХТУЯА

                                ШҮҮГЧИД                                                          Г.БАНЗРАГЧ

                                                                                                                 П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                                 Д.БАТБААТАР