Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 551

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

Улсын яллагч М.Сансарсайхан,

Өсвөр насны шүүгдэгч Б., түүний хууль ёсны төлөөлөгч Х.,

Өсвөр насны шүүгдэгч Б., түүний хууль ёсны төлөөлөгч Ц.,

Шүүгдэгч Н., тэдгээрийн өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийв.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н., Б., Б. нарт холбогдох 1908015970577 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1999 оны 05 сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто зам, гүүр, барилгын замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Аргалынхан овогт н  //.

Монгол Улсын иргэн, 2001 оны 05 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ийн  //.

Монгол Улсын иргэн, 2001 оны 09 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт ийн  //.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 Яллагдагч Н., насанд хүрээгүй яллагдагч Б., Б. нар нь бүлэглэж, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ үе” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн ойролцоо насанд хүрээгүй Б.ийг дээрэлхэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

           1.Хохирогч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2019 оны 3 дугаар сарын 12-нд 11 цаг 30 минутын үед мэргэжлийн хичээл ороод т арж байх үед сургуулийн гаднах хашааны хаалгаар гараад гэр рүүгээ явах гэхэд /сүүлд нэрийг нь мэдсэн/ оо гэх хүүхэд намайг наашаа хүрээд ир гэхээр нь яваад очсон. Намайг очсон чинь юу ч хэлэлгүйгээр сургуулийн урд талын гудамж руу дагуулж явах үедээ Шонхоо гээд дуудсан. Бид явсаар дэлгүүрийн ард ирэх үед оо надад хандан нэгдүгээр дамжааныхан яасан том болсон юм бэ? та нарыг өнөөдөр жагсаанаа гэхэд нь “би яасан юм бэ?” гэж асуусан. Энэ үед Шонхоо буюу  ирээд чи нүдний шилээ ав гэхээр нь би нүдний шилээ авахад миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Би түр хүлээж бай нүдний шилээ цүнхэндээ хийе гээд нуруунд үүрч явсан цүнхэндээ хийх гэхэд Шонхоо дахин хамар руу цохихоор нь би зөрүүлээд хүзүү орчимд нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Харин  намайг баруун хацар орчим 2-3 удаа гараараа цохисон. Тэгэхэд оо үргэлжлүүлэн дух руу гараараа 2 удаа цохисон. Миний хамраас цус гараад 2 гараараа нүүрээ хаагаад тонгойсон чинь хэн нь өшиглөснийг мэдэхгүй нэг нь нүүрээ хаасан байсан гар руу өшиглөсөн. Харин тонгойсон байхад толгойн ар хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисон. Хэн нь цохиод байгааг нь мэдэх боломжгүй байсан. Удалгүй тэд цохиж болих үед нь дээшээ өндийгөөд харсан чинь сургуулийн хүүхдүүд ирчихсэн байсан. оо, Шонхоо,  нар байхгүй явчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 8-9 х/,

 

 2.Өсвөр насны шүүгдэгч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...энэ үед би гараараа нэг удаа Б.ийн толгой хэсэг рүү цохисон..., ... гараараа нүүрээ дараад тонгойсон байхад нь нүүр хэсэг рүү нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 22-24 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 3.Өсвөр насны шүүгдэгч Б.ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би гараараа Б.ийн эрүү, болон толгой хэсэг рүү тус бүр нэг нэг удаа цохисон..., ...гараараа нүүрээ дараад тонгойсон байхад нь нүүр хэсэг рүү нь хөлөөрөө удаа өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 129-131 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 4.Шүүгдэгч Н.ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би гараараа дух хэсэг рүү нь 2 удаа, толгой хэсэг рүү 4-5 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 136-138 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           5.Гэрч Ц.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 4 хүүтэй, том нь  юм. Миний хүү  нь 2013 оноос хойш ясны идээт үрэвсэл гэсэн эмнэлгийн оноштой одоог хүртэл эмчлүүлж байна. Түүнчлэн 2018 оны 11 сарын 07-ны өдөр хагалгаа хийлгэж баруун хөлийн тавхай хэсгийн арьс нөхөж, 2 хурууг хадуулсан.  нь 2016 оны намар Шинэ-Үе мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн Барилгын цахилгаанчны мэргэжлээр 2018 оны 06 дугаар сарын 12-ний өдөр төгссөн. Би ыг бусадтай нийлж хүүхэд зодсон гэх талаар маргааш өдөр нь мэдсэн. Одоо миний хүү хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. ...” гэх мэдүүлэг /хх 33 х /,

 

          6.Гэрч Х.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... нь миний 5 дахь хүүхэд болж мэндэлсэн. Миний хүү 3 дугаар ангид байхдаа цэцэрлэгийн тоглоом дээрээс унаж гэмтээд түүнээс хойш хааяа ухаан алдаж унадаг, огцом ууртай болсон. Мөн чих нь аливаа зүйлийг сонсохдоо муу болоод байгаа. Одоогоор насанд хүрээгүй шалтгаанаар ажил хөдөлмөр эрхлээгүй гэртээ байгаа. Одоо миний хүү өөрийн гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. ...” гэх мэдүүлэг /хх 26 х /,

 

           7.Шинжээчийн 3320 тоот дүгнэлт

1.Б.ийн биед хамар, дух, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зовхинд зулгаралт, уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 11х/,

 

8.Б.ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 50 х/

9.Б.ын нас тоолсон тэмдэглэл /хх 51 х/

10.Б.ын төрсний гэрчилгээний хуулбар /хх 52 х/

11.Б.ын хувийн байдлын тодорхойлолтууд /хх 53-69 х/

12.Б.ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 70 х/

13.Б.ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 78 х/

14.Б.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 79 х/

15.Б.ийн нас тоолсон тэмдэглэл /хх 80 х/

16.Б.ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 81 х/

17.Б.ийн хувийн байдлын тодорхойлолтууд /хх 82-89 х/

18.Б.ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 90 х/

19.Б.ийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 91 х/

20.Н.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 109 х/

21.Н.ийн хувийн байдлын тодорхойлолтууд /хх 110-115 х/

22.Н.ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 116 х/

23.Хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай бичгээр гаргасан баримт /хх 151 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Шүүгдэгч Н., өсвөр насны шүүгдэгч Б., Б. нар 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ үе” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гадна талбайд насанд хүрээгүй Б.ийг ямар ч шалтгаангүйгээр хамтран зодож, эрүүл мэндэд нь  хамар, дух, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зовхинд зулгаралт, уруулд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

           - Хохирогч Б.ийн “...  миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Би түр хүлээж бай нүдний шилээ цүнхэндээ хийе гээд нуруундаа үүрч явсан цүнхэндээ хийх гэхэд Шонхоо буюу  дахин хамар руу цохихоор нь би зөрүүлээд хүзүү орчимд нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Харин  намайг баруун хацар орчим 2-3 удаа гараараа цохисон. Тэгэхэд оо үргэлжлүүлэн дух руу гараараа 2 удаа цохисон. Миний хамраас цус гараад 2 гараараа нүүрээ хаагаад тонгойсон чинь хэн нь өшиглөснийг мэдэхгүй нэг нь нүүрээ хаасан байсан гар руу өшиглөсөн. Харин тонгойсон байхад толгойн ар хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисон. Сүүлдээ хэн нь цохиод байгааг нь мэдэх боломжгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 8-9 х/,

 - Өсвөр насны шүүгдэгч Б.ийн “... би гараараа нэг удаа Б.ийн толгой хэсэг рүү цохисон..., гараараа нүүрээ дараад тонгойсон байхад нь нүүр хэсэг рүү нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 22-24 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 - Өсвөр насны шүүгдэгч Б.ын “... би гараараа Б.ийн эрүү, болон толгой хэсэг рүү тус бүр нэг нэг удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх 129-131 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 - Шүүгдэгч Н.ийн “...би гараараа дух хэсэг рүү нь 2 удаа, толгой хэсэг рүү нь 4-5 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 136-138 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Б.ийн биед хамар, дух, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зовхинд зулгаралт, уруулд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Шүүх эмнэлгийн шинжээчийн 3320 тоот дүгнэлт /хх 22 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Н., Б., Б. нар үйлдлээрээ нэгдэн бүлэглэн Б.ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдлүүд хоорондоо шалтгаант холбоотой, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 11 х/ гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.     

Шүүгдэгч Н., Б., Б. нар хүнийг зодсон өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Н., Б., Б. нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

            Хохирогч Б. эмчилгээний зардал нэхэмжлэхгүй болох нь түүний бичгээр гаргасан баримт /хх 151 х/-аар тогтоогдож байх тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

            Улсын яллагч: Шүүгдэгч Н.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, өсвөр насны шүүгдэгч Б., Б. нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрт нь 180 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан.

 

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Батаа:Шүүгдэгч нар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бусдад төлөх төлбөргүй, гэм буруу дээр маргахгүй байгаа тул Н.ид 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Б., Б. нарт ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү? гэх саналыг гаргасан болно.

 

Б. нь хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх үед 18 насанд хүрсэн хэдий ч гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1-д зааснаар түүнийг өсвөр насны шүүгдэгч гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг нь хорих ялгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэлгүй болно.

            Н., Б., Б. нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, гэмт хэргийн хор уршиг их биш зэргийг харгалзан Н.ийг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Б., Б. нарыг 150 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Аргалынхан овогт н , Боржигон овогт ийн , Боржигин овогт ийн  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.ийг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.ийг 150 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Б.ыг 150 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н., Б., Б. нарт мэдэгдсүгэй.

   4.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

   5.Н., Б., Б. нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н., Б., Б. нарт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ