| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0349/Э |
| Дугаар | 361 |
| Огноо | 2019-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 361
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,
улсын яллагч Н.Нарангэрэл,
шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт Б ын Ж-д холбогдох эрүүгийн 1910008240332 дугаартай 87/2019/0349/Э индекстэй хэргийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...... оны ......дугаар сарын ......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт, ам бүл .......... хамт, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ....... хороолол, ............ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Б ын Ж /РД:................................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Ж нь 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 09 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вегас март” гэх дэлгүүрт тус дэлгүүрийн ажилтан М.О-ыг зодож эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, өнгөц шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Ж нь 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 09 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вегас март” гэх дэлгүүрт тус дэлгүүрийн ажилтан М.О нь Сүлдбаяраас “юмаа наачихсан уу” гэхэд “юу нь юмаа наачихсан уу гэнээ”, “чи юмаа угаадаг юм уу” гэхэд нь “Бид хоёр ажлын талаараа юм ярилцаж байна. Та цаашаа байж бай ” гэж хариулахад “би энд үйлчлүүлж байна” гэж хэлэн түүний баруун нүд рүү зүүн гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Б.Ж ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч М.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Вегас март дэлгүүр дотор кассчин Сүлдбаяраас “юмаа наачихсан уу” гэхэд хажууд нь үйлчлүүлж байсан залуу “юу ч юмаа наачихсан уу гэнээ” гэж хэлээд над руу ирээд “чи юмаа угаадаг юм уу” гэхэд би “Бид хоёр ажлын талаараа юм ярилцаж байна. Та цаашаа байж бай ” гэхэд “би энд үйлчлүүлж байна” гэж хэлээд 2 удаа далайж байгаад над руу зүүн гараараа баруун нүд рүү 2 удаа цохиход манай ажлын Сүлдбаяр, хамгаалагч 2 холдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/
3. Гэрч З.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...над руу Оюунболор дуудаж юм асуухад юм асууж байхад манай касс дээр байсан ах очиж хэрэлдэж байснаа Оюунболорыг цохьсон. Тэгэхээр нь би очиж салгахад тэр ах дахиж Оюунболорыг цохих гэж байхаар холдуулахад хэл амаар доромжлоод байсан. ...Оюунболорын баруун нүд рүү зүүн гараараа 2 удаа цохьсон. ...баруун нүд улайчихсан, хөхөрсөн, хавдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/
4. Гэрч Б.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дэлгүүрийн хаалгаар орж ирэхэд кассан дээр Оюунболорыг нэг ах орилж хашгираад загнаад зогсож байхаар нь очиж “та эмэгтэй хүнийг ингэж болохгүй” гэж хэлээд ар талын кассан дээр очиж Оюунболор руу харахад нөгөө ах загнаж байснаа Оюунболорыг цохихоор нь Сүлбаяр, хамгаалагч 2 салгатал хэл амаар доромжлоод байхад цагдаа нар ирсэн. ...Тэр ах Оюунболорын баруун нүд рүү зүүн гараараа 2 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/
5. Гэрч В.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Оюунболорын баруун нүд улайчихсан хөхөрсөн, хавдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/
6. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-39-40/
7. Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мэдүүлэг /хх-34-35/
8. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3306/-ний дүгнэлт:
-Оюунболорын биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, өнгөц шарх гэмтлүүд тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 31/
9. Шүүгдэгч Б.Ж ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...“Вегас март” дэлгүүрт үйлчлүүлж байхад 2 кассчин хоорондоо юм ярьж байхдаа “юмаа наасан уу” гэж хэлэхээр нь би эмэгтэй кассчин дээр очиж “юм” гэж хэлж болохгүй гэхэд “ямар хамаатай юм бэ? чи” гэхээр нь би “чи” гэж хэллээ гэж загнаад нөгөө охиныг 2 удаа нүүр хэсэг рүү нь цохиход хажуу талаас эрэгтэй худалдагч ирээд намайг салгахад нь би жаахан зууралдаж салаад явах гэтэл тэнд ажилладаг “хүмүүс хүүхдийн нүд сохолчихсон байна” гэж хэлээд цагдаа дуудахад удалгүй намайг ирээд авсан. ...2 хүүхэд хоорондоо юм ярьж байхад дундуур орж маргаан үүсгэж, охиныг цохьсон нь миний буруу...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ж нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3306/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Б.Ж нь 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 09 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вегас март” гэх дэлгүүрт тус дэлгүүрийн ажилтан М.О нь Сүлдбаяраас “юмаа наачихсан уу” гэхэд “юу нь юмаа наачихсан уу гэнээ”, “чи юмаа угаадаг юм уу” гэхэд нь “Бид хоёр ажлын талаараа юм ярилцаж байна. Та цаашаа байж бай ” гэж хариулахад “би энд үйлчлүүлж байна” гэж хэлэн түүний баруун нүд рүү зүүн гараараа 2 удаа цохиж түүний биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, өнгөц шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б.Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална...” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Ж ыг гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг /450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох/ хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, хохирогч М.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр сайн дураараа эвлэрсэн….” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус хянаад улсын яллагчаас түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзээд санал болгож байгаа 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ж ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Б.Ж-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б ын Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б ын Ж ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ж-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Б.Ж-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Ж-д сануулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР