Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 4956

 

 

 

 

 

  2016 оны 06 сарын 27 өдөр

  Дугаар 101/ШШ2016/04956

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Н.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М ХХК холбогдох,

 

Орон сууцны үнэд 110,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.       

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.******* /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0101/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.******* миний бие “*******” ХХК-ийн системд 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 7 жил ажилласан. Ингэхдээ 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2010 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл “*******” ХХК-ийн Захиргааны хуулийн хэлтэст хуульчаар, 2010 оны 02 дугаар сарын 22-ний өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл “*******” ХХК-ийн охин компани “Шижир Алт” ХХК-ийн Төв аймгийн Заамар сум дахь “Заамар” үйлдвэрийн хуульчаар, 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл “*******” ХХК-ийн хуулийн хэлтэст хуульчаар тус тус ажилласан байна.

Н.******* миний бие тус байгууллагад нийт 7 жил ажиллахдаа үнэнч шударга, компанийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлын төлөө хоёргүй сэтгэлээр ажилласан болно. Ажиллах хугацаандаа компанийн өдөр тутмын үйл ажиллагаатай уялдан гарах эрх зүйн актууд, тушаал шийдвэр, гэрээ хэлцлийг боловсруулан хяналт тавих, компанийн захиргааны болон харьяа үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай холбогдон гарах хөдөлмөрийн харилцаатай асуудлаар хууль зүйн дүгнэлт, гарц шийдлүүдийг хуулийн хүрээнд боловсруулах, компани зохигчоор оролцож буй Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд компанийг төлөөлөн оролцох, компанийн дүрэм, журмын өөрчлөлтийг шинэчлэн найруулж боловсруулах зэрэг компанийн үйл ажиллагааны хүрээнд урган гарсан бүхий л асуудал дээр хуульчийн үүргийг гүйцэтгэж ирсэн билээ. Нийт ажилласан хугацаанд миний үйлдсэн, хянасан тушаал шийдвэр, гэрээ хэлцэл, эрх зүйн зохицуулалтын боловсруулалтаас үүдэн компанид ямар нэг хохирол учирч байгаагүй, ажиллах хугацаандаа мэргэжлийн алдаа гаргаж байгаагүй болно.

2010 оны 9 дгээр сард тухайн үед Компанийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан О.******* Төв аймгийн Заамар сум дахь компанийн харьяа Заамарын үйлдвэрт хуульч шаардлагатай байна, бодит үйлдвэрлэл дээр ажиллах нь хувь хүнд арвин туршлага өгдөг, эргээд харахад бүтээсэн, хийсэн зүйлтэй сайхан байдаг, чи зөвшөөрвөл чамайг Заамарын үйлдвэрийн хуульчаар ажиллуулах саналтай байна, бодож байгаад хариугаа өгөөрэй, 2-3 жил тэнд ажиллана, хэрэв тэнд ажиллавал чиний ажлын үр дүнг харгалзан чамд орон сууцны асуудлыг шийдэж болно гэдэг саналыг надад тавьсан. Миний бие тухайн саналыг тунгаан бодож, орон сууцаар хангах асуудлыг компанийн удирдлагын хэмжээнд шийдэж, хөдөлмөрийн гэрээнд тусгаж оруулбал явахад бэлэн байгаагаа илэрхийлснээр харилцан зөвшилцөж, Хөдөлмөрийн гэрээнд орон сууцаар хангах тухай тусгаж, 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс Төв аймгийн Заамар сумын нутагт орших Заамарын үйлдвэрт 3 жилийн Хөдөлмөрийн гэрээтэйгээр хуульчаар ажилласан болно. Миний бие Заамар үйлдвэрийн хуульчаар ажиллах хугацаандаа үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой хууль эрх зүйн асуудлыг хариуцан ажиллахын зэрэгцээ металл олборлолтын үйл ажиллагаанд хяналт тавих үүргийг давхар гүйцэтгэж, ажил үүргээ хариуцлагатайгаар сайн гүйцэтгэсэн гэж үздэг. Заамарын үйлдвэрийн хуульчаар ажиллаж байтал “*******” ХХК-ийн Захиргааны хуулийн хэлтэст нэг хуульч шаардлагатай байна, одоо Заамар үйлдвэр татан буугдах гэж байна тиймээс чи эргээд компанийнхаа хуульчийн ажил үүргийг хүлээн ав гэснээр 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс “Монголросцвегмет” ХХК-ийн Захиргааны хуулийн хэлтэст хуульчаар эргэн ирж ажилласан. 2013 оны 02 дугаар сард “*******" ХХК-ийн Ерөнхий захирал солигдож, компанийн Ерөнхий захирлаар Х.******* томилогдсон. 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр миний “*******” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, компанийн хуульчийн ажил үүргийг хүлээлгэн өгсөн. Н.******* миний бие хөдөлмөрийн гэрээний орон сууцаар хангах заалтыг хэрэгжүүлэх, орон сууцаар хангаж өгөхийг хүссэн өргөдлийг 2013, 2014 онуудад компанийн удирдлагад тавихад компанийн Ерөнхий захирал Х.******* чи О.*******тэй гэрээ байгуулсан, надтай гэрээ байгуулаагүй тиймээс чамд орон сууц өгөхгүй гэдэг хариуг өгсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа миний энэхүү нэхэмжлэлд хамаарахгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь гэрээний үүргийн биелэлттэй холбоотой маргаан бөгөөд Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацааг 3 жил гэж заасан байгаа болно.

Миний бие хуулийн хүрээнд, “*******” ХХК-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан, хэн нэгэн хувь хүнтэй гэрээ байгуулаагүй, 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 7 жилийн хугацаанд “*******” ХХК-ийн ажил үүргийг гүйцэтгэж ирсэн. Хариуцагч нь 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар надад байр олгохтой холбоотой асуудлыг хэлэлцсэн гэж байгаа бол надад мэдэгдэх ёстой байсан. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн баримт болон тайлбар нь хуульчийн ажил үүргийг дүгнэх нотлох баримт биш юм.

Миний хувьд тус байгууллагад ажилд ажиллаж байх хугацаандаа ажил цалгардуулж ажил тасалж байсан удаагүй, 100 гаран шүүх хуралдаанд оролцсоноос 98-99 хувь нь компанийн эрх ашигт нийцсэн шийдвэр гарч байсан, хариуцагчийн ирүүлсэн нотлох баримтууд нь миний оролцоогүй байсан үеийн нотлох баримтыг гаргаж өгсөн, тухайн хуульчийн ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг шийдвэрийн үр дүнгээр нотлохгүй, компанид хохирол учруулаагүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Тиймээс Н.******* болон “*******” ХХК-ийн хооронд 2010 оны 6 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан MR-10-05-100 тоот Хөдөлмөрийн гэрээний 3.2 дахь заалт болон 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан MR-13-05-021 тоот Хөдөлмөрийн гэрээний 3.2 дахь заалтуудад тус тус “ажил олгогч нь ажилтны ажлын үр дүнг харгалзан ажилтанд Улаанбаатар хотод 2 өрөө орон сууц авахад зориулж бүрэн хэмжээний эсвэл хэсэгчлэн нөхөн олговор олгоно” гэж заасан тул “*******” ХХК-иас 2 өрөө орон сууцны дараах үнийг нэхэмжилж байна.

Улаанбаатар хотод 2 өрөө орон сууцны дундаж үнийг дараах байдлаар тодорхойлоход 2 өрөө орон сууцны дундаж талбайн хэмжээ 50 м.кв, 2 өрөө орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 2,200,000 төгрөг байх бөгөөд 2 өрөө орон сууцны үнэд 110,000,000 төгрөгийг “*******” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, өмгөөлөгч Б.******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.******* нь “*******” ХХК-ийн хуульчаар 2007 оны 10 дугаар сарын 15-аас 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 7 жил хөдөлмөрийн гэрээгээр ажиллажээ. Компанийн зүгээс түүнтэй байгуулсан гэрээний хугацаа дуусч байгаатай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу 30 хоногийн өмнө гэрээний хугацааг цаашид сунгахгүй тухай мэдэгдэж 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн. Гэтэл тэрээр 2010 оны 6 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан MR-10-05-100 тоот, 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн MR-13-05-021 тоот Хөдөлмөрийн гэрээнүүдийн 3.2 дахь хэсэгт “Захиргаа нь Ажилтны компанийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг харгалзан үзэж, энэхүү гэрээг дүгнэсний үндсэн дээр Улаанбаатар хотод 2 өрөө орон сууц авах бүтэн буюу хагас зардлыг нөхөн олгоно” гэж заасныг удирдлага болгон компаниас 110,000,000 төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

1. Компанийн удирдлага Н.*******тай Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа захиргааны хэлтсийн хуульчийн ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үүрэг, хариуцлагыг танилцуулсан бөгөөд тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Иймээс Н.******* нь Хөдөлмөрийн гэрээний 2.2.1-д зааснаар “өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг бүрэн хэмжээгээр биелүүлэх” үүргийг хүлээсэн байна. Ийнхүү Н.******* ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг бүрэн биелүүлэх нь түүний өдөр тутам хийх ёстой үндсэн ажил үүрэг бөгөөд энэхүү үүргээ бүрэн биелүүлснийхээ төлөө гэрээгээр тохирсон үндсэн цалин хөлсөө бүрэн авахаас гадна нэмэгдэл цалин авахаар Хөдөлмөрийн гэрээний 1.1 -д заажээ

2. Харин Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Ажилтны компанийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг харгалзан үзэж, гэрээг дүгнэсний үндсэн дээр Улаанбаатар хотод 2 өрөө орон сууц худалдан авах бүрэн болон хагас мөнгө олгоно” гэж тусгасан нь түүнийг илүү сайн ур чадвартай, санаачлагатай ажиллаж Компанийн үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулсан бол энэхүү урамшуулалыг олгохоор тохирчээ. Мөн Хөдөлмөрийн гэрээний 4.6-д компани болон захиргааны ажлын үр дүнг нэмэгдүүлэх, дээшлүүлэх талаар ажилтнаас ямар нэгэн бодитой шинэ санал, санаачлага гаргаагүй тохиолдолд компанийн удирдлага нь түүнийг ажиллаж буй албан тушаалдаа тохирох эсэхэд шийдвэр гаргана гэж заасан байна. Гэвч Н.******* нь Төрийн өмчийн оролцоотой Монгол-Оросын хамтарсан компани болон захиргааны ажлын үр дүнг нэмэгдүүлэх, дээшлүүлэх талаар ямар нэгэн бодитой шинэ санал, санаачлага гаргаж Компанийн үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулж байгаагүй харин ч түүний хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас компани санхүү, эдийн засгийн хувьд хохирч байсан. Тухайлбал, Ажлын байрны тодорхойлолтын 2.5-д “... шүүх болон арбитрын хэрэгт компанийг төлөөлөх, тэдгээрийн шийдвэр хууль тогтоомжид нийцсэн эсэхэд дүн шинжилгээ хийх” үүрэгтээ удаа дараа хайнга хандаж мэргэжлийн алдаа олон гаргасан төдийгүй хуульч хүний гаргах ёсгүй алдаа гаргаж манай байгууллагад олон сая төгрөгийн гэм хор, хохирол учруулсан байдаг.

А. 2008 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ҮХАҮТ дэргэдэх Үндэсний арбитр хянан шийдвэрлэсэн "*******” ХХК-ийн “*******” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн дагуу 220,000 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг, 2008 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ҮХАҮТ-ийн дэргэдэх Үндэсний арбитр хянан шийдвэрлэсэн “Монголросвцетмет” ХХК-ийн “СВС” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 64,611,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг ба 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн шүүх хянан шийдвэрлэсэн “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргүүд болон бусад олон хэргүүдэд манай компанийг төлөөлөн шүүх хуралдаанд оролцсон хуульч Н.*******ын хариуцлагагүй үйл ажиллагаанаас хамааран манай байгууллагад их хэмжээний гэм хор учирснаас гадна улсын тэмдэгтийн хураамжаар хохирсон болно.  

Б. 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК-ийн нэхэмжлэлтэй “*******” ХХК-иас 43,532,826.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, мөн төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжид 323,665 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. Иймээс манай компани дээрх мөнгийг дахин төлж хохирсон. Энэ нь хуульч Н.******* дээрх төлбөр барагдуулсан тухай хэлцлийн хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийгээгүй бөгөөд уг хэлцлийг шүүх хуралдааны өмнө хүчин төгөлдөр болгох үйл ажиллагаа явуулаагүйтэй холбоотой юм. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт хариуцагч байгууллага өөрт хохирол учирсан гэж үзвэл “*******” ХХК-тай тооцоо хийж хохирлоо нэхэмжлэн авах эрхтэйг дурьдсан боловч хуульч Н.******* энэ талаар санаачлагатай ажиллаж “*******” ХХК-ийн эд хөрөнгөд хувь нэмэр оруулаагүй төдийгүй хохирол учруулсан.

В. 2010 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 838 тоот Шүүгчийн захирамжийн дагуу “” ХХК нь манай компанид 5,500,000 төгрөг олгох тухай шийдвэр гарсан. Гэтэл хуульч Н.******* нь эсрэг талтай эвлэрлийн гэрээ байгуулсаар байтал шүүхийн уг шийдвэрийг гүйцэтгүүлэх хууль зүйн арга хэмжээ аваагүй тул манай компани хохирсон хэвээрээ байна.

Г. 2009 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Монголросвцетмет” ХХК нь “” ХХК-тай байгуулсан гэрэлтүүлгийн чийдэн худалдан авах хэлцэл байгуулан 6,981,500 төгрөг шилжүүлсэн боловч “” ХХК нь үүргээ хугацаандаа биелээлээгүй тул уг мөнгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг манай компани гаргасан. Уг хэргийг Баянгол дүүргийн шүүхээс 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Энэхүү шийдвэрийн улмаас манай байгууллага улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,741 төгрөгөөр хохирсон. Учир нь хуульч Н.******* нь уг шүүх хуралд Ц.г гэрчээр оролцуулах хүсэлт тавиагүйгээс гадна уг хэлцлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсныг ч мэдээгүй.

Д. 2010 онд Н.******* “Монголросцвет” ХХК-ийн харъяа “Шижир-Алт” ХХК-ийн Заамарын алтны үйлдвэрийн хуульчаар ажиллаж байхдаа дараах алдааг гаргаж компанид их хэмжээний хохирол учруулсан. Үүнд:

Түүний ажлын байрны тодорхойлолтын 2.6 дахь хэсэгт “компанийн харъяа үйлдвэрүүдийн удирдлагын гаргасан тушаал ... холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт тавих” үндсэн үүрэгтээ хайнга хандсаны улмаас компанид хохирол учруулсан. Тухайлбал, Л., Д. зэрэг ажилчид алт хулгайлсан хэрэгт холбогдож, цагдаагийн байгууллага шалгаж байх үед үйлдвэрийн захирлын гаргасан “Ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлэх тухай” 424 дугаар тушаалын төсөл Хөдөлмөрийн хууль болон бусад хуульд нийцэж байгаа эсэхэд Н.******* шууд хяналт тавих үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй. Гэтэл 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ХБ/48 тоот Төв аймгийн Прокурорын газрын мэдэгдэх хуудсыг үндэслэн дээрх тушаалыг хүчингүй болгож тэднийг ажилд нь эргүүлэн тогтоох зайлшгүй шаардлага гарч, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нь олгосон. Гэтэл тэдний ажил, албан тушаалыг түр түдгэлзүүсэн үед өөр ажилтнууд ажиллуулан цалин хөлс олгож байсан тул нэг ажлын байран дээр 2 хүнд цалин олгож компани алдагдалтай ажилласан.

Мөн “Төсөлч” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаж “*******'” ХХК-ийн 100%-ийн хөрөнгөөр байгуулсан агаарын цахилгааны шугамын өмчлөгчөөр тогтоогдсон. Уг хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд Н.******* нь компанийг төлөөлөн оролцсон ба энэ шийдвэрийн улмаас “Шижир-Алт” ХХК-д 108,000,000 төгрөгийн хохирол учирсан. Гэтэл Н.******* шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хууль зүйн үндэслэл, нотлох баримт байсаар атал хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй тул компани хохирч үлдсэн.

Е. 2013 оны 11 дүгээр сарын 18-нд “*******” ХХК нь “” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 58,305,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Уг хэргийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцсэн. Гэвч шүүх хуралдаанд манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх нэхэмжлэлийг буцаах тухай захирамж гаргасан. Энэхүү шийдвэрийн улмаас манай байгууллага улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449,475 төгрөгөөр хохирч байгаагаас гадна “” ХХК-иас 58,305,000 төгрөгийг гаргуулж чадаагүй хугацаа алдсанаас бизнесийн үйл ажиллагаанд гэм хор учирсан.

Ё. Мөн Н.*******т Компанийн Ерөнхий захирлын 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн №21к тоот тушаалаар Сахилгын арга хэмжээ хүлээлгэсэн. Учир нь “Уулс Заамар” ХХК 1,821,040,010 төгрөгийг “*******” ХХК-иас гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээр хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 11571Б тоот шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж гарсан байдаг. Уг шийдвэрийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас гүйцэтгэж компанийн бүх харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг хааж, 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 01/189 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор манай компанийн эд хөрөнгийг битүүмжилсэн. Энэхүү ажиллагааны улмаас компанийн санхүүгийн үйл ажиллагаанд Ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэгч Е.А.гийн 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн албан бичигт дурдсан хохирол учирсан. Гэтэл Н.******* нь уг хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч тал өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахын тулд нотлох баримт, хүсэлт гаргасан асууж судлах, шинээр нотлох баримт, хүсэлт ирүүлсэн бол тэдгээртэй цаг алдалгүй танилцах, шаардлагатай бол түүний эсрэг тайлбар, нотлох баримт, хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх, шүүгчийн захирамж, шийдвэр компанийн үйл ажиллагаа, эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр бол гомдол гаргаж өөрчлүүлэх зэргээр зохих арга хэмжээг нэн даруй авах ёстой байтал шаардлагатай ажиллагаа хийгээгүй төдийгүй шүүгчийн захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэрийг хүлээн авсан боловч компанийн удирдлагуудад танилцуулаагүй байдаг. Дээрх баримтуудаас Н.******* нь Төрийн өмчийн оролцоотой Монгол-Оросын хамтарсан компани болон захиргааны ажлын үр дүнг нэмэгдүүлэх, дээшлүүлэх талаар ямар нэгэн бодитой шинэ санал, санаачлага гаргаж Компанийн үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулж байгаагүй гэдэг нь харагдаж байна. Ийнхүү Н.******* нь ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан хуульчийн үндсэн чиг үүргийг бүрэн биелүүлж, идэвх санаачлагатай ажиллаж байгаагүй гэдэг нь дараах шийдвэрүүдээр нотлогддог.

1.Монгол-Оросын хамтарсан “*******” ХХК-ийн 2011, 2012 онуудын үйлдвэрлэл, санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн Орос, Монголын хэсгийн Хянан шалгах комисс нь компанийн хуулийн хэлтсийн үйл ажиллагаанд хангалтгүй, ажил хийхгүй байна гэсэн үнэлгээ өгчээ.

-2011 онд хугацаа хэтэрсэн авлага болон түүнийг барагдуулах ажлын үр дүн муутай байгаа нь компанийн санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлж байна. Үүнд компанийн хуулийн хэлтсийн ажил хангалтгүй байна. Учир нь хугацаа хэтэрсэн авлагыг үл харгалзан, компанийн өр авлага барагдуулах, өртэй байгууллагууд, хувь хүмүүсийг шүүхэд өгөх ажил хийгдээгүйгээс гадна 2002-2008 оны хооронд хугацаа хэтэрсэн авлагыг барагдуулах талаар зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай байна.

-2012 онд компанийн авлагын бүтцийн дийлэнх хэсэг найдваргүй болон хугацаа хэтэрсэн авлага эзэлж байгаа бөгөөд 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 393,0 сая төгрөгийн найдваргүй авлага байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаж өр, авлага барагдуулах ажлыг эхлүүлсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан, түүнчлэн анхан шатны баримт бичиг байхгүй зэргээс авлагын ихэнх хэсгийг шүүхээр шийдвэрлүүлэх бололцоогүй болсон. Шүүхээс компанийн хохирлыг барагдуулах талаар зарим шийдвэр гаргасан боловч өртэй этгээдүүд оргон зайлсан эсвэл оршин суух хаягийг тогтоож чадахгүй байсан зэргээс шалтгаалан өр барагдуулах ажил зогсонги байдалд оржээ. Уг ажилд компанийн хуулийн хэлтэс тодорхой ажил хийж гүйцэтгээгүй гэж дүгнэж байна. Иймээс компанийн хугацаа хэтэрсэн авлагыг барагдуулахад чиглэсэн арга хэмжээ авч ажиллахыг хуулийн хэлтэст дахин анхааруулж байна гэжээ.

2. Мөн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр №РТ23-1937 тоот Монгол-Оросын хамтарсан “*******” ХХК-ийн Зөвлөлийн Оросын хэсгийн гишүүн Н.А.аас “*******” ХХК-ийн Ерөнхий захирал Х.*******, “*******” ХХК-ийн Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч В.А.Тюрин нарт ирүүлсэн албан бичигт хуулийн хэлтэс Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Зөвлөлийн шийдвэрийг буруу хэрэгжүүлж байна гэж дүгнэсэн байна.

3. Ерөнхий захирлын дэргэдэх Техникийн зөвлөл 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж Монгол-Оросын хамтарсан “*******” ХХК ажилчдын орон сууц ашиглалтанд орох гэж байгаатай холбогдуулан хөдөлмөрийн гэрээнд нь байр, орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай заалт орсон ажиллагсад тус бүрээр хэлэлцэж зохих шийдвэрийг гаргасан байдаг. Тухайлбал, Н.*******ын хувьд хариуцсан ажилдаа хайнга хандаж, компанийн үйл ажиллагаа, эрх ашгийг хамгаалах ажлыг хангалтгүй гүйцэтгэж байсан бөгөөд компанийн үйл ажиллагаанд бодитой мэдэгдэхүйц хувь нэмэр оруулаагүй тул орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлэх боломжгүй гэж шийдвэрлэжээ.

4. Н.*******т Компанийн Ерөнхий захирлын 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн №21к тушаалаар сахилгын арга хэмжээ хүлээлгэсэн зэрэг нь Н.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлүүд болно. Тэрчлэн Н.******* нь ажлаа хүлээлгэн өгсөн 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааны дотор энэхүү шаардлагаа компанид, эсхүл маргаан шийдвэрлэх байгууллагад гаргах ёстой байтал энэ хугацааг шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тэрээр хуульд заасан хугацааны дотор ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ дүгнүүлээгүй тул одоо шаардлага гаргах эрхгүй болсон.

2013 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаар 2010 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээ хүчингүй болсон бөгөөд Н.******* нь хүчингүй болсон хөдөлмөрийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ажиллагсадын журмын 32, 33 дахь заалтад онцгой үр дүн гаргах талаар заасан байдаг. Н.******* нь хөдөлмөрийн гэрээний 3.2-т зааснаар орон сууцаар хангуулах хүсэлт л тавиад байсан боловч гэрээгээ дүгнүүлэхээр хүсэлт гаргаж байгаагүй болно.

 Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан 2 өрөө орон сууцны үнэд 110,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Нэхэмжлэгч нь зохигчдын хооронд байгуулагдсан 2010, 2013 оны Хөдөлмөрийн гэрээний 3.2-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлж байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-т зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, Хөдөлмөрийн гэрээний 3.2-т зааснаар Н.******* нь компанид бодитой хувь нэмэр оруулаагүй, гэрээгээ дүгнүүлээгүй, сахилгын шийтгэл хүлээж байсан, ямар нэгэн шагнал урамшуулал авч байгаагүй зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж  байна.

 

Н.******* нь “*******” ХХК-д 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хуульчаар ажиллаж эхэлсэн байх бөгөөд 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс Заамар үйлдвэрийн хуульчаар томилогдон ажилласан болох нь зохигчдын тайлбар, 2010 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ¹MR-10-05-100 дугаартай “*******” ХХК-ийн ажилтны хөлөлмөрийн гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Уг гэрээний 3.2-т ““*******” ХХК-ийн үйл ажиллагаанд Ажилтны оруулсан хувь нэмрийг тооцон мөн энэхүү гэрээний үр дүнг дүгнэснээр Захиргаа Ажилтанд Улаанбаатар хотод 2 өрөө байр худалдаж авах зардлын бүрэн эсвэл хэсэгчилсэн нөхөн төлбөрийг олгоно” гэж заажээ.

 

Улмаар Н.******* нь 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс Компанийн захиргаа аж ахуйн хэлтсийн хуульчаар томилогдон ажиллаж, зохигчдын хооронд 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар ¹MR-13-05-021 дугаартай “*******” ХХК-ийн ажилтны хөлөлмөрийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд энэхүү гэрээний 3.2 дахь заалтад дээр дурьдсан 2010 оны гэрээний 3.2 дахь заалт тусгагдсан байна.

 

“*******” ХХК-ийн захиргааны ажилтнууд болон харьяа үйлдвэрүүдийн удирдах ажилтнуудын нийгмийн баталгааг хангах журмын 1.3-т “Ерөнхий захирал нь нийгмийн баталгаа, урамшуулал буюу нэмэлт, шагнал, нийгмийн дэмжлэг туслалцааны хэлбэр, хэмжээ бүхий нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах хүмүүсийг тодорхойлно” гэж зааснаар ерөнхий захирал эрх хэмжээнийхээ хүрээнд Н.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дахь хэсэг “Нийгмийн баталгаа”-ны 3.2 дахь заалтаар орон сууцтай холбоотой Ажилтанд хөнгөлөлт үзүүлэх бусад нөхцлийг оруулсан гэж үзэх үндэслэлтэй байна. 

 

Энэхүү орон сууцны хөнгөлөлтийн талаарх талуудын тохиролцоо нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д зааснаар ажил олгогч, ажилтан нар хөдөлмөрийн гэрээний гол нөхцлөөс гадна бусад нөхцлийг тохирч болохоор заасан байх тул хууль зөрчсөн гэж үзэхгүй юм.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны хөдөлмөрийн гэрээний 6.2-т “Энэхүү гэрээ нь баталгаажсанаар урд өмнө Ажилтан, Захиргаа хоёрын хооронд байгуулсан бүх хөдөлмөрийн гэрээ, хэлцэл, контрактууд хүчингүйд тооцогдоно” гэж зааснаар өмнөх 2010 оны хөдөлмөрийн гэрээ хүчингүйд тооцогдсон байх бөгөөд нэхэмжлэгч нь 2010 оны гэрээний 3.2 дахь заалтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй нь үндэслэлгүй байна.

 

Н.******* нь 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2010 онд байгуулсан MR-10-05-100 тоот Хөдөлмөрийн гэрээг дүгнүүлэх хүсэлтийг, 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдөр орон сууц олгуулах, 2010 оны гэрээний 3.2 дахь заалтыг 2013 оны гэрээнд тусгуулах зэрэг хүсэлтийг “*******” ХХК-ийн ерөнхий захиралд хандан гаргаж байсан байх бөгөөд уг хүсэлтийн дагуу хөдөлмөрийн гэрээг дүгнэсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Эдгээрээс үзвэл 2013 оны хөдөлмөрийн гэрээнд 3.2 дахь заалт тусгагдаж, 2010 оны гэрээ дүгнэгдээгүй байна.

 

          “*******” ХХК-ийн Ерөнхий захирлын 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 51К тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр Захиргаа аж ахуйн хэлтсийн хуульчийн ажлаас Н.******* нь чөлөөлөгдсөн байна.  

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны хөдөлмөрийн гэрээний 3.2 дахь заалтын үндсэн шалгуур нь:

  1.“*******” ХХК-ийн үйл ажиллагаанд Ажилтны оруулсан хувь нэмрийг тооцон,

  1.   Мөн энэхүү гэрээний үр дүнг дүгнэснээр,
  2.   Захиргаа Ажилтанд Улаанбаатар хотод 2 өрөө байр худалдаж авах зардлын бүрэн эсвэл хэсэгчилсэн нөхөн төлбөрийг олгохоор заасан байна.

 

Хөдөлмөрийн гэрээний энэхүү заалтын агуулгаас үзэхэд ажилтны оруулсан хувь нэмрийг компани тооцон гэрээг дүгнэсний үндсэн дээр ажил олгогч нь Улаанбаатар хотод орон сууц худалдан авах зардал эсхүл хагас зардлыг төлөх үүргийг хүлээсэн байна.

 

Түүнчлэн хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгч Н.******* нь “*******” ХХК-ийн үйл ажиллагаанд хэрхэн ямар хувь нэмэр оруулсан болох нь тогтоогдохгүй байна.

 

Зохигчдын хооронд 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаас хойш Н.******* нь 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 2010 болон 2013 оны гэрээний 3.2 дахь заалтыг үндэслэн ажилчдад хөнгөлөлттэй үнээр орон сууц олгож байгаа байранд хамрагдах хүсэлтийг гаргасан нь 3.2 дахь заалтын шалгуурт нийцээгүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл 2013 оны гэрээ байгуулагдсанаар 2010 оны гэрээ хүчингүйд тооцогдсон, 2013 оны гэрээг дүгнэх хугацаа болоогүй байсан гэж үзэхээр байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоход талууд мөн адил 3.2-т заасны дагуу гэрээг дүгнэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсонгүй.

 

 

Монгол, Оросын “*******” ХХК-ийн ажиллагсдын тухай журам болон тухайн хуулийн этгээдийн бусад дүрэм, журамд ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хэрхэн дүгнэх талаарх тодорхой зохицуулалттай болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.  

 

Н.******* нь 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ажил олгогчид хандаж “Хөдөлмөрийн гэрээний заалтыг хэрэгжүүлэх тухай хүсэлт”-ийг гаргасан байх бөгөөд хариуцагчийн зүгээс 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1/1139 дугаар албан бичгээр ажлаас чөлөөлөгдсөний дараа энэхүү хүсэлтийг тавьж буй нь ойлгомжгүй, гэрээ дүгнүүлэх саналаа ирүүлээгүй гэсэн хариу өгсөнийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Эдгээрээс үзвэл зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг талууд дүгнээгүй буюу ажил олгогчид энэ орон сууцны бүтэн болон хагас зардлыг ажилтанд төлөх үүрэг үүссэн гэж үзэхээргүй, түүнчлэн нэхэмжлэгч нь тухайн компанид тодорхой хувь нэмэр оруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн гэрээ дүгнэгдээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа тоологдох үндэслэлгүйн дээр сахилгын шийтгэл хүлээсэн байдал нь тухайн ажилтны компанийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үгүйсгэх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.

 

Н.******* нь хуульчийн ажил үүргийнхээ дагуу тухайн компанийг төлөөлж иргэний болон бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлсөнтэй холбоотойгоор ажилдаа хариуцлагагүй хандаж, компанид хохирол учруулсан гэж тайлбарлаж буй хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Н.*******ын “*******” ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны үнэ 110,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                               

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-иас орон сууцны үнэ 110,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 773,290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ