| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0347/Э |
| Дугаар | 354 |
| Огноо | 2019-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 354
М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж М овогт Т-ийн М-т холбогдох эрүүгийн 1910008520345 дугаартай, 187/2019/0347/Э индекстэй хэргийг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М Улсын иргэн, ...........оны ..... дүгээр сарын .........-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, ........ боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........... хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, М овогт Т-ийн М /РД:.............../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.М нь 2019 оны 4 дүгээр сарын 01-ний орой 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 10 дугаар гудамжны 665 тоот хашаанд Н.А-тэй архидан согтуурч улмаар архиар шахсанаас болж маргалдан, түүнийг аягаар толгойн тус газар нь цохиж, үснээс нь зулгаан нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Т.М нь 2019 оны 4 дүгээр сарын 01-ний орой 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 10 дугаар гудамжны 665 тоот хашаанд Н.А-тэй архидан согтуурч улмаар архиар шахсанаас болж маргалдан, түүнийг аягаар толгойн тус газар нь цохиж, үснээс нь зулгаан нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Т.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Н.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Арцатын 10 дугаар гудамжинд танил Т.Мэндбаяртай тааралдсан. Мнадад нэг шил архи байна, хамт ууя гэхээр нь зөвшөөрч хашаанд нь хамт уусан. Мууж байхдаа эхнэр нас бараад 3 сар болж байна. Би эр, эмийн ажил хийгээгүй удлаа гэх мэтээр яриад надад их архи хийж өгөөд байхаар нь би уурлаад маргалдсан. Тухайн үед би ууж байсан архийг Мруу цацсан чинь над руу аяга авч шидээд миний үснээс зулгааж толгой болон нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохьсон. Миний үснээс зулгаачихсан байхаар нь би тавиулах оролдлого хийсэн чинь гартаа жижиг чулуу барьж байгаад миний нүүр, толгой руу хэд хэдэн удаа цохиж, над руу аяга шидэж, миний толгойг хагалсан. Толгойдоо 4 оёдол тавиулсан. Чулуу барьж байгаад миний зүүн нүд рүү цохьсон. Нүд хөхөрч хавдсан. Намайг архи цацлаа гэх шалтгаанаас болж зодсон. Би эрүүл мэнддээ учирсан хохиролд эмчилгээ хийлгээгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/
3. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...Н.М-ийн баруун нүдний дээр, доогуур улаан хүрэн өнгөтэй цус хурж хавдсан, зүүн хацрын шанаа хэсэгт 0.5х1 см, зүүн гарын алганы эсрэг талын эрхий хурууны хэсэгт 0.2х1.8 см зураасан, зүүн хөмсөг 0.5х0.5 см шархтай, толгойн орой хэсэг 5 см урттай 8 ширхэг оёдол тавиулсан...” /хх-5-6/
4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№4284/-ний дүгнэлт:
-Н.М-ийн биед зулайд няцарсан шарх, зовхи, хацар, шанаа, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
-Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
-Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 22/
5. Шүүгдэгч Т.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэрт байсан нэрмэл М архийг гэртээ ганцаараа ууж байгаад 15 цагийн үед гудамжиндаа гартал Алтангэрэлтэй тааралдаж яриа өрнүүлж байгаад надад нэг юм байна хоёулаа манай гэрт ууя гэтэл зөвшөөрч манай хашаанд надтай ууж байгаад маргалдсан. Бид хоёр архи ууж байгаад маргалдсан. Алтангэрэл миний толгой руу гараараа цохихоор нь би зөрүүлээд толгой руу нь гараараа цохьтол газар унасан. Тэгэхээр нь би үснээс нь зулгаасан чинь хашаанаас гараад явсан. Би түүний толгойн тус газар нь гараараа цохиж үснээс нь зулгаасан. Намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.М нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№4284/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Т.М нь 2019 оны 4 дүгээр сарын 01-ний орой 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 10 дугаар гудамжны 665 тоот хашаанд Н.А-тэй архидан согтуурч улмаар архиар шахсанаас болж маргалдан, түүнийг аягаар толгойн тус газар нь цохиж, үснээс нь зулгаан нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж зодон түүний биед зулайд няцарсан шарх, зовхи, хацар, шанаа, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Т.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална...” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.М-ыг гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг /500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох/ хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, хохирогч Н.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр сайн дураараа эвлэрсэн….” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус хянаад улсын яллагчаас түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзээд санал болгож байгаа 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Т.М-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Т.М-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Т-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М овогт Т-ийн М-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.М-т оногдуулсан 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Т.М-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Т.М-т сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР