Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2022/0723/З |
Дугаар | 001/ХТ2023/0040 |
Огноо | 2023-05-22 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2023/0040
А.У, Г.О, О.А нарын нэхэмжлэлтэй,
Монголын Хуульчдын холбооны
Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: М.Батсуурь
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Х.Батсүрэн
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 911 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128 дугаар магадлалтай,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 168 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч А.У, Г.О, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.О, Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж, Ш.Ж, Г.Х нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комиссын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын А.У, Г.О нарт холбогдох “Хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгохоос татгалзсан” шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгохыг даалгах, Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгосон” 03 дугаар тогтоолын О.А-д холбогдох шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах;
2.Хэргийн нөхцөл байдал: Нэхэмжлэгч нар нь 2022 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад бүртгүүлэх хүсэлт гаргасан боловч хариуцагчаас “хууль тогтоогчоос 2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын хуулийг батлахдаа хуульч тусгай зөвшөөрөлтэй мэргэжилтнийг 2.5 жилээр сургах нь хангалтгүй, 4 жилээр сургах ёстой гэж үзсэн, нэхэмжлэгч нарын тухайд оройн ангийн хөтөлбөрийг сонгож, 2.5 жилээр сурсан тул хуульч болох шаардлага хангаагүй, 4 жил хуулийн чиглэлээр суралцаагүй, иймд хуульчийн мэргэжлийн шалгалтад оруулах үндэслэлгүй” гэж шалгалт оруулахаас татгалзсан байна.
3. Нэхэмжлэгч А.У, Г.О, О.А нар нь МУИС-ийн ХЗС-ийг эрх зүй мэргэжлээр, оройн ангийг суралцаж төгссөн бөгөөд хэргийн оролцогчид 120 багц цагтай холбоотой маргаагүй, харин суралцах хугацаатай холбоотойгоор, бүртгэхээс татгалзах үндэслэл мөн эсэх талаар маргасан буюу нэхэмжлэгч нараас “Хуульчийн эрх зүйн байдлын хуульд бүртгэхээс татгалзах үндэслэлийг нэрлэн заасан, түүний дотор 4 жил суралцсан байх шаардлага байхгүй, иймээс хариуцагч бүртгэхээс татгалзах эрхгүй, нөгөө талаар 4 жил гэдэгт өмнөх бакалаврын хугацааг оруулан тооцно, “тасралтгүй 4 жил” гэсэн хуулийн шаардлага байхгүй” гэж маргасан.
4.Анхан шатны шүүхээс дараах дүгнэлтээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн:
4.1.Хариуцагчийн бүртгэхээс татгалзсан ... үндэслэл хуулиар тогтоосон шалгалтад оруулахаас татгалзах үндэслэлд хамаарахгүй буюу татгалзах үндэслэл заасан энэ зүйлд хуульчлагдаагүй байна.
4.2.Хуулиар тогтоогоогүй шаардлага тавьж, хуульд заагаагүй үндэслэлээр хуульчийн мэргэжлийн шалгалтад оруулахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах үйл ажиллагаанд баримтлах хууль дээдлэх зарчимд нийцээгүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
4.3.Хуульчийн мэргэжлийн шалгалтад оруулахаас татгалзсан хариуцагчийн шийдвэрийн үндэслэл болох Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь заалт нь Хуульчдын холбоогоор магадлан итгэмжлэгдэх хууль зүйн сургуулийн хөтөлбөрт тавигдах багц цагийн болон суралцах хугацаа, агуулгын шаардлагыг тогтоосон зохицуулалт байна, энэ шаардлагыг хуульчийн мэргэжлийн шалгалтад бүртгүүлэгчид хамаатуулан түүгээр хангуулахаар тавьсан нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгээр тодорхойлсон Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй гэсэн шаардлагаас илүү шалгуур тогтоож нэхэмжлэгч нарын хуульчийн мэргэжлийн шалгалтад орох эрхийг хууль бусаар хязгаарласан гэж дүгнэх үндэслэл боллоо.
4.4.Хоёр дахь мэргэжлээр эрх зүйчээр дахин бакалаврын зэрэг эзэмшихээр суралцаж буй суралцагчид ерөнхий суурь хэсгийн зарим хичээлийн 24 багц цагийг дүйцүүлэн тооцож байгаа бол дүйцүүлэн тооцож буй багц цагийг судлахад зарцуулсан хугацааг мөн адил суралцсан хугацаанд тооцно, иймд нэхэмжлэгч нарыг суралцсан хугацаа дөрвөн жилээс багагүй байх шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь мөн л үндэслэлгүй гэжээ.
5.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн:
5.1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар өргөдөл гаргагч энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, энэ хуулийн 10.3-т заасан баримт бичгийг дутуу, эсхүл хуурамчаар бүрдүүлсэн, хуульчийн шалгалтын товд заасан хугацаанд бүртгүүлээгүй, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаатай хүчингүй болгосон шийтгэлийн хугацаа дуусаагүй гэх тодорхой 4 тохиолдолд Шалгалтын комисс хуульчийн шалгалтад оруулахаас татгалзах эрхтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч нарыг шалгалтад оруулахаас татгалзах дээр дурдсан үндэслэлүүд бүрдээгүй.
5.2.Хууль зүйн сургуулийн магадлан итгэмжлүүлэх эрх зүйн хөтөлбөрт тавигдах шаардлага байх тул үүнийг тухайн сургуулийн төгсөгч нарт шууд хамаатуулан хэрэглэж, энэ шаардлагыг хангаагүй гэж үзэж мэргэжлийн шалгалтад орох эрхийг хязгаарласныг зөвтгөх боломжгүй.
5.3.Хоёр дахь мэргэжлээр эрх зүйчээр дахин бакалаврын зэрэг эзэмшихээр суралцагчид өмнөх шатны боловсролын 24 багц цагийг жишиж нийт 120 багц цагийг цуглуулах боломжтой бөгөөд ийнхүү 24 багц цагийг дүйцүүлэн тооцохдоо тухайн багц цагийг судалсан хугацааг мөн адил дүйцүүлэх боломжтой байна гэж дүгнэсэн.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, гомдол гаргасан. Үүнд:
6.1.Шүүх хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтыг огт үнэлж, дүгнээгүй, хуулийн үзэл санаа, системчлэлийг бүрэн тодруулаагүйгээс холбогдох хуулийг хууль тогтоогчийн хүсэл зоригоос эсрэг тайлбарласан нь хууль хэрэглээний ноцтой алдаатай болсон гэж үзэж байна.
6.2.Хуулийн гол үндэслэл нь гадны улс орны жишигт нийцүүлэн заавал 4 жил танхимаар суралцсан байх шаардлагыг тусгайлан хуульчилсан. Хэрэгцээ шаардлага нь тухайн үеийн хууль тогтоогчийн хүсэл зоригоос тодорхой харагдана.
6.3.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн системчлэлийг огт харгалзалгүй 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг болон 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсгийг өөр хоорондоо огт хамааралгүй, тусдаа харилцааг зохицуулсан мэтээр тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй, хуулийн үзэл санаа болон бодит байдалд огт нийцээгүй шийдвэр боллоо.
6.4.Хуульчаар бэлтгэгдэж төгсөх оюутан буюу эрх зүйн бакалаврын боловсролыг эзэмших хугацаанд тавигдах шалгуураас тусдаа хэрэглэгдэх боломжгүй. Оройн ангийн төгсөгчдөөс улсын шалгалт авахаа больсон нь нийтэд илэрхий байна гэв.
7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 168 дугаар тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж-аас хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
8.Нэхэмжлэгч нар болон өмгөөлөгч нараас хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
9.Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
10.Нэхэмжлэгч А.У нь 2008 онд Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийг “экологи, байгаль хамгааллын биологич” мэргэжлээр төгссөн, бакалавр зэрэгтэй, нэхэмжлэгч Г.О нь 2013 онд Отгонтэнгэр Их сургуулийг “хятад хэлний орчуулагч” мэргэжлээр, 2016 онд БНХАУ-ын Геологийн Их сургуулийг “байгаль орчны эрх зүйч” мэргэжлээр тус тус төгсөж, боловсролын бакалавр, магистр зэрэгтэй, нэхэмжлэгч О.А нь 2017 онд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг “биеийн тамирын эмчилгээний арга зүйч” мэргэжлээр төгссөн, бакалавр зэрэгтэй, нэхэмжлэгч нар нь 2017-2020 онд 2.5 жил МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралцаж, тус сургуулийг “эрх зүйч” мэргэжил, бакалавр зэрэгтэй төгссөн, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.
11.Хариуцагчаас “... Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58.3-т заасныг хангаагүй буюу 4 жилээс багагүй хугацаанд суралцаагүй тул нэхэмжлэгч нарыг хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл өгөхөөс татгалзсан нь хууль зөрчөөгүй” гэх агуулгаар, нэхэмжлэгч нараас “... хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл өгөхөөс татгалзсан нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д заасан шалгалтад орох эрхийг зөрчсөн” гэх агуулгаар тус тус маргажээ.
12.Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь дараах үндэслэлээр зөв байна.
13.Нэг. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан зохицуулалтын талаар:
14.Улсын Их Хурлаас 2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинээр батлан гаргасан, уг хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.8-д “/Хуульчдын холбоо нь/ хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх”-ээр, 57 дугаар зүйлд “/Хуульчдын холбоо нь/ Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх асуудал эрхэлсэн хороо ... /-той байх/”-аар, 58 дугаар зүйлийн 58.1-д “Хууль зүйн сургууль Дээд боловсролын тухай хуульд заасан шаардлагаас гадна Хуульчдын холбооноос тогтоосон шаардлагыг хангасан /байх/”-аар тус тус зааж, “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй” байхаар мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д тусгайлан зохицуулжээ.
15.Түүнчлэн, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг мөн хуультай хамтад нь батлан гаргасан, уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн ... 58 дугаар зүйлд заасан хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэхтэй холбоотой зохицуулалтыг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө”, 4.3-т “Энэ хуулийн 4.1-д заасан хугацаанд Боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн их, дээд сургуулийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасан шаардлагыг хангасанд тооцно”, 4.4-т “Энэ хуулийн 4.1-д заасан хугацаанаас өмнө Боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн их, дээд сургуульд элсэж, төгссөн иргэнийг Хуульчдын холбооноос тогтоосон магадлан итгэмжлэлийн шаардлага хангасан сургууль төгссөнд тооцно”, 4.6-д “Энэ хуулийн 4.1-д заасан хугацаанд хууль зүйн их, дээд сургуулийн магадлан итгэмжлэх үйл ажиллагааг Боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу боловсролын болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран зохион байгуулна” гэж тус тус заасан байна.
16.Эдгээр хуулиуд батлагдан гарснаас хойш “хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх”-тэй холбоотой Хуульчдын холбооны чиг үүрэг тодорхой шалтгаануудын улмаас огт хэрэгжээгүй, одоогийн байдлаар Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургууль байхгүй, 2012 оноос хойшхи хугацаанд Хуульчдын холбоо нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулж байгаа, ингэхдээ Боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн их дээд сургууль төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн хүсэлт гаргагч нарт хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгож ирсэн, хариуцагч уг асуудлаар маргаагүй.
17.Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т их сургуулийн сургалтын хөтөлбөрийг тухайн сургууль батлах-аар заасны дагуу МУИС-ийн Сургалтын нэгдсэн албанаас 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр баталсан Хууль зүйн сургуулийн 2.5 жилийн оройн бакалаврын ангийн үндсэн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд мэргэжлийн суурь заавал судлах хичээл 30 багц цаг, мэргэжлийн суурь сонгон судлах хичээл 6 багц цаг, мэргэжлийн заавал судлах хичээл 42 багц цаг, мэргэжлийн гүнзгийрүүлэн сонгон судлах хичээл 18 багц цаг, нийт 83 хичээлийн 96 багц цагийг судалсан байх, өмнөх шатны боловсролын 24 багц цагийг жишиж, нийт 120 багц цагийг цуглуулсан байх-аар тусгажээ.
18.МУИС-ийн Хууль зүйн сургууль болон тус сургуулийн “эрх зүйн бакалаврын хөтөлбөр” нь Боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс магадлан итгэмжлэгдсэн, тус сургуулийн “эрх зүйн бакалаврын хөтөлбөр” нь нийт 120 багц цагийг цуглуулсан байхыг нийтлэг шаардсан, өдрийн болон орой, эчнээ ангийн сургалтын хөтөлбөрүүдийг ямар нэг байдлаар ялгамжтай байхаар заагаагүй байх тул нэхэмжлэгч нарт “эрх зүйч” мэргэжил, бакалавр зэрэг олгосон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “эрх зүйн бакалаврын хөтөлбөр”-ийг “шаардлага хангахгүй” гэж шүүх дүгнэх боломжгүй.
19.Дээд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.З-т “оюутан, магистрант, докторант элсүүлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасны дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/79 дүгээр тушаалаар батлагдсан “Их дээд сургуульд оюутан элсүүлэх журам”-д дээд боловсролтой иргэн хоёр дахь дээд боловсрол эзэмших тохиолдолд элсэлтийн ерөнхий шалгалтгүйгээр элсүүлэн суралцуулж болохоор заасан, хэрэгт авагдсан МУИС-ийн захирлын 2018 оны А/248 дугаар тушаалаар батлагдсан “МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт оюутан элсүүлэх журам”-ын 3.1-д “/энэ хөтөлбөрт/ өмнө нь ямар нэгэн чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн иргэнийг элсүүлэх”-ээр, 6.4-т “элсэгчийн өмнө нь бакалаврын зэрэг эзэмшихдээ амжилттай судалсан ерөнхий суурь хичээлээс 36 хүртэл багц цагийг чөлөөт сонголтод тооцож болох”-оор, 6.5-д “дүйцүүлэх хичээлийг элссэн тухайн улиралд нь сургалтын мэдээллийн системд нэг удаа тооцож оруулах”-аар тус тус заасан, түүнчлэн, МУИС-ийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/495, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/361 дүгээр тушаалаар батлагдсан МУИС-д хичээл дүйцүүлэх журамд зааснаар “ижил түвшинд шинээр элсэн суралцах МУИС болон бусад их дээд сургууль төгсөгчийн ерөнхий суурь хичээлийг дүйцүүлж болох”-оор заасны дагуу нэхэмжлэгч нар нь өмнө бакалаврын зэрэг эзэмшсэн багц цагаас 24 багц цагийг тооцуулан 2017-2020 онд МУИС-ийн Хууль зүйн салбар сургуулийн оройн ангид суралцан эрх зүйч мэргэжлээр, бакалаврын зэрэгтэй төгссөн ба Хууль зүйн сургуульд эзэмших ёстой 120 багц цагаас 96 багц цагийг биечлэн судалж, өмнө суралцсан бакалаврын сургалтын 24 багц цагийг дүйцүүлэн тооцуулжээ.
20.Иймд, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй” гэж заасныг нэхэмжлэгч нарт хамааралгүй гэж шүүх дүгнэх боломжгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.
21.Хоёр. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасан зохицуулалтын талаар:
22.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйлээр хууль зүйн сургуулийн магадлан итгэмжлэлийн талаар болон Хуульчдын холбооноос хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх журмыг нарийвчлан тогтоосон, тухайлбал, 58.1-д “Хууль зүйн сургууль Дээд боловсролын тухай хуульд заасан шаардлагаас гадна Хуульчдын холбооноос тогтоосон шаардлагыг хангасан байна” гэж, 58.2 дахь заалтаар хуульд заасан хуульчийн шаардлагыг хангуулах зорилгоор Хуульчдын холбооноос хууль зүйн сургуульд тусгайлан тавих шаардлагуудыг нэрлэн зааж, 58.3-т “Хуульчийн мэргэжлийн боловсролыг эзэмшиж, хуульчаар бэлтгэгдэж байгаа оюутан төгсөхдөө 120 багц цагийг хангасан байх ба оюутны суралцах хугацаа дөрвөн жилээс багагүй байна” гэх зэргээр хэм хэмжээ тогтоожээ.
23.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй” гэж заасныг болон хуулийн 58 дугаар зүйлийн зохицуулалтыг хууль тайлбарлах системчлэлийн болон агуулгын логикоор авч үзвэл, Хуульчдын холбооноос хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэхдээ тухайн сургуулийн эрх зүйн бакалаврын хөтөлбөр нь 4 жилээс багагүй хугацаатай, 120 багц цагийг хангасан байхыг шаардах, энэ шаардлагыг хангасан хөтөлбөрт суралцаж төгссөн оюутан хуульчийн мэргэжлийн шалгалтад орох, хуульчийн мэргэжлийн боловсролыг эзэмшиж, хуульчаар ажиллах боломжтой болох агуулгатай зохицуулалт гэж үзэхээр байна.
24.Хэрэгт авагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцсэн Хууль зүйн байнгын хорооны 2011 оны 12 дугаар сарын 06, 10-ны өдрийн болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны тэмдэглэлүүдээс үзэхэд, хууль тогтоогчоос хууль зүйн сургуулийн магадлан итгэмжлэлийн асуудлыг Хуульчдын холбооны чиг үүрэгт тусгаж, хууль зүйн сургуулийг тодорхой шалгуураар магадлан итгэмжлэх, “эрх зүйч” мэргэжил олгож буй хөтөлбөрүүдийг чанаржуулах, цаашид хуульчаар ажиллах боломжтой тохиолдлыг ялгамжтай авч үзэх агуулгаар хэлэлцэж, уг хуулийн зохицуулалтыг баталсан, хоёр шатны шүүх хуулийн үзэл баримтлал, зорилгоор нь тайлбарлаж хэрэглээгүй нь буруу, өөрөөр хэлбэл, шүүхүүдийн “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь заалт нь хуульчийн мэргэжлийн шалгалтад ороход хамааралгүй” гэх агуулгатай дүгнэлт буруу болжээ.
25.Гэсэн хэдий ч хуулийн 58 дугаар зүйлийн зохицуулалт нь бодит байдалд дээр дурдсанаар бүхэлдээ огт хэрэгжээгүй, өөрөөр хэлбэл, хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш хууль зүйн сургуулиудад тодорхой нөхцөл шаардлага тавьж Хуульчдын холбооноос магадлан итгэмжлээгүй байх тул энэ тохиолдолд, нэхэмжлэгч нарын Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хуульд заасан шалгуур, нөхцөл шаардлагыг хангасан хөтөлбөрөөр суралцаж, “эрх зүйч” мэргэжил, бакалавр зэрэг авсан дипломыг бусдаас “ялгаатай” гэж шүүхээс дүгнэх боломжгүй.
26.Тодруулбал, “хуульчийн мэргэжлийн боловсролыг эзэмшиж, хуульчаар бэлтгэгдэж байгаа оюутан төгсөхдөө 120 багц цагийг хангасан байх ба оюутны суралцах хугацаа дөрвөн жилээс багагүй байна” гэх уг заалт нь Хуульчдын холбоо хуулийн сургуулийг магадлан итгэмжлэх үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд хуульчийн мэргэжлийн шалгалтад ороход баримтлах суурь шаардлага болно, харин хуулийн сургуулийг магадлан итгэмжлээгүй атлаа нэхэмжлэгч нарт ийм шаардлага тавьсан нь, энэ тохиолдолд үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэлээ.
27.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасан “хуульчийн мэргэжлийн боловсролыг эзэмшиж, хуульчаар бэлтгэгдэж байгаа оюутан төгсөхдөө 120 багц цагийг хангасан байх ба оюутны суралцах хугацаа дөрвөн жилээс багагүй байна” гэснийг баримталж, нэхэмжлэгч А.У, Г.О нарт хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгохоос татгалзсан Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комиссын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолын холбогдох хэсэг, нэхэмжлэгч О.А-д хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгосон шийдвэрээ хүчингүй болгосон Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоол тус тус хууль бус бөгөөд нэхэмжлэгч нарын хуульчийн мэргэжлийн шалгалтад орох эрхийг хууль бусаар хязгаарласан, хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан Шалгалтын комисс хуульчийн шалгалтад оруулахаас татгалзах үндэслэл байгаагүй гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд үндэслэлтэй.
28.Эдгээр үндэслэлээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүний олонх үзлээ.
29.Маргааны үйл баримтад холбогдуулан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь заалтыг шүүхээс тайлбарлан хэрэглэх асуудлаар 2 шүүгч тусгай санал гаргасныг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 911 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128 дугаар магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтын Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 12 дугаар зүйлийн 12.2.1 гэсний дараа “58 дугаар зүйлийн 58.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5” гэж нэмсэн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ