Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
Хэргийн индекс | 130/2023/00903/И |
Дугаар | 212/МА2024/00055 |
Огноо | 2024-07-02 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 212/МА2024/00055
Ш.Ж- нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2024/00282 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ***** багт оршин суух К овогт Ш-ын Ж-, С овогт Б-ны А нарын нэхэмжлэлтэй, хариуцагч ***************багт оршин суух З овогт Н-ийн М-, У овогт Н-ын О- нарт холбогдох,
“Хариуцагч нарын 117 м.кв талбайтай хоёр давхар хуувийн сууцны 19.1 м.кв талбайтай өргөтгөлийг албан буулгахыг хүссэн тухай” иргэний хэргийг хариуцагч Н.М-гийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгч Ш.Ж-, Б.А-, тэдгээрийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Н.М-, Н.О-, хариуцагч нарын өмгөөлөгч С.Алтай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Нөхөр болох Ш.Ж- бид хоёр анх өмчлөлийн газарт 2012 онд хоёр давхар байшингаа барьж 2014 онд ашиглалтад оруулсан. Тэгэхэд хариуцагч нар байхгүй байсан. Хашаанд эдгээр хүмүүсийн ээж нь эсгий гэртэй суудаг байсан. Нөхөр бид хоёр хоёулаа цэргийн байгууллагад ажилладаг. Хил дээр Заставд амьдардаг байсан тул барьсан байшиндаа амьдардаггүй байсан.
1.2. Бид байшингаа дуусгачхаад хил дээр буюу Заставд амьдарч байгаад зуны улиралд амралтаар ирэхэд хариуцагч нар байшин барьж байсан. Тэгэхэд бид энэ хүмүүстэй “та нар яагаад цонхон талд байшин барьсан бэ” гэхэд хоёр давхар байшин биш, зуны байшин гэж хэлсэн.
1.3. Бид буцаад заставд ажиллахаар явахад манай байшинтай зэрэгцүүлж, 2016 онд байх хоёр давхар байшин болгож барьсан ба уг байшингаас болж зөвхөн гал зуухны өрөөний цонх биш манай байшингийн наран талын нэг давхрын 4 цонхыг хааж, нар огт тусахгүй болсон. Бид маш их гомдолтой байна. Бид нарыг доромжилж байна. Тухайн үед хөдөө амьдардаг байсан тул гомдол гаргаж чадаагүй явсан.
1.3. Дараа нь хоёр давхар байшин барчхаад танай гэрт нар тусахгүй юм байна дээвэр хийхээ болилоо гэж байгаад дээвэр хийгээд авсан. Тухайн байшиндаа өмнөх барьсан өргөтгөл байхад манай байшингийн гал тогооны цонхонд нар эгц тусахгүй дутуу тусдаг байсан. Гэтэл өргөтгөлөө нурааж шинээр өргөтгөлөө барихдаа өргөтгөлөө өндөрсгөж барьж манай гал тогооны цонхыг бүр хаасан. Бид аргаа бариад хуулийн байгууллагад хандаж байна.
1.4. Учир байдлаа хэлж хариуцагч нарт гомдол хэлэхэд гомдлыг маань нэг ч удаа хүлээж авч байгаагүй. Уулзах болгонд үл ойлголцож, маргалдаж байгаад явдаг. Сүүлд нь намайг угаасаа хэрүүл хийж байгаад болино гэж ханддаг болсон. Бидний эрх маш их зөрчигдөж байна.
1.5. Мөн манай байшингийн ойролцоо газарт нүхэн жорлон, бохирын сувгаа ухсан тул бид энэ талаар тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Эрүүл мэндийн газарт хандсан. Дээрх газруудын холбогдох хүмүүс газар дээр нь ирж ажиллаж надад хариу мэдэгдсэн.Тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр хариуцагч нарын барьсан өргөтгөл нь зохих дүрмийг зөрчсөн болох нь тогтоогдсон. Маргаан бүхий газарт хяналт шалгалт хийсэн улсын байцаагч нар Н.М-д барилгын өргөтгөлийн ажлыг зогсоох талаар анхааруулж хэлсэн боловч шаардлагыг хүлээж аваагүй.
1.6. Хариуцагч тал манай газар луу хашаагаа татсан гэж байна. Тийм айлын газар луу хашаагаа татаж, орсон зүйл байхгүй. Тухайн үед Ш.Ж- бид хоёр, хоёулаа зөвшөөрсөн гэдэг нь худлаа. Тухайн үед бид өөрсдөө байгаагүй, манай хадам аав, ээж барилгын хүмүүс байсан. Хариуцагч нар тухайн үед байгаагүй, эсгий гэртэй эмээ байдаг байсан. Тухайн үед сэлбийсэн газар байсан. Бид анх байшингийнхаа материалыг авч ирээд эмээгийн гэрийн хажууд буулгаад гадан талын гялгар уутаар ороогоод харж байгаарай гэж явдаг байсан. Бид тэгж тохиролцож, цонхоо харанхуйд байлгахгүй шүү дээ. Хэн ч гэсэн харанхуй орчинд байхыг хүсэхгүй. Бид анх байшингийн зураг төслийг хийх үед наран талд байлгая гэж зориулж барьсан байсан. Эднийх хоёр давхар байшин барьснаар цонхоор нар тусахгүй болохоор гэр ч гэсэн хүйтэн байна. Доод талын давхрын обойнууд хөгцөрсөн байгаа.
1.7. Манай гэр бүл байгалийн нарыг үзэх эрхтэй. Бид хариуцагч нарт зөндөө ойлгуулж хэлж байсан. Гал зуухны өрөө бидний ихэнх цагаа өнгөрөөдөг өрөө байгаа юм. Хүний амьдрах орчныг хязгаарласан. Бид нар харах байтугай цонхоо нээж чадахгүй байна. Тухайн өргөтгөл дээр зуух тавьж яндан гаргачхаад түүнээс болж цонхны завсар болон хаалганаас хөө их орж ирдэг.
1.8. Дуугай байж байсан чинь нар дутуу тусаж байсан цонхыг хүртэл хаасан байгаа. Тэр гэрт ганц би амьдардаггүй, нөхөр, хүүхдүүдийн хамт 5 хүн амьдардаг. Иймд шүүхээс хүсэх нь хариуцагч нарын хоёр давхар хуувийн сууцны 19.1 м.кв талбайтай өргөтгөлийг албадан буулгахыг хүсэж байна.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
2.1. Манайх тус газарт эсгий гэрээр ирж буусан ба тухайн үед баруун талын хамар хашааны айл болох иргэн Арыстанбекийнх ирж буугаад манай хашааны баруун дээд буланд нүхэн жорлон гаргаж суурьшсан байсан.
2.2. Тухайн үед нэхэмжлэгч Ш.Ж- нь өөрийн эзэмшлийн газарт худаг ухаж, 2 давхар байшингийн суурь тавихад нь бид мялаалгад идээний дээжээ аваад очиж, нэхэмжлэгч Ш.Ж-тэй уулзаж миний дүү танайх энэ талдаа байшингаа барих гэж байна уу, манайх бас ирээдүйд энэ талдаа байшингаа барина, яагаад гэвэл манай дээд талын хөрш Арыстанбекийн энэ талд бие засах газартай юм байна. Тийм учраас манайх энэ талд байшин барих ямар ч боломжгүй, танайх цаад талдаа байшин барих боломжгүй юм уу гэж хэлэхэд нэхэмжлэгч Ш.Ж- нь хоёулаа зөвшилцье танайх хашаанаасаа 1 метр сунгачих, манайх өөрсдийн хашаанаасаа 1 метр сунгая, дундаа 2 метрийн зайтай байшингаа барья, энд ямар ч асуудал байхгүй гээд тэгж хэлээд байшингийнхаа сууриа нэг метр цааш татаж, манайх дараа нь мөн 1.5 метр наашаа татаж сууриа татсан. Сүүлд зааглагдсан газар хашаа татахдаа Ш.Ж- илт манайх руу шахаж бараг манай цонхонд тулгаж татсан. Энэ явдалд бид юу ч яриагүй дуугүй өнгөрөөсөн. Тухайн үед манайх гэрээр байсан учраас тэр үед Ж-ийн ил задгай барилгын материал, багаж хэрэгсэл, эд зүйлсийг харж хамгаалж бие биедээ туслан найрсаг харилцаж байсан.
2.3. Дараа нь маргаан үүсэхэд нэхэмжлэгч Ш.Ж-т миний дүү хоёулаа зөвшилдөж сууриа татсан байсан тухайгаа хэлж байсан. Нэхэмжлэгч тал сууриа татсаны дараа манайх байшингийнхаа сууриа татсан. Сууриа татсаны дараа манайх 2,3 жилийн дараа байшингаа барьсан. Хоёр байшингаа ижилхэн цаг хугацаанд бариад, ижилхэн ашиглалтад орсон. Зөвхөн нэхэмжлэгч талын цонх хаагдсан биш, манай гал зуухны өрөөний хөшиг нь байнгын татаастай байдаг. Манай гал зуухны өрөө ч гэсэн харанхуй байдалтай байдаг. Бид үнс авахад хамтран нэхэмжлэгч Б.А- гарч ирж хэрүүл хийдэг. Яндангийнхаа хөөг зайлуулахдаа хүртэл бид айдаг байсан. Манайх ямар ч боломжгүй учраас өргөтгөлийн барилга барьсан. Өмнө нь гал зуухны өрөөнд зуухтай байхад 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би угаартаж эмнэлэгт хүргэгдэж байсан. Тийм учраас боломжгүй болохоор өргөтгөлөө нурааж шинээр янзалж барьсан. Манай хөрш айлуудыг гэрчээр асууж болно.
2.4. Түүнчлэн манай өмчлөлийн байшин нэхэмжлэгч Ш.Ж-ийн байшингаас 2 дахин жижиг буюу 117 м.кв талбайтай, бас намхан учир БЭБД 30.01.04-ийн 9.19-д барилга байгууламжийн цонхоор хавар, зун, намрын улиралд нэг өдөр тусах нарны тусгалын үргэлжлэх хугацааны нийлбэр уур амьсгалын I, II-р бүсэд 3цаг, III,IY-р бүсэд 2_,5 цаг байхаар тооцож төлөвлөнө гэсэн заалтыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн улсаас олгосон 20х25 буюу нийт 500 м.кв талбайтай газарт БНБД 30.01.04-ийн 2.11-д заасан 2 давхар барилгуудын хоорондох зай 15 м байна гэсэн заалтын дагуу төлөвлөж хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж байна. Түүнчлэн энэ өргөтгөл гэж байгаа үүдний хэсэг нь шинээр барьсан асуудал биш, хуучин байсан бөгөөд тухайн үед санхүү эдийн засгийн боломжгүй байсан учраас стандартын шаардлага хангаагүй муу үнсэн блокоор барьсан байсан учраас өвөлдөө цантаж, шавар, шохой нь унасан, хаалга нь эвдэрч салж унасан учир аргагүйн эрхэнд нурааж, сайжруулан барьсан явдал юм.
2.5. Мөн өмнө нь гал зуухны өрөөнд зуухтай байхад 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би угаартаж эмнэлэгт хүргэгдэж байсан. Тийм учраас боломжгүй болохоор өргөтгөлөө нурааж шинээр янзалж барьсан. Манай хөрш айлуудыг гэрчээр асууж болно. Тус аймгийн ЭМ-ийн газрын гаргасан дүгнэлттэй миний бие танилцсан ба уг дүгнэлтэд тусгасан шаардлагын дагуу бохир усны нүхийг стандартын дагуу янзалж суурилуулсан болно. Түүнээс биш нэхэмжлэлд дурдсанчлан өргөтгөлийн барилгыг нураах шаардлага тавиагүй юм. Тэгээд ч бид хүний эрхийн дагуу өөрийн өмчлөлийн газар, хашаа байшин, гэр орондоо өөрсдийн эрхээр тайван амгалан амьдармаар байна. Ш.Ж- нь өөрөө анхнаасаа бидний сануулж хэлж, зөвлөсөөр байхад тохиролцъё гэж зөвшөөрч, ямар ч төлөвлөлтгүй байшин барчхаад, дараа нь биднээс буруу хайж, дайрч давшлах эрхгүй гэж үзэж байна.
2.6. Хамтран нэхэмжлэгч үндэслэлгүй тайлбар хэлж байна. Нэхэмжлэгчид байхгүй үед манайх байшингаа барьсан зүйл биш. Байшин барьж байхдаа материал дутсан үед нэг нэгнийхээсээ авч, өгөлцдөг байсан. Манайх байшин барьж байх үед Б.А- ирээд танайх байшингийнхаа доод давхарт дэлгүүр нээгээд, дээд давхарт нь амьдрах гэж байгаа юу гэж асууж байсан. Одоо энд ирчхээд худлаа үндэслэлгүй юм хэлж болохгүй. Маргаан бүхий газрыг анхнаасаа зөвшилцөж байгаад хоёр тал 1 метр, 1 метрийн зай үлдээж татсан.
2.7. Шинжээчийн дүгнэлтээр нар огт тусаддаггүй биш, тусдаг гэж гарсан байна. 02 сарын байдлаар 1 цаг 48 минут нар тусдаг юм байна. Барилга, байгууламж норм, норматив нь Баян-Өлгий аймгийн хувьд 48 градус нь 02 дугаар сарын 22-ны өдрөөс 09 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд 2 цагаас багагүй нарны тусгал байхад шаардлага хангана гэж заасан байгаа. Нэхэмжлэгч талын байшингийн цонхонд нар тусах боломж байгаа. Тийм учраас эрх нь зөрчигдөж байгаа зүйл байхгүй байна.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2024/00282 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.М-, Н.О- нарын 117 м.кв талбайтай хоёр давхар хуувийн сууцны 19.1 м.кв талбайтай өргөтгөлийг албадан буулгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.М-,Н.О- нараас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ж-, Б.А- нарт олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч Н.М-гийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Иргэний хэргийн анхан шатны шүүх нь “хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий хариуцагч Н.М-, Н.О- нарын 117 м.кв талбайтай 2 давхар хувийн сууцны 2022 онд авсан өмнөх фото зураг болон уг өргөтгөлийн 2023 онд нурааж шинээр барьсан өргөтгөлийн талаарх тус шүүхээс 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02-15-01/048/13 дүгнэлт зэргийг харьцуулан шинжлэн дүгнэж үзэхэд, шинээр барьсан өргөтгөлийн хэмжээ нь өмнөх өргөтгөлөөс өндөр, уртаараа өргөн баригдсан бөгөөд ингэж баригдсанаар нэхэмжлэгч нарын өмчлөлийн байшингийн гал тогооны өрөөний цонхыг хааж, нарны гэрэл болон үзэгдэх орчныг хаах зэргээр саад учруулж байгаа нь тогтоогдсон гэж шүүхээс дүгнэлээ” гэжээ. Уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх тайлбар:
4.2. Анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлтийг ямар ч эрх зүйн үндэслэлгүй гэж үзэн шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүхийн энэхүү үндэслэлд маргаан бүхий өргөтгөлийн барилгын урт, өргөн, өндөр зэргийг хэмжсэн, өмнөх өргөтгөлөөс хэр хэмжээний зөрүү гарч байгааг батлах ямар нэгэн тоон утга тусгаагүй, ингэснээрээ нарны тусгалд хэр хэмжээний өөрчлөлт гарч байгааг харьцуулан судлаагүй, зөвхөн өмнөх болон дараах барилгын фото зургийг харж нүдэн баримжаагаар дүгнэлт гаргасан, Энэхүү дүгнэлтэд үндэс болгосон нотлох баримт болох фото зураг нь ямар ч тоон хэмжээс байхгүй учраас нотлох баримт болох үндэслэлгүй. Тухайн үеийн авсан фото зураг ямар өнцгөөр, ямар байдлаар авсан зэргээс хамаарч яаж ч харагдах боломжтой гэж үзэж байна.
4.3. Анхнаасаа байшингаа барихдаа 2 тал зөвшилцсөн бөгөөд ингэж зөвшилцсөн учраас л нэхэмжлэгч Ж-ийнх өөрийн эзэмшлийн газрын хил хязгаараас 1,7м цаашлуулж барьсан нь тодорхой байна. /1.7м гэдэг нь кадастрын зургаар гарч байгаа бөгөөд кадастр гарахаас өмнө бид өөрсдөө нэг нэг метр үлдээнэ гэж тохиролцсон болно./
4.4. Нэхэмжлэгчийн цонхоор үзэгдэх орчинг хааж байна гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Учир нь нэхэмжлэгчийн уг гал тогооны өрөөний цонхоор нийтийн гудамж талбай, өөрийнх нь хашааны орчин зэрэг нь харагдах тал биш зөвхөн манай гэрийн хашаа байшин л харагдах учраас үүнийг бид тухайн айлд заавал ил байж, үзэгдэх орчин болох шаардлагагүй гэж үзэж байна.
4.5. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн З дахь хэсэгт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан” гэж тус шийдвэрийн үндэслэлд дурджээ. Тэгвэл энэ хуулийн заалт нь дан ганц нэхэмжлэгч талд үйлчлэх албагүй, бид ч мөн адил Монгол Улсын эрх тэгш иргэний хувьд өөрийн эзэмшлийн хөрөнгийг шаардлагадаа тохируулан тохижуулах, засварлах, ашиглах , хуулиар хамгаалуулах эрхтэй. Бид өөрийн эзэмшлийн хил хязгаараас даваагүй, бусдын эзэмшил хөрөнгөд зүй бусаар халдан дайрч давшлаагүй учир хариуцагч миний бие дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байна.
4.6. Тус шүүхийн шийдвэрт “Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж, 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.3.-т “Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй” гэж заасныг зөрчжээ гэж үзжээ. Тайлбар: 1-рт 106.1-д зааснаар хариуцагч миний бие нэхэмжлэгчийн өмч хөрөнгийг хууль бусаар эзэмшээгүй. 2-рт 106.2-т зааснаар нэхэмжлэгчийн өмчлөх эрх ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэдгийг нотлох баримт байхгүй учир энэ хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 3-рт манай өргөтгөлийн хэсэг нэхэмжлэгчийн гал тогооны өрөөний нарны тусгалыг хагас хааж байгаа нь мөн хуулийн 135.3-т зааснаар энэхүү заалтад тусгагдсан ноцтой зөрчил гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй байна.
4.7. Мөн тус шүүхийн шийдвэрт “Хариуцагч М-, О- нар нь 117м.кв хувийн сууцны өмнөх өргөтгөлийг нурааж, шинээр барьсан өргөтгөл нь хөрш залгаа газрын өмчлөгч болох нэхэмжлэгч Ж-, А- нарын өмчлөлийн байшингийн гал тогооны өрөөний цонхыг хааж, уг өрөөнд байгалийн гэрэлтүүлэг буюу нарны гэрэл болон үзэгдэх орчинг хаах зэргээр саад учруулж, нэхэмжлэгч нарын эрүүл орчинд амьдрах үндсэн эрх нь зөрчигдөж, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулсан үндэслэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна” гэж үзжээ. Нэхэмжлэгч нарын гал тогооны өрөөний нарны тусгал хагас хаагдсанаас үүдэн нэхэмжлэгч нарын эрх ашиг сонирхолд яг ямар ноцтой хохирол учирсан юм бэ гэдгийг яг ямар баримт нотолгоонд үндэслэж тогтоосон юм бэ? гэдэг нь тодорхойгүй байна. Үүнээс үүдэн нэхэмжлэгч нарын амь нас, эдийн засаг, эрүүл мэндэд ноцтой хохирол учирсан гэдгийг нотлох ямар ч нотлох баримт, эрх зүйн актыг шүүхийн зүгээс бидэнд танилцуулаагүй болно.
4.8. Тус хэргийг хянан шалгах явцад нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу мэргэжлийн шинжээч томилон нар ээвэрлэлтийн хугацааг тодорхойлуулсан ба гарсан дүгнэлт нь “Эл эм ланд” ХХК-ны 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №201/Д1 дугаартай шинжээчийн дүгнэлтэд "нэхэмжлэгч Ж-ийн гал тогооны өрөөнд өдрийн нар ээвэрлэлтийн хугацаа 2024 оны 02-дугаар сарын 09-ний байдлаар 1цаг 48минут буюу нийт 108минут байна” гэж дүгнэгдсэн. БбНН-д заасан барилга байгууламжийн нарны ээвэрлэлтийн хугацааг хавар, намар, зуны улиралд тогтооно гэсэн заалтыг илт зөрчиж, өвлийн улиралд хэмжилт хийлгэсэн. Түүнчлэн “Барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10 норм дүрмийн заавал мөрдөх 4дүгээр хавсралтын 4.1-т орон сууц барилгын өрөө тасалгаанд тусах нарны гэрлийн үргэлжлэх хугацааг БНбД 23-04-07-ын дагуу дараах байдлаар заавал хангуулахаар тооцно. Үүнд : “Нутгийн умард бүс буюу хойд бүсийн өргөргийн 48° ба түүнээс хойш З дугаар сарын 22-оос 9 дүгээр сарын 22-ны хооронд 2.5цагаас багагүй, нутгийн төвийн хэсэг буюу 58°-48°-д 2цагаас багагүй, Өмнөд бүсийн хойд өргөргийн 48°-аас урагш 02 дугаар сарын 22-оос 9 дүгээр сарын 22-ны хооронд 1 .бцагаас багагүй байна” гэж заасан байна. Манай Баян-Өлгий аймгийн хувьд өмнөд бүсийн хойд өргөргийн 48°-аас урагш байрладаг учир хэрэв энэ норм нормативд заасан хугацаанд нарны ээвэрлэлтийн хугацааг хэмжвэл заасан нормыг хангах үндэслэлтэй гэж үзэж байна.
4.9. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл нь нэхэмжлэгч талд илт давуу байдлаар үйлчилж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 2дугаар бүлгийн 7дугаар зүйлийн 7.1, мөн тус бүлгийн 8 дугаар зүйлийн 8.2 заалтуудыг зөрчсөн гэж үзэж гомдолтой байна. Үүнд:
4.9.1.“Нарны ээвэрлэлтийн хугацааг норм нормативд заасны дагуу Здугаар сарын 22-оос хойш дахин хэмжилт хийж, дүгнэлт гаргуулж өгнө үү” гэсэн хариуцагч талын хүсэлтийг хүлээж аваагүй.
4.9.2.Тус хэргийн нэхэмжлэлийн гол үндэслэл буюу нэхэмжлэгч талын гомдол нарны тусгалын асуудал байсаар атал шүүгч А.Жархынгүл нь шүүх хуралдааны төгсгөлд хэлэхдээ “дээр дурдсан №201/Д1 дугаар бүхий нар ээвэрлэлтийн хугацааг хэмжсэн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримт болгоогүй, мөн шийдвэр гаргахад үндэслэл болгоогүй, зөвхөн маргаантай өргөтгөл хэсгийн өмнөх болон дараах фото зургийг харж шийдлээ гэж дурдсан. Үүгээр шүүгч А.Жархынгүл нь тус шүүхийн шийдвэрийг гаргахдаа нарны тусгалыг өргөтгөл болох барилгын фото зургийг харж, нүдэн баримжаагаар тогтоосон болох нь харагдаж байна.
4.9.3. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар болон хүсэлтийг илт дэмжин хүлээн авч, хариуцагч талын тайлбар хүсэлтийг няцаах буюу бүрэн дүүрэн хүлээн авч сонсоогүй.
4.9.4.Шүүгч нь тус хэргийн нэхэмжлэлийн үндэслэлд огт хамааралгүй хуулийн зүйл заалтуудыг үндэслэж, шийдвэр гаргасан.
4.9.5. Шийдвэрийн үндэслэлд авч үзсэн нотлох баримтууд нь уг хэргийн нэхэмжлэлийн шаардлагад нийцэх нотлох баримт болж чадахгүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
5. Нэхэмжлэгч Н.Ж-ийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. Хариуцагч нар анх байшин барихдаа хоёр тал тохиролцож барьсан гэж янз бүрийн юм яриад байна. Тухайн үед тохиролцсон юм байхгүй. Эхлээд манайнх байшин барьсан. Тухайн үед хашаанд Н.М-гийн хадам ээж нь эсгий гэртэй суудаг байсан. Хариуцагч нар 2-3 цаг нар харах боломжийг бүрдүүлж өгсөн гэж тайлбарлаж байна. Монгол Улсын иргэн тэгш эрхтэй, эрх чөлөөтэй байгалийн нарыг бүтэн харах эрхтэй. Хуульд хөршийн эрх гэдгийг зохицуулж өгсөн. Манай хүүхдүүд тоглодог өрөө бүгд сүүдэртэй. Манай гэр бүлд 5 хүн амьдардаг нар хараагүй 10 жил болж байна. Хавтаст хэрэгт авагдсан зураг дээр тодорхой байгаа. 4 цонхыг битүү хаасан. Би Газрын алба, Гэр бүлийн газруудад хандсан, дүгнэлтээ гаргаад анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Манайх байшин барих үед Н.М-гийн эмээтэй сайн харилцаатай байсан. Манай худгийг 4-5 жил эргэн тойронд байгаа бүх айлууд ашиглаж байсан. Бид тухайн үед Заставд амьдардаг байсан. Тухайн үед сардаа нэг удаа л ээлжийн амралт аваад ирдэг байсан. Тэр үед Н.М-, Н.О- нар байшин бариад дууссан байсан. Тухайн үед манай эхнэр шүүхэд хандах тухай асуудал ярьсан. Насаараа хөрш байгаа болохоор тэр асуудлыг хөндөөгүй үлдээсэн. Сүүлдээ бохир усны хоолойг худгийн хажууд явуулаад, хашаа хороо үнс үнэн заваан суудаг. Бүх нотлох баримтуудыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Би цэргийн байгууллагад ажиллаад өнгөрсөн жил 10 дугаар сард тэтгэвэрт гарсан. Би нотлох баримттай, үнэн юм ярина. Эднийх хоёр давхар байшин барьснаар цонхоор нар тусахгүй болохоор гэр ч гэсэн хүйтэн байна. Доод талын давхрын обойнууд хөгцөрсөн байгаа. Манай гэр бүл байгалийн нарыг үзэх эрхтэй. Тэр эрх нь зөрчигдсөн учраас шүүхэд хандаж байна. Бид хариуцагч нарт зөндөө ойлгуулж хэлж байсан. Бид хуучин баригдсан асуудлыг яриагүй. Нэхэмжлэлийн гол шаардлага нь өргөтгөлийн асуудал байгаа. Манай 4 цонх байсан, одоо эд нар 5 цонх болгоод хаачлаа. Тэр хоорондын зай нь стандартын зөрчилтэй байгаа гэдгийг холбогдох байгууллагууд тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
6. Нэхэмжлэгч Б.А-ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт:
6.1. Хариуцагч нар худлаа юм ярьж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тодорхой байгаа. Хариуцагч нар аймар заваан суудаг. Бид нар харах байтугай цонхоо нээж чадахгүй байна. Тухайн өргөтгөл дээр зуух тавьж яндан гаргачхаад түүнээс болж цонхны завсар болон хаалганаас хөө их орж ирдэг. Бид нар Застав дээр байхад манай байшинд тулгаж байшин барьсан байсан.
ХЯНАВАЛ:
7. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, талуудын хүсэлтээр шинжээч томилж дүгнэлт гаргуулсан боловч шинжээчийн дүгнэлтийг шүүх нотлох баримтаар үнэлсэн эсэхээ шийдвэрт бичээгүй буюу нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул дараах үндэслэлүүдээр, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
8. Нэхэмжлэгч Ш.Ж-, Б.А- нар нь хариуцагч Н.М-, Н.О- нарт холбогдуулж 117 м.кв талбайтай хоёр давхар хуувийн сууцны 19.1 м.кв талбайтай өргөтгөлийг албадан буулгах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...нөхөр болох Ш.Ж- бид хоёр анх өмчлөлийн газарт 2012 онд хоёр давхар байшингаа барьж 2014 онд ашиглалтад оруулсан. Тэгэхэд хариуцагч нар байхгүй байсан. Хашаанд эдгээр хүмүүсийн ээж нь эсгий гэртэй суудаг байсан. Бид хил дээр Заставд амьдардаг байсан тул барьсан байшиндаа амьдардаггүй байсан. Зуны улиралд амралтаар ирэхэд хариуцагч нар байшин барьж байсан. Тэгэхэд бид энэ хүмүүстэй та нар яагаад цонх талд байшин барьсан бэ гэхэд хоёр давхар байшин биш, зуны байшин гэж хэлсэн. Бид буцаад заставд ажиллахаар явахад манай байшинтай зэрэгцүүлж 2016 онд байх хоёр давхар байшин болгож барьсан ба уг байшингаас болж зөвхөн гал зуухны өрөөний цонх биш манай байшингийн наран талын нэг давхрын 4 цонхыг хааж, нар огт тусахгүй болсон. Тухайн байшиндаа өмнөх барьсан өргөтгөл байхад манай байшингийн гал тогооны цонхонд нар эгц тусахгүй дутуу тусдаг байсан. Гэтэл өргөтгөлөө нурааж шинээр өргөтгөлөө барихдаа өргөтгөлөө өндөрсгөж барьж манай гал тогооны цонхыг бүр хаасан. Гал зуухны өрөө бидний ихэнх цагаа өнгөрөөдөг өрөө бөгөөд тэр гэрт ганц би амьдардаггүй, нөхөр, хүүхдүүдийн хамт 5 хүн амьдардаг.” гэж тайлбарлажээ.
9. Хариуцагч нараас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... манайх тус газарт эсгий гэрээр ирж буусан ба тухайн үед манай баруун талын хамар хашааны айл болох иргэн Арыстанбекийнх ирж буугаад манай хашааны баруун дээд буланд нүхэн жорлон гаргаж суурьшсан байсан. Тухайн үед нэхэмжлэгч Ш.Ж- нь өөрийн эзэмшлийн газарт худаг ухаж, 2 давхар байшингийн суурийг тавьж байхад нөхөр бид хоёр идээ дээжээ өргөж аваад нэхэмжлэгч Ш.Ж-тэй уулзаж миний дүү танайх энэ талдаа байшингаа барих гэж байна уу, манайх бас ирээдүйд энэ талдаа байшингаа барина, яагаад гэвэл манай дээд талын хөрш Арыстанбекийг энэ талд бие засах газартай юм байна. Тийм учраас манайх энэ талд байшин барих ямар ч боломжгүй, танайх цаад талдаа байшин барих боломжгүй юу гэж хэлэхэд нэхэмжлэгч Ш.Ж- нь хоёулаа зөвшилцье танайх хашаанаасаа 1 метр сунгачих, манайх өөрсдийн хашаанаасаа 1 метр сунгая, дундаа 2 метрийн зайтай байшингаа барья, энд ямар ч асуудал байхгүй гээд тэгж хэлээд байшингийнхаа сууриа нэг метр цааш татаж, манайх дараа нь мөн 1.5 метр наашаа татаж сууриа татсан. Сууриа татсаны дараа манайх 2,3 жилийн дараа байшингаа барьсан. Өмнө нь гал зуухны өрөөнд зуухтай байхад 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би угаартаж эмнэлэгт хүргэгдэж байсан. Тийм учраас боломжгүй болохоор өргөтгөлөө нурааж шинээр янзалж барьсан” гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.
10. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлууд тогтоогдов. Үүнд:
10.1 Нэхэмжлэгч Ш.Ж- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар баг, Жана ауыл Толбо нуур-5 гудамж 511 тоот хаягт нэгж талбарын *********** дугаар бүхий 568 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрын хууль ёсны өмчлөгч болох нь, мөн Ш.Ж-, Б.А- нарын хоёр хүний Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ****** хаягт байршилтай 234 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь,
10.2 Хариуцагч Н.М-, Н.О- нар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ****** байршилтай, нэгж талбарын *********** дугаар бүхий 480 м.кв газрыг гэр, орон сууцны хашааны газрын зориулалттай эзэмшдэг нь, мөн Н.М-, Н.О- нарын хоёр хүний Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар баг, ****** хаягт байршилтай 117 м.кв талбайтай, хоёр давхар хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь тус тус тогтоогдсон.
10.3 Нэхэмжлэгч Ш.Ж-, Б.А- нар нь өмчлөлийн газарт 234 м.кв талбайтай, хоёр давхар хувийн сууцаа барьсны дараа хил залгаа хариуцагч Н.М-, Н.О- нар нь эзэмшлийн газартайгаа зэрэгцүүлэн 117 м.кв талбайтай хоёр давхар хувийн сууц барьсан, мөн нэхэмжлэгч нараас өөрийнхөө өмчлөлийн газраас хариуцагч нарын эзэмшлийн газар хүртэл 1.7 метр зай үлдээж хоёр давхар хувийн сууцаа барьсан байх ба харин хариуцагч нараас өөрсдийнхөө эзэмшлийн газраас 0,7 м зай үлдээж зэрэгцүүлэн хувийн сууцаа барьсан, нэхэмжлэгч нарын татсан хашаа нь өөрийнхөө өмчлөлийн газарт багтаж байгаа болох нь тус тус тогтоогдсон.
10.4 Хариуцагч Н.М-, Н.О- нарын 117 м.кв талбайтай хоёр давхар хувийн сууцны урьд байсан өргөтгөлийг 2023 онд нурааж шинээр барьсан, шинээр барьсан өргөтгөлийн хэмжээ нь өмнөх өргөтгөлөөс өндөр, уртаараа өргөн баригдсанаар нэхэмжлэгч нарын өмчлөлийнхөө байшингийн гал тогооны өрөөний цонхыг хааж, нарны гэрэл болон үзэгдэх орчныг хаасан зэргээр нэхэмжлэгч нар нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
11. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ш.Ж-ийн шинжээч томилж дүгнэлт гаргуулахыг хүссэн хүсэлтийг хангаж, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 130/ШЗ2024/00123 дугаартай захирамжаар Эл Эм ланд ХХК-ийн захирал, кадастрын мэргэшсэн инженер З.Бахбергенийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ. /хавтаст хэргийн 89 дэх тал/
12. Шинжээч З.Бахбергений 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2018/Д1 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Баян-Өлгий аймаг нь өмнөд бүсийн хойд өргөргийн 48°-аас урагш буюу 45°-д оршдог ба хоёрдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 22-ны хооронд 2 цагаас /120 минут/ багагүй байна. Нар ээвэрлэлтийн хугацааг тодорхойлсон хэмжилтээр Ш.Ж-ийн 2 давхар өвлийн сууцны 1 давхрын гал тогооны өрөөнд нарны тусах хугацаа 2024.02.08-ны өдрийн байдлаар 11:22-13.04 цагийн хооронд буюу /102 минут буюу 1цаг 42 минут/ гарсан учир дээрх БНбД 23-04-07-ын дагуу шаардлагыг хангахгүй байна.” /хавтаст хэргийн 10-106 дахь тал/ гэх шинжээчийн дүгнэлтийг гаргасан боловч анхан шатны шүүх шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2018/Д1 дугаартай дүгнэлтийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эсэх талаар хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэлдээ тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
13. Шинжээчийн дүгнэлтэд “Баян-Өлгий аймаг нь өмнөд бүсийн хойд өргөргийн 48°-аас урагш буюу 45°-д оршдог ба хоёрдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 22-ны хооронд 2 цагаас /120 минут/ багагүй байна” гэж дүгнэсэн атлаа 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хийсэн хэмжилтээр “Ш.Ж-ийн 2 давхар өвлийн сууцны 1 давхрын гал тогооны өрөөнд нарны тусах хугацаа 2024.02.08-ны өдрийн байдлаар 11:22-13.04 цагийн хооронд буюу /102 минут буюу 1цаг 42 минут/ гарсан учир дээрх БНбД 23-04-07-ын дагуу шаардлагыг хангахгүй байна” гэж дүгнэсэн нь эргэлзээтэй, нарны тусгал нь 2 дугаар сарын 22-ны өдрөөс 9 дүгээр сарын 22-ны хооронд 2 цаг багагүй байх нь зохих стандартыг хангахаар бол хэмжил хийсэн өдөр буюу 2 дугаар сарын 08-ны өдөр цонхон дахь нарны тусгал 1 цаг 42 минут байгаа нь ямар үндэслэлээр шаардлага хангахгүй байгаа талаар шүүх шинжээчээс тодруулах шаардлагатай ба энэ тохиолдлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан “шинжээч томилсон тохиолдолд шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байна” гэж дүгнэв.
Энэ нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
14. Мөн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2024/М1 дугаартай Нар ээвэрлэлтийн хугацааг тодорхойлсон дүгнэлтийн 9 дэх хэсэгт “Ш.Ж-, Б.А- нарын 2 давхар хувийн сууцны урьд талын 1 давхрын гал тогооны өрөөний цонхонд нарны тусгалын үргэлжлэх хугацаа: 2018.08.26 өдрийн 11:22-13:04 цагийн хооронд 102 минут буюу 1 цаг 42 минут” гэдэг нь хэрэгт хамааралтай эсэхийг шинжээчээс тодруулах шаардлагатай байна.
15. Иймд дээрх үндэслэлүүдээр, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилсон тохиолдолд нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, шинжээчийн дүгнэлт зөрүүтэй, ойлгомжгүй, мөн тус дүгнэлтийг шүүхийн шийдвэрт үнэлээгүй орхигдуулсан буюу шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж, хариуцагчийн “...шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлын зарим хэсгийн хүлээн авч шийдвэрлэв.
16. Хуульд зааснаар хариуцагч Н.М-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2024/00282 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.М-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ