Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 441

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багийн Үнэгтэд оршин суух, эрэгтэй, ВК90091435 регистрийн дугаартай, Түнжүү овогт Баярсайханы Дэмбэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-25-07 тоотод оршин суух, эмэгтэй, ВМ85121800 регистрийн дугаартай, Боржигон овогт Бямбадоржийн Авирмэдэд холбогдох

Гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Дэмбэрэл, хариуцагч Б.Авирмэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Дэмбэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Баярсайханы Дэмбэрэл нь Б.Авирмэдтэй 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдөр охин Удвалцэцэг төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2015 оны 08 дугаар сараас салж, тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин Удвалцэцэг маань манай аав, ээжийн асрамжид амьдарч байна. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү, Бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө аливаа зүйлд ямар нэгэн зөрчил маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч Б.Авирмэд шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Авирмэд миний бие 2013 онд Б.Дэмбэрэлтэй танилцаж, 2014 оны 06-р сарын 30-ны өдөр гэр бүл болж, 2014 оны 08-р сарын 16-ны өдөр охин Д.Удвалцэцэгийг төрүүлсэн. Б.Дэмбэрэл бид хоёрын хувьд зан ааш тохирохгүй болсон тул 2015 оны 08-р сараас эхлэн тусдаа амьдарч байгаа. Иймээс охин Д.Удвалцэцэгийг хадам аав, ээж дээрээ үлдээсэн, цаашид ч хадам, аав ээж хоёр охиныг маань үрчлэн авч байгаа. Бидний дунд өөр маргаан байхгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын иргэний үнэмлэхний хуулбарууд, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, охин Д.Удвалцэцэгийн төрсний гэрчилгээний хуулбар, Галуут сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Дэмбэрэл гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Авирмэд зөвшөөрсөн байна.

Нэхэмжлэгч Б.Дэмбэрэл, хариуцагч Б.Авирмэд нар нь 2014 оны 06-р сарын 30-ны өдөр гэр бүл болсноо 2014 оны 12-р сарын 10-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэн гэрлэгсдийн эрх, үүргийг үүсгэн амьдарсан, 2014 оны 08-р сарын 16-ны өдөр охин Д.Удвалцэцэг төрж одоо эрүүл энх өсөн торниж байгаа болох нь гэрлэлтийн лавлагаа болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Галуут сумын өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдсон байна.

 Нэхэмжлэгч Б.Дэмбэрэл, хариуцагч Б.Авирмэд нар нь 2015 оноос хойш тусдаа амьдарсан, гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцсон байх тул эвлэрэх хугацаа зааж, эвлэрүүлэн зуучлагчид хандуулалгүйгээр гэрлэлтийг нь цуцалж шийдвэрлэв.

Гэрлэгсэд нь хүүхдийн асрамжийн болон тэтгэлгийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн тул гэрлэлт цуцлах маргааныг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Түнжүү овогт Баярсайханы Дэмбэрэл, Боржигон овогт Бямбадоржийн Авирмэд нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг баримтлан гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч охин Д.Удвалцэцэгийг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг Б.Дэмбэрэл, эх Б.Авирмэд нарын үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Б.Дэмбэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Авирмэдээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дэмбэрэлд олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 120 дугаар зүйлийн 120-2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, зохигч талууд энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ