Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 212/МА2024/00064

 

Ц.Т-ий нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2024/00339 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч ************** багт оршин суух Т овогт Ц-ын Т-ий нэхэмжлэлтэй, хариуцагч ************** багт оршин суух Баян-Өлгий Б овогт Б-ийн Б-т холбогдох,

 

“2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр 5,600,000 төгрөг, ажлын хөлс 275,000 төгрөг, худалдан авсан материалын үнэ 161,000 төгрөг, нийт 6,036,000 төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгч Ц.Т- нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга:  

1.1. 2023 оны 9 дүгээр сарын 26-нд бидний урьд жилийн гэрээ дууссан. Энэ үед түрээслэгч гарна гэвэл идэр ес, өвөл биш намар байсан тул гарна гэвэл гарч болох хугацаа байсан. Тэгээд түрээслэгч Б.Б-ээс цааш суух уу, суувал гэрээ хийнэ гэхэд үргэлжлүүлэн сууна гэснээр гэрээний 1%-ийг 2023.09.26-д өгсөн. Энэ хугацаа гэрээний хамгийн төгсгөлд бичигдсэн. Б.Б-т гэрээний Д-2-ын дагуу ярья гэхээр сонсолгүй чих дөжрөм чанга орилж, яг гарч байгаа асуудал маргааны талаар сонсолгүй өөр зүйл ярьж, булзааруулж ганцаараа ороход аймаар чанга дарангуйлдаг тул зарчимч шаардлагыг хааяа хүн байхад хэлж амжиж, заримдаа хөдөлшгүйгээр бичээд өгчихдөг байсан.

1.2.Би хашир хүний хувьд эргэж буцвал, хүйтрэхээс өмнө гарвал өрөө асууж ирж байгаа хүмүүсээс оруулъя гэж бодоод 14 хоног харзнаж байгаад 2023.10.10-нд хүйтэрч хүн амьтан байршилдаа тогтдог тул албан ёсны гэрээг 2 талаас харилцан тохиролцож нотариатаар баталгаажуулсан. Нотариатын баримт он сартайгаа сүүлийн хуудсанд бий. Гэрээ 2023.09.26-2024.09.26 хүртэл хийгдсэн. Энэ нь гэрээний заалтын А-2-т бий.

1.3.Гэтэл 2024 оны 01 дүгээр сарын 02-ны үед түрээслэгч Б- нь наашаа ороод ир гэснээр ороход мэдэгдэл ав, манай нөхөр Цамбагарав компанийн эзний  хамаатан, бид тийшээ нүүлээ, орныхоо хүнийг би оруулна гэж дангаараа мэддэг миний дарга шиг ярьсан. Хүн оруулна гэдэг нь гэрээ зөрчиж гарах гэсэн шалтаг байдаг гэдгийг би мэднэ. Үнэхээр оруулах байсан бол хүн дагуулж ирж энэ хүн намайг гарангуут орно, гэрээ тасрахгүй хийцгээ гэсэн бол өөр байх байсан. Тэгээд ч нөхөрсгөөр гэрээний Д-ийн 2-оор ярьж болох байсан. Миний уур хүрч “Чи намар саяхан 3 сарын өмнө сууна гээд хариуцлагатай гэрээ хийсэн биз дээ. Би гэрээ зөрчөөгүй, зөрчих ч үгүй. Анх би чамайг дуудаагүй, чи 2-3 газар дамжиж над дээр өөрөө гүйж ирж гуйж ороо биз дээ. 1 жилийн өмнө чи өөрөө хэлж байсан. Танайд ороод туршлагажлаа, хүүхдээ сургалаа, та ёстой цэвэрч асар хөдөлмөрч хүн юм гэж байсан. Одоо манайхаас хөлжиж аваад надад мэдэгдэл өгөхөөс ичихгүй юу? Би их далд санаатай, юуг ч дийлчихнэ мундаг гэж өөрийгөө бодоо юу, энэ үйлдлийг чинь тэжээсэн бяруу гэрэг эвдэнэ гэдэг юм, чам шиг хүнийг шүүдэг шүүх гэж байдаг юм. Гэрээний В-ийн 9-ийг өөртөө ашиглана гэвэл арга ядсан хүний арга. Түүнд үгийн алдаа гарч түрээслэгчид гэхийг түрээслүүлэгчид гэж орсон нь бий. Хоорондох ялгаа нь тодоос тод, гэрээ дуусгавар болоход нэг нь гарч нэг нь юм эрхлэхээр бол 1 сарын өмнө нэг нэгэндээ мэдэгдэнэ гэсэн байгаа. Энэ нь 2024 оны 8-р сарын 26-ны буюу гэрээ дуусахаас 1 сарын өмнө гэснийг чи гэрээ зөрчиж гарах шалтгаан болгох гэсэн байна. Наад мэдэгдэл гэдгийг чинь би авахгүй, чи шүүхэд авч очвол оч” гээд гарч явсан.

1.4.Ид өвлийн хүйтэнд түрээслэгч тал гэрээ ноцтой зөрчиж гарна гэсэн тул ойлгоосой гэж бодоод гэрээний В-ийн 9-ийг тайлбарласан зөвлөмж мэдэгдэл хүргэж өгөхөд тоох ч үгүй байсан. Гэрээний В-ийн 9-ийг өөрөө зөрчиж буруугаар ашиглах гэж оролдсоноо дотроо мэдэж байгаа нь царайд нь ил байсан. Мөн намайг дуудаж өрөөндөө оруулахдаа “Та манай цуг ажилладаг үсчинд намайг гаргана гэж хэлсэн байсан” гэж огт хэлээгүй зүйл ичих ч үгүй гөрдөн хэлж байсан. Яаж ч бодоод би ид өвлийн хүйтэнд гэрээ зөрчиж нэг тогооноос хоол иддэг үсчин түрээслэгчийг гаргаж байх юм. Бүх хүн хөдөлгөөнгүй болчихсон байхад би өөрөө барилгын 2 давхрыг цэвэрлэдэг, өглөө ирж шалгахад цуг ажилладаг үсчин нь 2 давхрын цонхны урд бас нэг охинтой цуг хэд хэдэн банди залуучуудтай зам хааж зогсдог. Тэгэхэд би түүнд “миний дүү байнга коридорт зогсох юм, 1 түлхүүрийг Б- эгчээсээ аваач, Б- гарна гэвэл би гэрээ дуусахаар гаргана, чи биеэ даавал дараа нь орж болно шүү дээ” гэж 100% казах хэл мэдэхгүй ч хагас дутуу хэлснийг тухайн охин дор нь үсчин Б.Б-т ховлосон байсан. Ховлохдоо миний хэлснийг буруу тайлбарлаж хэлсэн үү, эсвэл Б- гарах шалтаг болгож та намайг гаргана гэсэн гэж худал хэлсэн үү, тэгж гуйвуулъя гэж хуйвалдсан уу мэдэхгүй. Үүнээс би дахиж хүнд тус больё, өөрөө түлхүүртэй бол гэж хэзээ ч хэлэхгүй гэж шийдсэн.

1.5.Түрээслэгч нь миний нөхөр шүүхэд ажилладаг, түрээслүүлэгч хохирсон ч би шүүхэд дуудагдахгүй гэсэн үг биш байх. Мөн давхар үсчин ажиллуулдаг, туслах гэж нэрлэсэн, Б.Б-ээс сард 500,000 төгрөгийн цалин авдаг Ж-д гэрээ зөрчиж гарахдаа үг зааж өгөөд гарах шалтаг болгоно гэвэл гэрээнд бүх журам бий. Б.Б- нь 1 үсчин сууна гэж гэрээ хийсэн 1 хүний нормоор гэрээ хийж би 1 төлбөр дотроо халаалт цахилгаан, усны төлбөр төлдөг. Энэ нь нийт түрээсийн төлбөрийн 20% болдог. Дээр нь сар бүр 20%-ийг хадгалж хавар намар барилгын засварт оруулдаг. Үүнийг түрээслүүлэгч мэдэхийг ч хүсдэггүй. Намайг Улаанбаатар явах гэж байсныг түрээслэгч мэдэж байсан тул явангуут манай түлхүүрийг огт хамааралгүй “Жой”-ын үйлчлэгч охинд өгчихсөн байсан.

1.6. Би Улаанбаатараас ирж тэр охиноос түлхүүр авч өрөөнд ороход анх засвар хийж хэвийн элэгдэлтэй оруулсан өрөөг ямар болгож гарсан зураг хавсаргасан болно. Иймд гэрээний А-2, Г-8, В-9, Г-8, Г-7-ын дагуу дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

1.6.1.Гэрээний А-2, Г-8-д зааснаар 2024 оны 01 дүгээр сарын 26-аас 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр нийт 8 сарын түрээсийн төлбөр /8x700,000/= 4,900,000 төгрөг,

1.6.2.Гэрээний Г-7-ын дагуу хэвийн элэгдэлгүй хүлээлгэж өгөөгүйн улмаас хэвийн элэгдэлд оруулахад түрээслүүлэгчийн шинэчилж засвар хийхэд гаргасан ажлын хөлс, материалын төлбөрийн 50%-ыг нэхэмжилж байна. Үүнд:

- ажлын хөлс 550,000:2=275,000 төгрөг,

- засвар хийхэд авсан материал буюу пар цонхны хажуу будахад гарсан 3 ширхэг цагаан будаг /1х6500/=19,5000 төгрөг,

- 30 литр эмульс 50,0 төгрөг, 3 литр эмульс 13,000 төгрөг, өнхрүүш 2 төрөл багц 1 ширхгийн үнэ 6500 төгрөг буюу нийт 69,500 төгрөг,

- 5 уут замаск /11,000төгx5/ 55,000 төгрөг,

- шинэ хулдаас 185,000 төгрөг

Ажлын хөлс 550,000 төгрөгт түрээслэгч Б-ийн нэлээд хэдэн жил суухад хананд хэдэн давхар будаг түрхсэн байсан тул гарахад будаг нь харласан цоохортсоныг хусах, замаск түрхэх, эмульсдэх, харлуулсан лампир таазыг угаах, пар цонхны хана будах, хулдаасан доор чихсэн үс хог түүж анхны хэлбэрт оруулж шинэ хулдаас дэвсэх зэрэг нь орно.

1.7.Иймд 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх 8 сарын түрээсийн төлбөр 5,600,000 төгрөг, ажлын хөлс 275,000 төгрөг, худалдан авсан материалын үнэ 161,000 төгрөг, нийт 6,036,000 төгрөгийг Б.Б-ээс гаргуулж өгнө үү.     

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1.Хариуцагч Б.Б- би Өлгий сумын 5 дугаар багт байршилтай “Гурван сайхан” үйлчилгээний төвийн байрны 2 дугаар давхрын нэг өрөөг түрээслэн авч, хувиараа үсчний салоны зориулалтаар ажиллуулаад 6-7 жил болж байгаа билээ. Түрээслүүлэгч Ц,Т- түрээслэгч Б.Б- бид хоёр үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 9 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай, сарын түрээсийн төлбөрийг 700000 /долоон зуун мянган/ төгрөгөөр тохирч байгуулсан юм.

2.2.Түрээслүүлэгч Ц.Т- нь 2023 оны 11 дүгээр сараас эхлэн түрээслэгч Б.Б- намайг “Өөр байр сав эртнээс олж аваарай, би түрээсийн байрыг зочид буудлын зориулалтаар ашиглах болсон тул өөрийн хэрэгцээ, шаардлагыг үндэслэж гэрээг цуцална” гэж удаа дараа сануулж мэдэгдсэн тул түрээсийн байр хайж сураглаж байсан бөгөөд Цамбагарав үйлчилгээний төвөөс байр түрээслэх болж, түрээслүүлэгч Ц,Т-д хандаж түрээсийн гэрээг цуцлах, дуусгавар болгох мэдэгдэл өгсөн. Энэ нь талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний В хэсгийн 9 дахь заалтад заасан “Түрээслүүлэгч ажлын байрандаа өөрөө үйл ажиллагаа эрхлэхээр болсон бол гэрээг зогсооно. Ингэхдээ 1 сарын өмнө мэдэгдэнэ” гэсэн гэрээний шаардлагад нийцсэн байна.

2.3.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж, мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.2 дахь хэсэгт “Хөлслүүлсэн сууцны талбай хөлслүүлэгчид өөрт нь буюу ойрын төрөл төрөгсдөд хэрэгцээтэй болсон зэрэг нөхцөлд Эд хөрөнгө хөлслөх болон түрээслэх гэрээг дуусгавар болгоно” гэж заасан байдаг. Гэтэл түрээслүүлэгч Ц,Т- нь түрээсний байрыг өөртөө авч, зочид буудлын зориулалтаар ашиглах болсон тул гэрээ дуусгавар болох түрээслэгч миний бие Б.Б- нь түрээсний гэрээг хугацаанаас өмнө цуцлах, өөр түрээсийн байр олох урьдчилсан нөхцөл бий болсон. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.2 дахь хэсэг, түрээсийн гэрээ-ний В хэсгийн 9 дэх заалтад заасан үндэслэлээр түрээсний гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болсон. 

2.4.Хариуцагч Б.Б- миний бие нэхэмжлэгч Ц.Т-д хандаж, түрээсийн гэрээний үлдэж байгаа хугацаанд тухайн байрыг үсчний салоны зориулалтаар ашиглах зорилготой, төлбөрийн чадвартай тогтмол үйл ажиллагаа эрхэлж байсан хүнийг санал болгож, түрээсийн гэрээг тухайн хүнд шилжүүлэн байгуулахыг уламжилсан боловч нэхэмжлэгч Ц.Т- өөрөө хүлээж аваагүй, “миний дотоод асуудалд бүү оролц" гэж татгалзсан хариу өгсөн юм.

2.5.Хариуцагч Б.Б- миний өөр түрээслэгчийг олж өгч, түрээсийн гэрээг цуцлах санал гаргасан явдал бол Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.4 дэх хэсэгт заасан түрээслэгч /хөлслөгч/ гэрээний үлдсэн хугацаагаар эд хөрөнгийг хөлслөн авах /түрээслэх/ хүсэлтэй, төлбөрийн чадвартай хөлсөгчийг санал болгож, мэдэгдсэн бол хугацаанаас өмнө гэрээг цуцлах эрхтэй гэж заасан хуулийн заалтад бүрэн хамаарч байх тул түрээслэгч Б.Б- намайг буруутгах боломжгүй юм.

2.6.Нэхэмжлэгч /түрээслүүлэгч/ Ц.Т- нь 6-7 жилийн хугацаанд хөлслүүлэгч /түрээслүүлэгч/-ийн чиг үүргийг огт хэрэгжүүлж байгаагүй бөгөөд түрээсийн байранд засвар үйлчилгээ нэг ч удаа хийж байгаагүй. Анх намайг тухайн байранд ороход цэвэр, бохир усны шугамд холбогдоогүй байсан тул бохир усыг би гадагшаа гараар зөөвөрлөж, хувингаар асгадаг байсан учраас би өөрийн зардлаар сантехникийн шугам татуулж, бохирын шугамд холбуулсан, шалны хулдаасыг жил бүр сольж байсан. Чийдэн, гэрэл, залгуур зэргийг өөрөө авч тавьж байсан. Түрээслүүлэгч Ц.Т- нь дээрх зардлыг надад тооцож олгоогүй болно. Энэ нь түрээслүүлэгч Ц.Т- нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1, 288.1.2, 288.1.3-д заасан чиг үүргийг огт хэрэгжүүлээгүй болохыг нотолж байна.

2.7.Түрээсийн байр нь дээврээс борооны ус алддаг болохоор зуны цагт борооны усыг цэвэрлэдэг байсан ба байнгын чийг үнэртэж, шалны хулдаас хөгцрөх, өвөл хавар чийг татаж, хүйтэн байсан учрыг хэлж, зохих арга хэмжээ авч өгөхийг хэлж түрээслэгч Ц.Т-ээс хүсэхэд, “суухгүй бол гараад яв, чамайг гуйхгүй түрээслэгч хангалтай, шалтаг тоож байвал хөөж гаргана” гэж зандарсан хариулт хэлдэг, ширүүн догшин харьцаатай, тэрнээс гадна өрөөндөө ус буцалгаж уулгадаггүй байсан, уух усаа байнга гэрээс аваачдаг, ажлын газарт оройн 20:00 цагаас хойш ажилдуулдаггүй, түүнээс болж бусад түрээслэгчид бүгд байрнаас гараад явсан. Түрээслэгчдэд байнга ажлын байрны дарамт үзүүлдэг хүн байгаа юм. Иргэнийн хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1, 288.1.3-т зааснаар түрээслүүлэгч Ц.Т- нь ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх, жил бүр засвар үйлчилгээ, эрүүл ахуй, ариун цэврийн үйлчилгээ хангасан түрээсний байраар хангах үүргээ зөрчсөөр ирсэн нь гэрээг цуцлах угтвар нөхцөл болсон юм.

2.8.Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.3-1 зааснаар түрээсний байрны дээврээс борооны ус нэвт алддаг, өвөл сэрүүн хүйтэн байх, халаалтын шугамын буруу холболт зэрэг нь түрээслэгч миний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, аюул учруулж болзошгүй, мөн түрээсний хөлсийг ямар ч шалтгаангүй гэрээг зөрчиж нэмэгдүүлдэг тул хугацаанаас өмнө гэрээг цуцлах өөр нэг шалтгаан юм.

2.9.Иргэний хуулийн 300 дугаар зүйлийн 300.1 дэх хэсгийн 300.1.1-т заасан “Хөлслүүлэгч эд хөрөнгийн доголдлын талаарх хүлээх хариуцлага мөн зүйлийн 300.1.2-т заасан гэрээг цуцлах эрхийг огт заагаагүй. (энэ нь гэрээг цуцлах эрхийг хассан буюу хязгаарласан) байх тул, түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байна. Иймд талуудын хооронд байгуулсан 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 300 дугаар зүйлийн 300.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх гэрээ болох нь тогтоогдож байх тул нотлох баримтаар тооцохгүй, нотлох баримтаас хасаж тооцохыг уламжилж байна.

2.10.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт “Түрээсийн гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ" гэж заасан байдаг. Мөн хуулийн 318.4 дэх хэсэгт энэ шаардлагыг хангаагүй буюу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэжээ. Хуулийн энэ заалтаар түрээслүүлэгч Ц.Т- түрээслэгч Б.Б- нарын хооронд 2023 оны 09 сарын 26-ны өдөр байгуулсан Түрээсийн гэрээ нь улсын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэлгүй тул хүчин төгөлдөр бус гэрээ болох юм. Иймд нотлох баримтаар үнэлэх боломжгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.

2.11.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2-т заасныг үндэслэн Ц.Т-ий нэхэмжилсэн түрээсний төлбөр болох 6,036,000 төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.   

 

            3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2024/00339  дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б-ээс түрээсэлсэн эд хөрөнгийг засан сайжруулалтад гарсан зардалд 436,000 (дөрвөн зуун гучин зургаан мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Т-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 8 сарын түрээсийн төлбөр 5,600,000 (таван сая зургаан зуун мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Т-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,374 (нэг зуун мянга гурван зуун далан дөрвөн) төгрөгийг, мөн нэхэмжлэгч Ц.Т-ээс төлөгдөөгүй улсын тэмдэгтийн хураамжийн зөрүү 11,152 (арван нэгэн мянга нэг зуун тавин хоёр) төгрөгийг гаргуулан тус тус улсын орлого болгож, хариуцагч Б.Б-ээс 13,730 (арван гурван мянга долоон зуун гучин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Т-д олгож шийдвэрлэжээ.   

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд: Хоёр тал харилцан тохирч хийсэн гэрээний 1 хувийг 2023 оны 9 дүгээр сарын 26-нд “май уншиж танилц, гэрээ цааш сунгах юм бол нотариатаар гэрчлүүлнэ” гэж хариуцагчид өгч /сууна гэснээр/ 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн түрээсийн гэрээний журам заалтын дагуу түрээсийн төлбөр 5,600.000 төгрөг, мөн ажлын байрыг засварлахад надаас гарсан 879,000 төгрөгийн 50% буюу 439,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Ц.Т- би энэ иргэний хэргийн шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2024/00339 дугаартай шийдвэрийн тогтоолд: “Ц.Т-ий илүү нэхэмжилсэн 8 сарын түрээсийн төлбөр 5,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн хэсгийг эс зөвшөөрч Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 326.2, 326.1, 324.1,324.2 /318.5 бусад хуулийн заалтуудыг хуульч шүүгчид 2 талын гэрээний заалтуудад хуулиас харж шүүж өгнө үү/ заасныг тус тус үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

4.2. 2023 оны 2 тал харилцан тохирч хийсэн гэрээ нь харилцан тохиролцсоны үндсэн дээр хийгдсэн ба хариуцагчийн анхан шатны хурал дээр энэ гэрээг надыг аргалж хүчээр хийсэн гэж ярьсан шиг ямар нэгэн тулган шаардалт байгаагүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлүүд нь зөвхөн 1 тал хариуцагчийн гэрчгүй нотлох баримтгүй, өөрийнхөө амаар ярьсныг үндэслэл болгосон. Эдгээр зохиомол гүтгэлгийн чанартай яриаг намайг тайлбар хэлүүлэлгүй ам барьж миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Би Монгол Улсын хуулийг буруу байна гэж хэлээгүй, үсчин түүний үгээр эдгээр хууль журамд тааруулж нэхэмжлэгчийг буруутай мэт зохион хэлснийг түүний өмгөөлөгч хуульчилж шүүсэн шүүх хариуцагчийн зохиомол ярьсныг үндэслэл болгосон, намайг хариу тайлбар хэлүүлээгүй тул давж заалдах шатны шүүхэд гагцхүү үнэн тайлбар хэлж бичнэ. Шүүх хуралд хариуцагч маш удаан зохион ярьж түүнийг шүүгч үнэнд тооцсон юм чинь би хариу тайлбараа хариуцлагатайгаар бичихэд нуршлаа гэхгүй байх гэж бодно.

4.3. Миний нэхэмжлэл гаргасан анхан шатны хурал 2024 оны 4 дүгээр сарын 02-ны шийдвэр нь нэхүүлж байж 5 дугаар сарын 03-нд гарсан. Шийдвэрт үндэслэх нь: 11.3, 5.6 ба 8.2. 8.3. 8.6. 8.7-оос бусад намайг буруутгасан үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй ба шийдвэрт хариуцагчийг хамгаалах гэсэндээ надыг гүтгэн буруутгасан үсчний зөвхөн аман яриаг үнэнд тооцож янз бүрээр нэхэмжлэл хэрэгсэхгүй болгох гэсэн хариуцагчийн өөрийнх нь гарын үсэгтэй гэрээг хүртэл хүчин төгөлдөр бус гэх мэтээр яриулж зүтгүүлсэн. Түүний өмгөөлөгчид мөн шүүгчийн хэлүүлээгүй хариу тайлбарыг бичих эрх надад бий байх. Хуульд хардах эрх гэж байдаг. Тэгэхдээ энэ нь үнэнд ойрхон байх ёстой байдаг байх. Шүүгч нь шийдвэрээ гаргах гэж завсарлага авч орж ирээд “За 1 сарын өмнө мэдэгдсэн гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болголоо” гэхэд би “бидний гэрээнд зөвхөн богино хийгдсэн гэрээнд В-ийн 9-д гэрээ дуусгавар болохоос 1 сарын өмнө гэж байгаа, мөн гэрээний Г-8-д хар дээр цагаанаар гэрээг хийх хугацааг түрээслэгч өөрөө сонгоно, нэгэнт гэрээ хийчхээд гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээ зөрчиж гарвал гэрээнд заасан хугацаан дахь сар бүрийн түрээсийн үнийг түрээслэгч хариуцаж түрээслүүлэгчид бүрэн төлнө” гэж заасан мөн Монгол Улсын Иргэний хуулийн 326.2-т заасан байгаа юм чинь давж заалдана гэж бодоод хэлээд гарч ирсэн. Шийдвэрийн үндэслэлүүдэд намайг гүтгэн буруутгасан байсан. Үндэслэлүүдийн хариуг надаар хэлүүлээгүй хариу тайлбар.

4.4. Шийдвэрийн 2.2-т “Зуны улирал дуусаж аймагт гадна дотнын хөдөлгөөний эрс багасаж өвлийн сарууд эхлэх гэж байхад саяхан 1 сарын өмнө хийсэн гэрээний түрээслэгч талыг чи гар/ би ямар ч хүнд гар гэдэг үг хэлэхгүй, хэлбэл даруухнаар учрыг нь тайлбарлаж хэлнэ. Үнэхээр чи гар би буудал хийнэ гэсэн яриа гарсан бол хариуцагч өөдөөс би орныхоо үсчнийг оруулъя гэж хэлэхгүй шүү дээ. Шүүх хурал эхлэхэд би “2023.01.01-ний үед үсчин надыг ороод ир гэхэд би шинэ жилийн бэлгээ өгчихсөн байсан тул хариу бэлэг өгөх гэж дуудсан байна” гэж бодсоноо хэлсэн. Энэ үед би үсчинд “би Улаанбаатар явлаа” гэж хэлж байсан. Би гар гээд гарах байсан бол журмаараа өрөөгөө гэрээний дагуу хүлээлгэж өгөөд гарна шүү дээ. Намайг явангуут түлхүүрээ хөндлөнгийн хүнд өгөөд гэрээ зөрчиж гараад явсан байсан. Орондоо хүн дагуулж ирнэ гэсэн боловч дагуулж ирээгүй энэ тухай би хүн дагуулж ирсэн бол өөр байх байсан гэдгийг нэхэмжлэлдээ бичсэн. Энэ үед би манай дотоод асуудалд битгий оролц гэж хэлээгүй. Ийм үг хэлэх яриа ч болоогүй. Гагцхүү түрээслэгч зөвшөөрсний үндсэн дээр түрээслэгч солигдоно гэж хуульд байдаг гэсэн. Хоёр тал тохиролцож хийгдсэн 1 жилийн гэрээнд В-9-д гэрээ дуусгавар болоод түрээслэгч өөрөө өрөөг авбал түрээслэгчид мэдэгдэнэ гэсэн заалт бий. Харин шивэлт хийхэд түрээслэгчид гэдэг үгийг түрээслүүлэгчид гэсэн алдаа гарсан ч өмнө нь гэрээ дуусахад гэсэн өгүүлбэрийн уялдаа тодорхой байна гэдгийг 2024.01.02-нд хариуцагч гуйвуулан “би Цамбагараваас гоё тансаг зэрэглэлийн үнэтэй өрөө худалдаж авсан” гэж гэрээ зорчиж гарах шалтгаа болгох гэж ашиглаж ярьж байхад би зогсоох гэж В-9-ийг дахин тайлбарласан зөвлөмж үсчинд өгч 1%-ийг нэхэмжлэлд хавсаргасан. Хуралд шүүгч хариуцагчаас тодруулалгүй хэрэгт хамааралгүй болгосон. “Төвийн 2-р давхрыг буудал болгоно гэж төлөвлөөгүй байсан. 2023 оны 10 дугаар сарын 01-нд үсчний эсрэг талын бараг Б-ийн хүүхэд шиг хүн гэрээ дуусаж манайх 120м2-д орох болсон гээд өрөөгөө цэвэрлээд хэвийн элэгдэлд оруулж хүлээлгэж өгсөн, хоосон энэ өрөөг Өлгий зар мэдээнд түрээслүүлнэ гээд зар өгсөн энэ өрөөнд хэрэгт үсчний өмгөөлөгч Зулхаш бас нэг албаны хүнтэй ирж үзээд энэ том байна, жижиг байна уу гэснээр яваад өгсөн. Дараахан нь би үсчинд хожим энэ өрөөг /хожим надыг гар, буудал хийнэ гэж хэлсэн/ гэж ашиглахыг мэдэлгүй яриасаг цайлган зангаараа “Б-ээ чиний эсрэг талын суларсан өрөөнд зоогийн газар, кофе явуулъя, оръё гэж санаанд таарахгүй хүмүүс ирээд байна, болохгүй бол зээл авч хавар буудал болгоно” гэж ярьсныг үсчин гэрээ зөрчиж гарахдаа надыг 11 сараас гар, өөр байр сав олж ав, буудал болгоно гэсэн гэж гөрдөн гэрчгүй, зөвхөн амаараа шүүх хуралд хэлж байсан.

4.5. Анхан  шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл 2.3-ыг зөвшөөрөхгүй. Тайлбар нь үсчнийг гаргаж зочид буудал хийх байсан бол дөнгөж 1 сарын өмнө гэрээ хийгдээгүй байхад гэрээ хийхгүй байсан. Өвлийн сард буудал эхлүүлэхгүй. Амар ажил биш, төвийн дээвэр шинэчилье гэхэд л хийх хүмүүс 18 сая, төвийн гадна тал засварлахад л 10 сая гэх мэтээр хөлс төлдөг. Түүнээс Б-ээс авдаг түрээсийн төлбөрөөр юу ч хийгдэхгүй. Дээрх хоосон үлдсэн өрөөг 3-р сард их хэмжээний зээл авч 2024 оны 4 дүгээр сарын 01-ний үдээс хойш “НОТЕL” рекламыг А, Д 2 тогтоосон. Надыг гар гэсэн, буудал болгоно гэж хэлсэн гэж зохион ярьж байсан үсчин нь өдөр шөнөгүй манаж байсан юм шиг /2024 оны 4 дүгээр сарын 02-ны өглөө 08 цагт эхэлсэн шүүх хуралд “НОТЕL” реклам нь үсчний өрөөнд зориулж тогтоогоогүй, өөр 37 м2, 30 м2 өрөөг буудал болгох гэсэн реклам юм./ зураг авч он сар ч үгүй нарийн бичиг нь авчирч миний нүүрэнд тулган харуулж байсан. Ингэж гэрээ зөрчиж гарчхаад хуулийн 2,3 заалтад түрээслүүлэгч гар гэж надыг гөрдөн буруутгаж шүүгч надаар хариу хэлүүлэлгүй үсчний үгийг үнэнд тооцсон. Надаас өөр хэн нэгэн сэтгэлзүй нь хөгжөөгүй нэгэн бол хэлмэгдээд л дотроо асар их гомдолтой үлдэх байсан. Хэрэг иргэний хэрэг. Хэрэв эрүүгийн хэрэг байсан бол үсчин хүн гүтгээд шоронд явуулах юм байна.

4.6. Шийдвэрийн 2.5-ыг мөн хүлээн зөвшөөрөхгүй. 2023 оны 9 дүгээр сарын 26-аас 10 дугаар сарын 10 хүртэл харилцан тохирч хийгдсэн богино хугацаатай гэрээнд хугацаанаас өмнө аль нэг тал гэрээ цуцална гэсэн заалт байхгүй ба үсчин түүний өмгөөлөгчийн хуулийн заалтад түрээслүүлэгчийг зохион буруутгасан шиг зүйл түрээслэх явцад нэхэмжлэгч гаргаагүй, гэрээ цуцлахыг би зөвшөөрөөгүй. Учир нь өвөл халаалт эрчим компанид 800,000 төгрөг, усны 250,000, цахилгаан 550,000 орчим төгрөг төлдөг тул үсчний төлбөр өөрийнх нь ашигласан зардалд төлөгдөөд үлдсэн нь төвийн бусад ус цахилгааны зардалд оролцдог төлөвлөсөн түрээсийн төлбөр байсан. Шүүх хуралд үсчний өмгөөлөгчийн хуулийн заалтууд огт хэрэгжээгүй гэдэг нь түрээслэх явцад хэрэгжүүлэх шаардлага гараагүй би анхны чулуун хулдаас нь сайн хэвдээ, дөнгөж цэнхэр туяатай ханын эмульсийг үсчин нь гэрээний Б-6-ийн дагуу 1 удаа надад хэлж би ханыг тод цэнхэр болгоно гэж өөрийн хүсэлтээр эмульс авчирч харин ч би сайн дураар солонгос гүн цэнхэр өнгө оруулагч өгч байсан. Энэ 6-7 жилд миний чулуун хулдаас шаардлага хангасан /эсрэг өрөөний хулдаас мөн жил хэвдээ байсан/ Үсчин чулуун хулдаасны чинь дээр би цагаан хулдаас дэвсэнэ гэж ганцхан удаа дээр нь давхарлаж дэвссэн хулдаас нь 1 сар ч хүрэлгүй цоорсон. /хямд учир/ Энэ тухай би шүүх хурал эхлэхэд л ярьж байсан. Дараа нь үсчин хуульд тааруулж надыг буруутгаж зохион ярьсанд мөн л хариу тайлбар надаар хэлүүлээгүй. Үсчин нь анх цоо шинээр чанартай засвар хийж орсон өрөөнд надыг ороход хана нь цагаан шохойтой байсан гэж гутаан гүтгэж байсан. Орчин үед хүмүүс өөрсдийн үнэ цэнтэй дотор тасалгаа, өрөөнд шохой түрхэх байтугай гадна хананд ч шохой түрхэхээ байсан. Муу хүний муу нь дотроо нуугддаг тул өөрөө тийм болохоор надыг өөр шигээ бодоо биз. Анх 2017 онд үсчин орно гэснээр ирж "Чиний орох энэ өрөөнд цэвэр бохир усны шугам орж ирээгүй. Тэр цаана 2-хон метрт 50-ын бохирын шугам байна. Орвол чи өөрөө татаад оруулж ав гэж тохирч цэвэр усны шугамыг би С гэдэг сантехникчээр орсон өдөр нь татуулж өгсөн. Үсчин нь би бохироо өөрөө татуулчихна гэж тохирч орчхоод шүүх хуралд нэхэмжлэгчийг татуулж өгөөгүй, би татуулж 500,000 төгрөгийн зардал гаргасан гэж бодит биш үнэлгээ хэлж байсан. Тэр үеийн 1 м 50-ын бохирын шугам 3000-3500 орчим байсан. 2 м бохир татахад хаалт угальник юм авч 10,000 төгрөг ажлын хөлс 20,000 төгрөг гарсныг 500,000 төгрөг гаргасан гэж дахин дахин хэлж байсан. Мөн жил болгон хулдаас сольдог гэж худал ярьсан оффис ч, хувь хүн ч айл өрх ч жил болгон хулдаас солихгүй. /Хэдий нөхөр нь шүүхэд ажилладаг, шүүгч нь надаар хариу тайлбар хэлүүлэхгүй байсан ч ингэж худал хэлж болохгүй байх. Энэ нь нөхөр нь бие муу, төвөөр бараг ирдэггүй, дуу сул мөрөөрөө ажиллаж явдаг, хааяа зарчимч шаардлага хэлдэг надад арын түрээслүүлэх явцад яаж дээрэнгүй хандаж ирснийг харуулсан явдал. Үсчин нь мөн би байнга чийдэн сольдог гэж худал хэлж байсан. Анх үсчнийг ороход миний шинээр тавьсан 4 талт аппарат чийдэнтэйгээ миний бэхжүүлж нэхэмжлэлийн материалд өгсөн зурагт анхныхаараа байгаа. Харин явцад салаа гэрлүүд нь шатахад би бөөндөж авсан гэрлүүдээ нэг нэгээр өгч байсан. Ийм байтал хуулийн 288 дугаар зүйлийн  288.1.1,  288.1.2, 288.1.3-ийг Ц.Т- огт хэрэгжүүлээгүй гэж хуулийн заалтад намайг буруутган гэрч баримтгүй зөвхөн амаараа хуулийн заалтад тааруулж намайг буруутган өмгөөлөгчдөө үнэн мэт хэлж өмгөөлөгч нь мөн үсчний үгээр адил үсчнийг өмгөөлсөн.

4.7. Мөн үндэслэл 2,6-д бичигдсэн нь огт болоогүй гэдгийг тайлбарлах эрх иргэн Т- надад байгаа. Мөн шийдвэрийн үндэслэл 2.7-г зөвшөөрөхгүй. Энэ нь бас л гэрчгүй, нотолгоогүй, болсон зүйл мэт ярьснаар байнга дээврээс ус гоождог гэж /өвөл бороо ордоггүй/ чийг үнэртдэг, эрүүл мэнд муудах эрсдэлтэй гэж хэлсэн нь бодит арын түрээслүүлэх явцад болоогүй. Харин тэр жил 1 удаагийн усан борооны улмаас ганц манайх ч биш олон газрын дээврээс ус дусалсан. /Манайх төмрөөр дээвэрлэсэн/ Ус гоожих боломжгүй энэ нь холбооноос хүмүүс эзгүйд бидэнд мэдэгдэлгүй дээвэрт гарч гишгэж ангайлгаж тэр хэсгээр үсчний өрөөний хана даган ус дусалсныг би өөрөө ирж харж дор нь УБ хот руу 500,000 төгрөг өгч явуулж хүүгээрээ дээврийн Герман наагч авчирч нааж дахиж ус гоожихгүй болгосон. Явцад иймэрхүү зүйл хаана ч гарна шүү дээ. Үсчний өрөө нь наран талдаа 2 цонхтой дулааны ЦТП-ийн хажууд маш дулаан, төвийн 2-р давхрын шатанд ойр хамгийн ашигтай өрөө юм. Үнэхээр тийм байсан бол тухайн үед надад хэлнэ шүү дээ. Би хэзээ ч түрээслэгч хүнийг гар яв, чамайг гуйхгүй гэж хэлдэг хүн биш. Үсчинд 2-р давхрын хамгийн ахмад хүн гэж гадна дотно бүх түлхүүр өгсөн, гэвч үсчин өөрөө эрт явчихдаг. Өөрийнхөө оронд ажиллуулдаг улсууд нь орой 10-11 цаг хүртэл ажиллачхаад буухдаа хаалгануудыг түгжилгүй явчихдаг болохоор үсчинд 1 удаа орж хэлэхэд өөдөөс гар зайл гэж байсныг би шүүх хурал эхлэхэд хэлж байсан. Үсчин харин өөрөө байгаль орчны байрнаас өрөө түрээсэлж байгаад дор нь өөрөөсөө болж гар зайл гэдэг үг сонсож байсан болоод надыг дээрэлхэж зарчимч шаардлага тавьсан надыг гар зайл гэж байсан байх гэж би дотроо хардан боддог юм. Надад ширүүн догшин характер байхгүй. Мөн үсчин “Би 4 жил бохирын усыг гараар зөөсөн” гэж худал хэлж байсан. Би өөрөө цэвэрч нямбай хүн тул энэ тухай үсчин ч өөрөө үе үе надад “Тан шиг байх юм сан, хөө мөн цэвэрч хөдөлмөрч хүн шүү” гэж ярьдаг байсан хүний үг хаачив. Эргээд мөргөж байдаг. Манай 00 бүх газар шат цэвэр, өглөө 6 цагт би ирж бүх цэвэрлэгээгээ хийдэг байсан. Зарим өдөр орой өөр хүн дуудаж цэвэрлүүлдэг.

4.8. Шийдвэрийн үндэслэл 2.8: 1 удаа барилгын гадна ирж буцах халаалтын шугамд намар 10 сард гэмтэл гарч засуулахад Эрчим ХХК-ний ажилчид ирж буцахыг сольж холбочихсон байсныг хүйтэрч мэдэгдээд ирэхээр би эрчим компанид өргөдөл гаргаж янзлуулсан. Янзалсан хүмүүс нь буцах халуун ус байгаад танай гадна хана 80 см зузаан тул хэвийн гайгүй байна гэж хэлээд явсан. Үүнд би буруугүй шүү дээ. Манайх маш дулаан тул 1-р давхарт өвөл хаалга порчик үе үе онгойлгодог. Би шүүх хурал дуусаад би чамайг гар гэж хэлээгүй, чамайг гарах нөхцөл байдал үүсгээгүй, чи ч надад юу ч хэлж байгаагүй, 4 жилийн өмнө чи надыг өөрөө сонсоогүй байж хүнд надыг яв гэж хэлсэн байна гэж худлаа ярьж хуурамч уйлаад сууж байхад чинь “би тэгж хэлээгүй, цагдаагаар шалгуулж өгье, чи чимээгүй болоо биз дээ” гэж бичээд Б-т хүнээр хүргүүлсэн. Үсчний өрөө нэг ч удаа ус цахилгааны доголдол халаалт доголдол гарч байгаагүй. Гэтэл дандаа байнга гэж үсчин нотолгоогүй зохион ярьж байсанд санаа нийлэхгүй. Иймэрхүү амаар ярьчхаад /өмгөөлөгч нь үсчний ажлын байранд нэг ч ирж байгаагүй хүн/ надаар мөн тайлбар хэлүүлээгүй.

4.9. Шийдвэрийн үндэслэл 2.11-г мөн зөвшөөрөхгүй. Харин 326 дугаар зүйлийн 326.1-д заасанчлан харилцан тохирч хийсэн гэрээний Г-ийн 7-д миний нэхэмжлэлд хавсаргасан зураг нь баримтаар тогтоогдсон. Харин гэрээний мөн адил Г-ийн 8-д заасанчлан үсчний гэрээ зөрчиж гарсны дараах үлдсэн түрээслүүлэгчид оруулбал зохих түрээсийн төлбөр 5,600,000 төгрөгт нэхэмжлэл үүсгэхгүйн тулд Монгол Улсын хууль журамд тааруулан хариуцагчийн зөвхөн амаараа ярьсныг үнэнд тооцож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Харин түрээслэгч үсчин нь зөвхөн үсчний зориулалттай ажлын өрөөнд надыг дээрэлхэн зөвшөөрөгддөггүй нүүр будалт, хумс янзлах хүмүүсийг авчирч, ялангуяа баяр ёслолын үед өрөө нь пиг дүүрч 6-7 жил ажилласан. Сая 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэг багш эмэгтэй өдөр болгон хумс янзалж коридорт овоорол үүсэж би ороход үсчин эзэнгүй байсан ба хумс засагч эмэгтэйд би “таныг хэн авчирсан” гэхэд Б- мэднэ гэсэн. Энэ тухай үсчин нь шүүхэд “Миний авчирсан хүнийг хөөсөн” гэж ярьж байсан. Тэгээд гэрээ зөрчин гарчхаад шүүх хуралд ажлын байранд хүн орж ирэхээ байсан гэх мэт ярьсан бүх худал зүйлийг нь шүүгч болиулалгүй хүлээн авч байсан. Юу гэж 6-7 жил болж байнгын үйлчлүүлэгчтэй болчихсон А бүсэд ашигтай байрлалд хүн орж ирэхгүй байх юм.

4.10. Шийдвэрийн үндэслэл 7-г мөн зөвшөөрөхгүй. Үүнд шүүгч нь төвийг бүхлээр түрээслээгүй зөвхөн 26.65 м2 ганц өрөөг түрээсэлсэн тул улсын бүртгэлд бүртгэх шаардлагагүй гэж үзсэн. Арын түрээслэх явцад ч бүртгэлд очиход бүртгэдэггүй байсан.

4.11. Шийдвэрийн 8.1-д 2017, 2019 оны түрээсийн гэрээг нэхэмжлэлд хавсаргасан нь ашиглалтын зардал нэлээдгүй гардаг, түүнийг түрээслүүлэгч нь эдгээр түрээсийн төлбөр дотроос төлдөг тул Жишээ нь:  2017 оны 01 дүгээр сарын 250,000 төгрөгөөс тухайн үед халаалт ус цахилгааны үнэ 90,000 төгрөг гарч үлдсэн түрээс 160,000 төгрөгийг харуулах гэж өгсөн. 2023-2024 оны төлбөрийг 01 дүгээр сард төлөөд дөнгөж 4 сар л болж байсан, урьд нь өөрөө гуйж хямд суудаг. Үүнийг 2023 оны гэрээнээс ч харж болно. СУАТ ХХК А бүсэд гэж 1мЗ усыг 4800 төгрөг, бохир гэж 2 нугалж авдаг. Тог цахилгаан нэмэгдэж инфляц хэт их болсон тул 700,000 төгрөг болгоод сар л болсон. Би байнга үсчний гуйлт эсвэл дарамтад орох албагүй, шүүхийн шийдвэрт 8.1 үсчний орсон 26,65 м2 өрөөг 2 м2 гэж бичсэн нь алдсан гэж бодож байна.

4.12. Шийдвэрийн 8.5-ыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: 2023 оны 9 дүгээр сарын 26-нд харилцан тохирч хийсэн богино хугацаатай гэрээний заалт А-8-ын 2, Г-ийн 8, В-ийн 10-д тодорхой тусгасан байхад түрээслэгч дээрх үндэслэлгүй анхан шатны шүүхийн нэхэмжлэл хэрэгсэхгүй болгох зохиомол үндэслэлүүдийг зөвхөн амаараа зохион хэлсэнд үнэнд тооцож дээрх заалтууд гэрээнд байсаар байтал нэхэмжлэгч нь 2024 оны 01-р сарын 02-ны өдөр гарна гэснээ мэдэгдсэн нь талуудын тайлбараар нотлогдож байна гэснийг зөвшөөрөхгүй. Би анхнаасаа гарна. Орныхоо хүн оруулъя гэснийг зөвшөөрөөгүйн учрыг дээр тайлбарууддаа хангалттай тайлбарласан. Үсчний түрээсийн гэрээнээс татгалзсан тайлбарууд нь зохиомол, үндэслэлгүй, нотлогдоогүй шүү дээ.  

4.13. Шийдвэрийн үндэслэл 9-ийг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч илүү 5,600,000 төгрөг нэхэмжлээгүй ба 2023 оны 9 дүгээр сарын 26-нд харилцан тохирч хийсэн гэрээний 1%-ийг үсчинд өгч “чи энэ жил суух болбол нотариатаар гэрчлүүлнэ. Гол нь гал усны аюулгүй байдал чухал” гэхэд би сууна гэсэн ч хашир хүний хувьд үсчин хувь .... мэдсэн тул гарвал хүйтрэхээс өмнө одоо гараг гэж 14 хоногийн боломж олгож 10-р сарын 09-нд “чи яасан, суух болсон уу” гэхэд сууна гэснээр 10-р сарын 10-нд нотариатаар гэрчлүүлсэн. Энэ тухай анхан шатны шүүх хуралд “өө намайг аргалж гэрээ хийсэн” гэж худлаа ярьж байсан. Тэгэх боломжгүйг хэн бүхэн мэднэ. Гэрээний А-2, Г-8-ын дагуу нэхэмжлэх авах 5,600,000 төгрөг, түрээсийн төлбөр шийдвэрийн үндэслэл 10-ийг ч хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь үсчин нь дээрх бүх хуулийн заалтад надыг буруутгах гэж тааруулж үсчин зөвхөн ганц өөрийн амаараа надыг догшин ширүүн гэдэг зохиомол дүгнэлт өгч харин миний 10 гаруй жил хамтарсан үсчний адил түрээслэгчийн надыг дүгнэж нотариатаар гэрчлүүлсэн гэрчийн дүгнэлтийг шүүгч нь хамааруулахгүй гэсэн атлаа хариуцагчийн гэрчгүй амаараа зохион ярьж байгааг хүлээн авч хуулийн заалтад тааруулж надыг зохиомол зүйлд буруутгасныг нэхэмжлэл хэрэгсэхгүй үндэслэл болгож надыг бүхэл бүтэн 10 гаруй заалтад буруутгаж давж заалдах эрхгүй болгох гэж оролдсонд гомдолтой байна.

4.14. Харин бүр сүүлд хавар 2024.04.01-нд Амирханы төвийн гадна тогтоосон он саргүй “НОТЕL” рекламыг хамааралгүй болох нь хуульд нийцлээ, цуг нэхэмжлэгчийн гэрчтэй, он сартай тухайн үеийн хариуцагчид өгч байсан он сартай мэдэгдэл, зөвлөмжүүдийг хамааралгүй болгосон байсан. Буудал нээхэд тохиромжтой хугацаа төлөвлөж бага багаар түрээслэгчийн гэрээ дуусаж гарвал зээл авч тохижуулах санхүү их ордог ажил, баялаг бүтээхэд тэнгэрээс бэлэн юм унаж ирдэггүй, өглөө эрт 6 цагт босож нуруу гараа эцтэл хөдөлмөрлөж баялаг бүтээдэг болохоор үсчин шиг зарчимч шаардлага тавихад хонзогнож, атаархаж өөрт нь хэлж зөвлөмж мэдэгдэл өгч байсныг үсчин мэднэ.

4.15. Шийдвэрийн тогтоох нь: Шүүх хурал эхлэхэд надаар ганцхан удаа үг хэлүүлэхэд би нэхэмжлэлд бичсэнээ ярьж, дээр нь би догшин ширүүн хүн биш, ёс зүйтэй, юмыг журмаар нь шийдвэрлэдэг хүн. Үсчний өрөөнд ус өөрийнх нь мэдэлд байхад би юу гэж ус буцалгагч тавиулахгүй байх юм. Үсчин нь өөрөө авчирдаггүй ба надыг хэлэхэд өөрийнх нь цуг давхар ажиллуулдаг улсууд авчирна биз гэж хэлж байсныг би амжиж хэлсэн. Ингээд хариуцагч надыг хуульд буруутай мэт гэрчгүй, зөвхөн өөрийнхөө амаараа зохион ярихад өмгөөлөгч нь залгуулж хуулийн заалт надад тулгахад хуулийн заалт мэдэхгүй байсан би эсэргүүцэж үг хэлж чадаагүй гэрээний дагуу шийдүүлнэ гэж хэлсэн. Өмгөөлөгчийн өмнө зохион ярьсан Б-т надаар шүүгч хариу тайлбар хэлүүлэлгүй нарийн бичиг над руу гэмт хэрэгтэн харж байгаа мэт үзэн ядсан харцаар харж, шүүх хурал хэт 1 талыг барьж шударга биш явагдсан.  Шүүхийн тогтоолын миний нэхэмжлэлийн 5,600,000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөгийг надад олгох шийдвэр гаргаагүй, шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Тийм ч учраас би хариуцагчийн нөхөр шүүхэд насаараа ажилласан одоо ч ажиллаж байна гэж бичсэн юм.

4.16. Хоёр тал харилцан тохирч, 2023 оны 9 дүгээр сарын 26-нд өгч авсан. 10-р сарын 10-нд нотариатаар гэрчлүүлсэн. Хуулийн өмнө хүчин төгөлдөр эрх үүрэг бүхий бичгээр хийсэн гэрээний В-9, Г-8 болон бусад нэхэмжлэлд дурдсан заалтуудыг хэрэгжүүлж нэхэмжлэгчид оруулбал зохих үлдсэн 8 сарын түрээсийн төлбөр болох 5,600,000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

            5. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны байна гэдэгт шүүх процессын хэм хэмжээг чанд мөрдөж, хэрэгт хуульд заасан арга, журмаар цугларсан, ач холбогдолтой, хамааралтай, хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт, түүнд ач холбогдол бүхий бусад бүхий л нөхцөл байдлыг талуудын мэтгэлцээнийг үндэслэж сэргээн тогтоон, түүнд материаллаг хуулийг зөв тайлбарлаж хэрэглэх замаар маргааныг шийдвэрлэсэн байхыг ойлгох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан уг шаардлагыг хангаагүй байна.

 

            6. Нэхэмжлэгч Ц.Т- нь хариуцагч Б.Б-т холбогдуулж гаргасан 8 сарын түрээсийн төлбөр 5.600.000 төгрөг, өрөөнд засвар хийсний ажлын хөлсний 50 хувь буюу 275.000 төгрөг, засвар хийхэд гарсан зардлын 50 хувь буюу 161.000 төгрөг, нийт 6.036.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “хөлслөгч нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэрээгээ нэг талын санаачилгаар цуцлах тухай мэдэгдэхэд би зөвшөөрөөгүй” гэж тайлбарласан бол хариуцагч Б.Б- нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “талуудын хооронд байгуулагдсан гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгосон, ... түрээсийн гэрээний үлдэж байгаа хугацаанд тухайн байрыг үсчний салоны зориулалтаар ашиглах зорилготой, төлбөрийн чадвартай, тогтмол үйл ажиллагаа эрхэлж байсан хүнийг санал болгож түрээсийн гэрээг тухайн хүнд шилжүүлэн байгуулахыг санал болгосон боловч Ц.Т- татгалзсан хариу өгсөн” гэж тус тус маргажээ.

 

            7. Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн, талуудын хооронд байгуулагдаж, нотариатчаар 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрчлүүлсэн “Түрээсийн гэрээ”-ний 2 дахь заалтад “гэрээний хугацаа 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл байна” гэж талууд харилцан тохиролцжээ.

 

            8. Тус гэрээнд нэг талын санаачилгаар гэрээнээс татгалзах журмыг талууд тухайлан тохиролцоогүй учраас Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан гэрээнээс татгалзах нийтлэг журам талуудын хооронд үйлчлэх бөгөөд мөн зүйлийн 204.1 дэх хэсэгт “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж, 204.2 дахь хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана” гэж, мөн хуулийн 205 дугаар зүйлд гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг хуульчилжээ. 

            Ц.Т- ба Б.Б- нарын хооронд хуульд заасан үндэслэл, журмын дагуу, хуульд нийцэж гэрээ байгуулагдсан бол тухайн гэрээ нь Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд зааснаар шударгаар, хууль буюу гэрээнд заасан хугацаанд заавал биелэгдэх учиртай бөгөөд хэрвээ гэрээний аль нэг тал тухайн гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө нэг талын санаачилгаар хоорондоо байгуулсан гэрээнээсээ татгалзахаар бол түүний уг үйлдэл нь Иргэний хуулийн гэрээнээс татгалзах журмыг зохицуулсан дээрх 204 дүгээр зүйлд нийцсэн байх учиртай.

 

            9. Гэтэл талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой дээрх үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэж шүүхээс дүгнэлт хийх гэхээр нэхэмжлэгчийн гаргаж өгсөн “2024.01.04. Гэрээний нэг тал Б-т албан ёсны хариу мэдэгдэл” гэх баримт хуулбар буюу нотлох баримтын шаардлагыг хангаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх ба хэргийн 16-17 дахь талд авагдсан баримт уг шаардлагыг хангаагүй.

 

            Хуульд зааснаар хэргийн оролцогч шүүхэд бичмэл нотлох баримтын хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй ба бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно.

 

            10. Иймд хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой буюу нэг талын санаачилгаар гэрээнээс татгалзсан тохиолдолд талуудын үүнтэй холбоотой үйлдлүүд нь Иргэний хуулийн /204, 205 дугаар зүйл/ гэрээнээс татгалзах журмыг зохицуулсан хэм хэмжээнүүдэд нийцсэн эсэхийг хэрэгт цугларсан, хуульд заасан шаардлагыг хангаагүй баримтыг үндэслэж шүүхээс дүгнэх боломжгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.  

 

            Анхан шатны шүүх хариуцагч Б.Б-ийн нэг талын санаачилгаар нэхэмжлэгч Ц.Т-тэй байгуулсан гэрээнээс хугацаанаас нь өмнө татгалзсан үйлдэл, уг үйлдэлд үүрэг гүйцэтгүүлэгчийн байр суурь зэрэгт Иргэний хуулийн холбогдох заалтыг хэрэглэж эрх зүйн дүгнэлт өгөхгүйгээр талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас “анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба хэрэгт авагдсан баримт нотлох баримтын хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг өөрчлөх боломжгүй” гэж дүгнэсэн болно.

 

            11. Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн улмаас шийдвэрийг хүчингүй болгосон учраас хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.550 төгрөгийг хуульд зааснаар шүүгчийн захирамжаар буцаан олгох ба хэргийг анхан шатны шүүх дахин шийдвэрлэх тул нэхэмжлэгч Ц.Т-гийн “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэх давж заалдах гомдолд урьдчилж дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2024/00339 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Т-гийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.550 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, түүнд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                            Ж.ОТГОНХИШИГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК