| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0396/И |
| Дугаар | 447 |
| Огноо | 2016-07-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 447
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багт оршин суух, эмэгтэй, ВП66061207 регистрийн дугаартай, Омбо овогт Сүрэнгийн Даваагийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Даваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Даваа шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа
Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн малчин Даваа миний бие 1966 онд 6 сарын 12-нд төрсөн, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. 1984-1989 он хүртэл Өлзийт сумын 4-р бригадад малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар С.Даваагийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 373, 438, тоот албан бичгүүдээр ирүүлсэн архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Өлзийт сумын “Цэцэглэлт” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1988 оны 06-р сарын 25-ны өдрийн 21 тоот хурлын тогтоол, 1985 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 63 тоот тогтоол, 1984 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 37 тоот тогтоолын хуулбар, гэрч П.Бямбаагийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
С.Даваа нь 1984 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Өлзийт сумын “Цэцэглэлт” нэгдэлд малчин,саальчнаар ажиллаж байсан болох нь С.Давааг ойн баярт явуулж байсан талаархи “Ардын хувьсгалын 63 жилийн ойн баярт явах төлөөлөгчдийг батлах тухай” Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1984 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 37 тогтоол, саальчдын зөвлөлгөөнд оролцуулж байсан талаархи “Хөрөнгө зарлага болгож, данснаас хасах тухай” Цэцэглэлт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 63 тоот тогтоол, Социалист уралдааны болзол хангасан С.Давааг Шаргалжуут рашаан сувилалд амрааж байсан талаархи Цэцэглэлт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 06 дугаар сарын 25-ны 21 тоот тогтоол, С.Даваагийн ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч П.Бямбаагийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Харин 1989 онд ажиллаж байсан болохыг нь нотлох, нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хэрэгсэхгүй болгов.
1984-1985 оны диплом дахь овог нэр болон он нь засвартай байх тул шүүх нотлох баримтад авч үнэлэх боломжгүй болсон байна. шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.2, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Омбо овогт Сүрэнгийн Даваагийн 1984 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Өлзийт сумын “Цэцэглэлт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1989 онд ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар С.Даваагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ