Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 1585

 

 

“Эрэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2016/00196 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 3/90 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд нийцүүлэн явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбекийн давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 518 дугаар шийдвэрээр “Эрэл” ХХК-иас 55 141 350 төгрөгийг гаргуулж “Макс констракшн” ХХК-д, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 5787 дугаар захирамжаар 25 411 992 төгрөгийг гаргуулж “Очирням” ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэсэн байна. Төлбөр төлөгч “Эрэл” ХХК-иас дээрх шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжид холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд, Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу дараах гомдол гаргаж байна. ...Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 3/7204 тоот мэдэгдэх хуудаст, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байрны 12 тоот 35 м.кв /одоо үнэлгээний компанийн хэмжилтээр 64 м.кв/ талбайтай 3 өрөө, эрхийн улсын бүртгэлийн 2205030866 дугаарт бүртгэлтэй орон сууц, уг байрны 11 тоот 24 м.кв /одоо үнэлгээний компанийн хэмжилтээр 50 м.кв/ талбайтай 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн 2205030856 дугаартай бүртгэлтэй орон сууцуудыг, үнэлгээ тогтоолгоход 3 өрөө орон сууцыг 108 800 000 төгрөгөөр, 2 өрөө орон сууцыг 95 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг мэдэгдэж байна гэв. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4, 35.5, 35.6-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч Төлбөр төлөгчийн эд хөрөнгөд үзлэг нэгжлэг хийх, эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагааг явуулахад, хөндлөнгийн гэрч оролцуулахаас гадна, төлбөр төлөгч, эсхүл түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, өмгөөлөгч, хэрэв боломжгүй бол нутгийн захиргааны, эсхүл цагдаагийн байгууллагын ажилтныг байлцуулж, уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах ёстой юм. Гэвч дээрх ажиллагаатай холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгч байгууллагаас нэг ч хүн байлцуулахгүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан нь шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болно. Мөн шийдвэр гүйцэтгэгчээс эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон, шинжээчийн үнэлгээ, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд байлцуулсан гэрч, шийдвэр гүйцэтгэх албаны тэмдэглэл зэргийг төлбөр төлөгч байгууллагад огт танилцуулаагүй болно.

Төлбөр төлөгчөөс төлөх өр төлбөр нь “Макс констракшн” ХХК-д 55 141 350 төгрөг, “Очирням” ХХК-д 25 411 992 төгрөг нийт 80 553 340 төгрөг болно. Өөрөөр хэлбэл төлбөр төлөгчөөс хураасан Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байр 12 тоот 64 м.кв талбайтай 3 өрөө байр нь 108 800 000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд дээрх өр төлбөрийг барагдуулахад хангалттай хүрэлцээтэй байх тул нэмж, төлбөр төлөгчийн уг байрны 11 тоот 50 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 95 000 000 төгрөгийн үнэлгээтэй хураасан нь төлбөр төлөгчийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Иймд шийдвэр гүйцэтгэгчээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, өр төлбөрт нь хууль бус илүү эд хөрөнгө хураасан, үйлдлийг таслан зогсоож, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт болох, төлбөр төлөгчийн, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол 11 дүгээр байрны 12 тоот, 3 өрөө, эрхийн улсын бүртгэлийн 2205030866 дугаарт бүртгэлтэй орон сууц, уг байрны 11 тоот, 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн 2205030856 дугаартай бүртгэлтэй орон сууцуудын албадан дуудлага худалдаанд оруулах, ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Ц.Бямбасүрэнгийн №3/90 тоот тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль журмын дагуу явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 518 дугаар шийдвэрээр “Эрэл” ХХК-иас 55 141 350 төгрөгийг гаргуулж “Макс констракшн” ХХК-д, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 5787 дугаар захирамжаар 25 411 992 төгрөгийг гаргуулж “Очирням” ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч “Эрэл” ХХК-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул компанийн өмчлөлийн 137/02 дугаартай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 137/02, 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 137/03 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан байна. Төлбөр төлөгч “Эрэл” ХХК-д 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 3/13933 дугаартай, 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 3/15458 дугаар албан бичгээр удаа дараа үнийн саналаа өгөх мэдэгдлийг гүйцэтгэх захирлын туслах Должинсүрэн болон ерөнхий нягтлан бодогч Эрдэнэцэцэг нарт гардуулан өгч тэмдэглэл хөтөлсөн байна. Дурдсан хугацаанд үнийн саналаа өгөөгүй тул хөндлөнгийн шинжээч томилон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар үнэлүүлэхэд 2 өрөө орон сууцыг 95 000 000 төгрөгөөр, 3 өрөө орон сууцыг 108 800 00 төгрөгөөр үнэлснийг 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 3/7204 дугаартай албан бичгийг төлбөр төлөгч “Эрэл” ХХК-д баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тус бүр үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 2 өрөөг 66 500 000 төгрөг, 3 өрөөг 76 160 000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр оруулах талаар төлбөр төлөгчид 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 3/8093 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу тус бүр үнэлэгдсэн үнийн 50 хувиар тооцон 2 өрөөг 47 500 000 төгрөг, 3 өрөөг 54 400 000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр оруулахыг нийтэд мэдээлэхэд шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШЗ2016/14375 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул албадан дуудлага худалдаа явагдаагүй. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахыг 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 3/12490 дүгээр албан бичгээр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч “Эрэл” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны №3/90 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд нийцүүлэн явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нэхэмжлэгч “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаарнэхэмжлэгч “Эрэл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбекийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой судлалгүй, талуудын эрхийг эдлүүлээгүй, илт нэг талыг барьж бодит байдалд дүн шинжилгээг зөв хийгээгүйгээс шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцэхгүй, хууль ёсны бус шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек миний бие 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр зарласан шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухайгаа хүсэлтээр нотлох баримтын хамт хавсаргаж шүүхэд хүргүүлсэн. Гэтэл шүүхээс миний хүсэлтийг хүлээн авч яаж шийдвэрлсэн эсэх нь тодорхойгүй хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрхийг нь эдлүүлээгүй шүүх хуралдаанд оролцох боломжоор шүүх хангаагүйгээс мөн хуулийн 4.1-т заасан тэгш эрхийн зарчим хэрэгжээгүй болно. Түүнчлэн шүүх хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүйгээс нэхэмжлэгч шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт заасны дагуу мэтгэлцэх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийнхээ үндэслэлээ нотлох, хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх няцаах зэрэг боломжийг хэргийн оролцогчид ойлгоогүй олгох боломжоор хангахгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол зарчмуудыг зөрчиж гаргасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн бичиг хэргийн ажилтан, хуулийн зөвлөх нарт 11 тоот 2 өрөө, 12 тоот 3 өрөө орон сууцны үнэлгээний талаар болон албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдсэн болох нь 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэсэн нь шүүгч хэргийн материалтай огт танилцаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзээгүй нь дараах байдлаар тогтоогдож байна. "Эрэл" ХХК нь хариуцагчийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн "11 тоот 2 өрөө, 12 тоот 3 өрөө орон сууцны үнэлгээний талаар болон албадан дуудлага худалдаанд оруулах тухай" мэдэгдэлийг хүлээн авснаас хойш 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дээрх үнэлгээний талаар болон албадан дуудлага худалдааны талаарх гомдолоо Нийслэлийн ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан болно. Харин дээрх гомдол гаргасан 2 хуудас баримт нь хавтаст хэрэгт авагдсан бөгөөд арын хуудсаны доод талын буланд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны бичиг хэргийн ажилтны хүлээж авсан тухай гарын үсэг нь хүртэл зурагдсан. Түүнчлэн дээрх гомдол гаргасан үндэслэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасан зохицуулалтын дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гомдол гаргасан болно. Үүнийг ахлах шийдвэр гүйцэтгэгч мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасны дагуу...14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргах хуулийн зохицуулалттай юм. Үүний дагуу нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд мөн тус шүүхийн шүүгч хэргийг хүлээж аваад 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 2-153 тоот захирамжаар Ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гараагүй гэдэг үндэслэлээр иргэний хэрэг үүсгэхээс үндэслэлгүй татгалзсан. Гэтэл ахлах шийдвэр гүйцэтгэгчээс нэхэмжлэгчийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гаргасан гомдлын хариу 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр манайд ирүүлсний дагуу нэхэмжлэгчийн зүгээс дээрх гомдлыг эс зөвшөөрч 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37.3-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хуулийн хугацааг хэтрүүлсэн асуудал байхгүй бүх ажиллагааны баримт хэрэгт авагдсан байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх, шалган судлах үүргээ хэрэгжүүлээгүй гаргасан шийдвэр нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй хууль ёсны бус шийдвэр гаргасан нь илт тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Эрэл” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 3/90 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд нийцүүлэн явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

           

            Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2015/00518 дугаар шийдвэрээр хариуцагчаас 54 680 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2015/05787 дугаар шүүгчийн захирамжаар “Эрэл” ХХК нь “Очирням” ХХК-д 25 128 400 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж тус тус шийдвэрлэсэн байна.                                                                                               /хх-25-29, 32-33 дугаар тал/

 

Дээрх хоёр шийдвэрийн биелэлтийг хангуулахаар төлбөр төлөгч “Эрэл” ХХК-ийн эд хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа явагджээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа 2 өрөө, 3 өрөө хоёр орон сууцыг битүүмжлэн, хураасан бөгөөд уг 2 орон сууцны өмчлөгч “Эрэл” ХХК болох нь хэргийн 58, 59 дүгээр талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ.

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж буй 2 үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураасан тухай хариуцагч байгууллага 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 3/13933 тоот мэдэгдэл, 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 3/15458 тоот мэдэгдэл төлбөр төлөгч “Эрэл” ХХК-д хүргүүлснийг ерөнхий нягтлан бодогч Эрдэнэцэцэг болон захирлын туслах Т.Должинсүрэн нар хүлээн авсан бөгөөд энэ талаар шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл хөтөлж төлбөр төлөгч байгууллагад мэдэгдсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэн хураасан ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгчид мэдэгдээгүй оролцуулаагүй гэх тайлбар болон гомдол үндэслэлгүй болно.

 

 Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байрны 11 тоот, 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байрны 12 тоот, 3 өрөө орон сууц үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус битүүмжилж, хураан авсан ба уг ажиллагаанд хуульд заасны дагуу төлбөр төлөгч гомдол гаргаагүй байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 3/13933 дугаар мэдэгдэл, 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 3/15458 дугаар мэдэгдлээр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байрны 11 тоот, 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байрны 12 тоот, 3 өрөө орон сууц үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийг 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлбөр авагчтай харилцан тохиролцож тогтоон шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч төлбөр төлөгч нь төлбөр авагчтай харилцан тохиролцож тогтоогоогүй тул төлбөр авагч “Очирням” ХХК, “Макс констракшн” ХХК-иуд үнэлгээ хийлгэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй гэж үзнэ.                                                                                                       /хх-60-65 дугаар тал/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч болон төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох Хөрөнгийн үнэлгээний төвийг шинжээчээр томилж, шинжээч нь Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байрны 11 тоот, 2 өрөө орон сууц үл хөдлөх эд хөрөнгийг 95 000 000 төгрөгөөр, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байрны 12 тоот, 3 өрөө орон сууц үл хөдлөх эд хөрөнгийг 108 800 000 төгрөгөөр тус тус үнэлсэн нь хууль зөрчөөгүй болно.                    /52-58 дугаар тал/

 

Хэргийн 81-94 дүгээр талд авагдсан баримтаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгчид Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 3/7204 дүгээр албан бичгээр мэдэгдэж, анхны албадан дуудлага худалдаанд 3 өрөө орон сууцыг 108 800 000 төгрөгийн 70 хувиар тооцон 76 160 000 төгрөгөөр, 2 өрөө орон сууцыг 95 000 000 төгрөгийн 70 хувиар тооцон 66 500 000 төгрөгөөр оруулах тухай мэдэгдлийг 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 3/8093 дугаартай албан бичгээр мэдэгдсэн, 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3/90 тоот тогтоолоор Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах болсон тухай үйл баримт тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасны дагуу гаргаагүй байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек нь хуульд заасны дагуу гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэлийн хэлтсийн дарга 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2/153 тоот мэдэгдэх хуудсаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэжээ.                                                                /хх-6, 9-12 дугаар тал/

 

Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдаж байгаа үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргаагүй, харин үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3/90 тоот тогтоолыг хүчингүй болгох гомдол гаргасан байтал шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан үнэлгээний талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэсэн шүүхийн дүгнэлт буруу байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3/90 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолд төлбөр төлөгч 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргаж тус байгууллагаас 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хариуг авч 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гомдлоо гаргасан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

 

Ийнхүү төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3/90 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай гомдлыг гаргасан байх тул шүүхэд хандан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэл буруу бөгөөд нэхэмжлэгчийн хувьд хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч “Эрэл” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 3/90 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд нийцүүлэн явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай гомдол нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек нь 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох тухай хүсэлтийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек нь 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хөдөө томилолтоор ажиллаж байгаа гэх үндэслэлээр дахин шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож, хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Шүүх хэрэгт нотлох баримт хангалттай цугларсан нөхцөлд шүүх хуралдааныг товлож шүүх хуралдааныг хийх бүрэн эрхтэй бөгөөд шүүх талуудын мэтгэлцэх, шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Хэргийн оролцогч буюу төлбөр төлөгч талд үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах гэж байгаа талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба зохих ёсоор мэдэгдсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2016/00196 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                                      ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ