| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 130/2023/00969/И |
| Дугаар | 212/МА2024/00062 |
| Огноо | 2024-07-08 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 212/МА2024/00062
А.А-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2024/00237 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ******** тоотод оршин суух Н овогт А-ын А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***************** тоотод оршин суудаг, К овогт З-ийн Б-ад холбогдох,
“А.А-ийн өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багт байршилтай нэгж талбарын *********** дугаартай, Э-*********** дугаар бүхий 400 м.кв талбай бүхий газар болон тухайн газарт байршилтай өвлийн сууцны зориулалттай Ү-*********** дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглахад саад учруулж байгаа үйлдлийг таслан зогсоож 428 м.кв газрын орц гарцыг нээлттэй чөлөөтэй байлган хууль бус хашааг чөлөөлүүлэх тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Миний бие А.Б-ад холбогдуулан гэр бүлийн маргааны улмаас гэрлэлтээ цуцлуулж, гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгийг гаргуулах тухай иргэний хэрийг Улсын Дээд Шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2021/00816 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Тус иргэний хэргээр З.Б-аас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багт байршилтай, нэгж талбарын *********** дугаартай, Э-*********** дугаар бүхий 400 м.кв талбай бүхий газар болон тухайн газарт байршилтай өвлийн сууцны зориулалттай Ү-*********** дугаар бүхий 3 өрөө байшин, гүний худаг, автомашины гараашийг гаргуулж, надад олгосон ба тус хөрөнгүүдэд эд хөрөнгийн эрхийн бүртгэл хийлгэж, өөрийн нэр дээр буулгасан. Хэдийгээр миний бие болон З.Б- бид хоёрын 2007 оноос хойш эзэмшиж байсан 438 м.кв талбай бүхий газарт эрхийн бүртгэл хийгдээгүй байсан бөгөөд үүнийг шүүхээс хэн алинд маань хувааж өгөөгүй болно. Харин тухайн газарт байршилтай зуны байшинг З.Б-ад үлдээсэн хэдий ч уг эд хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлээр баталгаажаагүй хөрөнгө байсан юм.
1.2. Гэвч гэр бүлийн маргаан шүүхэд хянан шийдвэрлэгдэж байхад 438 м.кв талбай бүхий газрыг З.Б- нь өөрийн төрсөн дүү З.Е-ад Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2019 оны А/312 дугаар захирамжаар хууль бусаар эзэмшүүлсэн. Улмаар, миний бие энэхүү хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг захиргааны шүүхэд гаргасан бөгөөд гурван шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн болно. Тодруулбал, уг маргааныг Улсын Дээд Шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 110/ШШ2020/0065 дугаартай тогтоолоор Давж заалдах шатны шүүхээс...438 м.кв газрыг эзэмших талаар хүсэлтээ нэхэмжлэгч болон түүний нөхөр нарын хэн аль нь эрх бүхий этгээдэд гаргаж байгаа боловч бодит байдал дээр тухайн гэр бүл 838 м.кв газарт олон жил амьдарсан нь тогтоогдож...байхад тухайн газарт оршин суух албан ёсны хаяггүй, зуныг байшинг өмчлөх эрхтэйгээ нотлоогүй гуравдагч этгээд З.Е-ад газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн...гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн шийдвэрлэсэн үйл баримт байгаа юм. Үүнээс үзвэл эрхийн бүртгэлд ороогүй байгаа 438 м.кв талбай нь баригдсан хашааны хамт гэр бүлийн зориулалтаар ашиглагдаж байгаа боловч гэр бүлийн маргаан шийдвэрлэгдсэнээс хойш хэн нэгэн этгээдийн өмчлөх болон эзэмших эрхэд бүртгэгдэх боломжгүй, нийтийн эзэмшилд хамаарах, нийтээр ашиглах газар болж тооцогдсон байдаг.
1.3. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Шударга эзэмшигчдийн эд хөрөнгө түүний эзэмшилд байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч энэхүү заалтыг зөрчиж байна. Тодруулбал, гэр бүлийн маргааны улмаас надад шилжиж ирсэн үл хөдлөх хөрөнгө, газрыг чөлөөтэй эзэмших, ашиглахад дээрх 438 м.кв талбай бүхий газраар дайран өнгөрөх, дамжихаас өөр аргагүй байдаг бөгөөд З.Б- нь улсын бүртгэлээр баталгаажуулаагүй зуны байшин, нүүрс түлээний амбаарыг далимдуулан удаа дараа саад учруулан хашааны орц, гарцыг хааж, өвлийн байшинд тайван амьдруулахгүй, хүн чөлөөтэй гарч ороход саад хийх, хөөх, машин, эд хөрөнгөө оруулах нөхцөл боломжийг бүрдүүлэхгүй миний хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж байна. Харин миний өмчлөлийн хөрөнгийн нэг талд бүхэлдээ байшинтай зэрэгцэн баригдсан амбаар, гарааж бүхий барилгуудтай бөгөөд үлдсэн хоёр тал нь айлын хашаагаар хүрээлэгдсэн байдаг тул шууд орох гарах гарцыг гаргах боломжгүй байгаа. Зайлшгүй 438 м.кв талбай бүхий нийтийн эзэмшлийн газар болон өмнө нь баригдсан хашаагаар дамжин өнгөрөхөө өөр аргагүй нөхцөл байдалтай байдаг.
1.4. Хариуцагч З.Б- нь өөрийн эзэмшлийн биш газарт дураараа авирлан миний эзэмших, ашиглах эрхийг хязгаарлан өөрийн өмчлөлийн хөрөнгөд очиж амьдрах, гэр орондоо орох боломжгүй байгаагаас үүдэн миний бие өнөөдрийн байдлаар байр хөлслөн амьдарч, эд хөрөнгө, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирч байна. З.Б-ын хууль бус үйлдлийг таслан зогсоож, нэхэмжлэгч А.А- миний өмчлөлийн хөрөнгийг чөлөөтэй эзэмших, ашиглах, гэр орондоо амьдрах эрхийг сэргээлгэж тайван, аливаа зөрчил, маргаангүйгээр өвлийн байшин, эзэмшлийн хашаандаа амьдрахыг хүсэж байна.
1.5. Миний бие 2022 оноос хойш байшиндаа очиж амьдраагүй бөгөөд З.Б- нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй, газрын эзэмших эрхгүй газрыг өөрийн газар, хөрөнгө мэтээр дураараа аашилж, удаа дараа саад учруулж, намайг айлган сүрдүүлж, зодож, сэтгэл санааны дарамт учруулж байсан бөгөөд миний бие цагдаагийн байгууллагад гомдол гаргаж тухай бүр шалгуулж байсан юм. Тодруулбал, миний бие 2019 онд цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын дагуу З.Б-ыг шалгасан баримт, мөн 2022 оны өгсөн дуудлагын дагуу шалгасан баримтуудыг гаргаж өгч байна.
1.6. Миний бие өөрийн хөрөнгөө ашиглахаар очиход З.Б- нь хашааг цоожилж байсан ба айлган сүрдүүлэхээр нь цагдаа дуудахад зугтаад алга болдог байсан бөгөөд үүнийг нотлох зургийг хавсарган өгч байна. Мөн миний өмчлөлийн газарт одоо хүртэл З.Б-ын эд хөрөнгө байдаг ба өнөөдрийг хүртэл аваагүй. Мөн З.Б- нь миний хашаанд өөрийн машин, техник хэрэгслийг дураараа тавьж ашигладаг байсан.
1.7. Миний эзэмшлийн газарт байгаа З.Б-ад хуваарилагдсан махны амбаарын хажуу талын нэг хана, мөр урд талын нэг хана 3.Б-ынх, харин ард талын нэг хана бол миний хашааны хана, харин нөгөө хажуу нэг тал нь гараашны хана тул З.Б-ад ямар ч хамааралгүй болно. Тиймээс миний бие З.Б-ын төлөө, хашаагаа нурааж, эвдэн сүйтгэхгүй, байгаа зүйлүүд байгаагаар нь байх ёстой ба хашаагаа нураах нь хүний эрхэд хаалдаж байгаа зүйл болно.
1.8. Иймд А.А-ийн өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багт байршилтай нэгж талбарын *********** дугаартай, Э-*********** дугаар бүхий 400 м.кв талбай бүхий газар болон тухайн газарт байршилтай өвлийн сууцны зориулалттай Ү-*********** дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглахад саад учруулж байгаа үйлдлийг таслан зогсоож 428 м.кв газрын орц гарцыг нээлттэй чөлөөтэй байлган хууль бус хашааг чөлөөлүүлэх өгнө үү.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
2.1. Нэхэмжлэгч А.А- бид хоёр 2007 онд гэр бүл болж хамтран амьдарч байгаад хоорондоо тарж тохироогүй учир Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00241 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан.
2.2. Шүүхийн дээрх шийдвэрээр 68.8 м.кв талбайтай зуны байр, **** БӨА улсын дугаартай Уаз-452 маркийн фургон автомашин, түлээ нүүрсний амбаар, махны амбаар, Өлгий сумын 13 дугаар багт байршилтай 900 м.кв газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг миний өмчлөлд үлдээж, надаас Өлгий сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байршилтай 400 м.кв газар, тухайн газар дээр байршилтай, өвлийн сууцны зориулалттай 60 м.кв талбайтай 3 өрөө байшин, гүний худаг, автомашины гарааж зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг гаргуулж А.А-д олгохоор шийдвэрлэсэн.
2.3. Тухайн шийдвэрийг Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 212/МА2020/00037 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2021/00816 дугаартай тогтоолоор хэвээр үлдээсэн.
2.4. Миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00241 дугаартай шийдвэрээр А.А-д хуваарилсан хөрөнгө, газруудыг шүүхийн шийдвэрийг үндэслэн түүний нэр дээр бүрэн шилжүүлж өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.
2.5. Тухайн 68.8 м.кв талбайтай зуны байшин нь дүү З.Е-ын эзэмшлийн байшин байсан бөгөөд А.А- нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бид худалдаж авсан, бидний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж маргаан үүсгэж хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид тооцож надад хуваарилсан. Бид гэр бүл цуцлах үед гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө миний нэр дээр бүртгэлтэй 400 м.кв газарт, 68.8 м.кв зуны байшин газар эзэмших эрхийн гэрчилгээгүй 428 м.кв газарт байсан.
2.6. Маргаан бүхий 428 м.кв талбайтай газрыг одоогийн байдлаар хэн нэгэн хүнд эзэмшүүлсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй. Гэр бүлийн маргаан шийдвэрлэсний дараа 428 м.кв талбайтай газрыг эзэмших хүсэлтийг Өлгий сумын Засаг даргад А.А- ч гаргасан, би ч гаргасан. Өлгий сумаас тухайн газар маргаантай учир шүүхээр шийдвэрлүүл гэсний дагуу А.А- нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Өлгий сумын Засаг даргад холбогдуулан 428 м.кв газрыг А.А- надад эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Энэ нэхэмжлэлийг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар авч хэлэлцээд мөн өдрийн 110/ШШ2023/0013 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
А.А- нь энэ шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд мөн өдрийн 221/МА2023/00381 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхисон байна.
А.А- магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны журмаар гомдол гаргасныг Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн нийт шүүгчдийн хуралдаанаар авч хэлэлцээд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан.
2.7. Ингэж гурван шатны шүүхийн шийдвэр гарч 428 м.кв газар А.А-д ямар ч хамааралгүй болсон учир би тухайн газрыг эзэмшихээр Өлгий сумын Засаг даргад өргөдөл гаргасан ба одоогоор хянагдаж байгаа. Өлгий сумын Засаг даргын зүгээс дээрх 428 м.кв газрыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулсны дараа шийдвэрлэхээ мэдэгдсэн.
2.8. Нэхэмжлэгч А.А- нь тухайн хөрөнгө, газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан боловч тэрнээс хойш тухайн байшинд нүүж ирээгүй. Бүх хөрөнгүүд нь одоо сул байгаа ба миний зүгээс түүний өмчлөх эрхэд халдсан, саад болсон зүйл байхгүй. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 428 м.кв газарт баригдсан зуны байр, түлээ нүүрсний амбаарыг надад хуваарилж би тухайн зуны байранд одоо хүртэл амьдарч байна.
2.9. Миний бие өөрийн эзэмшлийн биш газарт дураараа аашилсан, А.А-ийн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлан өөрийн өмчлөлийн хөрөнгөд очиж амьдрах гэр орондоо очиж амьдрах, гэр орондоо орох боломжийг хаасан зүйл байхгүй. Угаасаа А.А-д хуваарилагдсан 400 м.кв талбайтай газар болон одоо миний амьдарч байгаа 428 м.кв талбайтай газрыг тойруулан нэг л хашаа татсан байсан. Одоо тухайн хашаа хэвээрээ байгаа. Миний зүгээс А.А-ийн эзэмшил газрыг хааж, тусгаарлаж ямар нэгэн хашаа татаагүй. Тэгээд ч шүүхээс гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгүүдийг хуваарилахдаа газрын болон үл хөдлөх эд хөрөнгүүдийн байршлын харгалзаж цаашид хоёр хувааж амьдрах боломжтой байдлаар хуваарилсан гэж үзэж байна.
2.10. Иргэний хэргийн анхан шатны шүүхээс надад хуваарилсан махны амбаар одоогоор А.А-ийн эзэмшил газарт байгаа. Хэрэв А.А- хүлээн зөвшөөрвөл хавар цаг агаар дулаарсны дараа би махны амбаарыг буулгаж авч, тухайн газраас гарц (хашааны хаалга) гаргаж өгч болно. А.А-ийн үл хөдлөх хөрөнгүүд байршилтай газрын цаад талд сул гудамж байгаа бөгөөд тэр бээр тухайн хэсгээс гарц (хашааны хаалга) гаргаж өөрийн эзэмшлийн газар, үл хөдлөх хөрөнгө руу нэвтрэх боломжтой. Гэтэл заавал одоо миний ашиглаж байгаа газраар дамжин орох ёстой гэж зүтгэж байгааг ойлгохгүй байна. Мөн миний зүгээс одоо миний ашиглаж байгаа газраар дамжин ороход ямар нэгэн саад хийгээгүй гэдгийг дурдах нь зүйтэй. Одоо сул байгаа 428 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гарсан тохиолдолд тухайн газарт миний бие үргэлжлүүлэн амьдрах болно.
2.11. Миний бие 428 м.кв газарт байгаа хууль бус хашааг чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний бие 428 м.кв газарт байгаа хашааг шинээр татаагүй. А.А- бид хоёр гэр бүл болсноос хийх тухайн хашаа дотор амьдарч ирсэн. Анх бид хоёр гэр бүл болохоос өмнө миний аав одоо А.А-ийн өмч болсон байшинг хүнээс худалдан авахад энэ хашаа байсан. Харин А.А- нь өөрийн өмчлөлийн өвлийн сууц, 400 м.кв газрыг тусгаарлан ямар нэгэн хашаа татаагүй, А.А- бид хоёр гэр бүл байсан хугацаанд ямар байсан тэр хэвээрээ байгаа.
2.12. Иймд нэхэмжлэгч А.А- өөрийн өмчлөлийн өвлийн сууц, 400 м.кв талбайтай газар руу нэвтрэхэд нь ямар ч саад учруулаагүй тул эдгээр нотлох баримтуудыг үндэслэн А.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2024/00237 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч А.А-ийн хариуцагч З.Б-ад холбогдуулан гаргасан А.А-ийн өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багт байршилтай нэгж талбарын *********** дугаартай, Э-*********** дугаар бүхий 400 м.кв талбай бүхий газар болон тухайн газарт байршилтай өвлийн сууцны зориулалттай Ү-*********** дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглахад саад учруулж байгаа үйлдлийг таслан зогсоож 428 м.кв газрын орц гарцыг нээлттэй чөлөөтэй байлган хууль бус хашааг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Миний бие Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт нэгж талбарын *********** дугаартай, Э-*********** дугаартай 400м2 талбай бүхий газарт байршилтай өвлийн сууцны зориулалттай Ү-*********** дугаартай үл хөдлөх хөрөнгийг үл хөдлөх хөрөнгийн эрхийг хууль ёсоор эзэмшдэг. Харин тус газрын урд талд байгаа шүүхийн шийдвэрээр хуваарилагдсан зуны байшинг З.Б- эзэмшдэг боловч хууль ёсны гэрчилгээгүй. Харин гэрчилгээгүй хөрөнгийг далимдуулан миний хөрөнгө байршдаг газрын хашаа болох нийт 828 м.кв талбайг хууль бусаар ашигладаг ба үүний 428 м.кв талбай нь өмчийн болон газрын бүртгэлгүй. Тухайн газарт газрын төлөвлөгөөгүйгээр хариуцагчийн төрсөн дүүд эзэмшүүлснийг Захиргааны хэргийн гурван шатны шүүхээс хууль бус болохыг тогтоолгож байсан ба хэний ч эзэмшилд байх боломжгүй, хожим өөр этгээдэд эзэмшүүлэх тохиолдолд нэхэмжлэгч өөрийн хөрөнгө эзэмших, өмчлөх эрх нь зайлшгүй хөндөгддөг газар билээ. Тодруулбал, өдөр тутмын хэрэглээний хөрөнгө болох жорлон, үнсний сав, бохир усны нүх байхаас гадна хашааныхаа урьд талын хэсэг, хүн ба машин орж гарах, хаалга тус газарт байрласан байдаг одоогоор хэний ч эзэмшилд байхгүй боловч зуны байшинг далимдуулан З.Б- хууль бусаар эзэмшиж, ашиглаж байхад үүнийг шүүхээс анхаарч үзээгүйд гомдолтой байна.
4.2. Нөгөөтээгүүр, миний байшин, гарааш, худаг болон З.Б-ын амбаар баригдсан талаар орц, гарцаа гаргах боломжтой гэж дүгнэсэн нь хууль бус юм. Учир нь тухайн газрын хойд тал нь бүхэлдээ барилга баригдсан байдаг ба З.Б-ын ч амбаар байдаг. З.Б- тухайн амбаараа ч буулгаж аваагүй, миний хөрөнгийн хаягжилт нь ИТХ-ын тогтоолоор урд талд хамаатай байдаг. Гэтэл, шүүхээс газар эзэмших эрхийн гэрчилгээгүй хүн 428 м.кв талбайтай газрыг ашиглах эрхтэй, А.А-д хойд талаас нь хөрөнгөө буулгаад ч хамаагүй хашаагаа гарга гэсэн агуулгатай дүгнэлт хийж байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэхэд хүргэж байна. Шүүхээс үзлэг хийхдээ, тухайн газрын бодит байдлыг хашааны орц гарцын хаалгыг З.Б- цоожилдог болохыг харсаар байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй.
4.3. Шүүхээс Баян-Өлгий аймгийн цагдаагийн газраас шалгасан баримтыг зохих ёсоор үнэлээгүй байна. Тухайн гомдол, мэдээлэлд миний бие ямар их дарамт үзэж байсан, өөрийн хөрөнгөд хүртэл орж чадахгүй байсан нь тодорхой харагддаг байхад үүнийг бодитоор нь шалгаж тогтоосонгүй.
4.4. Иймд, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.04-ний өдрийн 130/ШШ2024/00237 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт:
5.1.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Бакен би А.А-ийн нэхэмжлэлтэй З.Б-ад холбогдох хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хувийн шалтгааны улмаас биечлэн оролцох боломжгүй болсон учир өмгөөлөгчийн тайлбарыг бичгээр гаргаж байна.
5.2. А.А-, З.Б- хоёр 2007 онд гэр бүл болж хамтран амьдарч байгаад хоорондоо таарч тохироогүй учир Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00241 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан.
Шүүхийн дээрх шийдвэрээр 68.8 м.кв талбайтай зуны байр, **** БӨА улсын дугаартай УАЗ-452 маркийн фургон автомашин, түлээ нүүрсний амбаар, махны амбаар, Өлгий сумын 13 дугаар багт байршилтай 900 м.кв газар зэрэг үйл хөдлөх эд хөрөнгүүдийг З.Б-ын өмчлөлд үлдээж, З.Б-аас Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай 400 м.кв газар, тухайн газар дээр байршилтай, өвлийн сууцны зориулалттай 60 м.кв талбайтай 3 өрөө байшин, гүний худаг, автомашины гарааш зэрэг үл хөрөнгүүдийг гаргуулж А.А-д олгохоор шийдвэрлэсэн.
Тухайн шийдвэрийг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 212/МА2020/00037 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2021/00816 дугаартай тогтоолоор хэвээр үлдээсэн.
5.3. З.Б- нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00241 дугаартай шийдвэрээр А.А-д хуваарилсан хөрөнгө, газруудыг шүүхийн шийдвэрийг үндэслэн түүний нэр дээр бүрэн шилжүүлж өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.
5.4. Одоо сул байгаа 428 м.кв талбайтай газарт байгаа 68.8 м.кв хэмжээтэй зуны байшин нь З.Б-ын дүү З.Е-ын эзэмшлийн байшин байсан бөгөөд А.А- нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бид худалдаж авсан, бидний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж маргаан үүсгэж хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид тооцож З.Б-ад хуваарилсан. Маргаан бүхий 428 м.кв талбайтай газрыг одоогийн байдлаар хэн нэгэн хүнд эзэмшүүлсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй. Гэр бүлийн маргаан шийдэгдсэний дараа тухайн 428 м.кв хэмжээтэй газрыг эзэмших хүсэлтийг Өлгий сумын Засаг даргад А.А- ч гаргасан, З.Б- ч гаргасан. Өлгий сумаас тухайн газар маргаантай учир шүүхээр шийдвэрлүүл гэсний дагуу А.А- нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Өлгий сумын Засаг даргад холбогдуулан 428 м.кв газрыг А.А- надад эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Дээрх нэхэмжлэлийг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд мөн өдрийн 110/ШШ2023/0013 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. А.А- дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд мөн өдрийн 221/МА2023/00381 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхисон. А.А- дээрх магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн нийт шүүгчийн хуралдаанаар авч хэлэлцээд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан.
5.5. Ингэж гурван шатны шүүхийн шийдвэр гарч 428 м.кв газар А.А-д ямар ч хамааралгүй болсон учир З.Б- тухайн газрыг эзэмшихээр Өлгий сумын Засаг даргад хандаж 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж өгөх хүсэлт гаргасан. Түүний хүсэлтийн дагуу дээрх 428 м.кв газрыг Өлгий сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд эзэмшүүлэх газрын ангиллаар оруулсан.
5.6. А.А- нь энэ шийдвэрийг мэдсэний дараа Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Өлгий сумын ИТХ-д холбогдуулан 428 м.кв газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулсан тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, тус шүүх дээрх тогтоолын улмаас А.А-ийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөөгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. А.А- энэ захирамжийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг тус шүүх хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн байгаа.
5.7. А.А- нь шүүхийн шийдвэрийн дагуу өөрт нь хуваарилсан үл хөдлөх эд хөрөнгө, газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан боловч тэрнээс хойш тухайн байшинд нүүж ирээгүй. Бүх хөрөнгүүд нь одоо сул байгаа ба З.Б-ын зүгээс түүний өмчлөх эрхэд халдсан, саад болсон зүйл байхгүй.
5.8. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 428 м.кв газарт баригдсан зуны байр, түлээ нүүрсний амбаарыг түүнд хуваарилсны дагуу тухайн зуны байранд одоо хүртэл амьдарч байна. З.Б-ын зүгээс өөрийн эзэмшлийн биш газарт дураараа аашилж А.А-ийн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлан өөрийн өмчлөлийн хөрөнгөд очиж амьдрах, гэр орондоо очиж амьдрах, гэр орондоо орох боломжийг хаасан зүйл байхгүй. Угаасаа А.А-д хуваарилсан 400 м.кв талбайтай газар болон одоо З.Б-ын амьдарч байгаа 428 м.кв талбайтай газрыг тойруулан нэг л хашаа татсан байсан. Одоо тухайн хашаа хэвээрээ байгаа ба З.Б-ын зүгээс А.А-ийн эзэмшил газрыг хааж, тусгаарлаж ямар нэгэн хашаа татаагүй учир 428 м.кв газарт байгаа хууль бус хашааг чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би 428 метр газарт байгаа хашааг шинээр татаагүй, А.А-, З.Б- нар гэр бүл болсноос хойш тухайн хашаан дотор хамт амьдарч ирсэн.Бүр тэд гэр бүл болохоос өмнө З.Б-ын аав У.З- А.А-ийн өмчлөлд байгаа өвлийн сууцыг хүнээс худалдаж авах үед энэ хашаа байсан. З.Б-ын хувьд А.А-ийн өмчлөлийн өвлийн сууц, 400 м.кв газрыг тусгаарлан ямар нэгэн хашаа татаагүй. Бүх эд хөрөнгө тэр хоёр хамтран амьдарч байхад ямар байсан яг тэр хэвээрээ байгаа. З.Б-ын зүгээс А.А-ийн өөрийн өмчлөлийн өвлийн сууц, 400 м.кв талбайтай газар руу нэвтрэхэд нь ямар ч саад учруулаагүй. Энэ талаарх ямар нэгэн нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс Цагдаагийн байгууллагаас холбогдох нотлох баримтуудыг гаргуулсан. Тухайн баримтуудаар З.Б-ын түүний өөрийн эзэмшлийн газарт чөлөөтэй орж гарахад саад учруулсан үйлдэл тогтоогдоогүй.
5.9. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хашааг албадан буулгахыг хүссэн боловч ямар хэмжээтэй, ямар байрлалтай, ямар төрлийн хашаа болох талаар огт дурдаагүй учир нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө тодорхой бус гэж үзэхээр байгаа.
5.10. А.А- нь 2018 оны 8 дугаар сард өөрийн төрхмөөс ирсэн инж, өөрт хамаарах хөрөнгөнүүдийг аваад явснаас хойш тэнд нэг ч хоног амьдраагүй. Шүүхээс түүнд хуваарилсан бүх эд хөрөнгө, газар нь байгаа байдлаараа байгаа. Эзэмших газрын хоёр талд гудамж байгаа. Энэ нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон. А.А- нь үнэхээр тэнд амьдрах хүсэл сонирхолтой байгаа бол өөрийн эзэмшлийн газраа тусгаарлан хашаа татаж, нөгөө талын гудамжны чиглэлээс орж гарах хаалга гаргаж авах боломжтой.
5.11.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж хуульчилсан. А.А- нь хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд өмчлөлийн зүйлээ аливаа халдлагаас хамгаалуулах эрхтэй боловч энэ нь халдлага нь бодитой байх ёстой. Гэтэл нэхэмжлэлд энэ талаар огт дурдаагүй.Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа ямар эрх нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж байгаа талаар огт дурдаагүй.
5.12. Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж хуульчилсан.
Энэ тохиолдолд өмчлөх эрх нь ямар байдлаар зөрчигдсөн болох, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагчийн ямар үйлдэл /эс үйлдэхүй/ саад болж байгаа нь тодорхой байх ёстой. Нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын дундуур тухайн газраас төрхөм руугаа нүүж явснаас хойш тэнд нэг ч хоног амьдраагүй.Амьдрах талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Тэгсэн атлаа хариуцагч З.Б- тухайн газарт амьдарч өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулахад саад учруулж байгаа гэж хийсвэр байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж байгаа нь үндэслэлгүй. Иймд түүний гомдлыг хангахгүй орхихыг хүсье.
ХЯНАВАЛ:
6. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.
Шүүхийн шийдвэр хууль ёсны байна гэдэгт шүүх процессын хэм хэмжээг чанд мөрдөж, хэрэгт хуульд заасан арга, журмаар цугларсан, ач холбогдолтой, хамааралтай, хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт, түүнд ач холбогдол бүхий бусад бүхий л нөхцөл байдлыг талуудын мэтгэлцээнийг үндэслэж нэг бүрчлэн сэргээн тогтоон, түүнд материаллаг хуулийг зөв тайлбарлаж хэрэглэх замаар маргааныг шийдвэрлэсэн байхыг ойлгох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан уг шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч А.А- нь хариуцагч З.Б-ад холбогдуулж “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, нэгж талбарын *********** дугаартай, Э-*********** дугаар бүхий 400 м.кв талбайтай газар болон тухайн газарт байршилтай өвлийн сууцны зориулалттай Ү-*********** дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглахад саад учруулж байгаа үйлдлийг таслан зогсоож, 428 м.кв газрын орц, гарцыг нээлттэй, чөлөөтэй байлган хууль бус хашааг чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “миний өмчлөлийн хөрөнгийн нэг талд бүхэлдээ байшинтай зэрэгцсэн баригдсан амбаар, гараж бүхий барилгуудтай бөгөөд үлдсэн хоёр тал нь айлын хашаагаар хүрээлэгдсэн байдаг тул шууд орох гарах гарцыг гаргах боломжгүй байгаа. Зайлшгүй 428 м.кв талбай бүхий нийтийн эзэмшлийн газар болон өмнө нь баригдсан хашаагаар дамжин өнгөрөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд байдаг. Хариуцагч З.Б- нь өөрийн эзэмшлийн бус газарт дураараа авирлан миний эзэмших, ашиглах эрхийг хязгаарлан өөрийнхөө өмчлөлийн хөрөнгөд очиж амьдрах, гэр орондоо орох боломжгүй байгаагаас үүдэн өнөөдрийн байдлаар байр хөлслөн амьдарч, эд хөрөнгө, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирч байна” гэжээ.
8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн бөгөөд үндэслэлээ “А.А- нь тухайн хөрөнгө, газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан боловч тэрнээс хойш тухайн байшинд нүүж ирээгүй. Бүх хөрөнгүүд нь одоо сул байгаа ба миний зүгээс түүний өмчлөх эрхэд халдсан, саад болсон зүйл байхгүй. Би өөрийн эзэмшлийн биш газарт дураараа ... А.А-ийн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлан өөрийн өмчлөлийн хөрөнгөд очиж амьдрах, гэр орондоо очиж амьдрах, гэр орондоо орох боломжийг хаасан зүйл байхгүй. Угаасаа А.А-д хуваарилсан 400 м.кв газар болон одоо миний амьдарч байгаа 428 м.кв талбайтай газрыг тойруулан нэг л хашаа татсан байсан” гэж хариу тайлбараа шүүхэд ирүүлж, талууд шүүхэд нотлох баримт гаргах, хүсэлт гаргах замаар шүүхийн журмаар үзлэг хийлгэж нотлох баримт бүрдүүлэх зэргээр харилцан мэтгэлцжээ.
9. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, А.А- болон З.Б- нарын гэр бүлийн холбогдолтой маргааныг шүүх шийдвэрлэхдээ З.Б-аас 2007 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр олгосон ******** дугаартай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай нэгж талбарын *********** дугаартай, 50 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 400 м.кв газар, 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр олгосон ******** дугаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаартай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай өвлийн сууцны зориулалттай 60 м.кв талбайтай 3 өрөө байшин, гүний худаг, автомашины гараж зэргийг тус тус гаргуулан А.А-д олгож шийдвэрлэсэн бөгөөд талуудын хооронд өмнө нь үүссэн гэр бүлийн холбогдолтой маргааныг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /Хэргийн 6-40 дэх тал/
Дээрх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр А.А- болон З.Б- нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байсан 400 м.кв талбайтай газар болон түүнд байрлах үл хөдлөх хөрөнгө, гараж, гүний худгийн хамт /хэргийн 170 дугаар талд авагдсан шүүхийн үзлэгийн тэмдэглэлд дурдсан 3 дугаартай амбаараас бусад/ нэхэмжлэгч А.А-д шүүхээс хуваарилсан ба А.А- болон З.Б- нар хамт амьдрах хугацаанд дээрх 400 м.кв газар болон уг газарт залгаа байрлах 428 м.кв газрын хамт хашаалсан байсан нь зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон, тухайн 428 м.кв талбайтай, А.А-д хуваарилсан 400 м.кв талбайтай газарт залгаа газар нь хэн нэгний хууль ёсны эзэмшил болон өмчлөлд бүртгэлгүй учраас талуудын хооронд үүссэн гэр бүлийн холбогдолтой маргааныг хянан шийдвэрлэх үед шүүхээс талуудад хуваарилаагүй, сул газар байжээ. Харин тус 428 м.кв газарт байрлаж байсан 68 м.кв талбайтай зуны байшинг хуулийн хүчин төгөлдөр болсон иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр З.Б-ад “зуны байшин” гэж хуваарилж байжээ.
10. Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримт буюу нэхэмжлэгч А.А-ийн эзэмшлийн 400 м.кв талбайтай газартай залгаа байршилтай 428 м.кв газар нь хэн нэгний эзэмшил, өмчлөлд бүртгэлгүй сул газар мөн болох нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 110/ШШ2020/0065 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 38 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 111 дүгээр тогтоол, мөн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2023/0013 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2023/0381 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 376 дугаар тогтоолоор мөн тогтоогдсон, илэрхий үйл баримт байна.
11. Нэхэмжлэгч А.А-, З.Б- нарт холбогдох гэр бүлийн холбогдолтой маргаан гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэний дараа А.А- нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийн дагуу Иргэний газар эзэмших эрхийн ************ дугаар гэрчилгээгээр эрхийн улсын бүртгэлийн Э-*********** дугаарт бүртгэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлах 400 м.кв талбайтай газрыг, мөн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ************ дугаар гэрчилгээгээр тус газарт байрлах 60 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг, мөн гүний худаг, гараж зэрэг эд хөрөнгөө зохих журмын дагуу хууль ёсоор эзэмшил, өмчлөлдөө шилжүүлж авсан бөгөөд тэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар өмчийн зүйлээ эзэмшихтэй нь шууд холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзэж, уг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болж байгаа хариуцагчийн үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй.
12. Нэхэмжлэгч А.А-ийн эзэмшлийн 400 м.кв газартай хамт хашаалсан, 428 м.кв газрыг хариуцагч З.Б- нь өөрийн өмчлөлийн зуны байр болон бусад эд хөрөнгө байрлаж байгаа гэх шалтгаанаар ашиглаж, хашааг цоожилдог /Л.А-ийн эзэмшлийн 400 м.кв газар болон хариуцагч З.Б-ын ашиглаж байгаа 428 м.кв газар нь хамт нэг хашаа, хаалгатай нь талуудын тайлбар, шүүхийн үзлэгээр тогтоогдсон/ учраас А.А- нь өөрийн эзэмшлийн газар бүхий хашаанд чөлөөтэй нэвтэрч чаддаггүй, мөн уг газартаа байрлах хууль ёсоор өмчилж авсан 60 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, гүний худаг, гараж зэрэг хөрөнгөө өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзэж, уг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болж буй хариуцагч З.Б-ын “өөрийн хууль ёсоор эзэмшил, өмчлөлд бүртгэлгүй газрыг хашаалж улмаар нэхэмжлэгчийг өөрийн газар, үл хөдлөх хөрөнгөдөө нэвтрэхэд саад болж буй” үйлдлийг таслан зогсоохыг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
Учир нь, нэхэмжлэгч А.А- нь өөрийн газар болон үл хөдлөх хөрөнгөө хууль ёсоор эзэмшиж, өмчилж байгаа нь тогтоогдсон, харин түүний эзэмшлийн 400 м.кв газарт залгаа байрласан, урьд нь уг газартай нь хамт хашаалсан байсан, уг хашааны хаалга байрладаг 428 м.кв газрыг хариуцагч З.Б- нь хууль ёсоор эзэмшээгүй, өмчлөөгүй атлаа “уг газарт өөрийн өмчлөлийн зуны байшин байршдаг, А.А-тэй хамтын амьдралтай байсан үеэс эхлэн угаасаа хашаалсан байсан” гэх шалтгаанаар нэхэмжлэгчийн эзэмшил газарт нэвтрэх, уг газарт байрлах үл хөдлөх хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхэд саад учруулж байгаа нь:
13. Хариуцагч З.Б-ын нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлүүд болох “А.А-д өөрийн эзэмшлийн хашаанд нэвтрэх, үл хөдлөх хөрөнгүүдээ өмчлөх эрхэд нь саад учруулаагүй” гэх тайлбар хэрэгт цугларсан дээр дурдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн бөгөөд “угаасаа А.А-д хуваарилсан 400 м.кв талбайтай газар болон одоо миний амьдарч байгаа 428 м.кв талбайтай газрыг тойруулан нэг л хашаа татсан байсан” гэх хариуцагчийн хариу тайлбар нь, тухайн 428 м.кв талбайтай газрыг хариуцагч З.Б- нь нэгэнт хууль ёсоор өөрийн өмчлөл, эзэмшилдээ шилжүүлж авсныг нотлоогүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэлийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтаар нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээж, хариуцагч З.Б-аас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.А-д олгох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцнэ. Түүнчлэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг давж заалдах гомдлыг хүлээж авсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, А.А-д буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2024/00237 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:
“1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч А.А-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, нэгж талбарын *********** дугаартай, улсын бүртгэлийн Э-*********** дугаар бүхий 400 м.кв талбайтай газар болон тухайн газарт байршилтай өвлийн сууцны зориулалттай Ү-*********** дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхэд саад учруулж буй хариуцагч З.Б-ын үйлдлийг таслан зогсоож, уг газарт залгаа байршилтай 428 м.кв газрын орц, гарцыг нээлттэй, чөлөөтэй байлган хашааг чөлөөлөхийг хариуцагч З.Б-ад үүрэг болгосугай” гэж, 2 дахь заалтыг:
“2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтаар нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээж, хариуцагч З.Б-аас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.А-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгч А.А-ийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, А.А-д буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ Ж.Отгонхишиг