| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/04186/и |
| Дугаар | 4964 |
| Огноо | 2016-06-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 4964
| 2016 оны 06 сарын 28 өдөр | Дугаар 101/ШШ2016/04964
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ө.С нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Н холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 22,800,000 төгрөг, алданги 1,368,000 төгрөг, нийт 24,168,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ж.******* /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0974/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.******* нь 2013 онд надаас мах авдаг байж байгаад хэсэг хугацаанд больсон бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс хамтран ажиллаж, миний бие Мах импекс, Мах маркетаас мах авч, Зочин бродвэй ресторанд 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1 сарын хугацаанд нийтдээ 94 тонн 429 кг махыг нийлүүлсэн. Ийнхүү нийлүүлсэн махны мөнгөө авах гэхээр С.*******д өгнө гээд уг байгууллага нь надад мөнгө өгдөггүй байсан. 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр С.******* нь надад 9,000,000 төгрөгийг өгсөн. Ингээд С.******* нь алга болж, олдохгүй болохоор нь цагдаад хандахад С.******* нь 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаа өгөөч гэсэн бөгөөд түүний хүсэлтээр бид 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тооцоо нийлсэн 22,800,000 төгрөгтөө зээлийн гэрээ байгуулж, миний бие цагдаагаас өргөдлөө авсан. Ингээд мөн л С.******* нь алга болоход дахин цагдаад өгч, уг асуудал нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр эрүүгийн хэрэг нь Өршөөлийн хуульд хамрагдаж хэрэгсэхгүй болсон. С.*******г би удаа дараа эрэн сурвалжилж, ингэсний эцэст шүүхэд хандсан. С.*******тэй байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Иймд 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээл 22,800,000 төгрөг, алданги 1,368,000 төгрөг, нийт 24,168,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, өмгөөлөгч Ж.******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Ө.*******тай 2015 оны 5 дугаар сараас өмнө буюу 2013 оны 5 дугаар сараас эхлэн хонины мах худалдан авч, хамтарч ажиллаж эхэлсэн. Энэ 2 жилийн хугацаанд өдөрт 500-700 кг махыг худалдан авч, тооцоог нь өдөрт нь хийдэг байж байгаад зарим үед 7-10 хоног саатах ч тохиолдол гарч байсан ч энэ хугацаанд төлбөрийг хийж гүйцэтгэж өр төлбөргүй ажиллаж ирсэн юм. 2015 оны 4 дүгээр сарын сүүлээр миний бие хөдөө явах шаардлага гарч Ө.*******тай уулзаж хөдөө явах ажилтай боллоо, дүү н.*******тэй хамтарч ажиллаад ашгаа хуваагаад явах уу, харин тооцоогоо сайн нийлж ажиллаарай гэхэд Ө.******* зөвшөөрч, хамтарч ажиллахаар болсон. Би хөдөөнөөс утсаар холбогдоход н.******* хэвийн байгааг хэлдэг байсан. 6 дугаар сарын сүүлээр хөдөөнөөс ирээд н.*******тэй уулзахад Ө.******* эгчтэй 16,000,000 төгрөгийн тооцоо байгаа гэж хэлж байсан. Тооцоог чинь харья гэхэд Ө.******* эгч л тооцоо хөтөлж байгаа, надад хөтөлсөн зүйл байхгүй, бид хоёр хамтарч байгаа болохоор Ө.******* эгч л бичиж хөтөлж байгаа гэсэн. Ө.*******тай хамгийн сүүлд 7 дугаар сарын 3-4 хавьцаа тооцоо хийж, н.******* ч гэрээг авч Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст аваачиж баривчлуулах хүсэлт гаргаад сууж байсан бөгөөд над руу утасдаад чи ирэхгүй бол н.*******г чинь хориулна шүү гэсэн. Намайг очиход нотариатаар гэрээ хийж батлуулья, тэгвэл н.*******г хориулахгүй гэж хэлж байгаад нотариатаар батлуулсан. Мөн энэ хугацаанд Ө.******* нь харилцагч байгууллагуудаар явж С.*******, н.******* хоёроос мөнгө авах ёстой гэж асуудал үүсгэснээр бид хоёр мах нийлүүлдэг газартайгаа хамтарч ажиллах боломжгүй болсон. Үүнээс хойш удаа дараа гэрт нөхөр н.*******тайгаа ирж дарамталж, мөн нөхөр н.******* нь янз бүрийн шоронд цуг байсан хүмүүстэйгээ удаа дараа ирж үр хүүхдийг чинь барьцаална, гэрт чинь байнга хүн цуг байлгана зэргээр авирлаж байсан учраас гэр бүлээ хамгаалах үүднээс удаа дараа нүүж байсан. Мөн эхнэрийн ажил дээр очиж одоо машинд суу нөхрийгөө олж өг, хөдөө байгаа гэсэн бензинээ өөрөө хийгээрэй гэж хүч хэрэглэж авч явах гэж байхад нь ажлын газрынхан нь цагдаагийн газар дуудлага өгч Баянзүрх дүүргийн цагдаа дээр 8 дугаар сарын 30-ны шөнө очиж байсан. Эхнэр үйлчилгээний байгууллага “Монос” эмийн санд ажилладаг байсан бөгөөд энэ явдлаас болж ажлаасаа халагдсан.
Ө.*******гаас ямар нэгэн мөнгө төгрөг зээлээгүй, түүний өмнө зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээхгүй. Миний тооцоогоор Ө.*******д тодорхой хэмжээний мөнгө төлөх ёстой ч ийм их хэмжээний мөнгө төлөх учиргүй. Ө.******* нь н.*******тэй тооцоо хийгээд гарын үсэг зуруулсан ямар ч баримт байдаггүй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь зөвхөн Ө.*******гийн өөрийн бичсэн тэмдэглэлд тулгуурласан зүйл гэж бодож байгаа тул тооцоог дахин нягтлан ёстой гэж үзэж байна.
Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу зохигчдын хооронд байгуулагдсан гэх зээлийн гэрээний дагуу шийдвэрлэх үндэслэлгүй, учир нь зээлийн гэрээ бодитоор биелэгдэх ёстой бөгөөд гэрээний дагуу 22,800,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн баримтгүй байна. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 22,800,000 төгрөг, алданги 1,368,000 төгрөг, нийт 24,168,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад нэхэмжлэгч нь 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр зохигчдын хооронд байгуулагдсан 22,800,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу буюу зээлийн гэрээний үүргийг шаардаж байна гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлж байна.
Хариуцагч нь зээлийн гэрээ бодитоор хийгдээгүй, энэхүү зээлийн үүргийг шаардаж буй нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Зохигчдын хооронд 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний 2.6-д зааснаар 22,800,000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр зээлдэгч С.*******д бэлнээр олгосон талаар тусгасан боловч гэрээний дагуу мөнгө хүлээлгэн өгөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус зааснаар зохигчдын хооронд бодитоор зээлийн гэрээ байгуулагдаагүй, мөнгө хүлээлцээгүй, энэхүү хуульд зааснаар зохигчдын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд дээр дурьдсанаар 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт 22,800,000 төгрөг, алданги 1,368,000 төгрөг, нийт 24,168,000 төгрөгийг нэхэмжилж буй нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Харин зохигчдын тайлбараас үзэхэд иргэний эрх зүйн өөр харилцаа үүссэн байх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөр хэлбэрээр гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч С.*******д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 24,168,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ө.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ