Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 212/МА2024/00065

 

Т.М-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүлийн даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2024/00526 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ******** тоотод оршин суух Ш овогт Т-ны М-н нэхэмжлэлтэй, хариуцагч ******** багт үйл ажиллагаа явуулдаг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт /дарга С.Х/ холбогдох,

 

“Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргааны зохицуулах гурван талт хорооны 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэлийг биелүүлэхийг хариуцагчид даалгаж, Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/2**тушаалыг хүчингүй болгож, Т.М-г урьд эрхэлж байсан Өлгий сумын Ерөнхий боловсролын **сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны **сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, нэхэмжлэгч Т.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга:  

1.1 Миний бие тус сургуулийн захирлаар 2016 оны 12 сарын 09-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаад 2023 оны 12 сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга С.Х- даргын тушаалаар үргэлжлүүлэн томилогдсон. Яагаад гэвэл Боловсролын багц хуулийн өөрчлөлтийн хүрээнд сургуулийн захирлыг томилох эрх нь Боловсролын шинжлэх ухааны газрын даргын мэдэлд шилжсэн юм. Өмнөх хуулиар ажил олгогч нь Өлгий сумын Засаг дарга байсан бөгөөд түүнтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан. Гэтэл шинэ ажил олгогч болох Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга С.Х- бүх захирал, эрхлэгч нартай хөдөлмөрийн гэрээгээ байгуулаагүй болно.

1.2 Миний бие 2024 оны 01 дүгээр сард 2023 оны тайлангаа тавьж хангалттай үнэлгээ авсан. Сургуулийн үйл ажиллагаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Тус сургуулийг нэлээн өөд нь татаж босгосон, үр дүнтэй ажил хийж гүйцэтгэж явсан. С.Х- дарга 2023 оны 11 сарын эхэнд намайг дуудаж мэдээлэл зүйн багшаар ажилладаг С.А-ийг сургалтын менежерийн ажилд авах тухай хүсэлт гаргасан. Манайд нормативын дагуу нэг менежерийн орон тоо байсан. Би С.Х- даргад сургалтын менежерийн ажилд авахын тулд сургуулийн дүрмийн дагуу багш нарын зөвлөлийн хуралд оруулаад тэндээс олонхын санал авсан хүнийг захирал томилох ёстой. Хүсэлт гаргасан олон хүн байгаа, шууд томилж болохгүй гэдгийг хэлсэн. Надад шууд томил, энийг ав гэсэн шахалт үзүүлсэн. Учир нь, юу вэ гэвэл намаас энэ хүнийг заавал сургалтын менежерээр ав гэсэн шахалт ирж байгаа. Тэгээд ч бас түүний нөхөр К.Б- бид 2-ын дунд маргаан байгаа гэж хэлсэн. К.Б- нь С.А-ийн нөхөр шүүхэд бид хоёр маргаж байгаа хэцүү асуудал болоод байна гэж хэлсэн. Би хууль журмын дагуу шийдвэрлэнэ гэж хэлээд явсан.

1.3 Дараа нь 1 сарын эхэнд тайлан тавихад дахиж энэ асуудлыг хэлсэн. Би дахиж тайлбарласан. Дараа нь 2 сарын 10 хэдний үед миний дүү нас барсан үед манай гэрт ирж надтай мэндлэх явцдаа бас надад энэ асуудлаа дахиж тайлбарласан. Тайлбарлахдаа бүүр Өлгий сумын уу, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга нь Адилбишийн мессежийг үзүүлсэн. Надад та Засаг дарга Камелияат даргын дараах даалгавруудыг яаралтай биелүүл гэж хэлсэн. Хамгийн түрүүнд нь Т.М-гийн асуудал, 2 дугаарт Отгонтуяагийн асуудал, 3 дугаарт Берикболын асуудал гэсэн мессежийг үзүүлж, надад ингэж шахалт шаардлага ирүүлээд байна. Тийм учраас та энэ С.А-ийг ажилд авахгүй бол болохгүй гэсэн. Тэгээд бид намын ажлыг хийх ёсгүй, тэр хүмүүс таныг шахах ёсгүй хууль дүрмийн дагуу л ажиллах ёстой гэдгийг хэлээд явсан юм.

1.4 Дараа нь 2024 оны 3 сарын 03-ны өдөр амралтын өдөр байсан орой 16 цаг 50 минутын үед надад С.Х- дарга залгасан, та нөгөө миний ярьж байсан С.А-ийг сургалтын менежерээр аваач, олон хүн энийг шаардаж байна гэж хэлсэн. Тэгээд би бас л тайлбараа хэлсэн. Дараа нь 3 сарын 04-ний өдөр нэг дэх өдөр бид гэрээ байгуулах ёстой байсан. Тэр өдөр миний бие өвдөөд очиж чадаагүй. Тэгээд С.Х- даргад 8 цаг 30 минутын үед бол мессеж бичсэн, би нуруу өвдөөд явж чадахгүй байна, дараа нь очиж гэрээ хийе гээд хэлсэн. Тэр өдөр би гэрээр эмчилгээ хийлгэсэн. 2 дахь өдөр ажил дээрээ арай гэж очоод онлайн сургалтад ороод эргэж ирээд гэрээр бас эмчилгээ хийлгүүлсэн. Тэгээд 3 дахь өдөр буюу 07-ны өдөр өрхийн эмнэлэгт үзүүлж акт авсан. Хэвтэж эмчлүүлэхгүй бол болохгүй гэж хэлсэн. 3 дугаар сарын 08-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан ажлын комисс очсон. Тэгээд би энэ байдлыг тэр өдөр утсаар С.Х- даргад хэлсэн. Би танд тохиролцсон, тэтгэвэрт гарах тухай юм яриагүй. Та яагаад намайг ажлаас чөлөөлж байгаа юм вэ гэхэд та С.А-ийг ажилд авахгүй байна. Хэрвээ та өнөөдөр С.А-ийг авна гэвэл би тушаалаа хүчингүй болгож болно гэж хэлж байсан.

1.5 Тэгээд би С.Х- даргын намайг ажлаас чөлөөлж, С.А-ийг томилсон тушаалдаа тэр өдөр танилцсан. Тэгэхэд С.А- миний оронд захирлаар томилох тухай Авлигатай тэмцэх газарт бүүр 2023 оны 12 сард хүсэлт явуулаад 2024 оны 1 сарын 03-нд урьдчилсан хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлэг хянуулсан тухай баримтыг авсан байна. Тэгэхээр намайг ажлаас чөлөөлөх тухай асуудлыг бүүр 12 дугаар сараас эхэлж хөөцөлдөж байсан гэж ойлголоо. Тэгэхээр би ямар нэгэн байдлаар С.Х-д тэтгэвэрт гарах тухай асуудал хэлээгүй. Тэр тайлбартаа бичсэн байна. Е-ад 2022 онд та ажлаас чөлөөлөгдөнө гэж хүсэлт гаргасан байна. Тэгээд би ажлаас чөлөөлсөн. Е- надад 2022 оны 4 сард таныг 5 сарын 15-аас ажлаас чөлөөлнө, тэтгэвэрт гарах болсон тул гэсэн мэдэгдэх хуудас өгсөн. Би үүнтэй холбоотой тайлбараа өгсөн.

1.6 Миний зорилго тус сургуульд 2017 онд томилогдоод тэгээд сургуулийн байдал маш хэцүү байсан. Тэгээд тус сургуулийг хөгжүүлэх 2017-2025 оны стратеги төлөвлөгөөг гаргасан. Энийгээ тайлагнаж байж би явна, тэр шинэ сургуульд оруулаад явна гэсэн асуудлыг С.Х- даргад 2023 оны 8 сард ажлынх нь гадаа хэлсэн. Тайлбар дээр албан өрөөндөө дуудаж албан ёсоор хэлсэн гэж бичсэн байна. Хариуцагчаас тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-ийг үндэслэл болгосон байна. Харилцан тохиролцсон гэж байгаа. Харилцан тохирсон гэдгийг Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд тайлбарлахдаа бичгээр гэрээ байгуулах эсвэл хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэж тайлбарласан байна. Тийм асуудал бид 2-ын дунд болоогүй. Мөн Төрийн албаны тухай хуульд тайлбарласан 2012 оны 14 дүгээр тогтоолд бас заасан байна. Ажилтан өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөх тухай хүсэлт гаргахад мөн адилхан бичгээр харилцан тохирсон байх ёстой. Тэгэхлээр ийм асуудал С.Х- дарга бид 2-ын хооронд болоогүй юм. С.Х- дарга надад зөвхөн С.А-ийг ажилд томилуулах тухай шаардлага тавьж байсан болохоос биш надад албан ёсоор бичгээр мэдэгдэж, таныг ажлаас чөлөөлөх гэж байна гэж урьдчилсан шийдвэрлүүлэх ямар нэгэн үйл ажиллагаа аваагүй.

1.7 Би ажлын ямар нэгэн дутагдал гаргаагүй. Миний хамгийн гол зорилго стратеги төлөвлөгөөгөө тайлагнаад явъя гэсэн бодолтой байгаа. Тэрнээс биш сандал ширээтэй зууралдаад 65 нас хүртэл, бүүр эцсээ хүртэл явъя гэсэн зорилго надад байхгүй. Тус сургуулийн байдал маш хүнд, өөрийн гэсэн хичээлийн байр байхгүй, эдэлбэр газар байхгүй, заал байхгүй, ямар нэгэн соёлын болон багш нарын өрөө гэх мэт танхим байхгүй маш хүнд нөхцөлд байгаа. Энийг эдэлбэр газартай болгох, хичээлийн байртай болгох асуудлыг шүүх хүртэл яваад барилгыг нь бариулж байгаа. Тийм учраас энэ ажлынхаа үр шимийг үзээд өртэй байгаа мэдлэг чадвар, дадлага туршлагаа нэг өдөр ч гэсэн боловсролын салбарт шингээгээд явъя гэсэн бодолтой байгаа. Хэдийгээр тийм хүнд нөхцөлтэй байгаа сургууль ч гэсэн өнгөрсөн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтаар манай сургуулийн үзүүлэлт аймгийн төрийн өмчийн сургуулиудаас 1 дүгээр байранд орсон. Өөрөөр хэлбэл 25 сургуулиас бид **байранд орсон амжилт гаргасан. Энэ миний болон манай багш нарын хамт олны амжилт байгаа. Энэ амжилтыг улам нэг жил ч гэсэн бататгаад ингээд явъя гэсэн бодол надад байгаа. Тийм учраас манай даргын энэ үйлдлийг Хөдөлмөрийн гурван талт, хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооноос С.Х- даргын гаргасан шийдвэр нь хууль бус Т.М-г эргүүлэн ажилд томил гэсэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн бичгээ надад өгсөн. Тэгсэн мөртөө Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр заалт ёсоор С.Х- шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан гурван талт хорооны шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргаагүй. Зөвшөөрөөгүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 154.1.8-д заасан ёсоор хөдөлмөрийн гурван талт хорооны шийдвэрийг С.Х- заавал биелүүлэх үүрэгтэй боловч өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байна. Тийм учраас би шүүхэд хөдөлмөрийн тухай хуулийн 154.11-д заасан ёсоор баталгаажуулах хүсэлт гаргасан ч хангахгүй шийдвэр гаргасан. Гэтэл би 3 сарын 28-нд шүүхэд гомдол гаргасан байсан.

1.8 Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-д төрийн албыг хаах дээд хязгаар 65 нас гэж заасан байна. Тэгэхлээр төрийн албаны тухай хуульд зааснаар 65 нас хүртэл ажиллах эрхтэй. Би энэ эрхээ эдлэх ёстой. Тэгээд ч Хөдөлмөрийн тухай шинэчилсэн хуульд ажил олгогчийн санаачилгаар 65 наснаас өмнө чөлөөлнө гэсэн заалт байхгүй. Өмнөх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д 60 нас хүрсэн байвал ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлнө гэсэн тодорхой байсан. Одоо энэ хуульд ямар ч тийм заалт байхгүй. Тийм учраас С.Х- дарга өөрийн санаачилгаар надтай харилцан тохирсон гэж худлаа дүр эсгэж ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд гомдол гаргасан.

1.9 Иймд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэлийг биелүүлэхийг хариуцагчид даалгаж, Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/26 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Т.М- намайг урьд эрхэлж байсан Өлий сумын Ерөнхий боловсролын **сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, өнөөдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1 Тус газрын дарга миний бие нэхэмжлэгч Т.М-гийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэлийг биелүүлэхийг С.Х-т даалгаж, Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/26 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Т.М- намайг урьд эрхэлж байсан Өлий сумын Ерөнхий боловсролын **сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухайн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч тайлбар гаргаж байна.

2.2 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.2-т тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгоно гэж заасан. Энэ заалтын тайлбар хэсэг дээр Энэ хуулийн 5.1.1-д заасан өндөр насны тэтгэврийн нас нь 1957 он ба түүнээс өмнө төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 60, 1962 он ба түүнээс өмнө төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 байна. Цаашид 1958 онд төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 60 нас 3 сар, 1963 онд төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 нас 3 сар байх бөгөөд тэтгэвэр тогтоолгох насыг даатгуулагчийн төрсөн онд харгалзуулан 3 сараар нэмэгдүүлж, 1977 он ба түүнээс хойш төрсөн эрэгтэй, 2002 он ба түүнээс хойш төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд өндөр насны тэтгэврийн нас 65 байна. Энэ хуулийн 5.1.2-т заасан тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацаа 2023 онд 21 жил 6 сар байх бөгөөд энэ хугацааг 25 жил хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлнэ гэж тус тус заасан.

2.3 Т.М- нь 1962 онд төрсөн, дээрх хуулийн дагуу 2023 онд 61 нас 3 сар хүрэхэд өндөр насны тэтгэвэрт гарах ёстой. Харин одоо 62 насанд хүрсэн, улсад 31 жил ажилласан, өндөр насны тэтгэвэрт гаргах болзлыг хангасан. Т.М-г өндөр насны тэтгэвэрт гаргах тухай мэдэгдлийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Боловсролын тухай хуулийн дагуу ажил олгогч нь болох Өлгий сумын Засаг даргаас 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 1/203 дугаартай албан бичгээр хүргүүлсэн байна. Т.М- уг мэдэгдэлд 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тайлбар, хүсэлт гаргасан. Уг тайлбар дээр дээрх хуулийн заалтын дагуу Т.М- миний бие энэ онд 2023 оны тэтгэмжид захиалга өгч, 2023 оны 12 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлттэй байна гэсэн тайлбар ирүүлсэн.

2.4 Миний бие 2023 оны 8 дугаар сард Т.М-г өрөөнд дуудаж өндөр насны тэтгэвэрт гарах талаар санал тавихад би тайлбар, хүсэлтээ Өлгий сумын ЗДТГ-т хандаж хүргүүлсэн байгаа гэсэн хариу өгсөн тул Өлгий сумын Засаг даргаас Т.М-д өгсөн мэдэгдэл, Т.М-гээс ирүүлсэн хүсэлт, тайлбарыг нь авч танилцаад Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасан талууд харилцан тохиролцсон, 78.1.9-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан гэсэн заалтыг үндэслэн өөрийнх нь хүсэлт ёсоор үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

2.5 Боловсролын шинжлэх ухааны газраас 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 132 дугаартай албан бичгээр Бүх ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчдэд Хөдөлмөрийн гэрээ байгуулах, 2024 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөг хянан баталгаажуулах ажлаар 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр бэлэн болохыг мэдэгдсэн ба үүний дараа захирлуудын дотоод чат группт 2 дугаар сарын 27-нд, 3 дугаар сарын 01-нд дахин дахин сануулан бүгдээрээ ирэхийг анхааруулсаар байхад Т.М- мөн өдөр ирээгүй, мэдэгдээгүй. Ингэж өөрөө Хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзсан, нэгэнт тэтгэврийн насанд хүрсэн түүнийг өөрийнх нь хүсэлтийн дагуу 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

2.6 Иймд нэхэмжлэгч Т.М-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2024/00526 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн 158.2.2 дахь заалтыг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын дарга С.Х-аас 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны ажлын 6 хоногийн цалинд 895,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.М-д олгож, нэхэмжлэгч Т.М-гийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэлийг биелүүлэхийг хариуцагчид даалгаж, Баян-Өлгий аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Өлгий сумын Ерөнхий боловсролын **сургуулийн захирлын албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, өнөөдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын дарга С.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 26,031 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байж чадаагүй юм.

            Т.М- миний бие Өлгий сумын Ерөнхий боловсролын **сургуулийн захирлын албан тушаалд 2016 оны 12-р сарын 07-ны өдөр Аймгийн засаг даргын Б/683дугаар захирамжаар томилогдон ажиллаж байгаад Боловсролын Ерөнхий хуулийн  дагуу аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 12-р сарын 11-ний өдрийн Б/109-р тушаалаар үргэлжлүүлэн томилогдож ажиллаж байсан юм.

            Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга С.Х- нь намайг 2024 оны 03-р сарын 07-ны өдөр Б/26 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Би Боловсрол, шинжлэх ухааны газрын даргад ажлаас чөлөөлөгдөх ямар нэгэн хүсэлт /амаар болон бичгээр/ өгөөгүй байхад ажлаас чөлөөлсөн тул Хөдөлмөрийн  тухай хуулийн дагуу холбогдох байгууллагуудад гомдол гаргасан.

            Миний бие дараахь үндэслэлүүдээр шүүхэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүх миний нэхэмжлэлийн үндэслэлүүдийг няцаах ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр хэт нэг талыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2 Монгол Улсын “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас  хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж заасны дагуу би өөрөө хүсвэл 60-65 насны хооронд тэтгэвэр тогтоолгож авч болно. “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл заалт хүчингүй болсонд тооцох тухай, хуулиудыг хэрэглэх журмын тухай” хуулийн 2 дугаар зүйлд 1962 онд төрсөн эрэгтэй даатгуулагч 61 нас 3 сарыг тэтгэвэр тэтгэвэр тогтоолгох нас гэж тогтоож өгсөн нь тус хугацаа нь өндөр насны тэтгэвэрт гарах эцсийн хугацаа гэж хуульчлаагүй заалт болно.

4.3 Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь заалтад “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” гэж зааснаар миний бие 65 нас хүртэл ажиллах эрхтэй.

4.4 Төрийн албаны тухай хуулийн 41.3 дахь заалтад “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулан” гэж заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-80.1.6 дахь заалтуудад Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох үндэслэлүүдийг тодорхойлсон байгаа. Эдгээр үндэслэл дотор өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах заалт байхгүй юм.

4.5 Намайг чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх заалтыг үндэслэл болгосон нь үндэслэлгүй байсан. Энэ заалтад заасанчлан би өндөр насны тэтгэвэр гарна, намайг чөлөөлж өг гэсэн байдлаар би ажил олгогчтой харилцан тохиоролцоогүй юм. 2023 оны 08-р сард С.Х- надаас та тэтгэвэрт хэзээ гарах вэ? Гэж асуухад би шинэ хичээлийн байр 2025 онд ашиглалтад өгөгдөхөд түүнд сургуулиа оруулаад жилийн эцэс хүртэл ажиллаж байж тэтгэвэрт гарна, би хөдөлмөр эрхлэх бүрэн чадвартай, үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой гэдгээ хэлсэн. Иймээс намайг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өөрөө гаргасан гэж үзэх боломжгүй юм.

4.6 Мөн тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь (Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон) заалтыг үндэслэл болгожээ. Миний бие 2023 оны 12-р сарын 11-ний өдөр аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын Б/109 дүгээр тушаалаар Боловсролын шинэчилсэн багц хуулийн хүрээнд сургуулийн захирлын албан тушаалд үргэлжлүүлэн томилогдсон. Энэ тушаалд хугацаа заагаагүй. Байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагддаг ба сумын Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ хугацаагүй гэрээ юм. Хөдөлмөрийн гэрээг бүх захирал, эрхлэгч нартай С.Х- 2024 оны 03 дугаар сарын 04-ээс эхлэн байгуулсан. С.Х- дарга хувийн ашиг сонирхлын зөрчил гаргаж надтай хөдөлмөрийн гэрээ хийхгүйгээр, С.А- гэдэг багшийг миний оронд түр томилох бэлтгэлээ 2023 оны 12-р сараас базааж эхэлсэн нь түүний С.А-ийг түр томилсон 2024 оны 03-р сарын 07-ны өдрийн Б/27 тоот тушаалын үндэслэх хэсэгт Авлигатай тэмцэх газрын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Хувийн ашиг сонирхлын урьдчилан сэргийлэх мэдүүлэх хянасан тухай” 05/153 дугаар албан бичгийг үндэслэл болгосноос нотлогдож байна. 

4.7  Мөн тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 (Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан) дэх заалтыг үндэслэл болгожээ. Миний бие санаачилга гаргаагүй. Хэрэв ажил олгогч санаачилга гаргавал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийг баримтлах ёстой. Гэтэл тус хуулийн 80.1.1.-80.1.6-д заасан үндэслэлүүд тогтоогдоогүй.

4.8  Би өвчтэй, эмчийн акттай байхад намайг чөлөөлсөн байна. Анхан шатны шүүхээс “Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1-д “Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална”, 60.1.2-т “донорын үүрэг гүйцэтгэх,... эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадалгаатай” гэж заасныг зөрчсөн байна” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож ажлын байрыг хэвээр хадгалахгүй байгаа нь үндэслэлгүй байна.

4.9 Анхан шатны шүүх нь Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалсантай холбоотой маргааныг шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийг баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн явдал болсон. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийн 46.2.2 дахь заалтын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн хэмээн дүгнэж байгаа нь хууль бус байна.

4.10  Миний бие Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга С.Х-ын 2024 оны 03-р сарын 07-ны өдөр Б/26 дугаар тушаалыг эс зөвшөөрч хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан ба Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн  хуралдаанаар хуульд нийцээгүй, Т.М-г ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.7, 154.8-д зааснаар хүчин төгөлдөр болсон юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.11-т “...хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор урьдчилан шийдвэрлэсэн тэмдэглэлийг, эсхүл шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш маралдагч аль нэг тал ажлын таван өдөрт багтаан холбогдох хууль тогтоомжид заасны дагуу баталгаажуулахаар шүүхэд хүсэлт гаргаж болно” гэж заажээ. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэлийг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын газрын дарга С.Х- 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гардаж авсан бөгөөд  ажлын 10 хоногтоо гомдол гаргаагүй тулд 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Үүний дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 158.1.4-т заасны дагуу гурван талт хорооны хүчин төгөлдөр болсон шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул баталгаажуулах арга хэмжээ авч өгнө үү гэж өөрчилсөн юм. 

            4.11 Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158.1.4-т заасны дагуу гаргасан гомдлыг шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр болсон Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар хуралдааны шийдвэрийн үндэслэлийг хянах эрхгүй бөгөөд тухайн шийдвэрийн үндэслэлийг хянах эрхгүй бөгөөд тухайн шийдвэрийг яагаад биелүүлэхгүй байгаа талаарх маргааны хүрээнд дүгнэлт хийх ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гурван талт хорооны хүчин төгөлдөр болсон шийдвэрийн талаар ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

            Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:  

5.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байж чадаагүй юм.

5.2. Анхан шатны шүүх нь Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалсантай холбоотой маргааныг шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийг баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн явдал болсон. Тодруулбал: шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.8-д “Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д "Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар тусгайлан зохицуулаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг энэ хуулиар зохицуулна" гэж заажээ. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуульд төрийн албан хаагчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр ажил олгогчоос ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ цуцлуулах тухай тухайлсан зохицуулалт байхгүй байна. Мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.3- д Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах 7 төрлийн эрэмбээр үйлчлэхээр заасны 2.3.1 дэх заалтад энэ хууль, 2.3.2 дахь заалтад Монгол Улсын бусад хууль үйлчлэхээр заасан байх бөгөөд төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх үндэслэлийг нарийвчилсан зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 4**зүйлийн 46.2 дахь хэсгийн 46.2.2 дахь заалт гэж шүүх үзлээ.” гэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд нийцсэн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүдийг заасан бөгөөд уүнд ажилтныг өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэл байхгүй болно.

5.3. Анхан шатны шүүхээс “Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1- д "Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална", 60.1.2-т "донорын үүрэг гүйцэтгэх,... эрүүл мэндийн шалтгаанаар  эмнэлгийн магадалгаатай" гэж заасныг зөрчсөн байна” гэж дүгнэсэн мөртлөө ажилтныг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хэвээр үлдээж байгаа нь утга агуулгын хувьд эсрэг тэсрэг дүгнэлт болсон.

5.4. БШУГ-ын дарга С.Х-ийн 2024 оны 03-р сарын 07-ны өдөр Б/2**тушаалыг Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хуульд нийцээгүй, Т.М-г ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.7, 154.8-д зааснаар хүчин төгөлдөр болсон юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.11-т “...хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, эсхүл сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор урьдчилан шийдвэрлэсэн тэмдэглэлийг, эсхүл шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш маргалдагч аль нэг тал ажлын таван өдөрт багтаан холбогдох хууль тогтоомжид заасны дагуу баталгаажуулахаар шүүхэд хүсэлт гаргаж болно” гэж заажээ. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэлийг Аймгийн БШУ-ны газрын дарга С.Х- 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гардаж авсан бөгөөд ажлын 10 хоногтоо гомдол гаргаагүй тулд 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Үүний дагуу нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 158.1.4,-т заасны дагуу гурван талт хорооны хүчин төгөлдөр болсон шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул баталгаажуулах арга хэмжээ авч өгнө үү гэж өөрчилсөн юм.

5.5. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158.1.4.-т заасны дагуу гаргасан гомдлыг шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр болсон Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар хуралдааны шийдвэрийн үндэслэлийг хянах эрхгүй бөгөөд тухайн шийдвэрийг яагаад биелүүлэхгүй байгаа талаарх маргааны хүрээнд дүгнэлт хийх ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гурван талт хорооны хүчин төгөлдөр болсон шийдвэрийн талаар ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

5.6. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хангаж шийдвэрлэж өгнө үү.

6. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

6.1. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж шинээр дагаж мөрдсөн хуулийн дагуу хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж эхэлж байгаа. Гэхдээ шийдвэр нь шүүхэд ирдэг. Харилцан тохиролцсон нөхцөл байдалд шүүхэд хандахгүй байгаа. Хоёр тал тохиролцсон тохиолдолд шүүхэд хүсэлт гаргаж баталгаажуулж болно. хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч дэлгэрэнгүй тайлбараа ирүүлсэн. Аль нэг тал нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг баталгаажуулахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсан. 2018 оноос эхэлж Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орсон. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орсон. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар даатгуулагч нийтдээ 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй. 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй датгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж өөрчилсөн. Хуулийн энэхүү нэмэлт өөрчлөлтийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэрэглэх журмын тухай хууль гарсан. Энэ хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг заахдаа 1957 ба түүнээс өмнө төрсөн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг 60 нас, 1958 онд төрсөн бол 60 нас 3 сар, цаашид он бүрд 3 сар нэмсээр 1977 он буюу түүнээс хойш төрсөн эрэгтэй 65 нас хүрч тэтгэвэр тогтоолгох эрх хуульчилсан. Нэхэмжлэгч 1962 онд төрсөн. 61 нас 3 сараас хэтэрсэн учраас ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь хууль зөрчөөгүй. Мэдэгдэх хуудас өгч, сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй. 65 нас хүртэл ажиллах боломжийг ажил олгогч өгдөг. Энэхүү асуудлаар У-ны нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргад холбогдох хэргийг Улсын дээд шүүх 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шийдвэрлэж байсан. Ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

7. Анхан шатны шүүх хөдөлмөр эрхлэлтийн харилцаанаас үүдэлтэй маргааны үйл баримтыг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэргээн тогтоож, түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв сонгож, тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна. 

 

8. Нэхэмжлэгч Т.М- нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт  холбогдуулан Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэлийг биелүүлэхийг хариуцагчид даалгаж, Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/26 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Т.М- намайг урьд эрхэлж байсан Өлий сумын Ерөнхий боловсролын **сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, өнөөдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг тухай нэхэмжлэл гаргаж,   хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

9. Нэхэмжлэгч Т.М-н хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар цуцалсан үндэслэлүүдийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд судлан үзвэл:

  • Нэхэмжлэгч Т.М- нь анх Баян-Өлгий аймгийн Өлгий сумын **сургуулийн захирлаар 2016 оны 12 дугаар сарын 07-ны аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон,
  • Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаас 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 1/203 тоот болон 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1/252 тоот албан бичгээр тус тус Өлгий сумын ерөнхий боловсролын **сургуулийн захирал Т.М-д “2023 онд хуульд зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн байна. Иймд таныг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн холбогдох хууль журмын дагуу үүрэгт ажлаас чөлөөлөх болсныг”  мэдэгдэхэд тэрээр “...1962 он төрсөн эрэгтэй датгуулагч 61 нас 3 сартай тэтгэвэр тогтоолгох нас гэж тогтоож өгсний дагуу 2023 онд өндөр насны тэтгэвэрт гаргахаар төлөвлөж, энэ онд тэтгэмжид захиалга өгөх гэж байна. Тус сургуулийг 2017-2025 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг боловсруулан, түүний хэрэгжилтийг ханган ажиллаж, нэлээд тулгамдсан асуудлуудын шийдлийг олж ажиллаж, тодорхой амжилтад хүрч байна. Миний чин хүсэл бол сургуулийн Стратеги төлөвлөгөөнд Сургуулийн алсын харааг аймгийн манлайлагч сургууль болох тодорхойлсны дагуу хичээлийн шинэ байранд оруулж, дээрх алсын харааныхаа эхлэлийг тавьж, дараагийн захиралдаа хүлээлгэж өгөх зорилттой байх тул 2023 оны 12 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлттэй. Иймд таны хүргүүлсэн мэдэгдлийг хүлээж авах боломжгүйг, хэрэв энэхүү мэдэгдлийн дагуу ажлаас чөлөөлбөл зөрчигдсөн эрхээ хамгаалан хуулийн байгууллагад хандах болохыг үүгээр мэдэгдэж байна” гэж тайлбар гаргаж байсан,
  • 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга нь батлагдаж хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь заалтаар Ерөнхий боловсролын захирлын ажил олгогч нь Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга болж өөрчлөгдсөний дагуу тус газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/109 тоот тушаалаар нэхэмжлэгч Т.М-г Өлгий сумын ерөнхий боловсролын **сургуулийн захирлын албан тушаалд томилж байсан,
  • Мөн ажил олгогч Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын  даргын 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/26 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч Т.М-г Өлгий сумын ерөнхий боловсролын **сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан,
  • Захирал Т.М- нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлөхдөө ажил олгогч тушаалын үндэслэлд Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.3, 78.1.9, 83 дугаар зүйлийн 83.3, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь заалтуудыг тус тус баримталсан,
  • Нэхэмжлэгч Т.М- нь 1962 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/26 тоот тушаалаар тус аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын **сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх үед тэрээр 62 нас, 23 хоногтой байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон, талууд түүнд маргаагүй байна.

 

10. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн, 65 насанд хүрсэн даатгуулагч, 5.1.2 дахь хэсэгт тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн, 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй тус тус өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж зохицуулсан.

Хуулийн эдгээр заалтыг хэрхэн хэрэгжүүлэх талаарх тайлбарт энэ хуулийн 5.1.1 дэх заалтад заасан өндөр насны тэтгэврийн нас нь 1957 он ба түүнээс өмнө төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 60, 1962 он ба түүнээс өмнө төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 байна. Цаашид 1958 онд төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 60 нас 3 сар, 1963 онд төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 нас 3 сар байх бөгөөд тэтгэвэр тогтоолгох насыг даатгуулагчийн төрсөн онд харгалзуулан 3 сараар нэмэгдүүлж, 1977 он ба түүнээс хойш төрсөн эрэгтэй, 2002 он ба түүнээс хойш төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд өндөр насны тэтгэврийн нас 65 байна гэж нарийвчлан тайлбарлажээ.

 

11.  Ажилтан нь өндөр насны тэтгэвэрт тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр ажил олгогч түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг  … ажил олгогч гаргасан” гэж заасанд нийцсэн учраас түүнийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болон давж заалдах гомдолд “...Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь заалтад “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” гэж зааснаар миний бие 65 нас хүртэл ажиллах эрхтэй. Төрийн албаны тухай хуулийн 41.3 дахь заалтад “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулан” гэж заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-80.1.6 дахь заалтуудад Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох үндэслэлүүдийг тодорхойлсон байгаа. Эдгээр үндэслэл дотор өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах заалт байхгүй” гэж тайлбарласан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

 

12. Нэхэмжлэгч Т.М- нь 1962 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/26 тоот тушаалаар тус аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын **сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх үед тэрээр 62 нас, 23 хоногтой байсан, тэрээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн талаар талууд маргаагүй.

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” гэж заасан боловч мөн зүйлийн 41.3 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна” гэж заажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт “өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн” үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах асуудлыг нарийвчлан зохицуулаагүй боловч хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалтаар ажилтан болон ажил олгогчийн аль нэгийн санаачилга гаргаснаар, бусад хуульд заасан үндэслэл журмын дагуу дуусгавар болж болох бөгөөд мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан эрэмбээр хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээг тогтоосон актуудыг хэрэглэхээр хуульчилсан. 

Тухайн тохиолдолд ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийн талаар Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан заагаагүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан эрэмбээр Төрийн албаны тухай хуулийг хэрэглэх нь хууль хэрэглээний зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

13. Харин Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж заасан агуулгаас дүгнэвэл, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн төрийн албан хаагчийг үргэлжлүүлэн ажиллуулах нь ажил олгогчийн сонгох эрхэд хамаарч байх тул өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн нэхэмжлэгч Т.М-г Өлгий сумын ерөнхий боловсролын **сургуулийн захирлын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах нь ажил олгогчийн сонгох эрхэд хамаарч байх тул түүнийг ажил олгогчоос 65 нас хүртэл нь заавал ажиллуулах үүрэгтэй гэсэн ойлголт биш байна.

Иймд дээрхээс дүгнэвэл, ажлаас чөлөөлөгдөх үед 62 нас хүрчихсэн байсан Өлгий сумын ерөнхий боловсролын **сургуулийн захирал Т.М- нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.2 дахь заалтаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүссэн буюу өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг хангасан байх тул түүнийг ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх заалт /үргэлжлүүлэн ажиллуулахыг ажил олгогч зөвшөөрөөгүй тул/, 78.1.9 /хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажил олгогч гаргасан/ дэх заалтыг баримталж ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар 65 нас хүртлээ ажиллуулах ёстой гэх нэхэмжлэгчийн тайлбар, давж заалдах гомдол тус тус хуулийн үндэслэлгүй байна.

 

14. Нэхэмжлэгч Т.М-н давж заалдах гомдолд “гурван талт хорооны хүчин төгөлдөр болсон шийдвэрийн талаар ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй” гэх боловч анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т энэ талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн уг гомдол бодит үндэслэлгүй байна.

Хэргийн 11-13 дахь талд авагдсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлээр гомдол гаргасан ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгтэй илэрхий зөрчилдсөн бөгөөд талууд тухайн маргаантай асуудлын талаар харилцан тохиролцоогүй байхад тухайн асуудлыг бие дааж шийдвэрлэсэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлийг баталгаажуулахаас татгалзсан Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 130/ШЗ2024/01393 дугаар, хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж хэрэгт авагджээ. Иймээс энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон давж заалдах гомдол тус тус хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож, 

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 130/ШШ2024/00526 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч  Т.М-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5  дахь заалтаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                            Ж.ОТГОНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ