| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0447/И |
| Дугаар | 443 |
| Огноо | 2016-06-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 443
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багт оршин суух, эрэгтэй, ВЗ56071814 регистрийн дугаартай, Лиг овогт Одсүрэнгийн Оюунбатын ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.Оюунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Оюунбат шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа
Миний бие 1956 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн. Өндөр насны тэтгэвэртээ орох гэтэл хөдөлмөрийн дэвтрийн зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд түүний Богд сумын Сүхбаатарын Зам нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал шууданчаар, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар О.Оюунбатын иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрүүдийг эх болон хуулбар байдлаар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 377, 806, тоот албан бичгүүдээр ирүүлсэн архивын лавлагаа, гэрч Г.Уртнасангийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
О.Оюунбат нь 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Богд сумын “Сүхбаатарын зам нэгдэл”-д шуудан зөөгчөөр ажиллаж байсан болох нь түүний 1979 оны 10-12 саруудад авч байсан цалинг төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа хадгаламжийн нэгжээс түүвэрлэн гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 806 тоот албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаа, ХААН нэгдлийн гишүүний 1976 оны хөдөлмөрийн дэвтэрт 1979 оны ажилласан хоног,авсан цалинг тэмдэглэсэн байдал, түүнтэй хамт шуудан зөөгчөөр ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Г.Уртнасангийн мэдүүлэг зэргээр,
1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Богд сумын “Сүхбаатарын зам нэгдэл”-д малчин,тууварчнаар ажиллаж байсан болох нь түүний 1980-1990 онуудад авч байсан цалинг төрийн архивын тасгийн сан хөмрөгийн Х№81, Б-01, ХН№26, 27, 28, 31, 32 дугаар хадгаламжийн нэгжид хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 377, 806 тоот албан бичгүүдээр ирүүлсэн архивын лавлагаа, 1981-1990 онуудад ажиласан хоног, авсан хөлсийг тэмдэглэсэн ХАА-н нэгдлийн гишүүний 1980 оны хөдөлмөрийн дэвтэр, О.Оюунбаттай малчнаар хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Г.Уртнасангийн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Лиг овогт Одсүрэнгийн Оюунбатын 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Богд сумын “Сүхбаатарын зам нэгдэл”-д шуудан зөөгчөөр, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Богд сумын “Сүхбаатарын зам нэгдэл”-д малчин тууварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар О.Оюунбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ