Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 347

 

 

 

 

 

 

 

 

  

  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Ш.Алтанцэцэг,  

шүүгдэгч Ё.З нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Х овогт Ё  З  холбогдох эрүүгийн 1910005290335 дугаартай 187/2019/0334/Э индекстэй хэргийг 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ........оны ....дүгээр сарын .......-нд Хэнтий аймгийн Биндэр  суманд төрсөн, ......настай, эрэгтэй, дээд боловсролтой, ......... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........... хамт, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ......... байр ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х овогт Ё  З   /РД:..................../  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ё.З нь 2019 оны 2 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэлмэг” хотхоны 86 дугаар байрны 8 тоот өөрийн гэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Г.У бусадтай хардан хэрүүл  маргаан хийж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ё.З нь 2019 оны 2 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэлмэг хотхоны 86 дугаар байрны 8 тоот өөрийн гэрт хамтран амьдрагч Г.У бусадтай хардан хэрүүл маргаан хийж, орны урд тал руу түлхэж, гараараа нуруу, баруун зүүн гуя, зүүн гарын булчин, толгой руу нь хэд хэдэн удаа цохиж, хөлөөрөө өшиглөж, хутга бариад хутгалж ална гэж хэлэн далайж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:   

1. Шүүгдэгч Ё.З  ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Г.У-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 13 миунтанд утсаар Номинийн ангийн багш залгаж утсаар ярьсан чинь намайг З   утсаа авсангүй гэж хэлээд уурлаад байхаар нь би чамайг би дээрдүүлчихлээ гэж бодтол андуурчихсан байна гэж хэлэхэд З   “чи өмнөх нөхрөөсөө дордуулчихлаа гэж хэлж байгаа юм уу” гэж дайрч давшлаад янхан гичийгээр нь хэлээд байхаар нь чи тэгвэл янхан ямар байдгийг хараараа гэж хэлсэн. Тэгээд орой нь хоёр найзтайгаа уулзсан. ...02 цагийн орчим тараад гэртээ харьсан. Гэртээ ирэхэд гэрэл унтраалттай байхаар нь хүмүүс унтсан байна гээд гэрлээ асаалгүй хувцсаа тайлаад унтах гэтэл нөхөр З   босож ирээд унтлагын өрөө рүү оруулаад зодож эхэлсэн. Би уйлах гэсэн чинь орилоод чанга дуугарвал улам их зодон шүү гээд зодоод байсан. Тэгээд өдөр нь бичсэн мессежийг хараад би урд нөхрөөсөө дордуулсан байна гэлүү, янхандаад яваад ирсэн үү гээд зодоод байсан. Тэгээд миний биений юм ирсэн юу гэж хүнтэй явах юм бэ гэсэн чинь чи ирээгүй бол явах байсан уу гээд зодоод байсан. ....орны урд тал руу түлхэж, толгойгоо хоёр гараараа дарахад гараараа нуруу, баруун зүүн гуя, зүүн гарын булчин, толгой руу гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж байсан. Би яг хэдэн удаа цохисныг хэлж мэдэхгүй байна. ...Хутга бариад хутгалж ална гээд далайгаад байсан. Тэгээд би бие засаад ирье гэж унтлагын өрөөнөөс гараад нөгөө өрөөнд унтаж байсан том охин Мишээлээ сэрээгээд надад туслаач гэсэн чинь З   араас орж ирээд үснээс чирээд унтлагын өрөө рүү оруулаад зодсон. Манай охин Мишээл араас ирэхэд З   цаашаа явж унт гээд явуулсан. Унтлагын өрөөнд намайг оруулаад дахиад зодоод Тэгээд би уйлаад суугаад байж байхад З   унтчих болсон нэг мэдэхэд 6 цаг болоод сэрүүлэг нь дугараад сэрээд гараад явсан. ...З   өөрийн хийсэн үйлдлээ ухаарч ойлговол нэг удаа уучлая гэсэн бодолтой байна. Хүүхдүүдээ бодоод уучлая гэж бодож байгаа. Учир нь манай хоёр хүүхэд аавдаа сайн байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-15/

            3. Гэрч З.М-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2019 оны 15-ны өдөр би өглөө 08 цаг 40 минутанд хичээлдээ яваад 15 цаг болж байхад Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Цэлмэг хотхоны 86 дугаар байрны 4 давхарын 08 тоот болох гэртээ ирээд гэрийн даалгавраа хийгээд зурагт үзэж байгаад хоолоо идээд амарсан. Тэгээд өглөө босоод байж байхад ээж Уянгаа нь намайг дуудахаар нь би аав, ээж хоёрын өрөөнд ороход ээж орондоо хэвтчихсэн, аав байхгүй. Ээжийн хөл гар нь хөхөрчихсөн байсан. Тэгээд ээж “аав чинь шөнө зодчихлоо, цаагуур чинь байна уу” гэж асууж байсан. Ээж хоёр хоног бие нь өвдөөд орондоо хэвтсэн. Тэрнээс өөр зүйлийг би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/

            4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2654/-ний дүгнэлт:

            -Г.У-ын биед цээжний баруун талд 5 дугаар хавирганы хугарал, баруун хөхлөг сэртэнгийн зөөлөн эдийн няцрал, зүүн чихэнд зулгаралт, зүүн бугалганы гадна доод хэсэг, зүүн бугуйн үений гадна хэсэг, баруун гуяны гадна дотор хэсэг, зүүн гуяны гадна, доод хэсэг, зүүн шилбэний гадна, дээд хэсэг, урд дунд хэсэг, зүүн гуяны ар дунд хэсэг цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо хэд хэдэн удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            -Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

            -Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 35/

            5. Аюулгүйн зэргийн үнэлгээний маягт: “...аюулын зэргийн үнэлгээ бага...” /хх-42/

             6. Шүүгдэгч Ё.З  ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн үед манай гэрт ахынхан эхнэр Гэрэлээ гэх хүн ирээд “дээл авна” гэхээр нь дээлийг нь гаргаад өгтөл бүс авна гэхээр нь Уянгын утас руу залгатал утас нь дуудаад авахгүй байхаар нь 10 минут орчим дуудаж байгаад утсаа авахаар нь би уурлахгүй хаачдагын утсаа яагаад авахгүй байгаа юм бэ, бүс нь хаана байна гэж хэлээд утсаа салгаж чат бичиж бид хоёр маргалдаж эхэлсэн. Ингээд орой гэртээ ирэхгүй байхаар хоолоо хийчихээд сууж байгаад амраад өгсөн. Ингээд 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 03 цаг болох гэж байхад хаалга дугарах чимээ гарахаар нь би үүд рүү очтол Уянгаа байхаар хажууд нь очиж үнэртэхэд архи үнэртэж байхаар нь би уурлаж 2-3 удаа баруун зүүн гараараа алгадаж өрөөрүүгээ оруулаад цүнхнээс нь утсыг нь үзтэл Дээгий гэх хүнээс чат бичсэн байхаар нь би уурлаж Уянгаагийн үснээс нь үсдэж, толгой хэсэг рүү нь алгадаж, хөл хэсэг рүү нь гараараа цохиж, гарт учирсан гэмтлийг татаж чангааж байхдаа учруулсан. Тэгээд Уянгаа унтахаар нь орондоо орж хэвтсэн. Ингээд 06 цагт миний сэрүүлэг дугарч би босоод лагерийн байшинд очиж юм аа тавиад Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ё.З нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2654/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Ё.З нь 2019 оны 2 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэлмэг” хотхоны 86 дугаар байрны 8 тоот өөрийн гэрт хамтран амьдрагч Г.У бусадтай хардан хэрүүл маргаан хийж, орны урд тал руу түлхэж, гараараа нуруу, баруун зүүн гуя, зүүн гарын булчин, толгой руу нь хэд хэдэн удаа цохиж, хөлөөрөө өшиглөж, хутга бариад хутгалж ална гэж хэлэн далайж түүний биед цээжний баруун талд 5 дугаар хавирганы хугарал, баруун хөхлөг сэртэнгийн зөөлөн эдийн няцрал, зүүн чихэнд зулгаралт, зүүн бугалганы гадна доод хэсэг, зүүн бугуйн үений гадна хэсэг, баруун гуяны гадна дотор хэсэг, зүүн гуяны гадна, доод хэсэг, зүүн шилбэний гадна, дээд хэсэг, урд дунд хэсэг, зүүн гуяны ар дунд хэсэг цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзнэ.

            Өөрөөр хэлбэл хохирогч Г.Уянга нь шүүгдэгч Ё.З ай 2010 оноос хамтран амьдарсан, хэрэг болох үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэлмэг” хотхоны 86 дугаар байрны 8 тоотод хамтран амьдарч байсан, мөн шүүгдэгч Ё.З ай мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон хохирогч Г.Уянга, шүүгдэгч  Ё.З нарын мэдүүлэг,  аюулгүйн зэргийн үнэлгээний маягт: “...аюулын зэргийн үнэлгээ бага...” /хх-42/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-45/ зэргээс шүүгдэгч Ё.З нь хохирогч  Г.Уянгатай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Ё.З  ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.   

            Иймд шүүгдэгч Ё.З  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.   

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална...” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ё.З  ыг гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг /500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох/ хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, хохирогч Г.Уянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр сайн дураараа эвлэрсэн….”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 82/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус хянаад улсын яллагчаас түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзээд санал болгож байгаа 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.  

Шүүгдэгч Ё.З  ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй. 

Ё.З  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х овогт Ё  З  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х овогт Ё  З  ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ё.З  оногдуулсан 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

4. Ё.З  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ё.З  сануулсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ё.З  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР