Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 439

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сум,Богдын гол баг,МСҮТ хэсгийн 1-20 тоотод оршин суух, эмэгтэй, ИА 70112002 регистрийн дугаартай, Цоохор овогт Балдангийн Баярмаагийн мөрдөн байцаалт, прокурор,шүүхийн хууль зөрчсөн шийдвэрийн улмаас учирсан гэм хорын хохирол буюу өмгөөлөгчийн өмгөөллийн хөлс 500000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 14000 000 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлагаар ажлаас халж ажилгүй байлгасан хугацааны нөхөн олговорын 7783758 төгрөг хууль бусаар мөрдөгдөж,яллагдсан хугацааны шууд зардал 3500 000 төгрөг, өмгөөлөгчийн өмгөөллийн хөлс 500000 төгрөг, нийт 26 283758 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч,хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Баярмаа түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл нар онлайнаар, төрийг төлөөлсөн прокурор Э.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Балдан овогтой Баярмаа миний бие Соёл урлагийн их сургуулийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн нярваар ажиллаж байгаад коллежийн захирлын цагдаад өгсөн гомдлоор 10 сараас хойш шалгагдаж тайлбар, байцаалт өгч миний хамт ажилладаг байгууллагын хамт олонд гэмт хэрэгтэн шиг Б.Баярмаа ямар хүн бэ та нартай яаж харьцдаг гэх мэтээр асууж мөрдөж улмаар бүх үнэн байдлаа хэлсээр байтал үндэслэлгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар бусдыг доромжлох гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдох үндэслэлтэй байгаа тул огт үндэслэлгүй байхад эрүүгийн хэрэг үүсгэж,сэжигтнээр тооцож,байцаалт авч, таньдаг ихэнх хүмүүсээс миний талаар байцаалт авч,эд хөрөнгө битүүмжлэхээр 2-3 удаа дуудаж танайд юу байдаг гэх мэтээр сэтгэл зүйн гүн дарамтад оруулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагчаар татсан тогтоол үйлдэж,яллагдагчаар байцааж, шүүхэд шилжүүлж улмаар Завхан аймгийн Сум дундын 12 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар бусдыг доромжлох хэрэгт ял шийтгэгдсэн,мөн Говь-Алтай, Завхан аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны үндэслэлгүй шийдвэрийг хэвээр үлдээж миний бүх найдлагыг тасалж, миний сэтгэл зүйгээр хэлэхийн аргагүй унасан учир нь энэ үйл явдлууд өнгөрөх хугацаанд миний ээж Д.Урнасан 2015 оны 10 сараас хойш хүнд өвчнөөр өвдөж 2015 оны 07 дугаар сарын 17-нд мөнх бусыг үзсэн/эрүүгийн хэрэгт шалгагдаж,сэжиглэгдэж,яллагдаж,шийтгэгдэж байсан бүх хугацаанд 2014 оны 10 сараас 2015 оны 12 хүртэл/ би нэг ч удаа харж асарч чадахгүй байсаар байгаад ээжийгээ алдсанд хамгийн харамсалтай,одоо ч харамсаж байгааг мөн шүүхээс ял авсныг мэдэж байсан бөгөөд өөр хүнд өвчтэй байсан боловч над руу л санаа зовж байсаар бурхан болсон цагдаагаас намайг батлан даалтад авах таслан сэргийлэх арга хэмжээг авсан байсан тул асарч чадаагүй.Хамгийн хамгийн харуусалтай нь ээжийгээ нас барахад юу ч хийж чадаагүй,харин ч сэтгэлээр унагаж явуулсандаа хамгийн их сэтгэлээр унасан,одоо үргэлж бодож байна.Мөн намайг захирал мөнгө эд хөрөнгө үрэгдүүлж олон нийтэд намайг доромжилж төрийн албаны ёс зүйгүй гэж ажлаас халж амьдралын гол эх үүсвэрээс салгаж,банкны өрөнд арай ядан ах дүү нараасаа гуйж түүж төлж, хоол ундаа залгуулдаг байсан ч үндэслэлгүй халагдсан гэдгийг давж заалдах шатны шүүх тогтоосон. Тэгээд Улсын дээд шүүхээс миний үнэн мөнийг бичсэн захидал болон болсон явдлыг үнэнд нийцсэн байдлаар нь шийдэж 2015 оны 11 сарын 20 ны өдрийн 303 тоот тогтоолоор миний үлйдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж дүгнэсэн.Тэгсэн ч хүмүүсийн цуу яриа их хүчтэй тусаж байна.Жишээлбэл Хөгжим бүжгийн Баярмаа захирлаа доромжилж байгаад ял авсан байна лээ гэх мэт яриа одоо хүртэл тасрахгүй байна.

Иймд өмгөөлөгч хөлсөлсөн зардал 500000 төгрөг,сэтгэл санааны хохиролд 14 000 000 төгрөг нэхэмжилж танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хүсэлт гаргагч Б.Баярмаа шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Б.Баярмаа миний бие хууль бусаар удаа дараа шат шатны шүүх,прокурор,цагдаагийн байгууллагад мөрдөгдөж, хилсээр хууль бус ял тулгаж,яллагдаж шийтгүүлж байсны хувьд нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар нэмэгдүүлж байна.Хөгжим бүжгийн захирал М.Алтанцэцэг нь 2014 оны 10 сард гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгаж өгөөч гэж цагдаад надтай цуг нэр бүхий хүмүүсийн нэрийг өгч гомдол гаргасан.Цагдаагийн байгууллагаас эхнээс нь гэмт хэрэг биш гэж хэрэг үүсгээгүй байхад заавал хэрэг үүсгүүлэх гэж улайрдаг байсан бөгөөд цагдаад мөрдөгдөж байх хугацаанд/ 2014 оны 10 сараас 2014 оны 12 дугаар сарын 02ныг хүртэл/ ажил дээр очиход байнгын дарамталдаг ажлаа өгөөд гар гэх мэтээр мөн 2014 оны 8,9 сард захиралд дарамтлуулж элдвээр хэлүүлж байгаад ажил дээрээсээ эмнэлэгт 2 удаа хүргэгдсэн, би зохих дээд шатны бүх газар нь хандсан боловч нэг ч хариу өгөөгүй, захирал маань цагдаа /2014 оны 11 сард/ дээр үнэнийг хэлсний төлөө ажлаас халсан учраас ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу ажлын 393/ ажлын нэг өдрийн цалин 19806 төгрөг НДШ-ийн дэвтрийн сүүлийн 3 сарын байдлаар / хоногийн нийт 7783758 төгрөгийг нэмж нэхэмжилж байна.Мөн хууль бусаар мөрдөгдөж,яллагдсан хугацааны шууд зардал 3500 000 төгрөгийг нэмж нэхэмжил байна гэжээ.

Хүсэлт гаргагч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би хөгжим бүжгийн коллежид нярвын ажил эрхэлдэг байсан. М.Алтанцэцэг гэдэг хүн 2014 оны 11 сард захирлын ажилд томилогдон ирсэн. М.Алтанцэцэг нь 6 сар ажиллах хугацаандаа маш их хэмжээний мөнгө буюу 20.000.000, 30.000.000 төгрөгийг миний дансаар оруулж, гаргаж байсан. Эрсдлээс өөрийгөө хамгаалахын тулд санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж өгнө үү гэж Завхан аймгийн Аудитын газарт 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүсэлт гаргаж байсан. Хүсэлт гаргасны дагуу Аудитын газар, авилгатай тэмцэх газарт тус тус шалгагдаад М.Алтанцэцэгийг төсвийн мөнгийг зориулалт бусаар ашиглан улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан, авилгатай тэмцэх газраас 14317700 төгрөгийн хохирол учруулсан гэдгийг тогтоож М.Алтанцэцэгт эрүү үүсгэн шалгагдаж байх явцдаа буюу 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ийнхүү хэрэг нь хэрэгсэхгүй болонгуут намайг ашиг сонирхолтой эвлэрээгүй гэдэг үндэслэлээр өс санаж намайг цалингийн 20 хувиар 3 сарын хугацаатай сахилгын шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэл ногдуулсан хугацаа нь дуусаагүй байхад 2015 оны 12 дугаар сард намайг ажлаас халсан. Ажлаас халсан үндэслэл нь өөр дээр нь гарсан аудитын акт болон авилгатай тэмцэх газрын шинжээчийн дүгнэлт зэргийг тушаалынхаа үндэслэл болгож ажлаас халсан. Энэ тушаал нь үндэслэлгүй, мөн ажлын байрны дарамт, аудитын акт, авилгатай тэмцэх газрын дүгнэлт, өөрийнхөө ашиг сонирхлын зөрчлийн талаар Соёл урлагийн их сургуулийн захирал болон дээд байгууллагуудад захидал бичсэн. Гэвч М.Алтанцэцэгийн нэр хүндэд халдсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар яллаж, анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс ял оногдуулсанд гомдолтой байна. Удаа дараа намайг цагдаад шалгуулсан. Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байх хугацаандаа ээжтэйгээ нэг ч удаа уулзаж чадаагүй, мөн мөрдөн байцаагч 2-3 удаа эд хөрөнгийг битүүмжилнэ гэж сүрдүүлдэг байсан. Учир нь Алтанцэцэгийн хөөн хэлэлцэх хугацаа 6 сар дууссан гэж хэргийг нь хэрэгсэхгүй болгосон ба миний хэргийг 10 сарын хугацаа болсон байхад ялласанд гайхдаг. Цагдаа, прокурор, шүүхийн байгууллагаар 2 жил гаран явсан. Иймд нэр хүнд болон сэтгэл санаагаар хохирсон 14000000 төгрөг, өмгөөллийн хөлс 1000000 төгрөг, бусад зардал 3500000 төгрөг, цалингийн нөхөн олговор 7783758 төгрөг нийт 26283758 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Шүүх хуралдаанаар Б.Баярмаагийн иргэний үнэмлэний хуулбар,Завхан аймгийн Прокурорын газрын Прокурорын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэх тухай 5/02 тоот тогтоол,батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол,хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүд,яллагдагчаар татах тогтоол, Сум дундын 12 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 37 тоот шийтгэх тогтоол,Говь-Алтай,Завхан аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 36 тоот магадлал, өмгөөлөгч Б.Алтангэрэлийн өмгөөлөлийн хөлс авсан тодорхойлолтууд ,Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 303 тоот тогтоол, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, тээврийн хэрэгслийн болон төлбөр төлөгчийн гэрчилгээ, гэрлэлтийн болон нас барсны гэрчилгээний хуулбар,Завхан аймгийн Аудитын газрын х/51,х/50 тоот акт, шинжээчийн дүгнэлт, төлбөрийн жагсаалт,Завхан аймгийн Прокурорын газрын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “М.Алтанцэцэг нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Прокурорын тогтоол, СУИС-ийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/54 тоот тушаал,2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “хөдөлмөрийн гэрээ цуцалж,ажлаас халах тухай” Б/72 тоот тушаал,хэргийн 160-172 дугаар хуудсанд авагдсан,хоолны болон бинзений баримтууд зэрэг бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд

                         ҮНДЭСЛЭХ нь:

Б.Баярмаа нь

-мөрдөн байцаалт,прокурор,шүүхийн хууль зөрчсөн шийдвэрийн улмаас учирсан хохирол буюу өмгөөлөгч хөлсөлсөн зардал 500000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 14000 000 төгрөг, /нэхэмжлэл/

-нэмэгдүүлсэн шаардлагаар ажлаас халж ажилгүй байлгасан хугацааны нөхөн олговорын 7783758 төгрөг хууль бусаар мөрдөгдөж,яллагдсан хугацааны шууд зардал 3500 000 төгрөг,

-шүүх хуралдаанд нэмэгдүүлсэн шаардлагаар өмгөөллийн хөлсөд өгсөн 500000 төгрөг,нийт 26283758 төгрөг гаргуулахыг хүсчээ./хэргийн 94 дүгээр тал/

Б.Баярмаагийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Б.Баярмаад холбогдуулан 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчаар татан хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан хэргийг хянан хэлэлцэж Б.Баярмааг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3840000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 37 тоот шийтгэх тогтоолыг Говь-Алтай,Завхан аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 36 тоот магадлалаар хэвээр үлдээснийг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 303 тоот тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Баярмааг цагаатгасан болох нь хэрэгт авагдсан үйл баримтуудаар тогтоогдсон байна./хавтаст хэргийн 4,7,9-16,18-21 дүгээр хуудас/

Б.Баярмаад холбогдуулан 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан 09 сар 14 хоногийн хугацаанд Б.Баярмаа нь сэтгэл зүйн зовлон шаналалд байсан төдийгүй 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Б.Баярмаагийн ээж Д.Уртнасан нь нас барсан, гэмт хэрэгт шалгагдаж мөрдөгдөж байснаас ээжтэйгээ амьд сэрүүнд нь уулзаж чадаагүй нь сэтгэл санааны давхар хохирлыг үүсгэжээ. /хэргийн 133 дугаар тал/

Б.Баярмаа нь хөнгөн гэмт хэрэгт хилсээр холбогдсон 09 сар 14 хоногийн хугацаанд сэтгэл зүйн зовлон шаналалд байсан, 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Б.Баярмаагийн ээж Д.Уртнасан нь нас барж сэтгэл санааны хохирол давхар үүссэн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1-д “ Эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуульд заасан журмын дагуу нөхөн төлнө”, 391 дүгээр зүйлийн 391.2-д “ Эд хөрөнгийн бус хохирлын хэмжээг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуульд заасан журмаар тодорхойлно”, 391 дүгээр зүйлийн 391.3-д “Сэтгэл санаанд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана”, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д “Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй” гэж тус тус заасныг баримтлан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2-д “...эдийн бус гэм хорыг... хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хэмжээнд мөнгөө тооцож тогтоох...” гэж зааснаар сэтгэл санааны гэм хорын хохирлыг төрөөс гаргаж Б.Баярмаад олгох нь зүйтэй гэж үзнэ.

Ингэхдээ Б.Баярмаагийн хөнгөн гэмт хэрэгт холбогдож торгох ялаар шийтгэгдсэн байдал, эрүүгийн хэргийн болон Б.Баярмаагийн талаар олон нийтэд түгсэн мэдээллийн цар хүрээ, эрүүгийн хэрэг үүсгэгдсэн өдрөөс хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан 09 сар 14 хоногийн хугацаа зэргийг харгалзан сэтгэл санааны гэм хорын хохиролд 10 000 000 төгрөгийг гаргаж 4 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, Б.Баярмаа нь хилс хэргээр мөрдөгдөж шалгагдсан хугацаандаа өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсөнд1 000 000 төгрөг төлсөн болохыг нотлох хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт авагдсаныг үндэслэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлан өмгөөллийн үйлчилгээний хөлс 1000000 төгрөгийг гаргуулж Б.Баярмаад олгож шийдвэрлэв./хэргийн 6,17, 27-28,/

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4,40.1.5-д заасныг баримтлан Б.Баярмааг СУИС-ийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн нярвын үүрэгт ажлаас 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр чөлөөлсөн болох нь СУИС-ийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн захирлын 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/72 тоот тушаалаар тогтоогдсон байдлыг Б.Баярмаад 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан хугацаатай харьцуулахад Эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө Б.Баярмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч цуцалсан, “Сум дундын 12 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 114 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1дэх заалтыг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б.Баярмааг Соёл урлагийн их сургуулийн Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн нярвын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар түүнд ажилгүй байсан хугацааны буюу урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх нийт 1982600 төгрөгийн нөхөн олговрыг хариуцагч байгууллагаас гаргуулан олгохоор...” шийдвэрлэсэн Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 19 тоот магадлал, Сум дундын 12 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 114 тоот шийдвэр хүчин төгөлдөр байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “ нэхэмжлэлд дурдсан үйл баримт, гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа...” гэж зааснаар шүүх шийдвэрлэхгүй байх үндэслэл болж байна.

Мөн хууль бусаар мөрдөгдөж,яллагдсан хугацааны шууд зардал 3500 000 төгрөгийг нотлох баримтууд гэх хэргийн 160-172 дугаар хуудсанд авагдсан хоолны болон бинзений баримтуудыг шууд зардалд тооцож үнэлэхэд эргэлзээтэй, хаанаас хаана хүрэхэд, хэнд зарцуулсан зардал болох талаархи нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүйгээс гадна эдгээр баримтуудыг хууль бусаар мөрдөгдөж,яллагдсан хугацааны шууд зардлыг нотлох баримт гэж үзэхэд үндэслэл муутай , хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэж хууль бусаар мөрдөгдөж,яллагдсан хугацааны шууд зардал 3500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд гэм хорын хохирлын 26283758 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны гэм хорын хохирлын 10 000 000 төгрөг, өмгөөллийн хөлсний 1 000 000төгрөг нийт 11 000 000 төгрөгийг Засгийн газрын нөөцийн сангаас гаргуулж нэхэмжлэгч Б.Баярмаад олгож, 15283758 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн Завхан аймгийн Аудитын газрын х/51,х/50 тоот акт, шинжээчийн дүгнэлт, төлбөрийн жагсаалт,Завхан аймгийн Прокурорын газрын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “М.Алтанцэцэг нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Прокурорын тогтоол, СУИС-ийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/54 тоот тушаал зэрэг баримтууд нь энэ хэрэгт нотлогооны ач холбогдолгүй байх тул шүүх үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.2, 116, 118 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.2, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1,Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д заасныг тус тус баримтлан Засгийн Газрын нөөц сангаас 11 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Баярмаад олгож, 15283758 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д заасныг баримтлан энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                             ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ

                                     Д.МӨНХТУЯА