Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
Хэргийн индекс | 130/2024/00160/И |
Дугаар | 212/МА2024/00061 |
Огноо | 2024-07-08 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 212/МА2024/00061
К.Б-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 130/ШШ2024/00366 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ******* багт оршин суух У овогт К-ийн Б-ы нэхэмжлэлтэй, хариуцагч ****** багт оршин суух Т овогт Б-ийн Ж-т холбогдох,
“2,352,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгч К.Б-, Б.Ж- нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Миний бие хариуцагч Б.Ж-ийг 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Казахстан Улсад автомашин гаргаж өгнө гэхээр 2000 ам.доллар буюу 5,853,000 төгрөгийг түүний эхнэр Х.А-ийн ************ дугаартай дансанд бэлэн бусаар шилжүүлсэн.
1.2.Тухайн үед Б.Ж- нь надад “Таны автомашиныг Казахстан гаргаж чадахгүй бол мөнгийг чинь буцааж өгнө” гэж хэлж байсан. Гэвч миний автомашиныг Б.Ж- нь Казахстан Улсад гаргаж чадаагүй. Уг мөнгөнөөс 1000 ам.доллар буюу 3,500,000 төгрөгийг Б.Ж-ээс авч, үлдсэн 2,352,000 төгрөгийг өгөөгүй учир шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч амжилтгүй болсон.
1.3. Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Б.Ж-ээс 2,352,000 төгрөг гаргуулан К.Б- надад олгож өгнө үү.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
2.1. Миний бие 2023 оны хавар 5 дугаар сарын сүүлээр Солонгос Улсад үйлдвэрлэсэн Хондай Соната маркийн 2016 оны суудлын автомашиныг Казахстан Улсад хүүхдүүдэд өгөхөөр Улаанбаатар хотод худалдан авсан. Улмаар ОХУ-ын Ташанта боомтоор Казахстан Улс руу гаргах ийм тээврийн хэрэгслүүдийг гаргахгүй байгаа болохоор зуучлагчаар дамжуулан гаргахаар тохирсон.
2.2. Нэхэмжлэгч К.Б- нь өөрийн эзэмшлийн Тоуоtа Саmrу маркийн ****БӨҮ улсын дугаартай суудлын автомашиныг надтай хамтарч Казахстан Улс руу гаргахаар манай эхнэр Х.А-ийн ХААН банк дахь ************ тоот дансанд 1700 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5,853,000 төгрөгийг шилжүүлсэн.
2.3. Миний бие уг мөнгийг өөрийнхтэйгөө нийлүүлэн бүгд 1,440,000 тенге (Казахстаны мөнгөн дэвсгэрт)-г Казахстан Улсын Караганда мужийн Осакаровка хотод оршин суух миний хамаатан болох Т-ын Е гэдэг хүний дансанд шилжүүлсэн. Т.Е- нь уг мөнгийг Астана хотын Хоянды гэдэг газарт оршин суух Ж-ийн дансанд бүрэн шилжүүлсэн байна.
2.4.Тохирсон ёсоор К.Б- нь ****БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эхний ээлжид ганцаар нь гаргахаар 2023 оны 5 дугаар сарын өдөр дуудсан К.Б-ы төрсөн дүү нь болох К.Х- гэдэг залуу уг машиныг жолоодож Ташантын гаальд шалгуулахдаа капот нь гацаж онгойхгүй байсан учир буцаасан байв.
Дараа нь 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр бид хоёрыг цуг гаргахаар дуудсан. Миний бие автомашиныг өөрөө жолоодож Цагааннуурын боомтод очиж, Х-тай утсаар холбогдож миний автомашины хөдөлгүүр доголдоод Келин төбе буюу Бугат сумын Улаантолгой багийн нутагт явж чадахгүй байна гэж хэлсэн.
Нэгэнт хил хаах цаг нь болж байгаа болохоор би ОХУ-ын Ташанта боомт орж, гаалиар шалгуулж цаашаа нэвтэрсэн. Ингэж хоёр ч удаа өөрсдийн буруугаас болж тээврийн хэрэгслээ гаргаж чадаагүй юм.
2.5. Намайг Казахстан Улсад байх хугацаанд К.Б- болон дүү нь болох К.Х- нар байнга утсаар холбогдож байсан. К.Х- нь “би автомашиныг намар нэг мөсөн гаргая, одоо ажилтай байна” гээд сүүлд хэлсэн.
2.6. Миний бие К.Б-д “машиныг чинь гаргаж өгнө, гаргаж өгч чадахгүй бол мөнгийг чинь буцааж өгнө” гэж огт хэлээгүй. Зуучлагч болохоор нэг машиныг 2000 ам.доллар, хоёр машин бол 1700 ам.доллараар хилээр гаргаж өгнө гэсэн болохоор К.Б- бид хоёр тохирч уг мөнгийг шилжүүлсэн юм.
2.7. Гэтэл одоо К.Б- нь намайг гүтгэж байгаад би туйлын гомдолтой байна. Харин ч би хүнлэг чанар гаргасан. 1000 ам.доллар буюу 3,500,000 төгрөгийг уг хүнээс авч Б-д шилжүүлж өгсөн юм.
2.8. Одоо үлдсэн 2,352,000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Бидний мөнгө авсан залууг Ж- (Ж Б ФБ хаяг нь, утас +**************, +**********, эхнэр Ө.Ж утас +**************, хаяг нь: ****************), Нийт 11,322,000 төгрөгийг валютын арилжааны Ф гэдэг залуугийн ************* тоот дансанд 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлж өгсөн юм.
Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч К.Б-ы 2,352,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ны өдрийн 130/ШШ2024/00366 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Ж-ээс 2,352,000 (хоёр сая гурван зуун тавин хоёр мянга) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч К.Б-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч К.Б-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,600 (тавин хоёр мянга зургаан зуун) төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлд зуучлалын гэрээний талаар хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 410.1-д зааснаар зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг.
4.2. Нэхэмжлэгч К.Б- нь 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр иргэн Б.Ж-тэй Казахстан Улс руу автомашин гаргуулахаар амаар зуучлалын гэрээ байгуулж, хөлсөнд маргааш нь буюу 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Б.Ж-ийн эхнэрийн ХААН банк дахь ************ тоот дансанд 5,853,000 төгрөг шилжүүлсэн.
4.3. Нэхэмжлэгч К.Б- нь Б.Ж-ийн Казахстан Улс руу автомашин гаргана гэсэн фейсбүүк дээр тавьсан зарын дагуу холбогдож дээрх гэрээг байгуулсан.
4.4. Нэгэнт гэрээ ёсоор зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх үүрэг хүлээсэн боловч Б.Ж- нь энэ үүргээ биелүүлээгүй, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөөгүй.
4.5. Б.Ж- нь шүүхэд гаргасан тайлбарт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт автомашин гаргаж өгөхөөр тохиролцсон хүн нь хэн болохыг огт мэдэхгүй байсан. Анх тайлбарлахдаа ОХУ-ын Горный Алтай хотод оршин суудаг хүн гэсэн. Дараа нь шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа Казахстан Улсын иргэн байна гэсэн. Энэ нь хариуцагчийн шууд буруутай үйл ажиллагаа бөгөөд өөрөө огт уулзаж байгаагүй, танихгүй хүний нэр барьж Казахстан Улс руу автомашин гаргаж өгөхөөр зар тавьж, урьдчилгаа хөлс авч байгаа нь хууль бус үйлдэл.
4.6. Хариуцагч Б.Ж- нь нэхэмжлэгч К.Б-тай анх гэрээ байгуулахдаа Казахстан Улс руу автомашин гаргаж өгөх үүрэг хүлээсэн бөгөөд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ёстой. Гэтэл Б.Ж- нь энэ үүргээ зөрчсөн учир К.Б- нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.
4.7. Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтуудыг огт баримтлахгүйгээр хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
4.8. Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ “8.3.Хариуцагч Б.Ж- нь тохиролцсон ёсоор эхний ээлжид нэхэмжлэгчийн “Тоуоtа Саmгу” маркийн ****БӨҮ улсын дугаартай суудлын автомашиныг товлосон хугацаанд хил дээр хүргэж өгөхөөр нэхэмжлэгчийн дүү /гэрч/ К.Х- жолоодож “Ташанта”-гийн гааль дээр машинаа шалгуулахад капот нь гацаж онгойхгүй байсан учир буцаасан байна. Хоёр дахь удаа 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Б.Ж-ийн өөрийн машинтай хамт цуг хил гаргахаар тохиролцсон боловч товлосон өдөр мөн нэхэмжлэгчийн дүү Б.Х- нэхэмжлэгчийн машиныг жолоодож явж байх зам дээр машины хөдөлгүүр доголдож явж чадаагүй гэдэг нь гэрч Б.Х-ы мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна. 8.4. Иймд хоёр ч удаа нэхэмжлэгч К.Б-ы эзэмшлийн “Тоуоtа Саmrу” маркийн ****БӨҮ улсын дугаартай суудлын автомашинд эвдрэл саатал гарснаар товлосон хугацаанд хариуцагч тээврийн хэрэгслээ гааль дээр бэлэн болгоогүйд хариуцагч Б.Ж-ийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна” гэж тодорхойлжээ. Энэ нь үндэслэлгүй дүгнэлт бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарт үндэслэгдээгүй байна.
Гэрч Б.Х- нь шүүх хуралдаан дээр гэрчийн мэдүүлэг өгөхдөө автомашин гаргахаар хил дээр 3 удаа очсон талаар мэдүүлсэн бөгөөд үүнийг хариуцагч үгүйсгээгүй.Тухайн үед ОХУ-ын гааль дээр тухайн автомашиныг гаргахаар албан ёсоор тохиролцсон гэдэг нь өөрөө эргэлзээтэй, хариуцагч тухайн хүн нь хэн болохыг огт мэдэхгүй, зөвхөн цаанаас тохиролцсон хүн нь очоорой гэж хэлсэн гэдэг. Б.Х- анх автомашиныг авч очсон өдөр капот нь гацсан нь үнэн. Гэхдээ тэндээс хэн нэгэн хүн гаргаж өгөх талаар огт хэлээгүй, гаргах автомашин нь мөн эсэх талаар асууж тодруулаагүй, буцаасан үндэслэл нь ч тодорхой бус байгаа. Тэрний дараахан Б.Х- нь мөн нэг удаа Ташантын гааль дээр очсон бөгөөд энэ удаад ч тэндхийн хэн нэгэн гаалийн хүн гаргаж өгөх талаар огт яриагүй, энэ талаар тодруулаагүй, гаргахгүй гэж буцаасан. Гурав дахь удаад Б.Ж- нь бүр ажил тарахын өмнөхөн 16 цагийн үед хүрээд ир гэж утасдсан ба тэрний дагуу явж байхад замд мотор нь доголдож буцаж ирсэн нь үнэн. Гэхдээ эдгээр нь Б.Ж-ийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, Б.Ж- нь нэгэнт тухайн автомашиныг гаргаж өгөх үүрэг хүлээж, зохих урьдчилгаа хөлсийг авсан учир автомашиныг гаргаж өгөх ёстой.
Өөрөө Ташантын гаалийн хэн нэгэн хүнтэй автомашин гаргах талаар огт тохиролцоогүй, автомашиныг хэрхэн гаргах талаар огт мэдэхгүй, автомашин гаргаж өгнө гэсэн хүн нь хэн болохыг, тухайн хүн нь хаана оршин суудаг, ямар албан тушаал эрхэлдэг, аль улсын иргэн, хаанахын хүн болохыг огт мэдэхгүй атлаа автомашин гаргаж өгнө гэж фейсбүүк дээр зар тавьж улмаар нэхэмжлэгчтэй автомашин гаргаж өгнө гэж харилцан тохиролцож урьдчилгаа хөлс авч байгаа нь хариуцагчийн шууд буруутай үйл ажиллагаа бөгөөд үүнээс болж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөх ёсгүй.
4.9. Иймд энэхүү гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 130/ШШ2024/00366 дугаартай шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
5. Хариуцагчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1.Казакстан Улсад миний хоёр охин нөхөртэйгөө хамт амьдардаг. Миний бие өндөр насны тэтгэвэрт гарсны дараа хүүхдүүдийг унаатай болгох гээд 2023 оны 5 дугаар сард нэг машин аваачиж өгөх хүсэлттэй байсан. Гэтэл ОХУ-ын хил ташаантын боомтод зүүн талаар машин нэвтрүүлдэггүй. Машиныг транзитаар гаргах гээд хүүхдүүд Казакстан Улсын мөнгөний ханшаар өндөр мөнгө төлөөд дугаар аваад Улсын бүртгэлд бүртгүүлж нэвтрүүлдэг юм байна. Гэтэл миний хүүхдүүдэд албан ёсны бүртгүүлж машин нэвтрүүлэх их хэмжээний мөнгөний боломж байгаагүй. Тийм учраас би фейсбүүкт зар тавьсан “надтай хамт Казакстан Улс руу машин гаргах гэж байгаа хүн байгаа болов уу” гэж Казакстан Улсад амьдардаг миний дүү нар 2022 оны сүүлд ирээд Улаанбаатар хотоос истима маркийн машин авсан. Тэд нар хил дээр 6 удаа очиж машиныг гаргаж чадаагүй.
5.2. ОХУ-ын Барнауль хотод нэг хүнтэй танилцсан. Тэр хүмүүс хилийн цэргийн хүмүүстэй холбоотой, байнга зуучлалын ажил хийдэг юм байна. Тэр 2000 ам доллар өгөөд машин гаргаж авчлаа гэсэн. Тэгээд би тэр залуутай холбогдож тэр залуу нь “хэрвээ нэг машин гаргуулахын бол 2000 ам доллар, үүнээс дээш машин гаргуулахын бол 1700 ам доллароор гаргана” гэсэн. Тэгэхээр К.Б- зарын дагуу надтай ирж холбогдсон. Урьд энэ залууг огт таньдаггүй байсан. К.Б- бид хоёр хоорондоо тохиролцсон. Гэхдээ би машиныг цаашид гаргуулж чадахгүй бол мөнгийг буцааж төлж өгнө гэсэн үг хэлээгүй. Тэгээд энэ залуу тухайн үеийн ханшаар 1700 ам долларыг төгрөгөөр сольж миний эхнэрийн данс руу шилжүүлсэн.
5.3. Тэгээд Казакстан Улсад байдаг миний дүү нарын данс руу хийсэн. Дүү нар маань ОХУ-ын ирний дансанд шилжүүлсэн. Бид нар ОХУ-ын иргэн гэх хүнтэй байнга холбогдож байсан. Гэвч машиныг ташаантын боомтоос гаргаж чадаагүй 3 сарын хугацаа өнгөрсөн. Тэгээд К.Б- энэ машиныг цаашид гаргаж чадахгүй юм байна, миний мөнгийг буцааж өгөөрэй гэсэн. Тэгээд би мөнгийг авсан хүмүүстэй холбогдсон, мөнгийг буцааж өгөөрэй гэхэд “ах таны өгсөн мөнгийг холбогдох хүмүүст би тараагаад өгсөн, танд буцааж өгөх боломж байхгүй” гэсэн. Та машин гаргах гээд байгаа хүмүүс байвал холбогдоод тэр хүний мөнгөнөөс суутгаад мөнгийг өгөөрэй гэсэн. Тэгээд нэг Алтай сумын нэг иргэн Казакстан Улсад машин гаргаад өг гээд байгаа юм. Тэр залуутай холбогдож тэрнээс 1000 ам долларыг аваад К.Б-ы дансанд шилжүүлж өгсөн. ОХУ-ын иргэн одоо Казакстан улсын харьяат болсон. Тэгээд сураглаж тодруулахад Астана хотын Хоянд хотод оршин суух залуу, эхнэрийн эмийн санд ажилладаг юм байна. Харин тэр залуу Казакстан Улсад залилангийн гэмт хэрэгт холбогдоод, хорих газарт байгаа.Тэр залуу мөнгийг буцааж өгөхийн бол би К.Б-ы мөнгийг өгнө.
ХЯНАВАЛ:
6. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбарыг хуульд заасан журмаар үнэлээгүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.
7. Нэхэмжлэгч К.Б- нь хариуцагч Б.Ж-т холбогдуулж 2.352.000 төгрөгийг гаргуулахаар шаардаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Б.Ж- 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Казахстан Улсад автомашин гаргаж өгнө гэхээр 2000 ам.доллар буюу 5,853,000 төгрөгийг түүний эхнэр Х.А-ийн ************ дугаартай дансанд бэлэн бусаар шилжүүлсэн. Тухайн үед Б.Ж- нь надад “Таны автомашиныг Казахстан гаргаж чадахгүй бол мөнгийг чинь буцааж өгнө” гэж хэлж байсан. Гэвч миний автомашиныг Б.Ж- нь Казахстан улсад гаргаж чадаагүй. Уг мөнгөнөөс 1000 ам.доллар буюу 3,500,000 төгрөгийг Б.Ж-ээс авч үлдсэн 2,352,000 төгрөгийг өгөөгүй учир нэхэмжлэл гаргаж байна” гэж тайлбарлажээ.
8. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Нэхэмжлэгч К.Б- нь өөрийн эзэмшлийн Тоуоtа Саmrу маркийн ****БӨҮ улсын дугаартай суудлын автомашиныг надтай хамтарч Казахстан улс руу гаргахаар манай эхнэр Х.А-ийн ХААН банк дахь ************ тоот дансанд 1700 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5,853,000 төгрөгийг шилжүүлсэн. Тохирсон ёсоор К.Б- нь **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эхний ээлжид ганцаараар нь гаргахаар 2023 оны 5 дугаар сарын өдөр дуудсан К.Б-ы төрсөн дүү нь болох К.Х- гэдэг залуу уг машиныг жолоодож Ташантын гаальд шалгуулахдаа капот нь гацаж онгойхгүй байсан учир буцаасан байв. Дараа нь 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр бид хоёрыг цуг гаргахаар дуудсан. Миний бие автомашиныг өөрөө жолоодож Цагааннуурын боомтод очиж, Х-тай утсаар холбогдож миний автомашины хөдөлгүүр доголдоод Келин төбе буюу Бугат сумын Улаантолгой багийн нутагт явж чадахгүй байна гэж хэлсэн. Ингэж хоёр ч удаа өөрсдийн буруугаас болж тээврийн хэрэгслээ гаргаж чадаагүй юм. Миний бие К.Б-д машиныг чинь гаргаж өгнө, гаргаж өгч чадахгүй бол мөнгийг чинь буцааж өгнө гэж огт хэлээгүй. Гэтэл одоо К.Б- нь намайг гүтгэж байгаад би туйлын гомдолтой байна. Харин ч би хүнлэг чанар гаргасан. 1000 ам.доллар буюу 3,500,000 төгрөгийг уг хүнээс авч Б-д шилжүүлж өгсөн юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.
9. Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, түүнд хавсаргасан бичмэл нотлох баримт зэргээс дүгнэвэл, нэхэмжлэгч К.Б- нь хариуцагч Б.Ж-ийн эхнэр Х.А-ийн ************ дугаартай дансанд 5.853.000 төгрөгийг шилжүүлсэн нь нотлогдсон, үүнд талууд маргаагүй, хариуцагч Б.Ж- нь нэхэмжлэгч К.Б-ы машин ОХУ-ын хилээр гарч Казакстан Улс руу яваагүй тул 1000 ам.доллар буюу 3.500.000 төгрөгийг буцааж төлсөн, үлдсэн 2.352.000 төгрөгийг төлөөгүй нь тогтоогдсон ба хариуцагч Б.Ж-ийн “...К.Б-аас авсан мөнгийг Казакстан Улсын иргэн Ж-т шилжүүлж өгсөн одоо үлдсэн 2.352.000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна” гэх тайлбар үндэслэлгүй байна.
10. Анхан шатны шүүх “…нэхэмжлэгч К.Б-, хариуцагч Б.Ж- нарын хооронд зуучлалын гэрээ амаар байгуулагдсан байна. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ. Иймд дээрх хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Ж-ээс 2,352,000 (хоёр сая гурван зуун тавин хоёр мянга) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч К.Б-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ холбогдох Иргэний хуулийн зохицуулалтыг баримтлаагүй, Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэжээ.
11. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Б.Ж- нь ОХУ-ын хилээр дамжуулан Казакстан Улс руу машин гаргах үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд мөн эсэх, хилээр машин гаргах тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, өөрөөс нь шалтгаалсан зүйл байхгүй, мөнгийг “Казакстан Улсын иргэн Ж-т шилжүүлж өгсөн” гэж тайлбарлаж, мөнгө шилжүүлсэн талаарх нотлох баримтуудыг гаргаж өгсөн боловч хариуцагчийн уг үйлдэл нь хуулийн хүрээнд эсэх нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг нь хүчин төгөлдөр бус болсон” гэж зааснаас үзэхэд хариуцагч Б.Ж-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.
Учир нь талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаагүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, хариуцагч Б.Ж- нь “нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийг ОХУ-ын хилээр дамжуулан Казакстан Улс руу хүргэж өгнө, уг асуудлыг зохицуулах Ж- гэдэг хүнтэй тохиролцож, түүнд К.Б-ы өгсөн мөнгийг шилжүүлсэн” гэх боловч хариуцагч Б.Ж-ийн уг амлалт буюу К.Б-д “ОХУ-ын хилээр дамжуулан Казакстан Улс руу түүний машиныг хүргүүлнэ” гэх үүрэг нь хууль ёсны үйл ажиллагаа мөн эсэх нь тогтоогдоогүй учраас давж заалдах шатны шүүх хуралдаанаас хариуцагч Б.Ж-ийн нэхэмжлэгч К.Б-ы өмнө хүлээсэн уг үүргийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтаар хууль зөрчсөн буюу хүчин төгөлдөр бус үүрэг гэж дүгнэсэн болно.
12. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтад Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсгийг хэрэглэсэн байх бөгөөд зохигчийн хооронд зуучлалын гэрээнээс үүдэлтэй шаардах эрх үүсээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
13. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй тул түүнд өөрчлөлт оруулж, “нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэсэн агуулгатай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакены давж заалдах гомдлыг хүлээн авах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх, мэтгэлцэх зарчмуудад тус тус нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
14. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52.600 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакенд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ны өдрийн 130/ШШ2024/00366 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С овогт Б-ийнн Ж-ээс 2.352.000 /хоёр сая гурван зуун тавин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж, У овогт К-н Б-д олгосугай” гэж, 2 дахь заалтын “...болгосугай.” гэснийг “...болгож, хариуцагч Б.Ж-ээс 2.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К.Б-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакены давж заалдах гомдлыг хүлээж авсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52.600 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас буцаан гаргуулж, Х.Бакенд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ