Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00309

 

 

 

 

 

 

 

 

 

2023 02 06 210/МА2023/00309

 

 

Ц.А ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/04914 дугаар шийдвэртэй, нөхөх олговорт 80,000,000 төгрөг гаргуулах тухай Ц.А ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг прокурорын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие нөхөх олговрын 80,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өв залгамжлан авсан. Учир нь ээж маань нөхөх олговрын материалаа бүрдүүлж байхдаа буюу 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өвчний улмаас нас барсан. Ээжийн маань аав Ч овогтой Л Өмнөговь аймгийн Луус сумын харьяат хүн байсан бөгөөд 1938 оны 10 дугаар сарын 15-ны өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 37 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 48-р зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн боловч Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1993 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 70 дугаар магадлалаар цагаатгасан байдаг. Би Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасны дагуу нөхөх олговрын 80,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхийг өв залгамжлалаар авсан. Мөн ээжийн дүүгийн охин Г.Т тай хэлцэл хийж, миний бие 56,000,000 төгрөг, Г.Т нь 24,000,000 төгрөг авахаар болсон тул нөхөх олговрыг олгож өгнө үү гэжээ.

 

2.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Ч.Л нь 1938 онд онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр цаазаар авах ялаар шийтгүүлэн, 1993 онд Монгол улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн 70 дугаартай магадлалаар цагаатгагдсан нь архивын баримтаар тогтоогдсон. Хуульд хэлмэгдэгчдийн үр хүүхэд, хэрэв үр хүүхэд нас барсан бол ач, зээд нь нөхөх олговор олгохоор заасан байх тул хуульд заасан үндэслэл журмын дагуу нөхөх олговрыг олгох нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын төсвийн орлогоос улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч Ч.Л д олгох цагаатгалын нөхөх олговрын 80,000,000 төгрөгөөс төрсөн охин Ю.Ц ын өв залгамжлагч Ц.А т 56,000,000 төгрөг, зээ охин Г.Т д 24,000,000 төгрөгийг тус тус олгож, хүсэлт гаргагч Ц.А улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/XT2022/00323 дугаартай тогтоолд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улстерийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно, 13.2.1 улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр (нөхөр), эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор терсен хүүхдэд 80 сая төгрөг” гэснийг хууль тогтоогчийн хүсэл зоригоор тайлбарлавал, уг нөхөх олговор нь зөвхөн тухайн зүйл, заалтад нэрлэн заасан этгээд болох хэлмэгдэгч, эсхүл түүний эхнэр (нөхөр), эсхүл төрсөн болон үрчилж авсан хүүхдэд хамаатай буюу хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2-т заасан нөхөх олговрыг авах эрхтэй этгээд 13.1-т заасан олговрыг авах эрхтэй этгээдээс ялгаатай, хязгаарлагдсан байна. Энэ утгаараа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээдэд уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3-т заасан этгээд хамаарна. Өөрөөр хэлбэл эдгээр зүйл, заалтад нэрлэн зааснаас бусад хүнийг, тухайлбал, 10.1.4-т заасан хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээг, эсхүл нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд нас барсан тохиолдолд түүний “өв залгамжлагч-ийг хамаатуулан ойлгохгүй. Ийнхүү дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан этгээдийг үгийн шууд утгаар тайлбарлах тул уг зүйл, хэсгийг хэрэглэхэд 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийг мөн хэрэглэхгүй буюу хуулийг системчлэн тайлбарлахгүй юм. Харин уг зохицуулалт нь хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт хамаарна гэж дурдсан байна. Иймд анхан шатны шүүх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтыг хуулийн агуулга, зорилгоос зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэхээр байна. Үүнээс дүгнэхэд иргэн Ц.А , Г.Т нар нь нөхөх олговрын 80,000,000 төгрөгийг хүлээн авах эрхгүй этгээд гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байна гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд прокурор эсрэг байр суурьтай оролцоогүй. Шүүх хуулийг буруу тайлбарласан гэж үзээгүй. Нэхэмжлэгч Ц.А нь хууль ёсны өмчлөгч болох нь хэргийн 11 дүгээр талд авагдсан өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогддог. Иймээс хуульд заасан хугацаанд хүсэлтээ гаргасан. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т зааснаар улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч Ч.Л д олгох цагаатгалын нөхөх олговор 80,000,000 төгрөгийг түүний төрсөн охин Ю.Ц ын өв залгамжлагч Ц.А т 56,000,000 төгрөгийг, зээ охин Г.Т д 24,000,000 төгрөгийг олгох үндэслэлтэй гэж дүгнэсэн. Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэсэн. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад прокурорын гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Ц.А нь нөхөх олговорт 80,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурор зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсгийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч Ц.А ийн өвөө буюу хэлмэгдэгч Ч.Л нь Онцгой бүрэн эрхт комиссийн 1938 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 37 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 48 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж, Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 70 дугаар магадлалаар цагаатгагдсан болох нь талуудын тайлбар, Тагнуулын Ерөнхий Газрын тусгай архивын лавлагаа, Дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдааны магадлал зэргээр тогтоогджээ. /хх-ийн 6-11-р тал/

4.а.Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг нийтэд зарласны дотор хэлмэгдэгч Ч.Л ийн охин Ю.Ц багтсан боловч Ю.Ц нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өвчний улмаас нас барсан байна. /хх-ийн 15, 17-р тал/

 

4.б.Улмаар нас барагч Ю.Ц ын төрсөн охин буюу нэхэмжлэгч Ц.А т 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 0130 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгогдож, тус өвлөх эрхийн гэрчилгээнд хэлмэгдэгч Ч.Л ийг цагаатгасны нөхөх олговрын 80,000,000 төгрөгийг нэхэмжлэгч эрхтэй талаар заажээ. /хх-ийн 14-р тал/

 

4.в.Гэвч Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг” олгоно гэж заасан буюу нөхөх олговор нь зөвхөн тухайн зүйл, заалтад нэрлэн заасан этгээд болох хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл төрсөн болон үрчилж авсан, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд хамаатай гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсгийг үгийн шууд утгаар тайлбарлах тул мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасан хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээг, эсхүл нөхөр олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд нас барсан тохиолдолд түүний “өв залгамжлагч”-ийг хамаатуулан ойлгохгүй буюу хуулийг дэлгэрүүлэн тайлбарлахгүй тул нэхэмжлэгч Ц.А болон түүнтэй хэлцэл хийсэн Г.Т нар нь нөхөх олговрыг шаардах эрхтэй этгээдэд хамаарахгүй байна.

 

4.г.Түүнчлэн, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “Энэ зүйлийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа, эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжинэ” гэж заасныг мөн хэрэглэхгүй буюу хуулийг системчлэн тайлбарлахгүй юм. Харин уг зохицуулалт нь мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. дэх хэсэгт хамаарна.

 

5.Иймд прокурорын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/04914 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасныг баримтлан нөхөх олговорт 80,000,000 төгрөг гаргуулах тухай Ц.А ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гуравдагч этгээд нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.НЯМБАЗАР

     ШҮҮГЧ                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

         Г.ДАВААДОРЖ