Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2020/0009

 

 

 

 

 “Т т” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, Т.С, хариуцагч Х.Н, Ч.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Х.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0802 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу “Т т” ХХК-ийн гомдолтой, ТЕГУТОХГТУБ нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0802 дугаар шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1.2, 6.6 дугаар зүйлийн 1, Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015/ 13 дугаар зүйлийн 13.7, Компанийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.4, 20 дугаар зүйлийн 20.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015/ 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг тус тус баримтлан “Т т” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого хяналтын татварын улсын байцаагч нарын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0300269 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх нь “....Т к” ХХК-ийг “Т т” ХХК–д нэгтгэх үеийн хөрөнгө, хангамж материал хүлээлцсэн актуудаар “Т т” ХХК–д шилжүүлсэн хөрөнгө, хангамжийн материалыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 оных/ 13 дугаар зүйлийн 13.9-д “Бараа ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д “Албан татвар төлөгч өмчилж байгаа элэгдэл хорогдлын шимтгэл тооцох хөрөнгө албан татвар ногдох орлого олох зорилгоор ашиглахаа зогсоовол уг хөрөнгийг үлдэгдэл өртөг, зах зээлийн үнийн аль их үнээр худалдан борлуулсан гэж үзэж албан татвар ногдуулна” гэх заалтад хамааруулсан нь үндэслэлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн явдал болжээ.

Тодруулбал компанийг нэгтгэх үеийн хөрөнгө, хангамжийн материал хүлээлцсэн актуудаар хөрөнгө, бараа материалыг түүнд хамаарах татварын эрх, үүрэг, хариуцлагыг хамт шилжүүлсэн тул Т ХХК-ийн хувьд эдгээр татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа гэж үзэхгүй” гэж дүгнэж буй нь маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болж чадаагүй байна гэж үзэж байна.

Учир нь Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Дор дурдсанаас бусад тохиолдолд татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна”, 3.2.1-д “чөлөөт бүсэд мөрдөгдөх татварын тусгай дэглэм тогтоох”, 3.2.2-т “Хөрөнгө оруулалтын тухай, Газрын тосны тухай хуульд заасны дагуу тогтворжуулах гэрчилгээгээр татварын хувь, хэмжээг, Засгийн газраас хөрөнгө оруулагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээр мөн хуулийн 3.1.7-д заасан татварын орчныг тогтворжуулах” гэж хуульчилсан буюу татварыг зөвхөн татварын хуулиар ногдуулах төлөх харилцааг зохицуулсан бөгөөд “Т к” ХХК нь “Т т” ХХК-д нэгтгэх процессын нэрийн дор шилжүүлж буй хөрөнгө, бараа материалд албан татвар ногдуулж буй үйлдэлд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь заалт, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх заалтыг үндэслэн бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн болон ашигласан бол албан татвар ногдуулдаг хуулийн зохицуулалттай.

Татварын улсын байцаагч нь “Т к” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/04 дүгээр татварын хяналт шалгалтад хамруулах тухай хүсэлт, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01/01 дүгээр татан буулгах тухай хүсэлтийн дагуу тус компанийн 2014-2017 оныг дуусталх хугацааны татварын ногдуулалт төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалтыг хийсэн байдаг бөгөөд тус компани нь өнөөдрийг хүртэл татварын албанд тайлан гаргаж, тухайн компанийн тамга, тэмдэг болон албан бланкаар төрийн байгууллагатай харьцаж байгааг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой туссан байдаг.

Нөгөө талаас татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх явцад болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тус компаниас татварын албанд гарган ирүүлсэн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт орсон талаар мэдээлэл байгаагүй нь зөрчлийн хэргийн материалд хавсаргасан баримтаас харагдана.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй гэж эрх үүргийг хангаж ажлаагүй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн тухайд тус компанийн нягтлан бодогч Д.А нь шалгалтын явцад эхнээс нь төгсгөл хүртэл оролцсон бөгөөд хавтаст хэрэгт байх нотлох баримтаас тодорхой харагдаж байгаа болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

ТЕГУТОХГТУБ нарын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0300269 дугаар шийтгэлийн хуудсаар “Т к” ХХК-ийг 2014-2017 онуудад татвараа үнэн зөв тодорхойлж, тайлагнах, төлөх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан хэмээн 13,390,727.60 төгрөгийн нөхөн татвар, 4,017,218.3 төгрөгийн торгууль, 2,678,145 төгрөгийн алданги нийт 20,086,091.40 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийтгэл оногдуулсан байна.

Үүнийг эс зөвшөөрч гомдол гаргагчаас “...зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ... компани нэгтгэхтэй холбогдуулан өөрийн эрх, үүрэг, хариуцлага, албан хаагч болон хөрөнгийг “Т т” ХХК-д Компанийн тухай хуулийн дагуу шилжүүлэн хүлээлгэн өгч буй үйлдлийг бусдын өмчлөлд шилжүүлсэн буюу борлуулалт гэж үзэх үндэслэлгүй...” хэмээн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргажээ.

Анхан шатны шүүх маргааны тохиолдолд хэрэглэвэл зохих хуулийн заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр компанид шилжүүлэхийг компанийг нэгтгэх гэнэ”, 20.2-т “Нэгдэж байгаа болон нэгтгэж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөл /хэрэв байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь компанийг нэгтгэх тухай шийдвэрийн төсөл болон компанийг нэгтгэх гэрээг компани тус бүрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж шийдвэрлүүлнэ”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2005/ 22 дугаар зүйлийн 22.2-т “нэгтгэх замаар өөрчлөн байгуулах тохиолдолд нэгдэж байгаа хуулийн этгээд тус бүрийн үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцож улсын бүртгэлээс хасах бөгөөд нэгтгэж байгаа хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэх”-ээр тус тус зохицуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Т т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01/06 дугаар, “Т к” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын мөн өдрийн 10/02 дугаар шийдвэрүүдээр 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон “Т к” ХХК-ийн эрх, үүрэг, хариуцлага болон үйл ажиллагааны чиглэлийг нэгтгэн авахаар шийдвэрлэж, “Т т” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нэгтгэснийг бүртгэсэн, мөн өдөр “Т т” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үйл ажиллагаа зогссоныг бүртгэсэн, уг үндэслэлээр татвар төлөгчийн бүртгэлээс хасуулах, хүсэлтийг “Т к” ХХК-аас 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 01/02 дугаар, компани нэгтгэсэн үндэслэлээр татварын хяналт шалгалт оруулах хүсэлтийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 01/04 дүгээр, мөн уг үндэслэлээр татан буулгалтын тооцоог хийлгэх хүсэлтийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01/01 дүгээр албан бичгүүдээр Татварын ерөнхий газрын Улсын төвийн орлого, хяналтын газарт гаргасан үйл баримтууд тогтоогдож байна.

Татварын ерөнхий хуулийн 10.3-д “Өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийн төлөөгүй буюу дутуу төлсөн татвар төлөх үүрэг, түүнтэй холбогдох эрх өөрчлөн байгуулагдсаны дүнд бий болсон хуулийн этгээдэд шилжих ба уг этгээд тусгаарлах, салах замаар өөрчлөн байгуулагдсан бол татвар ногдох зүйлтэй хувь тэнцүүлэн татвар ногдох үүрэг тэдгээрт шилжинэ” гэж заасны дагуу Т к” ХХК-ийн үйл ажиллагаа зогссон бүртгэл 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хийгдэж, эрх, үүрэг, хариуцлагыг “Т т” ХХК-д шилжүүлснээр татвар төлөгчийн үүргээс чөлөөлөгдсөн байхад татварын улсын байцаагч нар эрх зүйн чадамжгүй болсон этгээдийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015/ 13 дугаар зүйлийн 13.9-д “Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д “Албан татвар төлөгч өмчилж байгаа элэгдэл хорогдлын шимтгэл тооцох хөрөнгөө албан татвар ногдох орлого олох зорилгоор ашиглахаа зогсоовол уг хөрөнгийг үлдэгдэл өртөг, зах зээлийн үнийн аль их үнээр худалдан борлуулсан гэж үзэж албан татвар ногдуулна” гэсэн заалтуудад хамааруулан зөрчил гаргасан гэж үзэж нөхөн төлбөр, алданги тооцож, торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Хэдийгээр хариуцагч татварын улсын байцаагч нараас “...татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх явцад болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тус компаниас татварын албанд ирүүлсэн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт орсон талаар мэдээлэл байгаагүй...” гэж тайлбарлан маргах боловч уг үндэслэл нь хариуцагч нарыг зөвтгөх үндэслэл болж чадахгүй, хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх, шийтгэл оногдуулахдаа тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүйгээс өнөөдрийн маргаан бүхий нөхцөл байдал үүссэн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...биднийг эрх, үүргээ хамгаалах боломжоор хангаагүй ... магадгүй энэ ажиллагаанд оролцсон бол өөрчлөлт оруулсан улсын бүртгэлийн гэрчилгээг үзүүлэх боломжтой байсан” гэсэн тайлбарыг буруутгах үндэслэлгүй.

Мөн татвар төлөгчийн бүртгэлээс хасагдаагүй гэсэн үндэслэлээр “Т к” ХХК-ийг буруутгах үндэслэлгүй, учир нь “Т т” ХХК-д нэгтгэсэн талаар дээр дурдсанаар эрх бүхий этгээд болох Татварын ерөнхий газарт мэдэгдэж байсан үйл баримтууд тогтоогдож байхад татвар төлөгчийн бүртгэлээс хасагдаагүй тул татвар төлөх ёстой хэмээн хуулийн этгээдийн улсын бүртгэлээр эрх, үүрэг нь дуусгавар болсон этгээдэд хариуцлага ногдуулсан нь буруу байна.

Түүнчлэн татварын улсын байцаагч нар нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0802 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                        Д.БАТБААТАР

                            ШҮҮГЧ                                                                          Э.ЗОРИГТБААТАР

                            ШҮҮГЧ                                                                          Д.БААТАРХҮҮ