| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0316/Э |
| Дугаар | 327 |
| Огноо | 2019-05-01 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 327
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,
улсын яллагч Ж.Энхжаргал,
өвсөр насны шүүгдэгч Б.А, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Индра,
өмгөөлөгч Ц.Ганчимэг /ҮД:0497/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж А овогт Б-ийн А-д холбогдох эрүүгийн 1803008290104 дугаартай, 187/2019/0316/Э индекстэй хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........... оны .......... дүгээр сарын .......-нд Улаанбаатар хотод төрсөн, ................настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, :::::::: сургуулийн ::::::::::::::::, ам бүл :::::::::::: хамт, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ............... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, А овогт Б-ийн А /РД:............./
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Өсвөр насны шүүгдэгч Батдэлгэр овогтой А нь 2018 оны 9 дүгээр сарын 29-ний орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг Нисэхийн автобусны эцсийн буудлын замд Тоёота Рав-4 маркийн 55-54 УБН улсын дугаартай автомашины жолоодож Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмэлэх, 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч Л.Б-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Өсвөр насны шүүгдэгч Батдэлгэр овогтой А нь 2018 оны 9 дүгээр сарын 29-ний орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нисэхийн автобусны эцсийн буудлын замд Тоёота Рав-4 маркийн 55-54 УБН улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ц.Амарбаясгаланг цавуу авахаар барилгын материалын дэлгүүр орсны дараа жолоочийн суудал дээр сууж машины түлхүүрийг түлхэж, ухрах үйлдэл хийж автомашиныг жолоодохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Б-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Б.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гэрээсээ гараад найзындаа очсон. Манай найзынх гэртээ 00-ын өрөөндөө засвар хийж байсан. Ээж нь бид хоёрыг цавуунд яваад ир гэсэн. Бид хоёр хамт цавуунд явсан. Манай найз цавуу авах гээд буусан. Би машинд нь үлдээд, хүн дайрчихсан. Би хажуу талд нь сууж байсан. Би найзыгаа буугаад явахад нь жолоочийн суудалд суугаад юм оролдож байгаад гэнэт хөдөлсөн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн орой найз нарынхаа хамтаар Нисэхийн эцсийн буудлын орчимд зогсож байхад намайг таньдаг хүн Цэнгэл ахаа гэхэд хойшоогоо эргээд харахад 1 хар юм ороод ирсэн. Нэг ухаан ороход намайг машинд дайруулчихлаа гэж хэлсэн Түргэнээр гэмтлийн эмнэлэгт орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/
3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11/
4. Өсвөр насны шүүгдэгч Б.Агийн төрсний гэрчилгээний хуулбар, осол гаргах үеийн насыг тоолсон тэмдэлэл: “...Б.А нь зам тээврийн осол гаргах үедээ 16 нас 1 хоногтой байсан...” /хх-ийн 69-70/
5. Хохирогч Ж.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Амарбаясгалан нь жолоо барих эрхгүй, автомашин жолоодож чадна. Би өөрөө Амарбаясгаланд зааж өгсөн юм. Манай ээжийнх био руу байдаг юм. Тэгээд тэнд задгай газар очоод автомашин хэрхэн жолоодох талаар зааж өгч байсан. Амарбаясгалан жолоо барих дуртай. Тэгээд эртнээс сурч байг гэж бодож зааж өгсөн. ...2018 оны 9 дүгээр сарын 29-ний орой 21 цаг өнгөрч байхад гэртээ засвар хийж байтал цавуу дуусчихаар нь Амарбаясгаланг цавуунд яваад ир гэсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-79/
6. Өсвөр насны гэрч Ц.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 20 цагийн үед ээж бид хоёр гэрийнхээ нолийн өрөөний ханийн цаас урагдсан байсанг нааж байтал цавуу дуусчихсан юм. Тэгээд ээж намайг дэлгүүрээс 550 гэдэг нэртэй цавуу аваад ир гэхээр нь би А тай хамт нисэхийн эцэс рүү Rav-4 маркийн УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан. Тэгээд нисэхийн эцэст байрладаг караокены хойд гудамжид автомашины байрлуулчихаад барилгын материалын дэлгүүрт ороод цавуу аваад зогсож байтал А гаднаас би хүн алчихлаа гээд орилоод ороод ирсэн. Тэгээд гүйгээд гартал автомашин байрлуулсан газраас хойш ухран Нисэхийн буудлын голд байдаг төмөр хашлагыг мөргөөд зогчихсон байдалтай хажуу талд нь нэг хүн хэвтэж байсан. Хэн түргэн цагдаа дуудсаныг би мэдэхгүй байна. Түргэн ирээд автомашинд мөргүүлсэн гэх хүнийг авч явсан бөгөөд би болон А цагдаагаас хүн ирж хэргийн газрын үзлэг хийхэд нь байлцсан. ...Rav-4 маркийн 55-54 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүр цонхны тавцан дээр байсан юм. Ээж намайг дэлгүүр яваад ир гэхээр нь би авч гарсан. Уг автомашиныг жолоодох эрхийг хэн ч надад өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87-88/
7. Гэрч О.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 29-ний орой Л.Батцэнгэлтэй Нисэхийн автобусны буудлын орчим зогсож байтал гэнэт л нэг автомашин ухраад би “:хөөе” гээд Л.Б-ийг дуудтал уг автомашин Л.Б-ийг мөргөчихсөн. Би тухайн үед их сандарсан бөгөөд автомашин жолоодож байсан охин нь “хүн алчихлаа ш дээ” гэж хэлсэн. Уг жолооч автомашинаасаа буугаад дэлгүүр лүү гүйж ороод найзыгаа дагуулаад ирсэн. Автомашинд мөргүүлсэн дараа Л.Батцэнгэл ухаантай байсан боловч шокын байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 90-92/
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №16 тоот дүгнэлт:
-Л.Б-ийн биед зүүн эгэм яс, зүүн шуу яс, баруун шагай ясны гадна хавчаар ясанд хугарал, баруун шагайн дотор хавчаар ясанд цууралт гэмтэл тогтоогдлоо.
-Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
/хх-ийн 94-95/
9. Техникийн шинжээчийн 84 дугаартай дүгнэлт: “...Rav-4 маркийн УБН улсын дугаартай автомашины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах баримт бичгийг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” /хх-ийн 122/
10. Өсвөр насны шүүгдэгч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би сонсгож байгаа зүйл ангийг уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ээж Я.Энхмаагийн хамт гэрчийн мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлэгтээ болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа. Өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 142/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 144/-аар тогтоогдлоо.
Өсвөр насны шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №16 тоот дүгнэлт, техникийн шинжээчийн 84 дугаартай дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь өвсөр насны шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь өсвөр насны шүүгдэгч Батдэлгэр овогтой А нь 2018 оны 9 дүгээр сарын 29-ний орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нисэхийн автобусны эцсийн буудлын замд Тоёота Рав-4 маркийн 55-54 УБН улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ц.Амарбаясгаланг цавуу авахаар барилгын материалын дэлгүүр орсны дараа жолоочийн суудал дээр сууж машины түлхүүрийг түлхэж, ухрах үйлдэл хийж автомашиныг жолоодохдоо явган зорчигч Л.Б-ийг мөргөж түүний биед зүүн эгэм яс, зүүн шуу яс, баруун шагай ясны гадна хавчаар ясанд хугарал, баруун шагайн дотор хавчаар ясанд цууралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсныг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна” гэсэн, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч улсууд эрүүгийн хууль зөрчсөн хэмээн сэжиглэгдсэн, яллагдсан, гэм буруутай нь тогтоогдсон хүүхдийн нэр төр, үнэ цэнэ, хүний эрх, бусдын үндсэн эрх чөлөөг хүндэтгэх үзлийг бататгах, нийгмийн амьдралд буцаан оруулах шаардлага, насны онцлогийг харгалзан, нийгэмд бүтээлч үүрэг гүйцэтгэх эрхийг хүндэтгэн хандана” гэсэн, 2 дахь хэсгийн b-VII-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хүүхдийн хувийн байдлыг бүрэн хүндэтгэх” гэсэн, 4 дэх хэсэгт “Хүүхдийн аж байдал, үйлдсэн хэргийн байдалд тохируулан хандах үүднээс асрамжлах, хянан харгалзах, зөвлөгөө өгөх, туршилтын хугацаа тогтоох, асран хүмүүжүүлэх газар, боловсрол, мэргэжлийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, чиглүүлэх тухай захирамж гаргах, түр асрамжид шилжүүлэх зэргээр бусад олон хувилбарын арга хэмжээ авах нь чухал” гэсэн заалтууд, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2 дахь заалтад “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах” гэсэн Хүүхдийн эрхийн үндсэн зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, шийдвэр гаргахдаа түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангана” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-43, 169/ гэсэн мэдүүлэг, өсвөр насны шүүгдэгч Б.Агийн хувийн байдал /...16 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн 7 дугаар сургуулийн 11в ангийн сурагч, ам бүл 6, эмээ, эгч, нагац эгч, 2 дүүгийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Аг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжлүүлэхээр хүмүүжлийн чанартай, мөн гэм бурууг нь ухамсарлуулах, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэргийлэх зорилгоор зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ааг хянан хүмүүжлүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, мөн хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч эгч А.Индрад тус тус даалгах нь зүйтэй.
Б.Аад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2, 18.10 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А овогт Б-ийн А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч А овогт Б-ийн А г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжлүүлэхээр хүмүүжлийн чанартай, мөн гэм бурууг нь ухамсарлуулах, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэргийлэх зорилгоор зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ааг хянан хүмүүжлүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, мөн хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч эгч А.Индрад тус тус даалгасугай.
4. Б.Аад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Б.Аад сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Б.Аагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг тэнсэж, хянан хүмүүжлүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР