Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 429

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-7-8 тоотод оршин суух, эрэгтэй, ВП69011418 регистрийн дугаартай, Бэсүд овогт Дүгэрийн Энх-Амгалангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-2-10 тоотод оршин суух, эрэгтэй, ВЭ76120611 регистрийн дугаартай, Начин овогт Навааны Буяннэмэхэд холбогдох

Зээлийн гэрээний үүргийн 1500000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Энх-Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Н.Буяннэмэх нь 2015 оны 02 дугаар сарын 21-ний өдөр бараа, бүтээгдэхүүн авч өгөх зориулалтаар 1500000 төгрөгийг надаас авсан болно. Н.Буяннэмэх нь мөнгөө эргүүлж өгөхгүй байх тул энэ мөнгийг надад буцаан олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Буяннэмэх шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие 2015 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Д.Энх-Амгалангаас 1500000 төгрөг авсан. Энэ мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Н.Буяннэмэх нь зээлийн гэрээний үүргийн 1500000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Д.Энх-Амгаланд төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Н.Буяннэмэхийн шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн хариуцагч Н.Буяннэмэхийн зөвшөөрлийг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Буяннэмэх нь зээлийн гэрээний үүргийн 1500000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Д.Энх-Амгаланд төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төрийн сангийн данснаас 19475 төгрөг, хариуцагч Н.Буяннэмэхээс 19475 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Энх-Амгаланд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг захирамжийг хариуцагч Н.Буяннэмэх нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ