Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 442

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-11-43 тоотод оршин суух, ВГ86123102 регистрийн дугаартай, Дайчинван овогт Хандсүрэнгийн Жаргалсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-16-03 тоотод оршин суух, ВЭ89021515 регистрийн дугаартай, Боржигон овогт Дорждагвын Готовт холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Жаргалсайхан, хариуцагч Д.Готов, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

Хандсүрэн овогтой Жаргалсайхан миний бие 2008 онд Дорждагва овогтой Готовтой танилцсан. 2006 оны 07 дугаар 31-ний өдөр миний охин Ж.Энхриймаа төрсөн. 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №0062609 дугаарын 248 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Охин маань төрөхөд гэр бүлийн баталгаагүй байсан учир миний нэрээр овоглож гэрчилгээ авсан юм. Бид хоёрын хамтран амьдрах хургацаанд Д.Готов нь гэр бүлээсээ гадуур хамтран амьдрагчтай болж, надад бэлгийн замын халдварт өвчин авчирч байсан. Мөн архи уухаараа хэл амаар доромжилдог байсан. Энэ цагаас хойш бидний зан харилцаа таарамжгүй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. 2008 оноос хойш өдийг хүртэл тус тусдаа амьдарч байгаа. Салснаас хойш охин маань өдийг хүртэл миний асрамжид өсөж торниж, сурч хүмүүжиж байгаа. Одоо бид хоёр тус тусдаа амьдралтай. Миний бие бага насны 2 хүүхэдтэй Улаанбаатар хотод амьдардаг. Иймд цаашид бид хоёр хамтран амьдрах боломжгүй учир гэрлэлтийг цуцалж өгнө үү. Миний охин Ж.Энхриймаа нь 10 нас хүрэхэд эцэг нь нэг удаа харж хандаж байгаагүй. Үүнд би гомдолтой байдаг. Иймд миний охин Ж.Энхриймааг миний асрамжид үлдээж Д.Готовоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Готов шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

Миний бие Д.Готов нь 1989 оны 02-р сарын 15-ны өдөр төрсөн. 2005 онд Х.Жаргалсайхантай танилцаж, 2006 оны 07-р сарын 31-ний өдөр охин Ж.Энхриймаа төрсөн. Гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй, охиноо ээжид нь үлдээнэ, сар бүр хүүхдийн тэтгэлгийн мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын иргэний үнэмлэхний хуулбарууд, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Ж.Энхриймаагийн төрсний гэрчилгээний хуулбар, Багийн Засаг даргын тодорхойлолт, Оточ мандал эрүүл мэндийн төвийн болон сургуулийн тодорхойлолт, хүүхдийн санал зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Жаргалсайханы гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Готов зөвшөөрсөн байна.

 Нэхэмжлэгч Х.Жаргалсайхан, хариуцагч Д.Готов нар нь 2007 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэр бүл болсноо 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэн гэрлэгсдийн эрх, үүргийг үүсгэн амьдарсан, 2006 оны 07 дугаар сарын 31-ний өдөр охин Ж.Энхриймаа төрж одоо эрүүл энх өсөн торниж байгаа болох нь гэрлэлтийн гэрчилгээ болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, Оточ мандал өрхийн эмчийн болон дунд сургуулийн тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдсон байна.

 Нэхэмжлэгч Х.Жаргалсайхан, хариуцагч Д.Готов нар нь 2008 оноос тусдаа амьдарсан, тус тусдаа хамтран амьдрагчтай, нэхэмжлэгч Х.Жаргалсайхан нь хамтран амьдрагчийнхаа 2 хүүхдийг төрүүлсэн зэрэг амьдралын бодит байдал үүссэн болон гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ эхийн асрамжид хэвээр үлдээхээр харилцан тохиролцсон байх тул эвлэрэх хугацаа зааж, эвлэрүүлэн зуучлагчид хандуулалгүйгээр гэрлэлтийг нь цуцалж, 2006 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн Ж.Энхриймааг эх Жаргалсайханаар овоглон төрсний бүртгэлд бүртгүүлэн төрсний 0281840 Г-255 тоот гэрчилгээ авсан байх ба Ж.Энхриймааг өөрийн төрсөн охин болохыг хариуцагч Д.Готов хүлээн зөвшөөрсөн, энэ асуудлаар маргаангүй байх тул охин Ж.Энхриймаагийн эцгээр Ж.Готовыг тогтоож, Ж.Энхриймааг тэдний тохиролцсоноор эхийн асрамжид хэвээр үлдээн тэтгэлэг тогтоож тус,тус шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Дайчинван овогт Хандсүрэнгийн Жаргалсайхан, Боржигон овогт Дорждагвын Готов нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2006 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Ж.Энхриймаагийн эцгээр Боржигон овогт Дорждагвын Готовыг тогтоосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан охин Ж.Энхриймааг эх Х.Жаргалсайханы асрамжид хэвээр үлдээсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан Ж.Энхриймаад сард 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг Д.Готовоос гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурьдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг баримтлан гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч охин Ж.Энхриймааг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг Д.Готов, эх Х.Жаргалсайхан нарын үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Х.Жаргалсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Готовоос 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Жаргалсайханд олгосугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Готовоос улсын тэмдэгтийн хураамжид 28627 төгрөг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 120 дугаар зүйлийн 120-2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, зохигч талууд энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ