Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01216

 

 

 

 

 

 

 

 

2023 06 19 210/МА2023/01216

 

 

Х дүүрэг дэх Ц-ийн хүсэлттэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа, даргалж, шүүгч Э.Энэбиш, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/01531 дугаар шийдвэртэй, Б.Г ыг албадан эмчилгээнд хамруулах тухай Х дүүргийн Ц ийн хүсэлттэй иргэний хэргийг гуравдагч этгээд Б.Г болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээд Б.Г ын өмгөөлөгч Ц.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хан-Уул дүүрэг, 17-р хороо ***-*** тоотод оршин суугч Б.Г нь гудамж талбай, олон нийтийн газар байнга архидан согтуурдаг. Мөн эхнэр нь дуудлага өгч, архины эмчилгээнд явуулах хүсэлт гаргасан тул түүнийг архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ.

            2.Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга: Би архи уусан нь үнэн, уухаараа агсам согтуу тавьдаггүй. Өндөр настай ээжийгээ асардаг байдлыг минь харгалзан үзнэ үү, дахиж архи уухгүй гэжээ.

            3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, ***-*** тоотод оршин суух, Б.Г ыг албадан эмчилгээнд хамруулж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаанлан 3-6 сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчилгээг хийх бөгөөд уг хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүн болон мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэл болгосон шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4.Гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах тухай. Б.Г нь согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлд орсон талаар хэрэгт баримт байхгүй, энэ талаар эхнэр А.Дэлгэрмөрөнг асуугаагүй. Б.Г ын эхнэр нь нөхрийгөө энэхүү эмчилгээнд албадан явуулах хэмжээний согтуурах донтой биш гэж үзэн өмгөөлөгч авч давж заалдах гомдол гаргаж байгаа болно. Б.Г нь биеийн хүнд эмгэгтэй буюу унаж татдаг өвчтэй, цэргийн албанд байхдаа хүнд хэлбэрийн тархины гэмтэл авч байсан, эрүү, хэл нь хэт ядарсан үедээ ээрдэг, 57 настай бөгөөд тархины гэмтлээсээ болж байнгын тогтмол өндөр даралттай зэрэг албадан эмчлэхийг хориглосон байхад шүүх анхаарч үзээгүй.

 

4.а.Нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлсэн. Хүсэлтээр авч хэлэлцэх ажиллагаанд шүүх өөрийн санаачилгаар баримт бүрдүүлэх ёстой. Хан- Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч нарын дүгнэлтийг хуульд нийцсэн эсэх болон холбогдох стандарт, удирдамж, дүрэм, журмыг баримталсан эсэхийг анхаараагүй. Б.Г нь туул голоос ус өргөх станц байгуулах төслийн ажилд төслийн менежерээр ажиллах байсан, мөн өндөр настай ээжийгээ асардаг тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Хүсэлт гаргагч нь давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хүсэлтийг хэрэгсэхгүй болгов.

2.Х дүүргийн Ц нь гуравдагч этгээд Б.Г ыг албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт гаргасныг гуравдагч этгээд эс зөвшөөрч маргажээ.

3.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна” гэж заасан.

3.а.Хэрэгт авагдсан захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэлээс үзвэл гуравдагч этгээд Б.Г нь архи, согтууруулах ундаа хэрэглэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсны улмаас удаа дараа эрүүлжүүлэгдсэн гэх байдал тогтоогдоогүй буюу холбогдох баримтууд нь 2020 оноос өмнөх онуудад хамааралтай байна. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд Б.Г ыг дээрх хуульд зааснаар өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй.

3.б.Гуравдагч этгээд Б.Г ыг албадан эмчилгээнд хамруулах зарим үндэслэл тогтоогдсон хэдий ч тэрээр сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх түүнийг албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй байна.

3.в.Иймд хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад гуравдагч этгээд Б.Г ыг албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Х дүүргийн Ц ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/01531 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээд Б.Г ыг албадан эмчилгээнд хамруулах тухай Х дүүргийн Ц ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ЗОЛЗАЯА

 

     ШҮҮГЧИД                          Э.ЭНЭБИШ

                                                                                   

Д.ЗОЛЗАЯА