Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2019/ШЦТ/157

 

    

 

                                

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1838008040447 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны 2 дугаар баг “Адууны гол” гэх газарт хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас иргэн Ц.Ж эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны 2 дугаар баг “Адууны гол” гэх газарт хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас иргэн Ц.Жмодонд даруулан эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1838008040447 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б-ий мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Адууны гол гэх газар луу мод бэлтгэхээр явсан. Үдээс хойш 17 цагийн үед Ц.Жмод хөрөөдөж байгаад модонд даруулж гэмтэл авсан...Хатгалд эмнэлэгт хүргээд тэндээсээ шууд аймаг руу авч явсан. Аймагт үзүүлээд Улаанбаатар хот руу явуулсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Жмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хатгал тосгоны Адууны гол гэх газарт мод бэлтгэж байгаад модонд даруулж гэмтсэн юм…Би Хатгалд 17-ны өдөр очоод хоёр хоног архи уусан. Тэгээд 19-ний өдөр Адууны гол гэх газар луу Б.Б, Батбилэг, Цулцагаан бид нар модонд гарсан юм. Тэгээд талбай дээр очоод өдөр хоол ундаа идчихээд 15 цаг өнгөрч байхад мод хөрөөдөж унагааж байгаад унагаасан мод өөр модонд тулаад гацчихсан юм. Тэгсэн нь Б.Б наад ассан модоо унагаачих тэгэхгүй бол модоо тээвэрлэх гэхээр саад болоод унана гэхээр нь нөгөө ассан модоо хөрөөдөж унагаахад нөгөө мод маань өөр мод руу унаад тэр мод нь намайг дарчихсан юм. Тухайн үед зугатаад амжаагүй юм. ...Хатгал руу машин дуудаад эмнэлэгт хүргэсэн. Тэнд 2 хөлөө гипсдүүлж аваад Мөрөнд орж ирээд маргааш нь хот руу явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ээж маань Ц.Жчинь модонд явж байгаад мөчирөнд цохиулж бэртсэн байна, гэхдээ бие нь гайгүй байна одоо Мөрөнд орж ирнэ гэж хэлсэн...Бид хоёр нэгдсэн эмнэлэг дээр ирэхэд дүү маань хүлээн авах дээр ирчихсэн байсан...Маргааш эмчтэй нь ирээд уулзсан чинь Жаргалсайханг энд эмчлэх боломжгүй яаралтай хот яв гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

    Гэрч М.Ц-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...“Адууны гол” гэх газарт мод бэлтгэж байгаад модонд даруулж нуруу хөлөндөө хүнд бэртэл авсан. ...өдөр хоол ундаа идчихээд буцаж ажилдаа гараад 16 цагийн үед Ц.Жмод унагаагаад явж байхад Ж-ны унагаасан мод унаж яваад өөр модонд гацчихсан юм. Тэгээд нөгөө гацсан модыг хөрөөдөж унагаагаад холдох хооронд нь хажууд байсан жижиг хөндлөн модон дээр унаад нөгөө хөндлөн мод нь Жаргалсайханыг дарчихсан юм. ...бид нар архи уугаагүй. Ц.Жтэр өдөр архи уугаагүй. Харин өмнөх өдөр уусан байсан архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч С.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хатгал руу орж явах замд Эрдэнээ тааралдаад модонд хүн даруулсан эмнэлэгт хүргээд өгөөч гэхээр нь мод бэлтгэлийн талбай дээр очоод Хатгалд эмнэлэгт оруулж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Жаргалсайхан, Цулцагаан, Б.Б бид дөрөв Адууны гол гэдэг газар луу мод бэлтгэх гээд явсан байсан. Тэгээд тэнд очиод ажиллаж байхад Ц.Жнадад туслаад би мод хөрөөдөөд явж байгаад нэг мод унаад модонд гацчихсан юм. Тэгээд би гацсан байсан модыг доогуур нь хөрөөдөж байхад тухайн модны үзүүр нь хугараад унаад ирэхээр нь би зугтаасан. Тэгсэн Ц.Жнөгөө модонд цохиулчихсан, даруулаад хэвтэж байсан. Тэгээд бид гурав очиж гаргаж аваад гэрт оруулж байлгаж байгаад Хатгалаас машинтай хүн дуудаад аймаг руу явуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40, 88-89 дүгээр хуудас/,

Гэрч Б.С-ийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Ц.Жнь өөрөө согтууруулах ундаа хэрэглэсэн  үедээ ажилд гарч өөрийн эрүүл мэндэд эрсдэл учруулсан байгаа юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 90-92 дугаар хуудас/,

      Гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед Баясаа буюу Жаргалсайхан, Цулцагаан буюу Цулцаа, нөхөрийн дүү Батбилэг нар Адууны гол гэдэг газарлуу модон бэлтгэх талбайруу явсан юм. Тэгээд 14 цаг өнгөрч байхад Б.Б утсаар залгаад Баясааг модонд даруулчихлаа гэж ярьсан. Тэгээд би төвөөс машин аваад 15 цагийн үед очиод төврүү авч орж ирсэн байгаа юм. Тэнд Баясааг талбай дээр байдаг гэрт оруулсан. Хөлийг нь чиг тавиад боосон...Тэгээд Хатгалын төвд эмнэлэг дээр оруулж ирээд Цэрэндолгор эмчид үзүүлээд Мөрөнрүү шууд авч явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 93-95 дугаар хуудас/,

Гэрч П.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 07-р сарын 19-ний өдөр үдээс хойш байх нэрийг санахгүй байна. Б.Б нэг хүнийг мод унахдаа үсэрч цохиод гэмтээчихлээ гэж авчирсан. Тухайн хүний биеийн байдал дунд зэрэг, нуруугаар их өвдсөн байдалтай ирсэн. Ухаан санаа саруул хүнтэй хэвийн харьцаж, асуусан асуултанд хариулж байсан...” гэх мэдүүлэг /хх-96-97 дугаар хуудас/,

2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын байцаагчийн дүгнэлт / хх-ийн 47-48 дугаар хуудас/,

        Хохирогч Ц.Жнь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ, хохирол төлбөр барагдуулах тухай 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээ /хх-ийн 10, 77 дугаар хуудас/,

        Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63-65 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1838008040447 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтооосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн  хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийг талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны 2 дугаар баг “Адууны гол” гэх газарт хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас иргэн Ц.Жмодонд даруулан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Ц.Жмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/, гэрч Ц.Э-ийн /хх-ийн 22-24 дүгээр хуудас/, М.Ц-ы /хх-ийн 25-26 дугаар хуудас/, С.Чулуунбаатарын /хх-ийн 34-35 дугаар хуудас/, Б.Б-ийн /хх-ийн 39-40, 88-89 дүгээр хуудас/, Б.Сарантуяагийн /хх-ийн 90-92 дугаар хуудас/, Б.С-ийн /хх-ийн 93-95 дугаар хуудас/, П.Ц-ын /хх-ийн 96-97 дугаар хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны  шатанд өгсөн мэдүүлгүүд,

          2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын байцаагчийн дүгнэлт, Хохирогч Ц.Жнь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ, хохирол төлбөр барагдуулах тухай 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээ /хх-ийн 10, 77 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

      Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг, анхаарал болгоомжгүй хандсан, хохирогчийн зүгээс анхаарал болгоомжгүй байдал болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг шүүгдэгч Б.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Б нь хохирогч Ц.Жэрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан бөгөөд хохирол нийт 2.500.000 төгрөгийг нөхөн төлж эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Ц.Жнь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Бэс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 63 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 4  эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1838008040447 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь

 хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Б1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Бд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      5. Эрүүгийн 1838008040447 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлөргүй, хохирогч Ц.Жнь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Бэс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР