Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 212/МА2024/00058

 

 

С.С-ийн хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 130/ШШ2024/00354 дүгээр шийдвэртэй,  хүсэлт гаргагч ******* багт оршин суух Х овогт С-ийн С-ийн хүсэлттэй,

 

“Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Асгатын бага сургуулийн харьяа хүүхдийн цэцэрлэгт 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 10-ны хүртэл, 1993 оны 08 дугаар сарын 25-аас 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал тус тус асрагчаар, тус аймгийн Ногооннуур сумын 10 жилийн дунд сургуульд 1992 оны 01 дүгээр сарын 10-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, хүсэлт гаргагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн агуулга: 

1.1. Хүсэлт гаргагч С.С- нь анх шүүхэд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Асгат дахь хүүхдийн цэцэрлэгт 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал асрагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухайн шүүхэд хүсэлтийн шаардлага гаргасан.

1.2. Хүсэлт гаргагчид ажил олгогчоос олгосон Хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилтийг үндэслэн хүсэлтийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар өөрчилж байна. Хүсэлт гаргагч С.С-ийн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Асгатын бага сургуулийн харьяа хүүхдийн цэцэрлэгт 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 10-ны хүртэл, 1993 оны 08 дугаар сарын 25-аас 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал тус тус асрагчаар, тус аймгийн Ногооннуур сумын 10 жилийн дунд сургуульд 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүсэж байна.

Учир нь, хүсэлт гаргагч С.С-ийн тухайн байгууллагад ажиллаж байсан үеийн зарим тушаал шийдвэрүүд гарахгүй байгаа. Холбогдох зарим нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тухайн үед цэцэрлэг нь сургуулийн харьяа байсан ба нэг байгууллагад байдаг нэг эрхлэгчийн доор үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тухайн үед сургуулийн захирал Муса гэдэг хүн ажиллаж байсан. 1986 оноос эхлэн тус цэцэрлэгт ажилчин авахад С.С-ийг асрагчаар ажилд авсан байна. 1996 онд тус цэцэрлэгийн эрхлэгч Муса Өлгий суманд шилжсэн байна. Гэрч нарын мэдүүлгээр тус цэцэрлэг нь 1996 онд татан буугдаж үйл ажиллагаагаа зогсоосон байна.

1.3. Хүсэлт гаргагч С.С- нь таван хүүхэд төрүүлж өсгөсөн эх хүн бөгөөд энэ жил 55 нас хүрээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд ажилласан жил нь хүрэхгүйн улмаас ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандсан.

1.4. Иймд хүсэлт гаргагч С.С-ийн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Асгатын бага сургуулийн харьяа хүүхдийн цэцэрлэгт 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 10-ны хүртэл, 1993 оны 08 дугаар сарын 25-аас 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал тус тус асрагчаар, тус аймгийн Ногооннуур сумын 10 жилийн дунд сургуульд 1992 оны 01 дүгээр сарын 10-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсныг хуулийн дагуу тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

 

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 130/ШШ2024/00354  дүгээр шийдвэрээр:

2.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х овогт С-ийн С-ийн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 10 жилийн дунд сургуульд 1992 оны 01 дүгээр сарын 10-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үйлчилгээний ажилтнаар, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Асгатын бага сургуулийн харьяа хүүхдийн цэцэрлэгт 1993 оны 08 дугаар сарын 25-аас 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэн тус аймгийн Ногооннуур сумын Асгатын бага сургуулийн харьяа хүүхдийн цэцэрлэгт 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 10-ны хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

 

3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

3.1. Хүсэлт гаргагч С.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 130\ШШ2024\00354 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

3.2. Анхан шатны шүүх нь С.С-ийн “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Асгатын бага сургуулийн харьяа хүүхдийн цэцэрлэгт 1986 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 10-ны хүртэл, 1993 оны 8 дугаар сарын 25-аас 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал тус тус асрагчаар, Ногооннуур сумын 10 жилийн дунд сургуульд 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан тухай”хүсэлтийг хянан хэлэлцэхэд С.С-ийн Ногооннуур сумын Асгатын бага сургуулийн харьяа хүүхдийн цэцэрлэгт 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ны хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна.

3.3. Иргэн С.С-ийн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Асгатын бага сургуулийн харьяа хүүхдийн цэцэрлэгт 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлт, тус аймгийн ЗДТГ-ын Архивын тасгаас олгосон лавлагаанууд, хөдөлмөрийн дэвтэр, гэрч М.М, М.С, Х.Р нарын мэдүүлэг, 1990 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хөтөлсөн ХААТР-11 маягт, хүмүүжүүлэгч багш Д, нярав М.Р нартай авхуулсан фото зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна.

3.4. Гэтэл анхан шатны шүүх иргэний хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй явдалд гомдолтой байна.

3.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 130\ШШ2024\00354 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, С.С-ийн Баян-Өлгий Ногооннуур сумын Асгатын бага сургуулийн харьяа хүүхдийн цэцэрлэгт 1986 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ны хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгөхийг хүсье.

 

ХЯНАВАЛ:

 

            4. Давж заалдах шатны шүүх С.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

5. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, “үндэслэл бүхий байна” гэдэгт хэрэгт авагдсан, хууль ёсны нотлох баримтуудыг шүүх хуульд заасан журмаар үнэлж, дүгнээд хэргийн үйл баримтыг бодитой сэргээн тогтоосныг ойлгоно. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан дээрх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.   

 

6. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар өөрийн санаачилгаар бүрдүүлсэн болон хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг буюу хүсэлт гаргагч С.С-ийн:  

- Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 10 жилийн дунд сургуульд 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үйлчилгээний ажилтнаар,

-Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Асгатын бага сургуулийн харьяа хүүхдийн цэцэрлэгт 1993 оны 08 дугаар сарын 25-аас 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал асрагчаар тус тус ажиллаж байсан үйл явдлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг үндэслэж тогтоосон бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зохицуулсан процессын хэм хэмжээнд нийцжээ.

 

7. Харин хүсэлт гаргагчийн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Асгатын бага сургуулийн харьяа хүүхдийн цэцэрлэгт 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 10-ны хүртэл асрагчаар ажиллаж байсан талаарх баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй учраас хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.  

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим нь хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй хэдий ч онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт энэ зарчим дангаараа хэрэгжихгүй, шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх боломжтой байдаг.

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэгчийн хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч, мөн хуулийн 133 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгддэг бөгөөд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг олж цуглуулах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу явуулсан боловч хэрэгт цугларсан баримтуудаар хүсэлт гаргагчийн зарим шаардлага  тогтоогдохгүй байна.  

 

9. Шүүхэд М.М, С.С, Х.Р нар гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “хүсэлт гаргагч С.С- нь 1986-1996 онд Ногооннуур сумын Асгатын хүүхдийн цэцэрлэгт ажилласан” гэж мэдүүлжээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчүүдийн мэдүүлэг нь нотолгооны нэг хэрэгсэл мөн боловч тэдгээрт дурдагдсан баримтат мэдээллийг шүүх мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар бусад нотолгооны хэрэгслүүдтэй харьцуулан үнэлэх замаар дүгнэлт хийх боломжтой. Гэтэл гэрчийн мэдүүлэгт дурдсан баримтат мэдээллүүдийг харьцуулах өөр нотолгооны хэрэгсэл хэрэгт байхгүй, иймээс тэдгээрийг хооронд нь харьцуулан үнэлэх нь хуульд заасан дээрх журамд нийцэхгүй буюу бодитойгоор харьцуулан үзэж, үнэлэх боломжгүй байх тул гагцхүү гэрчийн мэдүүлгээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хууль ёсны зарчимд нийцэхгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

11. Иймд “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дээрх үндэслэлүүдээр хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

12. Хуульд зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 130/ШШ2024/00354 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.   

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК 

                       

ШҮҮГЧ                                                Ж.ОТГОНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                Д.КӨБЕШ