| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/01523/и |
| Дугаар | 4896 |
| Огноо | 2016-06-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 4896
| 2016 оны 06 сарын 22 өдөр | Дугаар 101/ШШ2016/04896
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Д-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Байгальмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0312/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Байгальмаа, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ч.Дашживаа нь 2013 оны 4 дүгээр сард өөрийнх нь одоо амьдарч байгаа байрны урьдчилгаанд төлөх 3,000,000 төгрөгийг зээлдүүлээч гэж надаас хүссэн. Ингээд миний бие өөрийн найз Д.Эрдэнэчимэгт хэлж, улмаар 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөгийг би Д.Эрдэнэчимэгээс авч, Ч.Дашживаад зээлдүүлсэн. 2013 оны 5 дугаар сард мөнгөө төлөх талаар баталгаат шуудангаар захиа явуулж байсан боловч мөнгөө одоог хүртэл төлөөгүй байна. Ийнхүү мөнгө зээлүүлсэнээс хойш Ч.Дашживаа нь найзад нь 3,000,000 төгрөг алгаа, уучлаарай гээд 2 удаа мөнгө шилжүүлсэн. Сүүлдээ би чамд Хөшигтийн хөндийд шинэ онгоцны буудалд маш ирээдүйтэй газар авч өгье гэхэд нь би эгч н.Цэрмаагийнхаа болон өөрийнхөө мөн хүүгийнхээ иргэний үнэмлэхүүдийг хуулбарлаж өгсөн. Гэтэл газар ч үгүй, мөнгө ч үгүй алга болсон. Заримдаа гэрт нь яваад очдог юм билүү гэж боддог байсан боловч эхнэр, хүүхэдтэйгээ арайхийн эвлэрч байхад нь очиж төвөг удахыг хүсээгүй. Ч.Дашживаа нь тайлбартаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэжээ. Энэ нь 3,000,000 төгрөг авсан болохоо нотолж байна гэж үзэж байна. Мөн 2013 онд миний ХААН банкны данс руу 2 удаа 20,000, 45,000 төгрөг шилжүүлсэн баримтаа одоо болтол 3 жил хадгалж байсан нь надад мөнгө өгөх ёстойгоо мартаагүй гэж үзэж байна. Ч.Дашживаа нь гарын үсэг байхгүй гэдгээрээ мөнгө өгөхгүй гэж байгаа боловч авсан нь үнэн юм шүү.
Д.Байгальмаа нь Ч.Дашживаад 3,000,000 төгрөг зээлдүүлсэн нь хэрэгт авагдсан нотолгооны бусад хэрэгсэлээр нотлогдож байгаа бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан.
Иймд зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Дашживаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзий шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.Байгальмаа нь Ч.Дашживаагаас 2013 онд байранд орох урьдчилгаа мөнгө дутаж байна гэж 3,000,000 төгрөг зээлж авсан гэж нэхэмжилсэнийг Ч.Дашживаа нь хүлээн зөвшөөрөхгүй байх ба харин эсрэгээрээ Д.Байгальмаа нь надаас боломжоороо мөнгөн туслалцаа үзүүлээч гэж хүсч гуйдаг байсан. Энэ үед нь би бэлнээр болон шилжүүлэгээр бага зэргийн мөнгө өгч тусладаг байсан гэж тайлбарлаж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж байна. Д.Байгальмаа нь Ч.Дашживаад 3,000,000 төгрөг зээлдүүлсэн нь нотлогдохгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх, мөн зүйлийн 282.4-т мөнгө, эд зүйлийг зээлдүүлэгчид шилжүүлсэн нь зээлийн гэрээг байгуулсанд тооцох үндэслэл болно гэж заасан байна. Тэрчлэн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11-д бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар талууд маргасан тохиолдолд талууд гэрчээр нотлох эрхээ алдана гэж заасан байна. Иймд Д.Байгальмаа нь гэрээ болон мөнгө шилжүүлсэн баримтгүй бол шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо уг маргаан бүхий нэхэмжлэлээ гэрчээр нотлох эрхгүй байгааг шүүх анхаарч өгөхийг хүсч байна. Мөн Д.Байгальмаа нь 2013 онд Ч.Дашживаад мөнгө зээлдүүлсэн гэх боловч яг тухайн оныхоо хэдэн сарын хэдэнд мөнгө зээлдүүлсэн нь түүний нэхэмжлэлд тодорхойгүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгт шаардлага гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан байна. Дээрхээс үзэхэд Д.Байгальмаа нь шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа ч алдсан байх үндэслэлтэй байна.
Иймд Д.Байгальмаагийн нэхэмжлэл нь дээрх байдлаар нотлогдохгүй байгаа, тэрчлэн хариуцагч Ч.Дашживаа нь мөнгө зээлж аваагүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Байгальмаа нь хариуцагч Ч.Дашживаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөгийг Ч.Дашживаагийн хүсэлтийн дагуу миний бие найз Д.Эрдэнэчимэгээс авч, амаар харилцан тохирч Ч.Дашживаад зээлдүүлсэн тул энэхүү 3,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Хариуцагч нь Д.Байгальмаагаас мөнгө зээлээгүй тул төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлж, зээлдэгч нь буцаан төлөх үүргийг хүлээхээр зохицуулжээ.
Зохигчдын хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулагдаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11-д “Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно” гэж заажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу гэрч Д.Эрдэнэчимэгээс мэдүүлэг авсан бөгөөд тэрээр “Д.Байгальмаад 3,000,000 төгрөгийг зээлдүүлсэн, Д.Байгальмаа цааш нь Ч.Дашживаад миний хажууд уг мөнгийг тоолж өгсөн” гэж мэдүүлж байгаа боловч энэ үйл баримт нь хэрэгт авагдсан нотолгооны бусад хэрэгсэлээр давхар нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн хувийн хар данс хөтөлдөг хар хавтастай тэмдэглэлийн дэвтрийн Ч.Дашживаад мөнгө зээлүүлсэн талаарх бичилттэй хэсгийг шүүхэд ирүүлсэн бөгөөд уг бичилтээс үзэхэд Ч.Дашживаагийн нэрийг бүтнээр бичээгүй, “…3 сая-20.0-45.0 10/IV/13…” гэж бичигдсэн. Түүнчлэн 3,000,000 төгрөгийг зээлүүлсэнээс хойш 20,000 төгрөг, 45,000 төгрөгийг тус тус Ч.Дашживаа нь Д.Байгальмаад шилжүүлсэн гэх боловч 20,000 төгрөгийг шилжүүлсэн Хадгаламж банкны мөнгөн шилжүүлэгийн баримт нь 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийнх, уг шилжүүлсэн мөнгийг Д.Байгальмаа нь өөрийн тэмдэглэлийн дэвтэрт төлөлт хийсэн байдлаар бичсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.
Гэрч Д.Эрдэнэчимэгийн улаан өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтрээс авч, шүүхэд ирүүлсэн хуудас дахь “Байгальмаа Дашживаад өгнө гээд 3.0 сая төгрөг зээлсэн. Удахгүй өгнө” гэх зөвхөн Д.Эрдэнэчимэгийн гар бичмэлийг үндэслэн Д.Байгальмаа нь Ч.Дашживаад мөнгө зээлсэн гэж дүгнэх үндэслэлгүй юм.
Д.Байгальмаа нь Ч.Дашживаад “өр төлбөрөө төлөх талаар” баталгаат шуудангаар захиа илгээсэн гэж “Монгол шуудан компани”-ийн 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 00025641 дугаар мөнгө хураах тасалбарын дугаартай баталгаажилтын хуудсыг шүүхэд ирүүлсэн бөгөөд уг баримт нь Д.Байгальмаа нь Ч.Дашживаад мөнгө зээлүүлсэн болохыг нотлохгүй байна.
Эдгээрээс үзвэл нэхэмжлэгч Д.Байгальмаа нь Ч.Дашживаад амаар тохирч, 3,000,000 төгрөгийг зээлүүлсэн, зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулсанд тооцох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолсонгүй.
Хариуцагчийн гэрээний үүрэгтэй хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон талаарх тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.
Иймд дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Дашживаад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Байгальмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ