Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 212/МА2024/00056

 

Ш.А-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч А.Жархынгүл, Б.Мангилик нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2024/00319 дүгээр шийдвэртэй,   нэхэмжлэгч ******* багт оршин суух И овогт Ш-ийн А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******** багт оршин суух Ш овогт И-ны Б-д холбогдох,

 

“Насанд хүрээгүй хүү А.Т-йн эрүүл мэндэд учирсан хохирол 12,739,905 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн үнэлгээ 5,500,000 төгрөг нийтдээ 18,239,905 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1.  Миний хүү болох А.Т- нь Өлгий сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 10 дугаар ангид суралцдаг. Насанд хүрсэн хохирогч болох миний хүү А.Т- нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өглөө 08 цагт сургууль руугаа хичээлдээ явсан. Хичээлд сууж байх хугацаанд 11 цаг 45 минутын үед тус сургуулийн 9 дүгээр ангийн сурагч С.Е- сургуулийн орчинд хүү А.Т-йн нүүрэн тус газарт өшиглөсний улмаас түүний биед тархины доргилттой, дээд эрүүний үүдэн баруун талын 1 үүдэн шүд тал нь хугарсан, 2 дахь үүдэн шүд сэтэрч эмаль (хатуу хальс) хугарсан, доод эрүүний 1 үүдэн шүд сэтэрч эмаль (хатуу хальс) хугарсан, доод ба дээд уруулд хавантай, доод тал хэгзэрсэн гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн нотлогдсон.

1.2. Энэ хэргийн улмаас өсвөр насны яллагдагч С.Е-ыг Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2313001120324 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол гаргаж, яллагдагчаар мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн.

1.3. Дараа нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай прокурорын тогтоолоор өсвөр насны яллагдагч С.Е- гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Мөн насанд хүрээгүй хохирогч А.Т- нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан материаллаг хохирлоо хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан иргэний журмаар шүүхэд хандаж нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан байна.

1.4.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.А- бие Иргэний хуулийн 505, 506 дугаар зүйлүүдэд заасан хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол 12,739,905 төгрөг нэхэмжилж байна.

Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйл, Хууль зүй дотоод хэргийн Сайд, Эрүүл мэндийн Сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Журам хүснэгт батлах тухай А/268, А/275 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан 2,7 дугаар зүйл, уг зүйлийн хүснэгтээр тогтоогдсон Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл хэсгийн Хөнгөн зэрэглэл хэсэг, тухайн зүйлийн тайлбар хэсэг, Улсын Дээд Шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг, аргачлал-ын Гуравдугаар зүйлийн 3.6 дахь хэсэг, Дөрөвдүгээр зүйлд заасан Нөхөн төлбөр тооцох, жишиг аргачлал хүснэгтийн хоёрдугаар зэрэглэл хэсэгт зааснаар хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг-ийн тухайн үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгөөр тооцож сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн үнэлгээнд 5,500,000 төгрөг нэхэмжилж байна.

1.5.Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн, мөн Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралтын гуравдугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт тухайн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл-ийг хүснэгтээр тогтоож, шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзэхээр заасан тул насанд хүрээгүй хүү А.Т-йн эрүүл мэндэд учирсан хохирол 12,739,905 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн үнэлгээ 5,500,000 төгрөг нийтдээ 18,239,905 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Миний бие өсвөр насны яллагдагч С.Е-ы хууль ёсны төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Ш.А-ын хүү Т-йг зөвхөн миний хүү зодоогүй, тухайн үед олон хүүхэд байсан юм.

2.2.Үүнийг цагдаагийн байгууллага бүрэн шалгаагүй учраас зөвхөн миний хүүг л яллагдагчаар татаж, насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болгосон юм.

2.3.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хохирол 12,739,905 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн үнэлгээ 5,500,000 төгрөг буюу нийтдээ 18,239,905 төгрөгийг төлөх чадваргүй, барагдуулах санхүүгийн боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2024/00319 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан насанд хүрээгүй хүү А.Т-йн эрүүл мэндэд учирсан хохирол 11,632,950 (арван нэгэн сая зургаан зуун гучин хоёр мянга есөн зуун тавин) төгрөгийг хариуцагч И.Баас гаргуулан нэхэмжлэгч Ш.А-ад олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 6,606,955 (зургаан сая зургаан зуун зурган мянга есөн зуун тавин таван) төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч И.Баас 201,077 (хоёр зуун нэг мянга далан долоон) төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.   

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагчаар зөвхөн Б.Б намайг тодорхойлсон нь үндэслэлгүй болсон. С.Е-ы төрсөн эцэг нь энэ хэргийн талаар өнөөдрийг хүртэл мэдээлэлгүй байгаа бөгөөд түүнийг хамтран хариуцагчаар татагдвал зохих хүмүүсийг татаагүй нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд хүндрэл учрах болно.

 

4.2. Нэхэмжлэгч Ш.А-ын хүү Т-йг зөвхөн миний хүү зодоогүй, тухайн үед олон хүүхэд байсан боловч цагдаагийн байгууллага хэргийг бүрэн шалгаагүй учраас зөвхөн миний хүүг яллагдагчаар татаж улмаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүчингүй болгож, хүүгийнхээ үйлдэл холбогдлыг шүүхээр тогтоолгуулж, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргаад явж байгаа. Иймээс эрүүгийн хэрэг нь эцсийн байдлаар шийдвэрлэгдэх хүртэл иргэний журмаар гэм хорыг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй болжээ.

4.3. Хохирогч А.Т-йн дээд эрүүний үүдэн баруун талын 1 үүдэн шүд тал нь хугарсан, 2 дахь үүдэн шүд сэтэрч эмаль (хатуу хальс) хугарсан, доод эрүүний 1 үүдэн шүд сэтэрч эмаль (хатуу хальс) хугарсны улмаас эрүүл мэндэд 12,739,905 төгрөгийн хохирол учирсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Тухайн гэмтлүүд нь гэмт хэргийн хохирогч болохоос өмнө байсан хуучин гэмтлүүд байх магадлалтай байсан.

4.4. Миний хүү С.Е-ы хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгож, улмаар түүнийг хохирогчоор тогтоон, түүнийг зодсон С.С-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байсан бөгөөд уг шүүхийн шийдвэрийг миний бие гардаж аваад гомдол гаргах хугацааг сэргээлгэхээр хүсэлт гаргасан боловч миний хүсэлтийг хүлээж аваагүй. Шүүхийн шийтгэх тогтоолыг өөрөө гардаж аваагүй бөгөөд нөхрөөр дамжуулан гардаж авч байсан. Миний төрсөн ээж болох С-ны З- нь 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас барсан тул шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/15-дугаар тогтоолыг өөрийн биеэр гардаж авч чадаагүй байсан юм. Ээжийнхээ ажил явдал буюу 40 хоног нь дуусаж гэртээ ирсэн үед шийтгэх тогтоолыг нөхрөөсөө гардаж аваад гомдол гаргах хугацааг нь сэргээлгэхээр гомдол, хүсэлт гаргаад явж байгаа.

4.5. И-ны Б миний бие өсвөр насны шүүгдэгч С.С-д холбогдох эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь хохирогч А.Т-д учирсан хохиролтой холбоотой энэхүү шийдвэртэй холбоотой гомдол гаргах болсон. Энэхүү хохирлыг тус эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх ёстой байсан гэж үзээд, давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэх талаар хүсэлт гаргаад явж байгаа.

4.6. Хохирогч А.Т-йн 4 шүдийг миний хүү хугалж, гэмтээсэн гэдгийг зөвшөөрөхгүй бөгөөд 4 шүд зэрэг солиулах гэмтэл байсан бол энэ нь хөнгөн гэмтэлд хамаарахгүй байх байсан.

4.7. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШШ2024/00319 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

            5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

            5.1. Тухайн үед хариуцагч тал хэргийг түдгэлзүүлэх талаар ямар нэгэн асуудал хөндөөгүй байсан. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар талууд өөрсдөө нотлох баримтыг бүрдүүлж өгөх үүрэгтэй байдаг. Талуудын гаргаж нотлох баримтын хүрээнд хэрэг шийдвэрлэгдсэн.

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар давж заалдах шатны шүүх нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд асуудлыг шийдвэрлэнэ. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байгаа гэж хариуцагчийн өмгөөлөгч энэ асуудлыг хөндөж байгаа боловч энэ  талаар хавтаст хэрэгт ямар нэгэн нотлох баримт байхгүй байна.

5.3. Хэргийг түдгэлзүүлэх талаар асуудал хөндөгдөж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хуралдаанд хэргийг түдгэлзүүлэх хүсэлттэй бол хэргийг түдгэлзүүлэхтэй холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байгаа. Тийм учраас энэ хэргийг давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэгдээд дараа нь эрүүгийн хэрэгт давж заалдах гомдол гаргаж, эцсийн шийдвэр өөр байдлаар гарахын бол иргэний хэрэг буюу гэм хортой холбоотой хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин сэргэх боломжтой гэж үзэж байна.

 

6. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд: А-ын нэхэмжлэл үндэслэлтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

7. Хариуцагч И.Б-ы давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

8. Нэхэмжлэгч Ш.А- нь хариуцагч М.Бд холбогдуулан гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.Т-йн өөрт нь учирсан эрүүл мэндийн болон материаллаг хохирол болох 12,739,905 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн үнэлгээ 5,500,000 төгрөг нийтдээ 18,239,905 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслээ “…Миний хүү А.Т- нь 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр өглөө 08 цагт сургууль руугаа хичээлдээ явсан. Хичээлд сууж байх хугацаанд 11 цаг 45 минутын үед тус сургуулийн 9 дүгээр ангийн сурагч С.Е- сургуулийн орчинд хүү А.Т-йн нүүрэн тус газарт өшиглөсний улмаас түүний биед тархины доргилттой, дээд эрүүний үүдэн баруун талын 1 үүдэн шүд тал нь хугарсан, 2 дахь үүдэн шүд сэтэрч эмаль (хатуу хальс) хугарсан, доод эрүүний 1 үүдэн шүд сэтэрч эмаль (хатуу хальс) хугарсан, доод ба дээд уруулд хавантай, доод тал хэгзэрсэн гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн нотлогдсон” гэж тайлбарлажээ.

 

9. Хариуцагч М.Б нь “Миний бие өсвөр насны яллагдагч С.Е-ы хууль ёсны төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Ш.А-ын хүү Т-йг зөвхөн миний хүү зодоогүй, тухайн үед олон хүүхэд байсан боловч цагдаагийн байгууллага хэргийг бүрэн шалгаагүй учраас зөвхөн миний хүүг яллагдагчаар татсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

10. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан насанд хүрээгүй хүү А.Т-йн эрүүл мэндэд учирсан хохирол 11,632,950 төгрөгийг хариуцагч И.Баас гаргуулан нэхэмжлэгч Ш.А-ад олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 6,606,955 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

 

11. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

- Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн №231300102 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх” тухай тогтоолоор насанд хүрээгүй хохирогч А.Т- нь 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр бусдад зодуулсны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх гэмт хэргийн талаарх гомдол (мэдээлэл)-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.

- Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №2313001020324 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах” тухай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн 2313001020324 дугаартай хэрэгт С-ы Е- нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч А.Т-йн нүүрэн тус газарт нэг удаа өшиглөсний улмаас түүний биед тархины доргилттой, дээд эрүүний баруун талын 1 үүдэн шүд нь хугарсан, 2 дахь үүдэн шүд сэтэрч эмаль (хатуу хальс) хугарсан, доод эрүүний 1 үүдэн шүд сэтэрч эмаль (хатуу хальс) хугарсан, доод ба дээд уруулд хавантай, дотор тал хэгзэрсэн гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.

- Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130 дугаар “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт”-д иргэн А.Т-йн биед тархины доргилттой, дээд эрүүний үүдэн баруун талын 1 үүдэн шүд тал нь хугарсан, 2 дахь үүдэн шүд сэтэрч эмаль (хатуу хальс), хугарсан, доод эрүүний үүдэн 1 үүдэн шүд мэдэрч эмаль (хатуу хальс) хугарсан, доод ба дээд уруулд хавантай, дотор тал хэгзэрсэн гэмтлүүд тогтоогдсон, дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтлүүд нь 1-10 хоногтоо үүссэн шинэ гэмтлүүд, дээр гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ.

- Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай прокурорын тогтоолоор эрүүгийн 2313001020324 дугаартай хэргээс өсвөр насны яллагдагч С-ы Е-д холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар буюу “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, насанд хүрээгүй хохирогч А.Т- нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан материаллаг хохирлоо хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан иргэний журмаар шүүхэд хандаж нэхэмжлэх эрхтэй болохыг дурджээ.

- А.Т- нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Мed trauma hospital эмнэлэгт үзүүлсэн Дүрс оношилгооны шинжилгээний хариу, 2007 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Мed trauma hospital эмнэлэгт толгой тархины ерөнхий бүтэц, гавлын яс, дайвар хөндийн, хамрын үзлэгт орсон үзлэгийн хуудас, “Багануур дент” ХХК-ийн эмнэлэгт 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр үзүүлсэн тухай тодорхойлолт, тус эмнэлгийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2023/21 дугаартай албан бичиг, А.Т-йн Амбулаториор эмчлүүлэгсдийн карт болон бусад нотлох баримтуудаар хохирогчийн эмчилгээ болон замын зардалд 11,632,950 төгрөг зарцуулсан гэх үйл баримт тогтоогджээ.

 

12. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор “Эрүүгийн 2313001020324 дугаартай хэргээс өсвөр насны яллагдагч С-ы Е-д холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар буюу гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бөгөөд прокурорын тус тогтоол эцсийн шийдвэр эсэх, мөн бусад яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэнийг анхан шатны шүүхээс нягталж тодруулаагүй үлдээжээ.

 

13. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын  2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2313001020324 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоолоос үзэхэд насанд хүрээгүй хохирогч А.Т-йг “Е бас зодсон талаар” хохирогч А.Т- мэдүүлжээ. Дээрх нөхцөл байдлаас  үзэхэд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор “Эрүүгийн 2313001020324 дугаартай хэргээс өсвөр насны яллагдагч С-ы Е-д холбогдох гэмт үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч бусад яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэрэг шийдвэрлэгдсэн эсэх нь тодорхойгүй, хэрвээ шийдвэрлэгдсэн бол хэрхэн шийдвэрлэгдсэн талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байхад гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой Ш.А- нь хариуцагч М.Бд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасан “Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдээгүй байхад иргэний журмаар хэлэлцэхгүй.” гэснийг зөрчжээ. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

            14. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байх тул  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийн хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

15. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “А-ын нэхэмжлэл үндэслэлтэй” гэсэн дүгнэлт гаргасан боловч давж заалдах шатны шүүх маргааныг эцэслэн шийдвэрлээгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул иргэдийн төлөөлөгчийн маргааны үйл баримттай холбоотой уг дүгнэлттэй холбогдуулж дүгнэлт хийгээгүй болно.

 

16. Хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийн хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч И.Бы төлсөн 201078 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож, 

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2024/00319 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч И.Бы давж заалдах гомдлыг зарим хэсгийг хүлээж авсугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201078 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж хариуцагч И.Бд буцаан олгосугай. 

 

3. Иргэний   хэрэг   шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  167  дугаар  зүйлийн 167.5  дахь  хэсэг,  172  дугаар  зүйлийн  172.1,  172.2  дахь  хэсэгт  зааснаар  зохигч, тэдгээрийн  төлөөлөгч  буюу  өмгөөлөгч  давж  заалдах  шатны  шүүхийн  энэ  магадлалд “шүүхийн  хууль  хэрэглээний  зөрүүг  арилгах”, “хэрэг  хянан  шийдвэрлэх  ажиллагааны ноцтой  зөрчил  гаргасан  нь  шүүхийн  шийдвэрт  нөлөөлсөн”, “хуулийг  Улсын  дээд  шүүхийн  тогтоол,  тайлбараас  өөрөөр   хэрэглэсэн”, “эрх  зүйн  шинэ  ойлголт,  эсхүл  хууль хэрэглээг   тогтооход   зарчмын   хувьд   нийтлэг  ач  холбогдолтой”  зэрэг  үндэслэлүүдээр,

магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                            Ж.ОТГОНХИШИГ

 

                                   ШҮҮГЧ                                                             Д.КӨБЕШ