Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 224

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

 

 

 

 

             Ц.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн

                                 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Мөнхтуул, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Г.Эрдэмбаатар,

Ялтан Ц.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Н.Одонтуяа,  

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201626022650 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Цогтбаатарын Бат-Эрдэнэ, 1999 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Uneon” тоглоомын газарт ажилладаг, ам бүл 1, Ховд аймгийн Жаргалант сум 5 дугаар баг, Буянт цэргийн ангийн 12 дугаар байр 5 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17-761 тоотод түр оршин суух,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 207А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 366 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар сарын 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 3 хоногийн хорих ялаас өршөөн хасч суллагдсан, /РД:НШ93092518/,

 

Ц.Бат-Эрдэнэ нь урьд энэ гэмт хэрэгт шийтгүүлж, ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Sea” бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн Б.Ёндонжамц, Б.Цэндбаяр нарыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ц.Бат-Эрдэнийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрах гэмт хэргийг урьд нь энэ хэрэгт шийтгүүлж ялтай байхдаа дахин үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт зааснаар Ц.Бат-Эрдэнийг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ц.Бат-Эрдэнэд оногдуулсан 3 жил 1 capын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Ц.Бат-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдолдоо: “…2016 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Sea” бааранд найз Баянзултай хамт орсон. Бүжгийн талбайд бүжиглээд ширээрүүгээ явж байхад үл таних залуу мөрлөсөн. Тэгээд уучлалт гуйгаад цааш явж байтал “хөөе” гэж дуудаад зүүн мөрнөөс татаад эргээд харахад намайг цохих гээд гараа далайх үед нь хамгаалах гээд шанаа руу нь цохисон. Энэ үед тэр залуу газар унасан. Тэгээд тэр залууг гадаа салхинд гаргахад найз нь бололтой нэг залуу ирээд “манай найзыг цохисон байна” гээд надруу дайраад байсан. Гадаа байхад баарны хамгаалагч нар найзыг нь цохиогүй гэдгийг гэрчилнэ.

Гэтэл Ёндонжамц надад цохиулсан залуугийн найз нь гэх Цэндбаярыг би цохиогүй байхад гар хүрсэн гэж мэдүүлдэг. Үүнийг баарны хамгаалагч нараас мэдүүлэг авч тодруулах шаардлагатай байна. Мөн камерын бичлэгийг олж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.

Иймд миний үйлдлийг дахин шалгаж ял шийтгэлийг хөнгөрүүлж, хорих ял эдлэх дэглэм бууруулж өгнө үү…” гэжээ.

 

Ялтан Ц.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Н.Одонтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар  сарын 9-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт зааснаар Ц.Бат-Эрдэнэд 3 жил 1 хоногийн хорих ялыг чанга дэглэмд хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Үүнд: Гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд уг хэрэг нь хувийн сэдэлттэй үйлдэгддсэн буюу хүмүүсийн хоорондын хувийн таарамжгүй маргаанаас болж үйлдэгдсэн болох нь 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хохирогч Б.Ёндонцамцын мэдүүлэгт “би тэр залуутай маргалдсан бөгөөд яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна” гэж мэдүүлснээс үндэслэхэд хоорондын таарамжгүй харьцаа, хэрүүл маргаанаас уг хэрэг гарсан болох нь нотлогдож байна. Мөн Ц.Бат-Эрдэнийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгээр давхар нотлогдож байна. Хохирогч Б.Цэндбаяр “нэхэмжлэх зүйл байхгүй бөгөөд гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Ёндонжамц “энэ хэргийн талаар ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэдүүлсэн, хохирогч Б.Цэндбаяр “гомдол, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, хааж өгнө үү” гэсэн өргөдөл гаргасан байдаг. Ц.Бат-Эрдэнэ нь эхээсээ гуравуулаа төрсөн. Эх Тунгалаг нь Ховд аймагт 2 дүүгийнх нь хамт амьдардаг бөгөөд тэрээр амьдралын шаардлагаар Улаанбаатар хотод ажил төрөл хийж мөнгө төгрөг олж эх, дүү нартаа тус нэмэр болохоор шилжин ирж, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17-754 тоотод түр оршин суудаг хаягтай бөгөөд хувийн компаниудад ажиллаж байсан.

Иймд Ц.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү…” гэв.

Прокурор Г.Эрдэмбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ц.Бат-Эрдэнэд өмнө нь шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялыг шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 3 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны хугацааны өдөр суллагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэрэг шийтгүүлснээс хойш ялгүй болох хугацаа дуусаагүй байх үедээ энэ гэмт хэргийг үйлдсэн. Хохирогч Б.Ёндонжамцын мэдүүлгээр “бүжгийн талбай дээр нэг залуутай санаандгүй байдлаар мөргөлдөхөд тухайн залуу миний толгойн зүүн хэсэг рүү гараараа цохиход би ухаан алдаад унасан бөгөөд баарны гадна сэрэхэд цагдаагийн алба хаагчид ирээд уг залууг авч явсан”, хохирогч Цэндбаярын мэдүүлгээр “Б.Ёндонжамцыг цохисон залуугийн талаар цагдаад дуудлага өгөхөд уг залуу намайг цохих гээд байхаар нь би тэр залууг тэврээд автал найз нь хүрч ирээд намайг салгахад уг залуу шууд миний эрүү, ам руу хальт өшиглөөд байж байхад цагдаа ирээд уг залууг авч явсан” гэж мэдүүлдэг. Дуудлагаар очсон цагдаагийн мэдүүлгээр “Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Sea” бааранд бусдад зодуулсан хүн байна гэх дуудлагыг аваад шууд баарны гадна талд очиход Ц.Бат-Эрдэнэ нь 2 хүн зодсон байсан тул түүнийг авч яваад дүүргийн цагдаагийн хэлтсийн саатуулах байранд авчирсан” гэж мэдүүлдэг. Яллагдагч Ц.Бат-Эрдэнийн мэдүүлэгт “миний бие гэмтэл учраагүй. Бааранд уг залууг цохиж унагахыг харсан хүн байхгүй. Мөн гаднах асуудлыг харсан хүн байхгүй байх. Хэрвээ хүн харсан бол зам зуур явж байсан хүн харсан байх” гэж мэдүүлдэг. Тухайн үед Ц.Бат-Эрдэнэтэй хамт явж байсан найз Баянзул гэх хүнийг Ц.Бат-Эрдэнэ “уг зодооныг хараагүй” гэж өөрөө мэдүүлдэг. Тийм учраас Баянзулыг гэрчээр асуух шаардлагагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Ц.Бат-Эрдэнэ нь танхайн хэрэгт шийтгүүлж ялтай байхдаа 2016 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Sea” бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Ялтан Ц.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд: “...2016 оны 9 дүгээр сарын 24-ний орой найз Баянзулын хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Sea” бааранд орсон бөгөөд бид хоёр уг бааранд пиво уугаад бүжиглэж байтал нэг залуу түлхэхээр нь би зодолдохгүй гэж бодоод шууд ширээрүүгээ явсан. Тэгтэл уг залуу араас “хөөе” гэж дуудахаар нь би уг залуугийн зүүн шанаа руу нэг удаа гараараа цохиход уг залуу шууд газар унаад босч ирэхгүй байхаар нь би ухаан алдчихлаа гэж бодоод баарнаас үүрч гаргаад газар хэвтүүлсэн. Тэгтэл уг залуу ухаан орсон ба тухайн залуутай хамт явж байсан найз нь гэх залуу “чи яагаад найзыг маань зодож байгаа юм бэ” гээд намайг түлхсэн ба бид хоёр хоорондоо маргалдсан ба тэр хавиар явж байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгээд цагдаагийн байгууллагад ирсэн...” /хх-ийн 34-37/,

 

хохирогч Б.Ёндонжамц мөрдөн байцаалтын шатанд: “...2016 оны 9 дүгээр сарын 24-ний орой 21 цаг өнгөрөөгөөд найз Цэндбаяртай уулзсан бөгөөд бид хоёр Их дэлгүүрийн орчим тус бүр нэг шил пиво уучихаад шөнө 23 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Sea” бааранд орсон. Тэгээд бааранд бид хоёр тус бүр гурван шил пиво ууцгаасан бөгөөд бид хоёр баарнаас гарсан ба Цэндбаяр буцаад “баар луу ороод ирье” гэж хэлээд баар луу орсон. Бааранд ороод удаад байсан. Би баар луу буцаж ороод Цэндбаярыг хайсан бөгөөд бүжгийн талбай дээр нэг залуутай санаандгүй байдлаар мөргөлдөхөд тухайн залуу шууд л миний толгойн зүүн хэсэг рүү гараараа цохиход би ухаан алдаад уначихсан бөгөөд баарны гадна талд сэрэхэд цагдаагийн албан хаагчид ирчихсэн байсан ба уг залууг цагдаа нар аваад явсан...” /хх-ийн 10-12/,

хохирогч Б.Цэндбаярын мөрдөн байцаалтын шатанд: “...тэгээд буцаад баарнаас гарахад Ёндонжамц байхгүй байсан тул би буцаад баар луу ороод найзыгаа хайж байгаад гарахад Ёндонжамц дээшээ хараад газар хэвтэж байсан. Би найзыгаа босгоод цагдаад дуудлага өгсөн. Ёндонжамцыг цохисон залууг би цагдаад дуудлага өгсөн гээд хэлэхэд уг залуу намайг цохих гээд байх шиг байхаар нь би тэр залууг тэврээд автал найз нь хүрч ирээд салгахад уг залуу шууд миний эрүү буюу ам руу хальт өшиглөөд байж байхад нь удалгүй цагдаа ирээд уг залууг аваад явсан...” /хх-ийн 13-15/,

гэрч Г.Баярхүү мөрдөн байцаалтын шатанд: “...Тайшир 10-аас Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Sea” бааранд бусдад зодуулчихлаа, зодсон хүн нь энд байна” гэсэн дуудлагыг аваад шууд “Sea” баарны гадна талд очиход Ц.Бат-Эрдэнэ нь хоёр хүн зодсон байсан тул Ц.Бат-Эрдэнийг авч яваад хэлтсийн саатуулах байранд саатуулсан. “Зодоон болоод дуусчихсан, зодсон залуу нь энэ байна” гээд дуудлага өгсөн хүн зааж өгөхөөр нь Ц.Бат-Эрдэнэ гэх залууг эрүүлжүүлэх байранд саатуулсан...” /хх-ийн 19/,

гэрч Э.Анхбаяр мөрдөн байцаалтын шатанд: “...Тайшир 10-аас Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Sea” бааранд бусдад зодуулчихлаа, зодсон хүн энд байна” гэсэн дуудлагыг аваад шууд “Sea” баарны гадна очиход Ц.Бат-Эрдэнэ нь хоёр хүн зодсон байсан тул Ц.Бат-Эрдэнийг авч яваад хэлтсийн саатуулах байранд саатуулсан. Харин зодуулсан гэх хоёр залуу нь өргөдлөө гаргасан...” /хх-ийн 20/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “…Б.Ёндонжамцын биед тархи доргилт, зүүн чамархай, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, зүүн хацар, шанаа, оочны цус хуралт, зүүн нүдний дээд зовхины зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл…” болохыг тогтоосон шинжээчийн 13335 тоот дүгнэлт /хх-ийн 27/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “…Б.Цэндбаярын биед тархи доргилт, уруулын цус хуралт, оочны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл…” болохыг тогтоосон шинжээчийн 13336 тоот дүгнэлт /хх-ийн 30/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ. 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн шалгасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Ц.Бат-Эрдэнийн гэм буруу, түүний хувийн байдалд тохирсон ял оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхэд ялтан Ц.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан гомдлуудын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлан үзвэл:

 

Ялтан Ц.Бат-Эрдэнийн “…миний үйлдлийг дахин шалгаж ял шийтгэлийг хөнгөрүүлж, хорих ял эдлэх дэглэм бууруулж өгнө үү…”, түүний өмгөөлөгч Н.Одонтуяагийн “…хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий гомдлуудыг хүлээн авах боломжгүй болно.

Учир нь анхан шатны шүүхээс ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан Ц.Бат-Эрдэнэд ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогч нар гомдол саналгүй, түүнчлэн түүний хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн болон хэргийн нөхцөл байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ц.Бат-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Ялтан Ц.Бат-Эрдэнэ нь урьд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлж байсан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуульд заасан энэрэнгүй ёсны зарчмын үүднээс түүнд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж байсан хэдий ч тэрээр энэхүү байдалдаа дүгнэлт хийгээгүй, өмнө нь үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь түүний хувийн байдлыг харуулах хүчин зүйл гэж үзнэ.  

Түүнчлэн танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн бусад гэмт хэргээс ялгахад гэмт этгээдийн гэм буруугийн сэдэлт, зорилго зэрэг субъектив талын шинж, түүнчлэн хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, үр дагавар, нөхцөл байдлыг зөв тогтоох нь чухал ач холбогдолтой байдгаас гадна уг үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй, эмх замбараагүй байдаг бол хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нь ихэвчлэн тооцож төлөвлөсөн, тодорхой үр дүнд хүрэхийг эрмэлзэж, үйлдлээ өөрөө хянаж, хүссэн үр дүндээ хүрээд үйлдлээ зогсоодог зэрэг онцлогтой байдаг.

 

Дээрх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Ёндонжамц, Б.Цэндбаяр, бусад гэрч, шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан ялтан Ц.Бат-Эрдэнэ нь 2016 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Sea” бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан, урьд нь энэ хэрэгт шийтгүүлж ялтай байхдаа дахин танхайрсан гэж хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

 

Үүнээс гадна прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө гэж ташаа бичснийг анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө гэж зөвтгөсөн нь үндэслэлтэй болжээ.

 

Энэ хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон, анхан шатны шүүх ялтан Ц.Бат-Эрдэнийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ зөвхөн ялтны мэдүүлгийг үндэслэл болгоогүй, түүний мэдүүлгээс гадна дээр дурдсан хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хохирогч, гэрч, шинжээч эмч нарын мэдүүлэгтэй нийцэж байгаа мэдүүлгийг үнэлж, бусад нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол үндэслэлтэй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ц.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: