Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 444

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Галуут сумын 4 дүгээр багт оршин суух, эрэгтэй, ДП71030710 регистрийн дугаартай, Боржгон овогт Цэнд-Аюушийн Батжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Галуут сумын оршин суух, эрэгтэй, ВК81090837 регистрийн дугаартай, Биндэр овогт Пүрэвжалын Түмэн-Өлзийд холбогдох

Мотоцикль худалдсаны үнийн 1172000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Батжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Галуут сумын 3 дугаар багийн иргэн П.Түмэн-Өлзий нь 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манайхаас мустанг-5 маркийн шинэ мотоциклийг зээлийн гэрээгээр худалдан авсан. 2016 оны 05 дугаар сарын 10-нд мөнгийг өгнө гэж тохирсон боловч 7 хоногийн дараа 728000 төгрөгийн ноолуур өгөөд үлдсэн мөнгийг удахгүй өгнө гэсэн. Мөнгөө нэхэхээр өгнө гэх мөртлөө өдийг хүртэл өгөөгүй байна. Би энэ мотоциклийг зээлийн гэрээгээр авч зарж байгаа болохоор мөнгө нь нэхэгдээд байна. Иймд П.Түмэн-Өлзийгөөс мотоциклийн үндсэн үнэ 782000 төгрөг, алданги 390000 төгрөг, нийт 1172000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Түмэн-Өлзий шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие П.Түмэн-Өлзий нь Ц.Батжаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох мотоциклийн үнэ, түүний алданги нийт 1172000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2016 оны 07 дугаар сарын 28-ны дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч П.Түмэн-Өлзий нь мотоциклийн үнэ 1172000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн дотор нэхэмжлэгч Ц.Батжаргалд төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч П.Түмэн-Өлзийн шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн хариуцагч П.Түмэн-Өлзийн зөвшөөрлийг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч П.Түмэн-Өлзий нь мотоциклийн үнэ 1172000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн дотор нэхэмжлэгч Ц.Батжаргалд төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төрийн сангийн данснаас 15271 төгрөг, хариуцагч П.Түмэн-Өлзийгөөс 15271 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ц.Батжаргалд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг захирамжийг хариуцагч П.Түмэн-Өлзий нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ