| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2019/0066/Э |
| Дугаар | 64 |
| Огноо | 2019-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 64
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгч Г.Э ,
Хохирогч А.О ,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хахандаг овгийн Г.Э д холобгдох 1928000000064 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 13-нд Өмнөговь аймаг, Сэврэй суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамтаар Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5 дугаар баг, ............................ оршин суудаг, ял шийтгэлгүй, Хахандаг овгийн Г.Э , /регистрийн дугаар ................../
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Г.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Даш зам” ХХК-ийн сахиулын байранд иргэн А.О ийн нүүр хэсэгт мөргөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: А.О ийнд очиж архи ууж байгаад А.О ийг мөргөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээж байна гэв.
Хохирогч А.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 05 дугаар сарын 07-ний орой би хоёр хүүхэдтэйгээ гэртээ байж байхад шүүгдэгч эхнэр хүүхэдтэйгээ ирж 1 шил архи хувааж уусан. Тэгээд байж байгаад эхнэртэйгээ маргалдаад орж гараад байсан. Би эхэндээ юм хэлээгүй дараа нь юм хэлсэн тэгэхэд явлаа гээд хүүхдээ тэврээд гараад явсан. Удалгүй орж ирээд миний хажууд зогсох шиг болсон тэгээд намайг мөргөсөн. Тэгээд намайг уурлахад шүүгдэгч манайхаас яваад өгсөн маргааш нь би очоод чи намайг яагаад мөргөсөн юм бэ? Миний нүүр ийм болчихлоо гэж хэлсэн. Тэгэхэд би согтуу байна эрүүл болсон хойно ярь иймхэн юмны төлөө гэж хэлсэн. Тэгээд би шүүхэд хандсан. Тэр үедээ миний утсыг аваад шидчихсэн. Би утасны хохирол гэж 500.000 төгрөг авсан гэв.
Хохирогч А.О ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Өмнөговь аймгийн Даланзадгад сум 5-р баг .................. тоотод оршин суудаг бөгөөд аймгаас зүүн тийш 3 километрт Даш зам ХХК-нд сахиулын ажил хийдэг, тэгсэн 2019 оны 05 сарын 07-ны орой 16 цагийн үед манай найз Б.Н гэрийн гадаа ирчээд над руу гар утсаараа залгаад танайд хэн байгаа юм бэ? би Г.Э тэй ирсэн байна гэж хэлэхээр нь манайд Хандаа манай хоёр хүүхэд байна гэж хэлсэн чинь тэр хоёр гэрт ороод ирсэн, тэгээд Г.Э Б.Н хоёр аймгаас 0,75 граммын Ерөөл нэртэй архи бас нэг том 2,5 литрийн пиво авч ирсэн байсныг гаргаж ирээд бид хэд ууцгаасан, архи пиво ч дууссан Б.Н Г.Э бид гурав амйгийн төв рүү орж ирээд Г.Э гийн гэрт очоод эхнэр хүүхдийг нь аваад буцаад аймгаас гарахдаа дэлгүүрээр орж 2,5 литрийн пиво нэгийг аваад гарах гээд колонк дээр зогсож байтал Г.Э гийн найз нь гээд нэг залуу ирээд бид хэд бүгдээрээ Г.Э гийн машинаар буцаад аймгаас зүүн тийш Даш зам ХХК-ийн хашаанд гэрт очсон, гэрт ирээд архи пиво уугаад дуусч байхад цаг 23 цаг өнгөрч байсан байх, Г.Э эхнэртэйгээ хэрэлдээд байсан, гэрээс гарч ороод хэрэлдээд байхаар нь би Г.Э , Г.Э гийн эхнэрт та хоёр битгий гэр оронд хэрэлдээд бай, хэрэлдвэл гадаа гарч хэрэлд гэж хэлсэн чинь Г.Э эхнэртэйгээ гэрээс гараад явсан тэгтэл удалгүй эхнэр нь буцаж орж ирээд үлдэгдэл хугас шил архийг ууя гээд байж байтал Г.Э гаднаас орж ирээд ямар нэгэн үг хэллэг хэлээгүй шууд миний баруун нүд рүү цохисон, тэгэхээр нь би уурлаад босож очоод тэр хэдтэй маргалдаж байтал унтаж байсан, Б.Н , Г.Э гийн найз нь гээд залуу унтаж байгаад сэрээд юу болж байна юун хэрүүл маргаан болоод байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд би Г.Э рүү уурлаад чи яахаараа намайг цохиж авдаг юм бэ? гэж хэлж баахан уурласан, тэгсэн чинь миний S-5 маркийн гар утсыг газраас аваад над руу шидчихээд гэрээс гарах гэхээр нь чи яахаар миний гар утсыг шиддэг юм бэ? гэж хэлсэн чинь юм дуугаараагүй тэр хэд гараад явцгаасан... Г.Э нээх их согтоогүй, гэхдээ халамцуу байсан... Эмчилгээний болон утасны мөнгө гэж 500.000 төгрөг өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-6-7/,
Хохирогч А.О ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 05 сарын 07-ны орой 16 цагийн үед манай найз Б.Н гэрийн гадаа ирээд над руу гар утсаараа залгаад танайд хэн байгаа юм бэ? би Г.Э тэй ирсэн байна гэж хэлэхээр нь манайд Хандаа манай хоёр хүүхэд байна гэж хэлсэн чинь тэр хоёр гэрт ороод ирсэн, тэгээд Г.Э Б.Н хоёр аймгаас 0.75 граммын Ерөөл нэртэй архи бас нэг том 2.500 граммын пиво авч ирсэн байсныг гаргаж ирээд бид хэд ууцгаасан, архи пиво ч дууссан Б.Н Г.Э бид гурав амйгийн төв рүү орж ирээд Г.Э гийн гэрт очоод эхнэр хүүхдийг нь аваад буцаад аймгаас гарахдаа дэлгүүрээр орж 2.500 граммын пиво нэгийг аваад гарах гээд колонк дээр зогсож байтал Г.Э гийн найз нь гээд нэг залуу ирээд бид хэд бүгдээрээ Г.Э гийн машинаар буцаад аймгаас зүүн тийш Даш зам ХХК-ийн хашаанд би сахиул хийдэг юм тэр газраа буцаж очоод архи пиво уугаад дуусч байхад цаг 23 цаг өнгөрч байсан байх, Г.Э эхнэртэйгээ хэрэлдээд байсан, гэрээс гарч ороод хэрэлдээд байхаар нь би Г.Э , Г.Э гийн эхнэрт битгий гэр оронд хэрэлдээд бай, хэрэлдвэл гадаа гарч хэрэлд гэж хэлсэн чинь Г.Э эхнэртэйгээ гэрээс гараад явсан тэгтэл удалгүй эхнэр нь буцаж орж ирээд үлдэгдэл хугас шил архийг ууя гээд байж байтал Г.Э гаднаас орж ирээд ямар нэгэн үг хэллэг хэлээгүй шууд миний баруун нүд рүү цохисон, тэгэхээр нь би уурлаад босож очоод тэр хэдтэй маргалдаж байтал унтаж байсан, Б.Н , Г.Э гийн найз нь гээд залуу унтаж байгаад сэрээд юу болж байна юун зодоон болоод байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд би Г.Э рүү уурлаад чи яахаараа яагаад намайг цохиж авдаг юм бэ? гэж хэлж баахан уурласан, тэгсэн чинь миний S-5 маркийн гар утсыг газраас аваад над руу шидчихээд гэрээс гарах гэхээр нь чи яахаар миний гар утсыг шиддэг юм бэ? гэж хэлсэн чинь юм дуугаараагүй тэр хэд гараад явцгаасан, би Хандаа найзтайгаа гэртээ үлдсэн...” гэжээ. /хх-9-10/,
Шүүгдэгч Г.Э гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 05 сарын 07-ны орой 19 цагийн үед Би найз Б.Н тэй хамт аймгаас зүүн тийш 3 километр орчимд байх зам ангийн Даш зам ХХК-нд манаач хийж байгаа найз А.О ийн гэрт очоод Б.Н А.О нартай хамт 1 шил Ерөөл нэртэй 0.75 граммын архи, 2.500 граммын Сэрүүн нэртэй пивыг бид гурав хувааж ууж байгаад дуусгаагүй 21 цаг өнгөрч байсан байх, аймгийн төв рүү орж би эхнэр хүүхдээ аваад өөрийн машинаараа буцаад колонк дээр найз М-эй таараад тэгээд хэдүүл буцаад Даш зам ХХК-ийн хашаанд байх Отгонцэцгийн гэр лүү бүгдээрээ явцгаасан, очоод үлдээсэн байсан архиа дуусгаад аймгаас авч очсон архиа ууцгааж байгаад би машиндаа ороод унтаж байгаад нэг сэрсэн чинь би эхнэр Б.Э тайгаа маргалдаж байснаа санаад байгаа юм, тэгсэн эхнэр бид хоёр маргалдаж байхад А.О дундуур орж ирээд бид хоёрыг салгахад нь би мөргөчихсөн юм шиг байна лээ, тэгээд Мөнх-Эрдэнэ, манай эхнэр Б.Э , найз Б.Н бид нар аймгийн төв рүү Б.Н ийнд ирж хоносон, тэгсэн маргааш нь А.О чи миний нүүр лүү цохиж гэмтэл учруулсан гээд цагдаа руу дуудлага өгсөн... Би нилээн согтсон, өөрийгөө авч явах чадвартай байсан...” гэжээ. /хх-11-12/,
Гэрч Б.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 05 сарын 07-ны орой 16 цагийн үед би нөхөр Г.Э тэй гэртээ байж байхад гаднаас Б.Н орж ирээд Г.Э г таксинд яваад өгөөч төв рүү орж ирэх гэсэн юм гээд тэгээд тэр хоёр гэрээс гараад яваад өгсөн, тэгсэн орой 20 цагийн үед Г.Э Б.Н А.О нар гэрт ирсэн, А.О намайг 2 хүүхдээ авчих манайд очъё гээд байхаар нь хамт бүгдээрээ А.О ийн ажилдаг зам ангийн Даш зам ХХК-руу явцгаасан, тэгээд А.О ийн гэрт очоод 0.75 граммын Ерөөл архийг хэн нь авсныг нь мэдээгүй ямар ч байсан архи гаргаж ирээд бид нар бүгдээрээ ууцгаасан, архи ч дууссан тэгээд би явъя гээд нөхөр Г.Э рүү хэлсэн чинь түр хүлээж бай гээд машины түлхүүрнээс болоод Г.Э бид хоёр маргалдаж байсан чинь А.О манай нөхрийг гараараа алгадаад байсан, тэгэхээр нь манай нөхөр Г.Э А.О ийн нүүр рүү мөргөсөн чинь А.О баруун ор луугаа унасан, тэгээд би гэрээс нь гарах гэсэн чинь А.О өөрийнхөө гар утсыг үүд рүү шидэж байгаа харагдсан, тэгээд би гараад явсан, удалгүй араас нөхөр Г.Э гараад ирсэн, тэгээд манай нөхөр Г.Э , Б.Н , М бид нар аймгийн төв рүү яваад Б.Н ийнд очиж амарцгаасан... Манай нөхөр Г.Э А.О ийн нүүр рүү нь мөргөж гэмтээсэн, А.О өөрөө гар утсаа үүд рүү шидэж байгаа харагдсан...Бүгдээрээ соггуу байсан, би гайгүй гэхдээ уусан байсан...” гэжээ. /хх-13-14/,
Гэрч Б.Н ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 05 сарын 07-ны өдөр Номгон сумын наах нь манай хөдөө гэр байдаг тэр өдөр аймаг руу өдөр 12 цаг өнгөрч байхад Ногоочдын 1-28 тоот гэртээ ирээд Г.Э гийн гэрт нь ороод Г.Э г гадуур яваад ажил амжуулаад өгөөч гээд машинтай нь гуйсан байсан юм, тэгээд Г.Э бид хоёр гадуур дэлгүүрээр явж ажлаа амжуулчихаад А.О т мөнгө төгрөг өгөх ёстой байсан юм тэгээд Г.Э бид хоёр дэлгүүрээр ороод 1 шил архи, 1 том пиво аваад аймгаас зүүн тийш 3 км-т байх Даш зам ХХК-ийн хашаанд сахиул хийдэг А.О ийн гэрт очоод архи пиво ууцгааж байгаад орой болсон байсан, Г.Э гийн эхнэрийг авах гээд А.О Г.Э бид гурав яваад Г.Э гийн эхнэр Б.Э ыг гэрээс аваад буцаад А.О ийнх рүү явах замдаа колонкоос бензин аваад А.О ийнд очиж үлдсэн архиа ууцгааж байгаад би унтаад өгсөн, тэгсэн нэг мэдсэн Г.Э эхнрэтэйгээ маргалдаад байсан, тэгээд сэрээд Г.Э Б.Э А.О нар маргалдаад байхаар нь салгаад Г.Э Б.Э хоёрыг гэрээс нь авч гараад бид хэд цуг манайд очиж хоносон...” гэжээ. /хх-15/,
Шүүгдэгч Г.Э гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Манайх Өмнөговь аймгийн Даланзадгад сум Ногоочдын 1-28 тоот хашаанд байдаг юм, тэгсэн Б.Н хөдөөнөөс ирлээ төв рүү таксидах гэсэн юм чи яваад өгөөч гээд тэгээд гадуур явж Б.Н ийн ажлын амжуулж өгөөд, тэр өдрөө 2019 оны 05 сарын 07-ны орой 19 цагийн үед Б.Н тэй хамт аймгаас зүүн тийш 3 км орчимд байх зам ангийн “Даш зам” ХХК-нд компанийн манаач хийж байгаа найз А.О ийн гэрт очоод Б.Н А.О нартай хамт 1 шил Ерөөл нэртэй 0.75 граммын архи, 2.500 граммын Сэрүүн нэртэй пивыг бид гурав хувааж ууж байгаад дуусгаагүй 21 цаг өнгөрч байсан байх, аймгийн төв рүү орж би эхнэр хүүхдээ аваад өөрийн машинаараа буцаад колонк дээр найз М-тэй таараад тэгээд хэдүүл буцаад Даш зам ХХК-ийн хашаанд байх А.О ийн гэр лүү бүгдээрээ явцгаасан, очоод үлдээсэн байсан архиа дуусгаад аймгаас авч очсон архиа ууцгааж байгаад, Б.Н , М нар согтоод унтаад өгсөн, тэгээд би машиндаа ороод бас нилээн унтаж байгаад нэг сэрсэн чинь эхнэр Б.Э тайгаа маргалдаж байснаа санаад байгаа юм, тэгсэн эхнэр бид хоёр маргалдаж байхад А.О дундуур орж ирээд бид хоёрыг салгахад нь би мөргөчихсөн, тэгээд бид нар аймгийн төв рүү Б.Н ийнд очиж хоносон, тэгсэн маргааш нь А.О чи миний нүүр лүү мөргөж гэмтээсэн гээд манайд ирсэн...Тухайн үед эхнэртэйгээ маргалдаж байхад А.О дундуур орж ирээд салгах үед нь А.О ийн нүүр лүү нь мөргөсөн. Нүүрэнд нь гэмтэл учруулсан... Эмчилгээ болон гар утасны мөнгө гээд нийлээд 500.000 төгрөг өгсөн..” гэжээ. /хх-22-23/,
2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...А.О ийн биед хамрын таславчийн цууралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ /хх-17/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,
Хохирогч А.О ийн Цагдаагийн газарт гаргасан гомдол /хх-4/
Хохирогчоор тогтоох тогтоол /хх-5/,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-26/
Шүүгдэгч Г.Э гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-27/
Шүүгдэгч Г.Э гийн суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-28/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-29/,
Хохирогч А.О ийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-39-43/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:
Шүүгдэгч Г.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Даш зам” ХХК-ийн сахиулын байранд иргэн А.О ийн нүүр хэсэгт мөргөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Г.Э д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Шүүгдэгч Г.Э гийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Г.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 23 цагийн орчимд иргэн А.О т хамрын таславчийн цууралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч А.О ийн мэдүүлэг /хх-6-7/, хохирогч А.О ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-11-12/, гэрч Б.Э ын мэдүүлэг /хх-13-14/, шүүгдэгч Г.Э гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-22-23/, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн “...А.О ийн биед хамрын таславчийн цууралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-17/, хохирогч А.О ийн Цагдаагийн газарт гаргасан гомдол /хх-4/ хохирогч А.О ийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-39-43/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-29/-аар шүүгдэгч Г.Э нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Э г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч А.О т гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 500.000 төгрөг төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин шүүгдэгч Г.Э гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч шүүгдэгч Г.Э д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Э нь оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоон, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Хохирогч А.О нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э гээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлгийг өгсөн, шүүгдэгч Г.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 500.000 төгрөгийг хохирогчид төлсөн талаар мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Г.Э г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Э нь 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Э нь хохирогч А.О т гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 500.000 /таван зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Г.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ