Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 345

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Б.Энхмэнд,    

шүүгдэгч Л.В , түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Ц  овогт Л-ын  В-д  холбогдох эрүүгийн 1810010200219 дугаартай, 187/2019/0332/Э индекстэй хэргийг 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ....... оны .....дугаар сарын .......-нд Завхан аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, ....... тоотод оршин суух, урьд 2001 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тухай 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн 123.1, 212, 131 дүгээр зүйлд зааснаар 4 жил 10 сарын хорих ял , 20.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан, Ц  овогт Л-ын  В  /РД:...................../

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.В  нь 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говь” хувцаат компанид ачигчаар ажиллаж байхдаа тус компаний агуулахаас 3.612.000 төгрөгийн үнэтэй 20 ширхэг ноолууран утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Л.В  нь 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Говь хувцаат компанид ачигчаар ажиллаж байхдаа тус компаний агуулахаас 3.612.000 төгрөгийн үнэтэй 20 ширхэг ноолууран утсыг хулгайлан авсан болох нь:

1. Шүүгдэгч Л.В ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл ...Саарал өнгийн 60-36 ЗАН улсын дугаартай Ниссан маркийн автомашинд үзлэг хийхэд...уг автомашины хойд багажны хаалган дээр давхарлаж тавьсан эрчилсэн бор, саарал өнгийн 22 ширхэг ноосон зөөлөн утас тавьсан байсныг гомдол гаргагч уг нэхмэлийн утсыг хулгайлж гарч уг машинд хийсэн байхад барьсан тэмдэглэлд тусган, гэрэл зургаар бэхжүүлэв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-19/,  

          3. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21/

          4. 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-24-25/

          5. Хохирогч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Очтол Төрмандах надад агуулахын ачигч В  сая ажлаас утас гаргаад нэг машинд ачиж байх шиг байсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би утасны агуулахын нярав Дэлгэрцэцэгтэй уулзаж байтал В  цаанаас ирж байсан. Түүнийг ирэхээр нь би ноолууран утас хаана байна гэж асуухад В  надад Бямбаа гэх хүнд өгч явуулсан талаар надад хэлсэн. Ингээд би В ийн гар утсыг аваад сүүлд залгасан утас руу нь залгаж Бямбаа мөн үү гэж асуухад тийм байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би чи наад утас авчир ч өгөхгүй бол би цагдаагийн байгууллагад хандан гэж хэлсэн чинь за би одоо аваачаад өгье гэж хэлсэн. ...ойролцоогоор 15 минут орчим болсны дараа 60-363АН улсын дугаартай саарал өнгийн ниссан вүливерд маркийн машинтай эрэгтэй ирсэн. Тэгэхээр нь би өнөөх машины доторх эд зүйлсийг шалгаж үзтэл нийт 20 ширхэг 12 кг ноолууран утас автомашинаас гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-69, 140/

          6. Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Говь ХК-ий 3 дугаар пост нь дээр 09 цагт ээлж хүлээж аваад үүрэг гүйцэтгэж байхад 15 цагийн үед сүлжмэлийн утасны агуулахын ачигч залуу цэнхэр хайрцагтай 2 ширхэг сүлжмэлийн утас хийчихсэн тэргэн дээр тавьчихсан түрээд ирсэн. Тэгээд ачигч залуу гарах бичиг энэ гээд 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Утас скпадаас 4-15 тоот падаан бичигтэй Мягмарсүрэнд гэсэн 110 грамм сүлжмэлийн утас авч гарах бичиг тамга тэмдэгтэй байсан. Дэлгүүрийн худалдагч Мягмарсүрэн утас авах болгондоо өөрийн биеэр ирж авч явдаг юм. Тэгээд би ачигч залуугаас Мягмарсүрэн яасан бэ гэхэд гадагшаа явуулах утсаа тамга тэмдэгтэй бичгээ өгчхөөд байхад гээд миний өөдөөс уурлаад байсан. тэгээд ачигч залуу нөгөө сүлжмэлийн утсаа хайрцагтай авч гарахаар нь би араас нь дагасан чинь дэлгүүр лүү явалгүй машины зогсоол руу явахаар нь холоос дагаж явахад ачигч залуу 60-36 ЗАН гэсэн улсын дугаартай машинд нөгөө утаснуудыг хийсэн. Тэгээд би очиж чи яагаад үйлдвэрлэлийн итгэмжлэлтэй Мягмарсүрэн гэсэн нэртэй утсыг яагаад гадагшаа явуулж байгаа юм бэ гэсэн чин манай гадагшаа утас явуулдаг би танд тамга тэмдэгтэй баримт өгчхөөд байгаа юм биш үү гэсэн. Тэгээд би тэр машиныг дугаарыг тэмдэглэж аваад дэлгүүрийн худалдагч Мягмарсүрэн дээр очиж танай ажилтан таны нэртэй 110 грамм гэсэн баримттай бичгээр гадагшаа 20 ширхэг сүлжмэлийн утас гаргаж байна гэсэн. Тэгсэн Мягмарсүрэн энэ бичгээр 1 ширхэг утас түрүүхэн надад авчирч өгсөн ш дээ гэсэн. Тэгээд Мягмарсүрэн нярав луугаа утасдаж дуудсан тэгээд харуулын дарга, хуулийн зөвлөх нарт хэлж сүлжмэлийн утас ачиж явсан машиныг нь ачигчаар нь дуудуулж цагдаад хуулийн зөвлөх дуудлага өгсөн. Нярав нь гадагшаа ийм утас гаргах ёсгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71/

          7. Гэрч А.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цагийн үед үйлдвэрийн шалган дээрзэс над руу залгаад харуул гадны байгууллага ямар нэг паданаар сүлжмэлийн утас авч байгаа юм үү танай ачигч 110 грамм утас авч гарах бичгээр 20 боодол буюу 12 кг утас авч гараад машинд хийчихлээ ямар нэг байгууллага сүлжмэлийн утас авсан юм үү баримтыг харахаар дэлгүүрийн худалдагч Мягмарсүрэн гэсэн байх юм гэсэн. Тэгэхээртйим зүйл байхгүй ачигчаа дагуулаад очье гэж хэлсэн. Тэгээд би ачигч В ийг гаднаас орж ирэхэд нь эхлээд шалганы харуулын байран дээр очиж харуулд гарч байсан. Эгч Эрдэнэчимэг дээр очиж бид хоёр байцааж асуухад үгүй аваагүй тэгээгүй гээд байсан. тэгэхээр нь утас авч явсан машин дууд энэ тэндгүй камер байгаа саяны үйлдэл чинь камерт бичигдсэн байгаа гэсэн чинь В  утас хулгайл авч гарсан талаараа хүлээн зөвшөөрсөн. Тэгээд В  гарч сүлжмэлийн утас авч явсан машинаа дуудахаар гарч удалгүй сүлжмэлийн утас авч явсан машин нь ирсэн. Тухайн үед хуулийн зөвлөх Цасчихэр, холбооны ажилтан, харуулын ахлах, шалганы эгч бид хэд цуг байж байгаад машиныг нь ирэхээр нь машиныг шалгахад машины багажинд 20 ширхэг сүлжмэлийн утас байсан. Тэгээд хуулийн зөвлөх Цасчихэр цагдаад дуудлага өгсөн. Ачигч нарын дарга гэж нэг хүн байдаг, би агуулахын нярав учраас бас хариуцдаг. В  нь манай байгууллагад 2 жил ажиллаж байгаа. Урьд өмнө хулгай хийж байгаагүй.В ийн ажиллаж байгаа агуулахад урьд өмнө хулгайд эд зүйлээ алдаж байгаагүй. Сүлжмэлийн зориулалттай 26/2 ноймрын бор өнгийн 11 нэг ширхэг сүлжмэлийн утас нэг ширхэг нь 620 грамм байдаг зарахдаа 1 кг нь 338,000 төгрөгийн үнэтэй тэгэхээр нь нийт үнэ нь 2,305,160 төгрөг, 26/2 ноймрын шаргал өнгийн 9 ширхэг сүлжмэлийн утас байсан нэг ширхэг нь 580 грамм байдаг зарахдаа 1 кг нь 338,000 төгрөгөөр зардаг нийт 1,886,000 төгрөг болж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72/ 

           8. Гэрч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ажил дээр хүрээд ир хэдэн ширхэг ноолууран утас гаргах гэж байгаа юм чи шовгорт нь нэг цамц хийлгээд ав гэж хэлсэн. 13 цагийн үед Говь компани дээр очоод байж байтал В  ах 20 ширхэг ноолууран утас аваад гараад ирсэн. Тэгээд багаажинд хийчхээд чи явж бай гэж хэлээд ажил руугаа орсон. 10 орчим минутын дараа В  ах миний дугаар луу залгаад чи буцаад хүрээд ир гэж хэлсэн. Чи яваад очтол харуулын хувцастай гурван хүн нярав Дээгийн гэх мэт хүмүүс хамт зогсож байсан. Нэг харуул нь багаажаа онгойлог гэж хэлээд нөгөө утаснуудыг багаажин дээр тавиад наад В  гэх хүн чинь энэ утаснуудыг хулгай хийж аван гэж хэлээд цагдаад мэдэгдсэн. Би тэр үед хулгай хийсэн талаар нь мэдсэн. Өмнө нь бол огт мэдээгүй мөнгөөр нь авч гаргаж ирж байгаа юм байх л гэж бодож байсан. Өмнө нь надтай хамт ямар нэгэн эд зүйл Говь компаниас гарган авч байгаагуй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 142/  

          9. Гэрч У.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би В аас чиний авч явсан ноолууран утас хаана байна гэж асуугаад В ээс утас авч явсан гэх хүн рүү нь буцаад хурээд ир гэж яриулаад ажилчид болон В ийн хамт ажлын урд талд байдаг авто зогсоол дээр өнөөх хүнийг ирэхийг хүлээсэн. Ойролцоогоор 5 минут орчим болсны дараа 60-363АН улсын дугаартай саарал өнгийн ниссэн Бүливерд маркийн машинтай эрэгтэй ирсэн. Урьд өмнө хулгай баригдсан гэх асуудал миний мэдэхээр ямар нэгэн тийм асуудал гаргаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 142/

          10. Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дэлгэрцэцэг над руу залгаад манай компаний ачигч В  хулгай хийж байгаад баригдсан байна. Та ажлын урд талын авто зогсоол дээр хүрээд ирээч гэж надад хэлсэн. ..Тэгээд би машин дотор байсан утсыг нярав Дэлгэрцэцэгийн хамт аваад агуулах руу оруулж тависан. Надад бараа дутсантай холбогдуулан сэжиглэж байгаа хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 142/

          11. Гэрч Д.М  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дотуур утсаар агуулахын нярав Дэлгэрцэцэг рүү залгаад танай ачигч ноолууран утаснууд аваад гарсан байна, чи утас гаргасан юм уу гэж асуухад үгүй ээ тийм утас гаргаагүй. Харин В  сая хог хаяна гэж хэлээд тэрэггэй хог түрээд гарсан гэхээр нь харуул дээр хүрээд ир гэж дуудуулаад байгуулгагын хуулийн хэлтэс рүү залгаж дуудснаар ноолууран утас авч явсан хүнийг дуудаж авчираад хүлээн авч цагдаагийн байгууллагад хандсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 142/

          12. Дамно ХХК-ий ...3.612.000 төгрөг... гэсэн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 90/

          13. Шүүгдэгч Л.В ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр би сүлжмэлийн утас зардаг дэлгүүрийн худалдагчаас жаахан утас худалдаж авна гэж хэлж баримт бичүүлж авч агуулахаас 110 грамм сүлжмэлийн утас авч дэлгүүрт өгөхдөө баримтаа шалган дээр өгөөгүй юм. Тэгээд 15 цаг өнгөрч байхад цэнхэр өнгийн цаасан хайрцагт 20 ширхэг утас хийгээд 110 граммын утас дэлгүүр лүү оруулах баримтаа үзүүлж утсыг үйлдвэрээс авч гарч танил Бямбагийн машинд хийж байгаад харуулд баригдсан. Бямбааг би 15 цаг өнгөрч байхад хүрээд ирээч хэдэн сүлжмэлийн утас гаргах гэсэн юм гэж хэлж дуудсан байсан. Тэгээд утас машинд ачиж байхад харуул байсан. Тэгээд Бямбаагийн машины хамт явуулсан байсан. Тэгсэн нярав дуудахаар нь очсон чинь хоёулаа харуул дээр очьё гээд бид хоёр харуул дээр ирсэн чинь харуул сүлжмэлийн утас ачсан машинаа дууд хэдэн сүлжмэлийн утас ачсан гэхээр нь 20 ширхэг утас ачсан гэж хэлсэн. Тэгээд би Бямбааг утсаар дуудаж ирээд машиныг нь үзэхэд миний хулгайлж авсан сүлжмэлийн утсыг гаргаж ирсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Би таньдаг оёдолчингоор хувцас хийлгэх гэж хулгай хийсэн юм. Бямбаад хулгайлж авч байгааг хэлээгүй. Бямбаа бид урьд өмнө нь Говь ХХК-д хамт ажиллаж байсан. Дараа нь вагоноос ачаа буулгаж байгаад таарч байсан. Урьд өмнө нь хулгай хийж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 95, 155-156, 168/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Л.В  нь урьд 2001 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тухай 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн 123.1, 212, 131 дүгээр зүйлд зааснаар 4 жил 10 сарын хорих ял , 20.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-102/, таслан шийдвэрлэх тогтоол /хх-105, 107/ зэргээр тогтоогдлоо.  

2015 оны Эрүүгийн хуулиар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан зохицуулалтыг бүхэлд нь хасч, ялтай байдлын талаарх ойлголт хамаарахгүй болсон байх тул шүүгдэгч Л.В  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.  

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

          Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Л.В  нь 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говь” хувцаат компанид ачигчаар ажиллаж байхдаа тус компаний агуулахаас 3.612.000 төгрөгийн үнэтэй 20 ширхэг ноолууран утсыг хулгайлан авч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Л.В ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.   

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална...” гэж заасныг баримтлан шүүгдэгч Л.В ыг гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг /240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял/ хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, хохирогч  Ц.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…компаний зүгээс эд зүйлийг хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сайн дураараа эвлэрсэн….”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 174/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус хянаад улсын яллагчаас түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзээд санал болгож байгаа 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.В ын шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 2 /хоёр/ хоногийн  нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүүлэн хасч 224 /хоёр зуун хорин дөрөв/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ. 

            Л.В д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг СД-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Л.В ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ц  овогт Л-ын  В ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц  овогт Л-ын  В ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.     

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.В ын шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 2 /хоёр/ хоногийн  нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүүлэн хасч 224 /хоёр зуун хорин дөрөв/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.   

            4. Л.В д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Л.В д сануулсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг СД-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Л.В д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

  

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР