| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 17291 |
| Дугаар | 84 |
| Огноо | 2022-04-20 |
| Зүйл хэсэг | 137.1., |
| Улсын яллагч | Ц.Батцэнгэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 84
Ц.Ч, Э.Ж нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар аймгийн Ардын шүүх таслах газрын 1949 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 94 дүгээр тогтоолтой, Ц.Ч, Э.Ж нарт холбогдох хэргийг Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1.Ц овогтой Ч, 1949 оны байдлаар 58 настай, эрэгтэй, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 10 дугаар багийн харьяат:
2.Э овогтой Ж, 1949 оны байдлаар 63 настай, эрэгтэй, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 9 дүгээр багийн харьяат.
Ц.Ч, Э.Ж нар нь “1949 оны хавар Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харъяат, Хайдавыг өвчтэй байхад болон нас барахад нь Чойжил, Суран лут, Сундуй, Гурван гүрэм зэрэг номуудыг уншиж, өргөл барьцанд Ц.Ч нь даалимбуу тэрлэг, эсгий гутал, 5 төгрөгийг, Э.Ж нь хадаг, 6 төгрөгийг тус тус авч хувийн ашгийг хичээсэн” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар аймгийн Ардын шүүх таслах газрын 1949 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 94 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд зааснаар Ц.Ч, Э.Ж нарыг тус бүр 01 жил хорих ял шийтгэж, Ц.Чгоос 5 төгрөг, тэрлэг 1 буюу 30 төгрөг, эсгий гутал 1 буюу 50 төгрөг, Э.Жгаас 6 төгрөг, хадгийн хамт хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:
“Нэг. Биеийн байцаалт нь: 1949 оны байдлаар
1. Овог Ц, нэр Ч, нас 58, эрэгтэй, ард, халх, эрэгтэй, ам бүл 3, дүү Готов 20 настай, дүү Санжмаа 14 настай, лам байсан ба 1926 онд хар болсон. Гишүүн бус, ял шийтгэлгүй. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 10 дугаар баг.
2. Овог Э, нэр Ж, 1886 онд төрсөн, нас 63, эрэгтэй, ард, халх, эрэгтэй, ам бүл 3, эхнэр Загд, хүү Жунай, гишүүн бус, лам явсан, ял шийтгэлгүй. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 9 дүгээр баг.
Хоёр. Хэргийн талаар:
Ц.Ч, Э Ж нар нь 1949 оны хавар Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат, Хайдавыг өвчтэй байхад болон нас барахад нь Чойжил, Суран лут, Сундуй, Гурван гүрэм зэрэг номуудыг уншиж, өргөл барьцанд Ц.Ч нь даалимбуу тэрлэг 1, эсгий гутал 1, 5 төгрөгийг, Э.Ж нь хадаг 1, төгрөг 6-г тус тус авч хувийн ашгийг хичээсэн.
Гурав. Ялын төлөвлөгөө
Сүхбаатар аймгийн прокурор Сэрээтэр нь Ц.Ч, Э.Ж нарын үйлдсэн хэргийг хянаж үзээд, 1949 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үйлдсэн ялын төлөвлөгөөнд : “хэрэгтэн Ц.Ч, Э.Ж нар нь 1949 оны хавар Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат, Хайдавыг өвчтэй байхад болон нас барахад нь Чойжил, Суран лут, Сундуй, Гурван гүрэм номуудыг уншиж, өргөл барьцанд Ц.Ч нь даалимбуу тэрлэг 1, эсгий гутал 1, 5 төгрөгийг, Э.Ж нь хадаг 1, төгрөг 6-г тус тус авч хувийн ашгийг хичээсэн хэрэгт тус улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйл /Ямар нэгэн ашгийг хичээж ард нийтийн дотор мухар сүсгийг төрүүлэн гаргах зорилгоор ялт мэхт явдлуудыг гаргах аваас энэ хуулийн 136 дугаар зүйлийн ёсоор шийтгэнэ/-р, зааснаар яллах саналыг төлөвлөв” гэжээ.
Дөрөв. Таслан шийтгэсэн байдал.
Сүхбаатар аймгийн Ардын шүүх таслах газрын 1949 оны 12 дугаар сарын 05-ны өдөр таслан шийтгэсэн 94 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлээр ял төлөвлөгдөн ирсэн Э.Ж, Ц.Ч, ... нарын хэргийг шинэчлэн байцаахад: “энэ хэргийн ... Ц.Ч, Э.Ж нар нь Хайдавыг өвчтэй байх үед нь шашны зүйл бүрийн ном уншиж байсан ба түүний барьцанд бараа, мөнгө зэргийг авч ашигласан нь өөрсдийн мэдүүлгээр батлагдсан тул тус аймгийн шүүхээс шийтгэхэд: ... хэрэгтэн Ч, Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлээр тус бүр 1 жил хорьж шийтгэх, өргөл барьцанд авсан зүйлээс ... Чгоос 5 төгрөг, тэрлэг 1 буюу 30 төгрөг, эсгий гутал 1 буюу 50 төгрөгийг, Ж-гаас 6 төгрөг, хадгийн хамтаар тус тус хураан авч улсын орлого болгох” гэж шийдвэрлэжээ.
Дээрх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 161 дүгээр зүйл /Бусдыг буруугаар эмчилбэл 2 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Мөнхүү явдлыг үйлдсэнээс хүнд өвчин тохиолдсон буюу ямар нэг бие эрхтнийг эвдэх зэргээр хүнд бэрх байдал учруулсан буюу амь биеийг үрэгдүүлсэн бол 10 жил хүртэл хугацаагаар хорьж, шийтгэнэ/-ээр 2 жил хорих ял шийтгүүлсэн Цэвэгийн Рэнцэнд холбогдох хэрэг нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн заалтад хамаарахгүй учраас түүнд холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 4/01 дугаартай “Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай" тогтоолоор энэ хэргээс тусгаарласан болно.
ХЯНАВАЛ: Сүхбаатар аймгийн Ардын шүүх таслах газрын 1949 оны 12 дугаар сарын 05-ны өдөр таслан шийтгэсэн 94 дүгээр тогтоолоор Ц овогтой Ч, Э овогтой Жамьянбалдан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлээр тус бүр 1 жил хорьж, улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Ц.Ч, Э.Ж нар нь ашгийг хичээж, бусдаас шахаж шаардаж өргөл барьц аваагүй, Э.Ж нь өөрийн төрөл садан /эгчийнх нь хүү/-ы Хайдавыг өвчтэй байхад болон нас барахад нь Ц.Ч /нас барсан Хайдавын эгчийн нөхөр/-ы хамт шашны зан үйл гүйцэтгэж ном уншсаны төлөө өгсөн зүйлийг авсныг нь шашнаар мунхруулан ашгийг хичээсэн гэж, улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн байна.
Энэ нь Э.Жг байцаасан 1949 оны 11 дүгээр сарын 24-26-ны өдрийн мэдүүлэгт “энэ оны хавар өөрийн эгчийн хүү Хайдавыг нас барахад тэдний гэрт очиж, ерөөл уншиж өгсөн, өргөл барьц хэмээн юм аваагүй. Чгийн хамт Гурван гүрэм, мангал зэрэг ном уншиж өгөөд хадаг, 1 төгрөг авсан, эмээл, хурган дотортой дээл зэргийг надад өгөөгүй” гэжээ.
Ц.Чг байцаасан 1949 оны 11 дүгээр сарын 24-ний мэдүүлэгт “...Хайдавыг нас барахад нь болон нас барахаас нь өмнө Жамьянбалдан бид хоёр ном уншиж өгч байсан. Барьцанд нь эсгий гутал 1, төгрөг 5, тэрлэг 1-ийг авсан. Амалсан бод, хонь хоёрыг одоо болтол надад өгөөгүй ба би ч авах гэж очоогүй ...” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Энэ хэрэгт Ц.Ч, Э.Ж нар нь ашгийг хичээсэн болохыг нь нотлох баримтуудаар тогтоогоогүй ба хэрэгтнүүдийн өөрсдийн мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэн ял шийтгэсэн байна. Хэргийн баримтаас дүгнэхэд, Ц.Ч, Э.Ж нар нь хувийн ашиг хонжоо харж бусдад ном уншиж, гүрэм тавиагүй, төрөл садны хүндээ зовлон тохиолдсон үед нь гуйлтаар очиж ном гүрэм уншиж өгсний хариуд нь тэдгээрээс сайн дураараа өгсөн зүйлүүдийг авсан байна.
1934 онд батлагдсан Төр шашныг тусгаарлан явуулах тухай хуулийн 20 дугаар зүйлд: “... Гагцхүү сайн дураар өргөн барьсныг авах явдлыг үл цаазална" гэснээс үзвэл албадан авахыг хориглосноос бус сайн дураар өгсөн өргөл барьцыг авахыг хориглоогүй байна. Ц.Ч, Э.Ж нарыг бусдад шашнаар нөлөөлж мунхруулан, ашгийг хичээсэн гэж улс төрийн хэрэгт зориудаар буруутган хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг/... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн .../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.
Иймд Сүхбаатар аймгийн Ардын шүүх таслах газраас 1949 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ц овогтой Ч, Э овогтой Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлээр тус бүр 1 жил хорьж, улс төрийн хэрэгт хилсээр таслан шийтгэсэн 94 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат, Цгийн Ч, Эийн Ж нарыг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйл /4.1.Энэ хууль 1922 оноос эхлэн “БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль” хүчин төгөпдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хэрэг хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна/, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтуудыг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн Ц.Ч, Э.Ж нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцэв.
Сүхбаатар аймгийн Ардын шүүх таслах газрын 1949 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 94 дүгээр тогтоол болон хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд Ц.Ч, Э.Ж нар нь 1949 оны хавар Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харъяат, Хайдавыг өвчтэй байхад болон нас барахад нь Чойжил, Суран лут, Сундуй, Гурван гүрэм зэрэг номуудыг уншиж, өргөл барьцанд Ц.Ч нь даалимбуу тэрлэг, эсгий гутал, 5 төгрөгийг, Э.Ж нь хадаг, 6 төгрөгийг тус тус авсан гэх үйлдэл нь гэмт хэргийг шинжгүй, өөрөөр хэлбэл, тухайн үйлдлийн улмаас иргэд болон нийтийн эрх ашигт ямар хохирол, хор уршиг учирсан нь баримтаар нотлогдоогүй байхад зөвхөн өөрсдийнх нь мэдүүлгийг үндэслэж, тэднийг ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төр, шашныг тусгаарлан явуулах тухай 1934 оны хуулийн 20 дугаар зүйлд “...Гагцхүү сайн дураар өргөн барьсныг авах явдлыг үл цаазална” гэж заасан байхад шүүхээс Ц.Ч, Э.Ж нарыг Э.Жтай төрөл садны холбоотой Хайдавыг өвчтэй байхад болон нас барахад нь шашны зан үйлийн дагуу ном уншиж, ар гэрээс нь сайн дураар өргөл барьц болгон өгсөн эд зүйлийг авсан үйлдэлд 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд заасан “Ямар нэгэн ашгийг хичээж ард нийтийн дотор мухар сүсгийг төрүүлэн гаргах зорилгоор ялт мэхт явдлуудыг гаргах” гэмт хэрэгт буруутган улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгэжээ.
Ц.Ч, Э.Ж нар нь гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлсэн 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйл нь Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн г-д заасан /Шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн/ үндэслэлд хамаарч байна.
Иймд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 10 дугаар багийн харъяат, Цгийн Ч, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 9 дүгээр багийн харъяат, Эийн Жамьянбалдан нарыг улс төрийн хэрэгт хилсээр шийтгүүлж, хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар бичсэн прокурорын дүгнэлтийг хангаж, 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд зааснаар Ц.Чгоос 5 төгрөг, тэрлэг 1 буюу 30 төгрөг, эсгий гутал 1 буюу 50 төгрөг, Э.Жгаас 6 төгрөг, хадгийн хамт хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэсэн Сүхбаатар аймгийн Ардын шүүх таслах газрын 1949 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 94 дүгээр тогтоолын Ц.Ч, Э.Ж нарт холбогдох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “Гэм буруугүй хүнд ... ял оногдуулахад хүргэсэн ... нөхцөл байдал илэрсэн” үндэслэлээр хүчингүй болгож, тэднийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд зааснаар Ц.Чгоос 5 төгрөг, тэрлэг 1 буюу 30 төгрөг, эсгий гутал 1 буюу 50 төгрөг, Э.Жгаас 6 төгрөг, хадгийн хамт хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэсэн Сүхбаатар аймгийн Ардын шүүх таслах газрын 1949 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 94 дүгээр тогтоолын Ц.Ч, Э.Ж нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэдэнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Цгийн Ч, Эийн Ж нарыг цагаатгасугай.
ДАРГАЛАГЧ С.БАТДЭЛГЭР
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ