| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 130/2024/00275/И |
| Дугаар | 212/МА2024/00057 |
| Огноо | 2024-07-02 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 212/МА2024/00057
Н.М-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2024/00327 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ****** багт оршин суух Ш овогт Н-ийн М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Т- сумын Ерөнхий боловсролын сургууль /захирал Б.Д/-д холбогдох,
“Баян-Өлгий аймгийн Т- сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Т- сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн томилуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Гомдол гаргагч Н.М- миний бие 1986 оны 8 дугаар сараас эхлэн мэргэжлийн дагуу боловсролын салбарт 38 дахь жилдээ багш, сургалтын менежер зэрэг албан тушаалд тасралтгүй ажиллаж байгаа, ахмад сурган хүмүүжүүлэгч юм.
1.2. Би 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Т- сумын Ерөнхий боловсролын сургуульд 10 дахь жилдээ сургалтын менежерийн албан тушаалд ажиллаж байхад Баян-аймаг дахь сумын дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/168 дугаартай шийтгэх тогтоолоор Н.М- намайг Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6500 нэгж буюу 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2-д зааснаар Н.М- миний эрхэлж байгаа сургалтын менежер гэх орон тоо нь Нийтийн албан тушаалтны ангилалд хамаарч байх тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/168 дугаартай шийтгэх тогтоолоор нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасах ялаар шийтгүүлсэн учир Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан болно.
1.3. Гомдол гаргагч Н.М- миний 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэж, Баян-Өлгий аймгийн Т- сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/03 дугаартай тушаалаар намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Гэтэл Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ДШМ/03 дугаартай магадлалаар Н.М- надад холбогдох хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/168 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.М-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан юм.
1.4. H.М- намайг ажил олгогч Т- сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/03 тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд маргааш нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн давж заалдах шатны шүүхийн 2024/ДШМ/03 дугаартай магадлалаар хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан учраас тэр өдөр буюу 2024 оны 02 дугаар 19-ний өдөр шүүх хуралдаанаас гарангуут захирал Б.Д-ад хэлж, цагаатгасан тул өчигдрийн чөлөөлөх тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд томилж өгөхийг хүссэн боловч авч хэлэлцээгүй.
1.5. Т- сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/03 дугаартай тушаалын үндэслэлд “Өөрийн хүсэлтийг үндэслэн чөлөөлөв” гэжээ. Гэтэл Н.М- миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/168 дугаартай шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох шийдвэр гарч, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг хасах ял халдаасан учир ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нөхцөл шалтгаан байсан. Энэ нь Н.М- миний өөрийн сайн дураар, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үнэхээр хүсэж гаргасан, миний хүсэл зоригийн илэрхийлэл биш болох нь шийтгэх тогтоол, хүсэлт гаргасан цаг хугацаа зэргээр нотлогдоно.
1.6. Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаартай тогтоол одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд уг тогтоолын 14 дэх заалтад Хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай буюу хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дундын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ гэжээ. Гэтэл Н.М- миний бие эрхэлж байсан албан тушаалаас өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр чөлөөлөгдөөгүй болох нь Баян-Өлгий аймгийн дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ЦШТ/168 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Нийтийн албан томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасах ял шийтгүүлсэн асуудалтай шууд хамааралтай юм. Хэрэв ял шийтгүүлээгүй бол Н.М- би ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргахгүй байсан. Гэтэл Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Н.М- надад холбогдох хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ДШМ/03 дугаартай магадлалаар цагаатгасан нь ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болсон хөндлөнгийн нөхцөл арилсан юм.
1.7. Баян-Өлгий аймгийн Т- сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/03 дугаартай тушаал нь дараах байдлаар хууль зөрчиж гаргасан болох нь тогтоогдсон. Тухайлбал, тушаалын 1 дэх заалтаар Н.М- нь өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн учир 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэжээ. Гэтэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1963 онд төрсөн эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх насыг 61 нас 6 сарын хугацаагаар тогтоосон тул Н.М- миний тэтгэвэр тогтоолгох насны доод хязгаар, эсвэл тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх хугацаа 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэх буюу өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзол хангагдах юм.
1.8 Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт Төрийн улсын төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар 65 нас байна гэж тогтоосон бөгөөд мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь хэсэгт заасан тэтгэвэр тогтоолгох нас, 46.2.3 дахь хэсэгт заасан Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн нөхцөлд төрийн албанаас чөлөөлөхөөр заасан байна. Н.М- миний хувьд дээрх хоёр болзлыг хангаагүй байгаа учир өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж чөлөөлж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн үйл явц гэж харж байна.
1.9. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт зааснаар Н.М- намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн Т- сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Т- сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
2.1. Тус сургуульд сургалтын менежерээр ажиллаж байсан Н.М- нь сургуулийн захирал Б.Д-ад 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бичгээр хандаж Миний бие Нури овогтой М- тус сургуульд сургалтын менежерээр ажилладаг, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул намайг сургалтын менежерийн үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү. 2023-2024 оны хичээлийн жилд ажилласны ногдох амралтыг тооцож олгоно уу гэсэн өргөдлийг гаргасан.
2.2. Ажил олгогчоос ажилтан Н.М-ын өргөдлийг судлан үзээд тэрээр 60 нас хүрсэн, улсад 21 жил 9 сараас доошгүй хугацаагаар ажилласан, өөрөө сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдөл гаргасан тул түүнийг ажлаас чөлөөлсөн байна. Тус сургуулийн захирлын 2024 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Б/07 дугаартай тушаалаар сургуульд мэдээлэл зүйн багшаар ажиллаж байсан К.А-г сургалтын менежерээр томилон, хөдөлмөрийн гэрээ байгуулан одоо хүртэл ажиллуулж байна.
2.3. Иймд нэхэмжлэгч Н.М-ын тус шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Т- сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Т- сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд эргүүлэн томилохыг хүсэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2024/0037327 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Н.М-ын Баян-Өлгий аймгийн Т- сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Т- сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Гомдол гаргагч Н.М- миний бие 1986 оны 8 дугаар сараас эхлэн мэргэжлийн дагуу боловсролын салбарт 38 дахь жилдээ багш, сургалтын менежер зэрэг албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд 2014 оны 4 дүгээр сараас эхлэн Т- сумын Ерөнхий боловсролын сургуулийн “сургалтын менежер”-ийн албан тушаалыг эрхэлж буй ахмад сурган хүмүүжүүлэгч байгаа юм.
4.2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/168 дугаартай “Шийтгэх тогтоол”-оор Н.М- намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6500 нэгж буюу 6.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
4.3. Н.М- миний гэмт хэрэгт холбогдох үед эрхэлж байсан “сургалтын менежер” гэх албан тушаал нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2 дахь хэсэгт зааснаар “нийтийн албан тушаалтан”-ны ангилалд хамаарч байх тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/168 дугаартай “Шийтгэх тогтоол”-оор нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасах ялаар шийтгүүлсэн учир Н.М- би 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хөдөлмөрийн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг ажил олгогч тухайн өдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/03 дугаартай тушаалаар “ажлаас чөлөөлөх” шийдвэр гаргасан болно.
4.4. Гэтэл Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ДШМ/03 дугаартай магадлалаар Н.М- надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан.
4.5. Н.М- би Т- сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/03 дугаартай тушаалаар “гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, нийтийн албан тушаал эрхлэх эрхийг хасаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн “Шийтгэх тогтоол”-ыг үндэслэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан ажил олгогч мөн “нийтийн албан тушаал эрхлэх эрх хасагдсан, ял шийтгүүлсэн” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байсан тул миний бие чөлөөлөгдсөний маргааш буюу 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр давж заалдах шатны магадлалаар цагаатгасан учир урьд гаргасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээс татгалзаж, ажилд буцааж томилохыг хүссэн боловч хүлээн аваагүй учир маргаан үүсгэж, шүүхэд хандаж байна.
4.6. Н.М- би шүүхийн шийдвэрээр “нийтийн албанд томилогдох эрхийг хасаж шийдвэрлэсэн” тул аргагүйн эрхэнд ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан болохоос бус өөрийн хүсэлтээр сайн дураар чөлөөлөгдөөгүй болох нь шийтгэх тогтоолоор нотлогдсон байна. Монгол Улсын Дээд шүүхийн “Хөдөлмөрийн хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар дугаартай тогтоолын 14 дэх заалтад “Хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдэгт ажил олгогчийн шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл, хөндлөнгийн оролцоогүй, ажилтны зөвхөн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр бичгээр гаргасан хүсэлтийг хэлнэ” гэжээ. Гэтэл Н.М- би Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/168 дугаартай “Шийтгэх тогтоол”-ийн нөлөөлөл, уг тогтоолоор “Эрх хасах шийтгэл” ногдуулсан учир ажлаас чөлөөлөх хүсэлт гаргасан үйл баримт нотлогдсон байгаа.
Харин давж заалдах шатны шүүхийн “цагаатгах шийдвэр” гарсан нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргах нөхцөл арилсныг илтгэж, нотолж байна.
4.7. Мөн Т- сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/03 дугаартай тушаал нь дараах байдлаар хууль зөрчиж гарсан болох нь нотлогдоод байна. Тухайлбал: Тушаалын 1 дэх заалтад “Н.М- нь өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн учир 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэжээ.
4.8. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар 65 нас байна” гэж, мөн хуулийн 46.2.2-д “тэтгэвэр тогтоолгох нас” 46.2.3-д “Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн" нөхцөлд төрийн албанаас чөлөөлөх хоёр болзлыг заасан байдаг. Гэтэл Н.М- би дээрх хоёр болзлыг хангаагүй болох нь Иргэний баримт бичгээр батлагдаж байна.
4.9. Дээрх хуулийн холбогдох заалтуудыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн зарим заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул гомдол гаргаж байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2024/00237 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. Нэхэмжлэгч Н.М- нь Т- сумын ерөнхий боловсролын сургуульд 40 гаруй жил ажилласан. Н.М- өөрөө сайн дурын үндсэн дээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох гээд сургуулийн захиргаанд өргөдөл гаргасан. Өргөдлийг хэлэлцэж ажлаас чөлөөлсөн байгаа. Нэхэмжлэгч 60 нас хүрсэн хүн 21 жил 9 сар ажилласан бол 60 насанд өндөр насны тэтгэвэр тогтоолгох хуулийн заалт байгаа. Н.М- 2024 оны 02 дугаар сараас эхлэн өндөр насны тэтгэвэр аваад эхэлсэн байгаа. Н.М- Казакстан улс руу явсан, энэ хүнийг эргэж ажилд авах боломжгүй байна. Давж заалдах журмаар гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
6. Анхан шатны шүүх хөдөлмөр эрхлэлтийн харилцаанаас үүдэлтэй маргааны үйл баримтыг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэргээн тогтоож, түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв сонгож, тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.
7. Нэхэмжлэгч Н.М- нь хариуцагч тус аймгийн Т- сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Т- сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
8. Нэхэмжлэгч Н.М-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар цуцалсан үндэслэлүүдийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд судлан үзвэл:
- Нэхэмжлэгч Н.М-ын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч тус аймгийн Т- сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Д-ад гаргасан хүсэлтийн дагуу тус сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар түүний дээрх хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөлсөн /хавтаст хэргийн 7, 49 дэх тал/,
- Нэхэмжлэгч Н.М- нь “Баян-аймаг дахь сумын дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/168 дугаартай шийтгэх тогтоолоор намайг Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн учир Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг үндэслэн ажил олгогч намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Гэтэл Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ДШМ/03 дугаартай магадлалаар тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.М-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан тул тэр өдөр буюу 2024 оны 02 дугаар 19-ний өдөр шүүх хуралдаанаас гарангуут захирал Б.Д-ад хэлж, цагаатгасан тул өчигдрийн чөлөөлөх тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд томилж өгөхийг хүссэн боловч авч хэлэлцээгүй, би ажилдаа эргэж орох ёстой” гэж маргасан,
- Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарах талаар гаргасан хүсэлтээ сайн дураар гаргаагүй, дээрх нөхцөл байдлын улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж тайлбарлах боловч түүний ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэд энэ талаар тусгагдаагүй, ажил олгогчийн зүгээс ажлаас чөлөөлөх талаар шахаж шаардсан нь нотлох баримтаар тогтоогдоогүй,
- Иймд ажилтан нь өндөр насны тэтгэвэрт гарахаар ажил олгогчид сайн дурын үндсэн дээр гаргасан түүний хүсэлтийнх нь дагуу ажил олгогч түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, … гаргасан” гэж заасанд нийцсэн байна.
9. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “1963 онд төрсөн эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх насыг 61 нас 6 сарын хугацаагаар тогтоосон байх тул Н.М- миний тэтгэвэр тогтоолгох насны доод хязгаар, эсвэл тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх хугацаа 2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр эхлэх буюу тэтгэвэр тогтоолгох болзол хангагдах юм. Насны болзол хангаагүй байхад ажлаас “болзол хангасан” гэж дүгнэсэн байна.
Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар 65 нас байна” гэж, мөн хуулийн 46.2.2-д “тэтгэвэр тогтоолгох нас” 46.2.3-д “Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн" нөхцөлд төрийн албанаас чөлөөлөх хоёр болзлыг заасан байдаг. Гэтэл Н.М- би дээрх хоёр болзлыг хангаагүй болох нь Иргэний баримт бичгээр батлагдаж байна.
Дээрх хуулийн холбогдох заалтуудыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн зарим заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул гомдол гаргаж байна.” гэжээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтад “тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй” өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэхээр хуульчилжээ. Хуулийн дээрх заалтын тайлбарт: “Энэ хуулийн 5.1.1-д заасан өндөр насны тэтгэврийн нас нь 1957 он ба түүнээс өмнө төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 60, 1962 он ба түүнээс өмнө төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 байна. Цаашид 1958 онд төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 60 нас 3 сар, 1963 онд төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 нас 3 сар байх бөгөөд тэтгэвэр тогтоолгох насыг даатгуулагчийн төрсөн онд харгалзуулан 3 сараар нэмэгдүүлж, 1977 он ба түүнээс хойш төрсөн эрэгтэй, 2002 он ба түүнээс хойш төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд өндөр насны тэтгэврийн нас 65 байна.” гэж хуульчилсан боловч энэ нь зөвхөн мөн хуулийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэхэд хамааралтай бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Түүнчлэн хуульчилсан уг тайлбарт “Энэ хуулийн 5.1.2-т заасан тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацаа 2023 онд 21 жил 6 сар байх бөгөөд энэ хугацааг 25 жил хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлнэ.” гэснээс үзэхэд нэхэмжлэгч Н.М- нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн болох нь тогтоогдсон, үүнд талууд маргаагүй байна.
10. Нэхэмжлэгч Н.М- нь 1963 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчоос дуусгавар болгосон 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тэр 60 нас, 10 сар, 7 хоногтой болох нь маргаангүй байх тул түүнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтын дагуу өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн байжээ.
11. Нэхэмжлэгч Н.М- нь давж заалдах гомдлын үндэслэлээ болгосон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсноор хүчингүй болжээ. Түүнчлэн Төрийн албаны хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана” гэж зохицуулжээ. Хуулийн энэ зохицуулалтын агуулга нь ажил олгогчийн бүрэн эрхэд хамаарч байх тул хүсэлт гаргагчийг 65 нас хүртэл нь заавал ажиллуулах гэсэн ойлголт биш байна.
12. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ