| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 101/2016/01724/И |
| Дугаар | 162 |
| Огноо | 2016-06-21 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Голомт хотхон А-16 тоотод оршин суух, Чонос овогт Одгийвын Оюун/РД: ХГ69070465/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу гудамж, 37-54 тоотод байрлах, “Тэлмэн хас” ББСБ,
Хамтран хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу гудамж, 37-54 тоотод оршин суух, Магсаржавын Нинад холбогдох
Барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, “Тэлмэн Хас” ББСБ-ын зээлийн гэрээний үүрэгт 18 712 америк доллар буюу 38 210 941 төгрөгийг, гарсан зардалд 4 627 000 төгрөгийг нийт 42 837 941 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан, хариуцагч “Тэлмэн Хас” ББСБ болон хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид, нарийн бичгийн даргаар Г.Ууганбаяр нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний хэрэн хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дэх хэсэгт “... нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх ... эрхтэй” гэж заасны дагуу 2016 оны 01-р сарын 26-ны өдөр гаргасан Зээлийн гэрэээг хүчин төгөлдөр бус болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай болгон нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.
Учир нь 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Тэлман хас” ББСБ-тай 14/85 тоот зээлийн гэрээг байгуулж 10.000 ам.доллар зээлж авсан. Зээлийн гэрээ байгуулахад барьцаа болгож УНЗ 74-04 тоот улсын дугаартай “Ландкруйзер” маркийн автомашиныг зээлдүүлэгч “Тэлмэн хас ББСБ” ХХК-ийн захирал Магсаржавын Нинагийн нэр дээр шилжүүлсэн бөгөөд хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлд тус автомашиныг барыдаанд тавьж зээл олгосон тал дээр талууд маргадаггүй билээ.
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт “Барьцааны гэрээг бичгээр байгуулна. 156.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заасан байна.
Энэхүү барьцааны гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй байх тул анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь харагдаж байна. Иймд Иргэний хуульд заасны дагуу гэрээ хүчин төгөлдөр болсны үр дагаврыг тооцож УНЗ 74-04 тоот улсын дугаартай “Ландкруйзер” маркийн автомашин хариуцагч М.Нинагаас гаргуулах хүсэлттэй байна.
Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэл болон түүний тодруулсан шаардлагад гаргасан хариу тайлбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “2016 оны 04-р сарын 06-ны өдөр “ТэлмэнХас ББСБ” ХХК нь О.Оюун надад холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасантай холбогдуулан хариу тайлбар гаргаж байгааг хүлээн авна уу. Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
“Тэлмэн Хас” ББСБ-тай 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 14/85 тоот зээлийн гэрээ байгуулж 10 000 ам доллар, 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж 2000 ам.долларыг зээлсэн бөгөөд гэрээний дагуу хүүг цаг тухай бүрт төлж байсан. Тухайлбал 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 500 ам.доллар, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 500 ам.доллар, 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 1500 ам.доллар, 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 1580 ам.доллар, 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 1000 ам.долларыг бэлнээр, түүнчлэн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 540,32 ам.доллар, 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 480 ам.доллар, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 500 ам.доллар, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 500.76 ам.доллар, 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 600 ам.доллар, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1000 ам.долларыг тус тус “Тэлмэн хас ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Нинагийн харилцах Хас банкны хувийн дансанд, мөн түүний Хаан банкны дансанд 1000 ам.долларыг шилжүүлж байсан байна.
Мөн “Тэлмэн хас ББСБ” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа 18.164 ам.долларын үндсэн зээл, хүү нэмэгдуулсэн хүүг төлөөгүй байна гэж маргаж байгаа боловч О.Оюун намайг урьд нь хэдий хэмжээний төлөлт хийсэн, одоо яагаад ийм хэмжээний мөнгө төлөх ёстойг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
М.Нина нь зээлийн гэрээний барьцаа болгож миний УНЗ 74-04 тоот улсын дугаартай “Ландкруйзер 200” маркийн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж зээлдэгч О.Оюун миний бие тухайн автомашиныг эзэмшиж ашиглаж байхаар харилцан тохиролцож эзэмшиж ашиглаж байсан. Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн орой уг автомашиныг миний дүү Ундрам жолоодон явж байгаад захиргааны зөрчил гаргаж автомашиныг журамласан ба тухайн өдрөө уг машиныг журмын хашаанаас М.Нина нь миний дүүг уг автомашиныг өөрөөс нь хулгайлсан гэж гүтгэн, замын цагдаагийн ажилтантай үгсэн хуйвалдан тус автомашиныг ачуулан авч явсан байсан бөгөөд тус автомашиныг хаана аваачсан нь мэдэгдэхгүй, түүнтэй холбогдож чадахгүй өнөөдрийг хүрлээ. Одоо уг автомашиныг М.Нинагийн хүү унаж яваа талаар мэдээлэл авсан.
Уг автомашиныг миний бие анх 78000 ам.даллораар худалдан авч байсан бөгөөд өмнө хоёр ч удаа мөн зээлийн гэрээний дагуу түүний барьцаанд М.Нинагийн нэр дээр шилжүүлж гэрээний үүргээ гүйцэтгэж дууссанаар буцаан өөрийн нэр дээр шилжүүлэн авч байсан. Миний зүгээс М.Нинатай байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бөгөөд тус гэрээний үүргийг гүйцэтгээгүйгээр шалтаглан миний үнэ цэнэтэй хөрөнгө болох автомашиныг залилан авч яван, өөрийн хувийн хэрэгцээнд одоог хүртэл ашиглаж байгаа нь хууль бус үйлдэл гэж дүгнэж байна.
Иймд сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн хэмжээг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь О.Оюун миний бие “Тэлмэн Хас ББСБ” ХХК-иас авсан зээлээ тухай бүрт нь өгч явж байгаад санхүүгийн хямралаас үүдэн цаг хугацааны хувьд хариуцлага алдаж байсан боловч өөрийн бүхий л олсон орлогоо өгч байсан. Тухайн үед учирлан гуйж гэрээний хугацааг сунгах саналаа удаа дараа гаргаж энэ тухай гүйцэтгэх захирал М.Нинад мэдэгдэж байсан боловч тэрээр хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд өөрийн хүүгийнхээ хамт гэр маань ирж бага насны /6-10 насны/ 2 хүүхдийг минь айлган дарамталж “... ээжийг чинь цагдаад өгнө, ээжийгээ олоод ир” гэх зэргээр бүдүүлэг ёс зүйгүй ааш авир олон удаа гаргах болсон. Иймд би 2015 оны 08-р сарын 20-ны өдөр хүүхдүүдэд минь иймэрхүү байдал битгий гаргаач хэмээн гуйж очиход М.Нина надаар өөрөө хэлж байгаад зээлээ төлж барагдуулна хугацаа олгоочээ гэсэн агуулга бүхий хүсэлтийг бичүүлж авсан.
77-04 УНЗ Ландкруйзер 200 маркийн автомашиныг О.Оюун миний бие эзэмшиж ашиглаж байхаар харилцан тохиролцоод зээл авсан. Гэтэл 2015 оны 11-р сарын 25-ны өдөр миний дүү охин Ундрам уг машиныг унаж яваад машин шүргэж замын цагдаа дуудсан бөгөөд яг тэр үед М.Нинагийн хүү тус зам дээр явж таараад энэ талаар М.Нинад мэдэгдсэн байдаг. Ингээд замын цагдаа Ундрамд машины даатгалын 192 000 төгрөг төлж ирээд машинаа журмын хашаанаас аваарай гээд машины түлхүүрийг өгсөн байдаг. Тухайн үед М.Нина дүү Ундрамыг машин хулгайлж явсан гэж цагдаад бариулна гэж айлган сүрдүүлж өргөдөл бичүүлэн авсан байсныг би сүүлд мэдлээ. Үүний дараа тухайн өдрийнхөө шөнө М.Нина дур мэдэн замын цагдаатай үгсэн хуйвалдаж түлхүүргүй машиныг журмын хашаанаас чирүүлэн авч явсан байдаг. Тэр шөнийн журмын хашаанд орсон машины тэмдэглэл устсан байдаг. 2015 оны 11-р сарын 26-ны өдрөөс хойш уг машиныг М.Нинагийн хүү унаж хэрэглэж байгаа.
Анхнаасаа зээлийн төлбөр төлөгдөөгүй тохиолдолд автомашиныг М.Нина авна энэ хөрөнгөөр төлбөрийг гаргуулна гэсэн аман болон бичгэн тохиролцоо огт хийгээгүй ба дүү Ундрамын буруутай байдлаас болж А.Солонго гэх хүний машинд учирсан хохирол болох 250 000 төгрөгийг би төлж барагдуулсан. Мөн тухайн үед уг автомашиныг би унаж осол гаргаагүй бөгөөд үүнтэй холбогдох хохирлыг би төлөх үндэслэлгүй гэж бодож байна.
О.Оюун миний бие 12 мянган долларыг зээлж аваад хугацаандаа төлөөгүй хариуцлага алдсанаа гүнээ ухамсарлаж байгаа хэдий ч уг машинаа би 2010 онд 78.000 ам.доллараар цоо шинээр нь Мандах гэх хүнээс бэлэн мөнгөөр худалдан авч байсан бөгөөд хөдөө гадаа огт явдаггүй учраас ердөө 60.000 км явсан, одоогийн зах зээлийн ханш нь 65.000.000 төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгө юм. Мөн зээлсэн 12.000 долларын тал шахуу мөнгийг “Тэлмэн хас ББСБ” ХХК-д дансаар болон түүний гүйцэтгэх захирал М.Нинад бэлнээр өгч байсан энэхүү баримт нь тус байгууллага болон М.Нинад байгаа болно. Иймд авсан зээлээс төлөгдөөгүй төлбөр байгааг хүлээн зөвшөөрч байгаа боловч нэхэмжпэгчийн нэхэмжлээд байгаа үнийн дүн болон тухайн үед шүргэлцсэн гэх багахан хэмжээний гэмтлийг ийм өндөр үнээр засварласан гэх зэргээр үндэслэлгүй төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй, мөн тус төлбөрийг автомашинаар хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.
Хариуцагч “Тэлмэн хас” ББСБ болон хамтран хариуцагч М.Нинагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч О.Оюун нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлээ өөрчилж гаргажээ.
Зээлдэгч О.Оюун нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүйгээс тус байгууллагын эрх, хууль ёсны эрх ашгийг хохироож байна.
“Тэлмэн хас” ББСБ-ын захирал М.Нина, зээлдэгч О.Оюун нар нь харилцан тохиролцож 2014 оны 09 сарын 18-нд 7704 УНЗ улсын дугаартай тоёота Ландкруйзер марын автомашиныг нь “Тэлмэн хас” ББСБ-ын захирал М.Нинагийн эзэмшилд шилжүүлсэн нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байх ба хууль зөрчөөгүй “Тэлмэн хас”ББСБ-ын захирал Нина үүрэг гүйцэтгэгчээс ИХ-ийн 157 дугаар зүйлд заасан үндэслэлээр шаардах эрхтэй байна.” гэв.
Хариуцагч “Тэлмэн хас” ББСБ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Иргэн О.Оюун манай байгууллагатай 2014 оны 09-р сарын 17-ны өдөр 14/85 тоот Зээлийн гэрээ байгуулж 10 000 ам.долларыг 6 сарын хугацаатай, сарын 3.8 хувийн хүүтэйгээр зээлсэн. 9 хоногийн дараа буюу 2014.09.26-ны өдөр нэмж 2 000 ам.долларын зээл авах хүсэлт гаргаж, Зээлийн гэрээний нэмэлт гэрээг байгуулан нийт 12 000 ам.долларын зээл авсан. О.Оюун уг гэрээнд заасан хүү төлөх хуваарийг удаа дараа зөрчиж, хуваарийн дагуу үндсэн зээлийг буцаан төлөх эцсийн хугацаа буюу 2015.03.26-нд зээл, хүүг төлөөгүй. Манай байгууллагаас тавьсан зээл төлөх шаардлагад янз бүрийн тайлбар тавьж, авсан зээлээ төлөхөөс зайлсхийсээр 2016.04.06-ны өдрийн байдлаар 18 164 ам.долларын үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй байна.
2015 оны есдүгээр сараас хойш О.Оюунтай холбоо барих боломжгүй болж гадаадад байгаа, холбоо барьж чадахгүй байгаа, хэзээ ирэхийг нь мэдэхгүй, зээлтэй холбоотой асуудлыг бид мэдэхгүй, хариуцахгүй гэсэн хариуг гэрийнх нь үйлчлэгч, хүүхдүүд нь манай ажилтнуудад өгч байсан. Харин 2016.01.26-ны өдөр О.Оюун нь тус шүүхэд хандаж зээлийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаснаар түүнийг Монголд байгаа нь тогтоогдож байна.
Иймд О.Оюунтай байгууллагатай байгуулсан зээлийн гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний дагуу О.Оюуны хүлээсэн үүргийг гүйцэтгүүлж, 18 164 америк долларын зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлж өгнө үү. Тухайн өдрийн албан ханшаар 37 105 165 төгрөгтэй тэнцэж байгаа бөгөөд тэмдэгтийн хураамжийг үүнийг үндэслэн тооцсон болно.” гэжээ.
Хариуцагч “Тэлмэн хас” ББСБ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд “Тэлмэн хас” ББСБ нь 2016 оны 04 сарын 06-ны өдөр зээлдэгч О.Оюунаас зээлийн гэрээний үүрэгт нийт 18 164 ам доллар гаргуулахаар сөрөг нэхэмжпэлийг гаргасан бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж, тодруулга хийж байгаа болно. Үүнд:
1. 3ээлдэгч О.Оюун нь “Тэлмэн хас” ББСБ-аас 2014 оны 09 дүгээр сарын 17-нд 14/85 дугаар зээлийн гэрээгээр 10 000 долларыг 3.8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаагаар, мөн 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нэмэлт гэрээ хийж 2000 ам долларыг 4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай тус тус зээлсэн байна. О.Оюун нь уг зээлийн эргэн төлөгдөх баталгаа гэж өөрийн өмчлөлийн 77-04 УНЗ улсын дугаартай Ландкрузейр 200 маркийн авто машиныг “Тэлмэн хас” ББСБ захирал М.Нинагийн миний нэр дээр шилжүүлж өгсөн бөгөөд уг автомашиныг зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч Оюунаа ашиглаж байхаар тохиролцож тэрээр уг автомашиныг эзэмшилдээ байлгаж байсан.
Гэтэл 2015 оны 11 сард БГД-ийн Замын цагдаагийн тасгаас намайг дуудахад очиход таны эзэмшлийн автомашин жолоодож явсан Ундрам нь зам тээврийн осол гаргаж журмын хашаанд саатуулагдсан, мөн бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан байна гэж танилцуулсан. Зээлдэгч О.Оюун дүү Ундрамд зээлийн барьцаанд шилжүүлсэн Ланд круйзер-200 маркийн, 7704 УНЗ улсын дугаартай авто машиныг шилжүүлснээс тэрээр 2015 оны 11 сарын 25-ны өдөр осол гаргасан байсан. БГД-ийн Замын цагдаагаас 2015 оны 12 сарын 22-нд Ундрамд захиргааны арга хэмжээ авч 19200 төгрөгийн торгуулийг манайхаар төлүүлсэн.
“Тэлмэн хас” ББСБ-аас зээлдэгч О.Оюуныг авсан зээлээ төлөхийг удаа дараа шаардахад тэрээр 2015 оны 08 сарын 20-нд “Тэлмэн хас” ББСБ-д хандан хүсэлт гаргахдаа 2015 оны 08 сарын 28-ны дотор үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх болно гэж бичиж өгсөн атлаа төлөөгүй. Дараа нь бид зээлдэгч О.Оюунтай холбоо барих боломжгүй болсон бөгөөд түүний ар гэрийнхэнээс нь асуухад гадаад явсан гэх мэдээлэлийг удаа дараа өгч байсан. Гэтэл О.Оюун нь 2016 оны 01 сарын 26-нд шүүхэд хандан Зээлийн гэрээг хүчингүй болгуулахаар үндэслэлгүй нэхэмжлэл гаргаснаар өөрийгөө Монгол улсад байгаагаа нотолсон.
Зээлдэгч О.Оюун нь “Тэлмэн хас” ББСБ-аас зээлж авсан 12000 ам.доллар түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй нь зээлийн гэрээгээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
“Тэлмэн хас” ББСБ 2016 оны 04 сарын 06-ны өдрийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ зээлийн гэрээний дагуу 18 164 ам доллар буюу 37 105 165 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба одоо 2016.04.06-наас 2016 оны 5 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны нэг сарын хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцож байна. О.Оюунаас үндсэн зээл 12000 ам доллар, зээлийн хүү 5785 ам доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 926 ам доллар, нийт 18 712 ам доллар буюу 38 210 941 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжпэлээ нэмэгдүүлж тодруулга хийж байна. Хавсралтаар зээлийн картын тооцооны хуудас хавсаргав.
2.3ээлдэгч О.Оюун нь дээрх 12000 ам долларын зээлийн барьцаа болгож шилжүүлсэн Ланд круйзер-200 маркийн, 7704 УНЗ улсын дугаартай машинаа дүү Ундрамд жолоодуулснаас тэрээр зам тээврийн осолд оруулж “Тэлмэн хас” ББСБ болон Нинад давхар хохирол учруулсан юм. Үүнд: Ланд круйзер-200 маркийн машиныг журмын хашаанаас ачихад Ундрамаас машины түлхүүр шаардахад машины түлхүүр өгөөгүй тул аргагүйн эрхэнд шинээр түлхүүр хувилах шаардлага гарч дуудлагын засвар үйлчилгээгээр 650 000 төгрөгөөр түлхүүр хийлгэсэн, журмын хашаанаас ачсан зардалд 65000 төгрөг, осолд орсон автомашины эвдрэлийг “Ви эм пи” ХХК-иар засвар хийлгэхэд 300 000 төгрөг, автомашиныг хөдөлгөхөд гарсан шатахууны зардал 40 000 төгрөг, аккумлятор авч тавихад 217 000 төгрөг, төлбөртэй зогсоолын зардалд 900 000 төгрөг, 2015 оны оношлогоонд оруулсан 30000 төгрөг, нэмэлт үйлчилгээ хийхэд гарсан зардалд 1 725 000 төгрөг, жолооч Ундрамын торгуулд 19200 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 700 000 төгрөг, нийт 4 627 000 төгрөгийг нэмж гаргуулахаар нэхэмжилж байгаа бөгөөд Зээлийн гэрээний үүргийн дагуу 18 712 ам доллар буюу 38 210 941 төгрөг, зээлийн барьцаа хөрөнгийг осолд оруулсантай холбоотой болон зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйтэй холбогдон гарсан зардалд 4 627 000 төгрөг. Нийт 42 837 941 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.” гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч О.Оюун хариуцагч “Тэлмэн хас” ББСБ-д, хамтран хариуцагч М.Нинад холбогдуулан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч “Тэлмэн Хас” ББСБ нэхэмжлэгч О.Оюунд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18 712 америк доллар буюу 38 210 941 төгрөгийг, гарсан зардалд 4 627 000 төгрөгийг нийт 42 837 941 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хариуцагч “Тэлмэн Хас” ББСБ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч О.Оюун сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч “Тэлмэн хас” ББСБ-тай 2014 оны 09-р сарын 17-ны өдөр 14/85 тоот Зээлийн гэрээ байгуулж 10 000 америк долларыг, 2014 оны 09-р сарын 26-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж 2 000 америк долларыг, нийт 12 000/арван хоёр мянга/ америк долларыг зээлж авсан болох нь 14/85 тоот гэрээ/хх-45/ болон 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн нэмэлт гэрээний/хх-46/ хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч “Тэлмэн Хас” ББСБ нь нэхэмжлэгч 12 000/арван хоёр мянга/ америк долларын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд 77-04 улсын дугаартай Ланд крузер тоёота маркийн тээврийн хэрэгслийг “Тэлмэн Хас” ББСБ-ийн захирал М.Нинад барьцаалж, хамтран хариуцагч М.Нинагийн нэр дээр шилжүүлсэн гэж маргаж байна.
2014 оны 09-р сарын 17-ны өдрийн 10 000 америк долларын зээлийн гэрээ байгуулагдсаны маргааш буюу 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 77-04 улсын дугаартай Ланд крузер тоёота маркийн тээврийн хэрэгсэл хариуцагч М.Нинагийн өмчлөлд шилжсэн болох нь Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар/хх-61/ тогтоогдож байна.
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т “Барьцааны гэрээг бичгээр байгуулна.”, 156 дугаар зүйлийн 156.3-т “Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.” гэж заасан.
Нэхэмжлэгч О.Оюун, хариуцагч М.Нина нар нь 77-04 улсын дугаартай Ланд крузер тоёота маркийн тээврийн хэрэгслийг барьцаалах барьцааны гэрээг бичгээр байгуулаагүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Оюун, хариуцагч М.Нина нар нь 77-04 улсын дугаартай Ланд крузер тоёота маркийн тээврийн хэрэгслийг барьцаалсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “.... Иргэний эрх, үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлнэ ...”, 25 дугаар зүйлийн 25.1-т “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг .... нэгдлийг хуулийн этгээд гэнэ.” гэж заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагч “Тэлмэн Хас” ББСБ-аас 12 000 америк долларын зээл авсан нь хамтран хариуцагч М.Нина нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд шилжүүлэх хууль зүйн үндэслэл болохгүй болно.
Нэхэмжлэгч, хариуцагч М.Нина нарын хооронд зээлийн гэрээтэй холбоотой харилцаа үүсээгүй болох нь 14/85 тоот гэрээ/хх-45/ болон 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн нэмэлт гэрээний/хх-46/ хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч М.Нина нь зөвхөн өөрийн нэрээр эрх эдэлж, үүрэг хүлээх ба хариуцагч “Тэлмэн Хас” ББСБ-ын нэрийн өмнөөс эрх эдэлж, үүрэг хүлээхгүй юм.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:”, мөн зүйлийн “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх .... үүрэгтэй.” гэж заасан.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар хамтран хариуцагч М.Нинагаас 77-04 улсын дугаартай Ланд крузер тоёота маркийн тээврийн хэрэгслийг буцаан гаргуулж нэхэмжлэгч О.Оюунд олгох үндэслэлтэй байна.
Хариуцагч нэхэмжлэгчээс 12000 америк доллар, зээлийн хүү 5785 ам доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 926 америк доллар, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 18 712 америк доллар буюу 38 210 941 төгрөгийг, зээлийн барьцаа хөрөнгийг осолд оруулсантай холбоотой болон зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйтэй холбогдон гарсан зардалд 4 627 000 төгрөгийг, нийт 42 837 941 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч “Тэлмэн Хас” ББСБ-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хугацаагүй олгосон болох нь Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 533 дугаар тогтоолын/хх-43/ хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч “Тэлмэн хас” ББСБ-тай 2014 оны 09-р сарын 17-ны өдөр 14/85 тоот зээлийн гэрээ байгуулж 10 000/арван мянга/ америк долларыг 3 сарын хугацаатай, сарын 3.8 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байхаар, мөн 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж 2 000/хоёр мянга/ америк долларыг, 1 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байхаар тус тус зээлсэн болох нь зохигчдын тайлбар, 14/85 тоот гэрээ болон 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн нэмэлт гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч хариуцагч “Тэлмэн Хас” ББСБ-с авсан зээлийн төлбөрт нийт 9 701/есөн мянга долоон зуун нэг/ америк доллар төлсөн гэх тайлбар гаргасан байх боловч тус тайлбар баримтаар нотлогдохгүй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “Зээлийг авсан хугацаанд төлөөгүй бол .... зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө.” гэж заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчид 14/85 тоот гэрээ болон 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн нэмэлт гэрээний зээлийн үндсэн төлбөрт 12 000/арван хоёр мянга/ америк доллар, хүүгийн төлбөрт 5 329/таван мянга гурван зуун хорин ес/ америк доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 835/найман зуун гучин тав/ америк доллар, нийт 18 164/арван найман мянга нэг зуун жаран дөрөв/ америк доллар буюу 37 105 165/гучин долоон сая нэг зуун таван мянга нэг зуун жаран тав/ /18 164.32х2042.75 төгрөг=37105164.68 төгрөг/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь 14/85 тоот гэрээ болон 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн нэмэлт гэрээний хуулбар, 14/85 зээлийн картаар/хх-69/ тогтоогдож байна.
Нэхэмжлэгчээс 14/85 тоот гэрээ болон 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн нэмэлт гэрээний үүрэгт 37 105 165/гучин долоон сая нэг зуун таван мянга нэг зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж хариуцагч “Тэлэн хас” ББСБ-д олгож, үлдсэн 1 105 776/нэг сая нэг зуун таван мянга долоон зуун далан зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хариуцагч “Тэлмэн хас” ББСБ нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйтэй холбогдон гарсан зардалд буюу иргэн С.Ундрам нь 77-04 улсын дугаартай Ланд крузер тоёота маркийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг өгөөгүйн улмаас түлхүүр хувилуулсан зардалд 650 000 төгрөгийг, тус тээврийн хэрэгслийг журмын хашаанаас ачсан зардалд 65000 төгрөг, “Ви эм пи” ХХК-иар засвар хийлгэхэд гарсан зардалд 300 000 төгрөг, шатахууны зардал 40 000 төгрөг, аккумлятор худалдан авсан зардалд 217 000 төгрөг, төлбөртэй зогсоолын зардалд 900 000 төгрөг, 2015 оны оношлогоонд оруулсан зардалд 30000 төгрөг, нэмэлт үйлчилгээ хийлгэхэд гарсан зардалд 1 725 000 төгрөг, жолооч Ундрамын торгуульд төлсөн 19200 төгрөгийг, нийт 3 946 200/гурван сая есөн зуун дөчин зургаан мянга хоёр зуу/ төгрөгийг, өмгөөлөгчийн ажлын хөлсөд 700 000 төгрөгийг, бүгд 4 627 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
77-04 улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүрийг хувилуулсан, журмын хашаанаас ачсан, “Ви эм пи” ХХК-иар засвар хийлгэхэд гарсан болон төлбөртэй зогсоолын, жолооч Ундрамын торгуульд төлсөн гэх хариуцагч “Тэлмэн хас” ББСБ-ын зардал иргэн С.Ундрам 77-04 улсын дугаартай Ланд крузер тоёота маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан зам тээврийн осол болон иргэн С.Ундрамын үйлдэл, эс үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдлын болон төлбөрийн баримтуудаар/78-83/ тогтоогдож байна.
Хариуцагч “Тэлмэн хас” ББСБ-ын гаргасан буюу тус байгууллагад учирсан гэх нийт 3 946 200/гурван сая есөн зуун дөчин зургаан мянга хоёр зуу/ төгрөгийн хохирол нь нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйтэй холбогдон учирсан болох нь тогтоогдохгүй байна.
Хариуцагч “Тэлмэн хас” ББСБ нэхэмжлэгчээс өмгөөлөгчийн ажлын хөлсөд 700 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “Эрх зүйн чадамжтай иргэн .... гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно.” гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Тэлмэн хас” ББСБ нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ бие даан хэрэгжүүлэх ба хариуцагчийн өмгөөлөгчийн ажлын хөлсөд төлсөн гэх 700 000 төгрөгийг нэхэмжлэгч О.Оюун учруулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчээс 700 000/долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “.... Иргэний эрх, үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлнэ ...” гэж заасан.
Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч “Тэлмэн хас” ББСБ-д бүгд 4 627 000/дөрвөн сая зургаан зуун хорин долоон мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчээс хариуцагчид 4 627 000/дөрвөн сая зургаан зуун хорин долоон мянга/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.
Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 156 дугаар зүйлийн 156.1, 156.3 дахь хэсэгт заасныг баримтлан хамтран хариуцагч М.Нинагийн нэхэмжлэгч О.Оюунтай 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан 77-04 УНЗ улсын дугаартай Ланд крузер тоёота маркийн тээврийн хэрэгслийг барьцаалах барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хамтран хариуцагч М.Нинагаас 77-04 улсын дугаартай Ланд крузер тоёота маркийн тээврийн хэрэгслийг буцаан гаргуулж нэхэмжлэгч О.Оюунд олгож, нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч “Тэлмэн хас” ББСБ-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Оюунаас зээлийн гэрээний үүрэгт 37 105 165/гучин долоон сая нэг зуун таван мянга нэг зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж хариуцагч “Тэлмэн хас” ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн нийт 5 732 776/таван сая долоон зуун гучин хоёр мянга долоон зуун далан зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 156 дугаар зүйлийн 156.1, 156.3 дахь хэсэгт заасныг баримтлан хамтран хариуцагч М.Нинагийн нэхэмжлэгч О.Оюунтай 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан 77-04 УНЗ улсын дугаартай Ланд крузер тоёота маркийн тээврийн хэрэгслийг барьцаалах барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хамтран хариуцагч М.Нинагаас 77-04 улсын дугаартай Ланд крузер тоёота маркийн тээврийн хэрэгслийг буцаан гаргуулж нэхэмжлэгч О.Оюунд олгож, нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч “Тэлмэн хас” ББСБ-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Оюунаас зээлийн гэрээний үүрэгт 37 105 165/гучин долоон сая нэг зуун таван мянга нэг зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж хариуцагч “Тэлмэн хас” ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн нийт 5 732 776/таван сая долоон зуун гучин хоёр мянга долоон зуун далан зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч О.Оюуны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хамтран хариуцагч М.Нинагаас 482950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Оюунд олгож, хариуцагч “Тэлмэн хас” ББСБ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450 155 төгрөгөөс илүү улсын төлсөн 78015 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн улсын тэмдэгтийн хураамжийн орон нутгийн төсвийн 2611192214 тоот данснаас буцаан гаргуулж хариуцагч “Тэлмэн хас” ББСБ-д олгож, 372140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Оюунаас 372140 төгрөгийг гаргуулж, хариуцагч “Тэлмэн хас” ББСБ-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ С.ХИШИГБАТ