Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/126

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Э.Идэрбат

Шүүгдэгч З.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Г-т холбогдох 1821007460022 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дугаар сарын .....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ..... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эх, дүү, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Хэрлэнгийн........ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, З.Г. /РД: ................/

 

Шүүгдэгч З.Г нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 23-03 тоотод оршин суух Ц.Наранцэцэгийн гэрт, түүний хүү болох А.Болорхүүтэй архи ууж, улмаар түүнийг согтоод унтсан хойгуур үүдэнд нь байсан улаан цүнхтэй монгол савхин түрүүвч 21 ширхэг, тэмээний ноосон улавч 40 ширхэг, тэмээний ноосон өвдгөвч 10 ширхэг, эрэгтэй хүний ноосон монгол цамц 2 ширхэг, эмэгтэй хүний богино куртик, 2 хүний зориулалттай хуучин мишок, гар хийцийн булган үстэй гутал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1089000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч З.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр найз Болорхүүтэй зах дээр таарсан. Тэгээд Болорхүүгийн гэрт очиж хамт архи уусан. Архи ууж согтоод үүдэнд байсан цүнхтэй эд зүйлийг авч гарч хямд зарсан. Мөнгө болгоод нэмж архи уусан...гэв.

 

Хохирогч Ц.Наранцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэртээ ирэхэд гэрт байсан бараанууд алдагдсан байсан. ...Болорхүүгээс “гэртээ хүн оруулсан уу” гэж асуухад “Г гэх эмэгтэйтэй хамт гэртээ архи уусан, манайд өөр хүн орж ирээгүй” гэж ярисан. ...Манай гэрээс Монгол савхин түрүүвч 21 ширхэг, тэмээний ноосон улавч 40 ширхэг, тэмээний ноосон өвдгөвч 10 ширхэг, эрэгтэй хүний ноосон монгол цамц 2 ширхэг, миний өмсөж байсан хөх өнгийн хуучин куртик, 2 хүний зориулалттай хуучин мишок зэрэг зүйлсийг улаан өнгийн гар хийцийн гахай цүнхэнд хийгээд тавьсан байсан. Мөн гар хийцийн булган үстэй гутал зэрэг эд зүйлс алдагдсан. Би улаан өнгийн цүнхийг үнэлэхгүй, энэ нь гар хийцийн хуучны муу цүнх байсан юм. Г нь Болорхүүг асуугаад манайхаар шагайгаад явдаг, байнга л согтуу асуугаад явж байдаг юм. ...Алдсан эд зүйлээ бүрэн бүтэн олж авах хүсэлтэй байна...” гэжээ. /хх-ийн 20-22 тал/

 

Гэрч А.Болорхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Г-той таараад архи уухаар ярилцаж дэлгүүрээс архи авч манай гэр рүү очсон. ...Ингээд бид хоёр гэрт зурагт үзэж авсан архийг хувааж уун суусан. Ингэж байгаад би унтаад өгсөн, нэг сэрсэн өглөө болсон хаалга онгорхой Г манайхаас явсан байсан. Үүдэнд байсан шинэ үстэй түрийтэй гутал байхгүй байсан. ...Тэгээд удалгүй ээж ирээд гэрт байсан улаан өнгийн цүнхтэй эд зүйлс байхгүй талаар хэлж цагдаад бүртгүүлсэн. ...Би түүнд цүнхтэй эд зүйлсээ өгч явуулсан зүйл байхгүй, намайг унтаж байхад Г нь гэрт байсан цүнхтэй зүйлсийг хулгайлаад аваад гарсан байсан...” гэжээ. /хх-ийн 28 тал/

 

- Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14 тал/

- Эд зүйлийн үнэлгэээ /хх-ийн 38-39 тал/

- З.Г-н гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30, 36-37 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч З.Г нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 23-03 тоотод оршин суух хохирогч Ц.Наранцэцэгийн гэрт, түүний хүү болох А.Болорхүүтэй архи ууж, улмаар түүнийг согтоод унтсан хойгуур үүдэнд нь байсан улаан цүнхтэй монгол савхин түрүүвч 21 ширхэг, тэмээний ноосон улавч 40 ширхэг, тэмээний ноосон өвдгөвч 10 ширхэг, эрэгтэй хүний ноосон монгол цамц 2 ширхэг, эмэгтэй хүний богино куртик, 2 хүний зориулалттай хуучин мишок, гар хийцийн булган үстэй гутал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1089.000 /нэг сая наян есөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хохирогч Ц.Наранцэцэг, гэрч А.Болорхүү нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

Шүүгдэгч З.Г-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч З.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч З.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч З.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

 

Шүүгдэгч З.Г-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал /6 настай 2 хүүхэдтэй, одоо жирэмсэн/ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч З.Г нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Шүүгдэгч З.Г-н үйлдлийн улмаас хохирогч Ц.Наранцэцэгт 1089.000 /нэг сая наян есөн мянга/ төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь уг хохирлыг нөхөн төлөхөө шүүх хуралдаанд илэрхийлсэн тул шүүгдэгч З.Г-с 1089.000 /нэг сая наян есөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Наранцэцэгт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З.Г-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч З.Г-т оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч З.Г-т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-с бусдад учруулсан гэм хорын хохиролд нийт 1089.000 /нэг сая наян есөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Өнөрийн 23-03 тоотод оршин суух, Булгачид овогт Цэрэндондовын Наранцэцэг /РД: ЖЯ65100103/-т олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч З.Г-н ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.Ганболорт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.БАТЖАРГАЛ