Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 212/МА2024/00066

 

Б- сумын Засаг даргын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбекийн даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2024/00484 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Б- сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* багт оршин суух У овогт Т-н К-нд холбогдох,

 

“Хоршоо хөгжүүлэх сангаас авсан зээлийн төлбөр 5.874.900 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1 Хариуцагч Т.К- нь 2014 онд Баян-Өлгий аймгийн Б- сумын Хоршоо хөгжүүлэх сангаас 3 жилийн хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй 6,000,000 төгрөгийн зээлийг зайрмагийн цех байгуулах чиглэлээр авч, мөн 2017 оны 12 дугаар сарын 18-ний өдөр хүүгийн хамтаар 6,540,000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан боловч үлдэгдэл 5,874,900 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй.

1.2   Сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1/191 дүгээр албан бичгээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсаны дараа хариуцагч Т.К- нь 300,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш огт үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байгаа.

1.3 Иймд Т.К-ы Б- сумын Хоршоо хөгжүүлэх санд учруулсан хохирлыг журмын дагуу гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1 Т.К- нь 2014 онд Б- сумын Хоршоо хөгжүүлэх сангаас 3 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийг авч, 3 жилийн хугацаанд хувааж төлж өгөхөөр болж гэрээ байгуулсан.

2.2 Зээлийн гэрээний дагуу 2017 оны 12 дугаар сарын 18-ний өдөр хүүгийн хамт 6,540,000 төгрөг төлж барагдуулах ёстой. Зээлдэгч Т.К- нь зээлээр авсан мөнгийг буцаан төлөх үүргээ хэрэгжүүлэх эцсийн хугацаанаас хойш 7 жил өнгөрсөн тул цаашид уг зээлийг эгүүлэн төлөхөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

2.3 Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар энэ хуульд өөрөөр заагаагүй бол гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шүүхэд нэхэмжлэл гаргаж, гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

2.4 Иймд Баян-Өлгий аймгийн Б- сумын Засаг дарга К.Е-ын Т.К-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2024/00484 дүгээр шийдвэрээр:

3.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.К-аас 5,874,900 (таван сая найман зуун далан дөрвөн мянган есөн зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Б- сумын Хоршоо хөгжүүлэх санд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Б- сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.К-аас улсын тэмдэгтийн хураамж 108,948 (нэг зуун найман мянган есөн зуун дөчин найман) төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

            4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хариуцагч Т.К- нь 2014 онд Баян-Өлгий аймгийн Б- сумын Хоршоо хөгжүүлэх сангаас 3 жилийн хагацаатай жилийн 3 хувийн хүүтэй 6,000,000 төгрөгийн зээлийг зайрмагийн цех байгуулах чиглэлээр авсан. Зээлийн гэрээний дагуу 2017 оны 12 дугаар сарын 18-ний өдөр хүүгийн хамт 6,540,000 төгрөг төлж барагдуулах ёстой. Зээлдэгч Т.К- нь зээлээр авсан мөнгийг буцаан төлөх үүргээ хэрэгжүүлэх эцсийн хугацаанаас хойш 7 жил өнгөрсөн буюу хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул цаашид уг зээлийг эгүүлэн төлөхөө хүлээн зөвшөөрөөгүй.

            4.2 Анхан шатны шүүхээс “Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа гурван жил байна гэж заасан боловч мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлд энэхүү гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой аливаа маргаантай асуудлыг хамтран шийдвэрлэх бөгөөд маргааныг шийдвэрлэх боломжгүй үед шүүхээр шийдвэрлүүлнэ гэж зааснаас үзэхэд эхлээд талууд харилцан зөвшилцөөд боломжгүй тохиолдолд шүүхэд хандах нөхцөлийг тохирсон байх тул энэ журмаар шүүхэд хандсан нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй, хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн гэх үндэслэлгүй байна” гэж Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

            4.3 Зээлийн гэрээний дагуу 2017 оны 12 дугаар сарын 18-ний өдөр хүүгийн хамт 6,540,000 төгрөг  төлж барагдуулах ёстой байсан бөгөөд мөн өдөр шаардах эрх үүссэн. Үүнээс хойш 7 жил өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах гурван жилийн хугацааг өнгөрөөсөн тул гэрээний дагуу шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

            Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2024/00484 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

            5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн талуудын хооронд үүссэн зээлийн гэрээнээс үүдэлтэй маргааны үйл баримтыг үндэслэлтэй сэргээн тогтоож, түүнд Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх” зарчимд нийцсэн байна.

            6. Хэрэгт цугларсан баримтуудаар талуудын хооронд 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр хариуцагч Т.К- нь нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Б- сумын Засаг даргаас буюу тус сумын сум хөгжүүлэх сангаас 6.000.000 төгрөгийг хөнгөлөлттэй нөхцөлөөр, эхний жилд нь хүүгүй, эргэн төлөлтгүйгээр, дараагийн жилээс эхлэн 2015 оны 12 дугаар сард үндсэн зээлийн төлбөрт 1.000.000 төгрөг, хүүгийн төлбөрт 180.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сард үндсэн зээлийн төлбөрт 2.000.000 төгрөг, хүүгийн төлбөрт 150.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 3.000.000 төгрөг, хүүгийн төлбөрт 90.000 төгрөг, ингээд үндсэн зээл 6.000.000 төгрөгт нийт 420.000 төгрөгийн зээлийн хүүгийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд үүрэг гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлж байгаагүй, гэрээнд заасан хугацаа, журмын дагуу эргэн төлөлт хийгээгүй, харин үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардсанаар 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 300.000 төгрөгийн эргэн төлөлт хийж байсан нь тогтоогджээ.

 

            7. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Б- сумын Засаг дарга нь нэхэмжлэлийн шаардлагаа 5.874.900 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч Т.К- болон түүний өмгөөлөгчөөс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаа, журмын дагуу биелүүлж байсан талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй учраас, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу зээлдэгч Т.К- нь зээлдүүлэгч Б- сумын Засаг дарга буюу сум хөгжүүлэх сангаас шилжүүлж авсан мөнгийг гэрээнд заасан хүүгийн төлбөртэй хамт буцаан төлөх үүрэгтэй.

 

            8. Хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсгийн 75.2.1 дэх заалтад заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан гэж тодорхойлсон нь хууль зүйн болон бодит үндэслэлд нийцэхгүй байна. Учир нь, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.3 дахь хэсэгт талууд энэ гэрээтэй холбоотой аливаа маргаантай асуудлыг харилцан тохиролцож буюу эвлэрлийн журмаар шийдвэрлэхээр тохирсон бөгөөд хэрвээ ийнхүү эвлэрлийн журмаар харилцан тохиролцож шийдвэрлэх боломжгүй болсон тохиолдолд шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр гэрээндээ тусгайлан заажээ.

 

            9. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохоор, 76.4 дэх хэсэгт шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно гэж тус тус хуульчилсан.

Талууд тус гэрээнээс үүдэлтэй аливаа маргааныг харилцан тохиролцож буюу хамгийн түрүүнд эвлэрлийн журмаар шийдвэрлэхээр гэрээндээ маргааныг шийдвэрлэх журмыг тусгайлан тогтоосон бөгөөд нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нь зээлдүүлэгч Б- сумын Засга даргаас зээлдэгч Т.К-д холбогдуулан Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандсан үеэс эхлэн тоологдох ба хэргийн 2 дахь талд авагдсан Эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 136 дугаар тэмдэглэлийг үндэслэвэл, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсгийн 75.2.1 дэх заалтад заасан хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа өнгөрөөгүй гэсэн агуулгатай анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, харин энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

            10. Иймд давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. Хуульд зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгө төрийн сангийн дансанд хэвээр үлдэнэ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

            1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2024/00484 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108.948 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                Ж.Отгонхишиг

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК