Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00263

 

2023.01.27 №263

Ц.Э -н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдх шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/02628 дугаар шийдвэртэй, гэрлэлт бүртгүүлсэн болохыг тогтоолгох тухай Ц.Э-н нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие нөхөр Ж.Г тэй 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрлэж, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ардын депатутын хурлын гүйцэтгэх захиргаанд гэрлэлтээ бүртгүүлэн, 49 тоот гэрлэлтийн гэрчилгээгээ авсан. Гэтэл тухайн үед гэрлэлтийг бүртгэж байсан захиргааны ажилтан уг бүртгэлийг улсын бүртгэлд оруулаагүйтэй холбоотойгоор гэрлэлт бүртгэгдээгүй. Бид гэрлэлтээ бүртгүүлсэн нь гэрлэлтийн гэрчилгээ, улсын бүртгэлийн нэгдсэн архивын маягт, БНМАУ-ын иргэний паспортын гэрлэлтийн байдлыг бүртгэсэн бүртгэл, Сүхбаатар аймгийн Цагдан сэргийлэх ангиас олгосон БНМАУ-ын иргэний паспортын гэрлэлтийн бүртгэл, Архивын ерөнхий газар-Үндэсний төв архивын лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогддог. Бид гэрлэснээс хойш гэрлэлтээ захиргааны болон шүүхийн журмаар цуцлуулаагүй. Ж.Г нь 2001 онд гэрлэлтээ цуцлуулахаар Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээр хэргийг хянан шийдвэрлэж байх хугацаанд тэрээр АНУ руу явсан учир тус шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1281 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Ж.Г энэ үеэс хойш Монголд ирж чадалгүй байсаар 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 60 насандаа АНУ-д нас барсан. Гэрлэлтээ бүртгүүлснийг тогтоолгох зорилго нь Ж.Г  бид хоёр 3 охин, 8 зээтэйИймд бидний үр хүүхэд, зээ нар маань албан ёсны, хөдөлмөрч, удам сайтай эцэг эх гэр бүлээс төрснөө мэдэж байх болон ургийн бичгээ үнэн зөв хөтлөх зэрэгт онцгой ач холбогдолтой юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйл болон Иргэний бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасны дагуу Ц.Э Ж.Г нар нь 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ардын депатутын хурлын гүйцэтгэх захиргаанд гэрлэлтээ бүртгүүлсэн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга: Гэрлэлтийн бүртгэлийг нөхөн бүртгэх тухай улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2019 дугаартай дүгнэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3425 дугаар дүгнэлтээр хүчингүй болгосон. Ж.Г , Ц.Э нарын гэрлэсний бүртгэл, түүнтэй холбоотой бусад асуудлаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3430 дугаар дүгнэлтээр гэрлэсний бүртгэлийг хүчингүй болгосон. Иргэн Ц.Э аас хяналтын улсын ахлах байцаагчийн 3430 дугаар дүгнэлтийг эс зөвшөөрч, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.Э ы гэрлэлт бүртгүүлсэн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар Ц.Э ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна. Ц.Э Ж.Г нарын гэрлэлт бүртгүүлсэн байдал нь гэрлэлт бүртгэх дэвтэр /журнал/-т бичигдсэн, тэмдэглэгдсэн зүйлгүй, үүнийг хаанаас ч олох боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-т зааснаар шүүхэд хандсан. Иргэний гэр бүлийн бүртгэлд иргэний төрөлт,үрчлэлт, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, нас баралтыг бүртгүүлсэн байдал, тэмдэглэл зэрэг баримт байхгүй түүнийг шүүхээс өөр байгууллага тогтоох боломжгүй болсон, иргэний бүртгүүлсэн эдгээр байдлыг иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага тогтоохоос татгалзсан тохиолдолд тус тус шүүхэд хүсэлт гарган шийдвэрлүүлнэ. Энэ талаар Иргэний бүртгэлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дах хэсэгт заасан. Ц.Э нь Сүхбаатар аймгийн улсын бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдлийн дагуу Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 4.3-тГэрлэлтийн гэрчилгээтэй боловч мэдээллийн санд гэрлэсний бүртгэлгүй, иргэний бүртгэлийн архивт гэрлэсний бүртгэлийн эх нотлох бичиг баримт байхгүй тохиолдолд гэрлэлтийн гэрчилгээ, гэрлэсний бүртгэлээс бусад ХААТР маягт бүртгэлийн дэвтэр эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн гэрлэсний бүртгэлд нөхөн бүртгэсний дараа гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийг хөтөлнө” гэж заасны дагуу 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 2019 тоот дүгнэлтээр Ц.Э /ЧП60Ю2306/, Ж.Г /ЧП61020235/ нарын Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болж, 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулсан 49 дугаартай гэрлэлтийн гэрчилгээг үндэслэн гэрлэсний бүртгэлийг нөхөн бүртгэх гэж шийдвэрлэсэн. Гэтэл улсын бүртгэлийн ахлах байцаагч Ч.Эрдэнэчимэг нь 3430 тоот дүгнэлтээрээ 49 дугаарт өөр хүмүүс бүртгэлтэй байна гэсэн үндэслэл зааж уг дүгнэлтийг хүчингүй болгосон. Нэгэнт 1980 онд гэрчилгээ олгосон Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ардын депатутын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга Д.С нь бүртгэх дэвтэрт бүртгээгүй тул 49 дугаарт өөр хүн байх нь ойлгомжтой тул хяналтын улсын байцаагч энэ асуудлаар дүгнэлт гаргахгүй гэж ойлгосон. Иймд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий байдлыг тогтоолгохоор иргэний шүүхэд хандсан. Анхан шатны шүүх нотлох баримтад учир зүйн/логик/ зөв дүгнэлт хийж, нотлох баримтанд тал бүрээс нь эргэлзээгүй, үнэн зөв дүгнэлт хийгээгүй. Учир нь шүүхийн санаачлагаар хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь захиргааны хэргийг хянан шийдвэрлэсний дараа хэргийг шийдвэрлүүлнэ гэсэн хүсэлт гаргасан шүүх хүсэлтийг шийдвэрлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хүсэлтийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: 1980 онд Ж.Г , Ц.Э нарын гэрлэлтийг бүртгэсэн тухайд гэрлэлтийн бүртгэлийн дэвтрийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын материалаас үзэхэд тухайн гэрлэлт бүртгэгдсэн нотлох баримт байхгүй. 2018 онд батлагдсан Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд холбогдох мэдээлэл бүртгэгдээгүй бол уг мэдээллийг улсын бүртгэгч иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийг үндэслэн, улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулна гэж заасан. Гэтэл Ж.Г , Ц.Э нарын гэрлэлтийг бүртгэсэн гэрлэлтийн бүртгэлийн дэвтэр байхгүй. Дараагийн арга хэмжээ нь иргэний гар дээр байгаа гэрлэлтийн гэрчилгээ бусад холбогдох баримт бичгийг үндэслэн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу улсын бүртгэгч мэдээллийн санд оруулдаг. Дарааллын дагуу улсын байцаагчийн дүгнэлт захиргааны акт мөн эсэх маргаан шийдвэрлэгдээгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Ц.Э нь гэрлэлт бүртгүүлсэн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 

3.Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2019 дугаар дүгнэлтээр иргэн Ц.Э , Ж.Г нарын гэрлэлтийг бүртгэсэн 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 49 дугаартай гэрлэлтийн гэрчилгээг үндэслэн, гэрлэсний бүртгэлийг нөхөн бүртгэхээр шийдвэрлэсэн байна. /хх-ийн 40-41-р тал/

 

3.а.Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3425 дугаар дүгнэлтээр дээрх 2019 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтийг, мөн өдрийн 3430 дугаар дүгнэлтээр Ж.Г , Ц.Э нарын гэрлэсний бүртгэлийн 49 дугаартай бүртгэлийг тус тус хүчингүй болгожээ. /хх-ийн 42-52-р тал/

 

3.б.Нэхэмжлэгч Ц.Э нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3430 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн шүүгчийн мөн өдрийн 6294 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь талуудын тайлбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 6294 дугаар захирамж зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 53-54-р тал/.

 

Өөрөөр хэлбэл, гэрлэлтийн бүртгэлийг нөхөн бүртгэх тухай улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эсэх талаарх маргааныг захиргааны хэргийн шүүх хянаж буй үйл баримт тогтоогджээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан бөгөөд уг нөхцөл байдал хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан.

 

3.в.Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхаараагүйгээр хэргийн үйл баримтад дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт бүртгүүлсэн болохыг тогтоолгох тухай Ц.Э ы нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/02628 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт бүртгүүлсэн болохыг тогтоолгох тухай Ц.Э ы нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

       4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЗОЛЗАЯА

     ШҮҮГЧ                            Д.ЗОЛЗАЯА

         Г.ДАВААДОРЖ