| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 130/2024/00198/И |
| Дугаар | 212/МА2024/00067 |
| Огноо | 2024-08-06 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 212/МА2024/00067
Б.М-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 130/ШШ2024/00346 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ************** багт оршин суух М овогт Б-ын М-ы нэхэмжлэлтэй, хариуцагч ************* багт оршин суух Ж овогт Ш-ны Ж-д холбогдох,
“35,000,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1 Б.М- нь намайг БНМАУ-ын үед улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлж байсан ба улмаар шүүхийн шийдвэрээр цагаатгаж, цагаатгасны нөхөн төлбөрт 80,000,000 төгрөгийг улсаас олгохоор болсон билээ. Уг нөхөн төлбөрийг 2022 оны 02 дугаар сард миний Төрийн банк дахь тэтгэврийн нэрийн дансанд улсаас шилжүүлсэн юм. Гэтэл миний зөвшөөрөлгүйгээр хариуцагч Ш.Ж- нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр миний Төрийн банкны данснаас итгэмжлэл бүхий бичгээр 35,000,000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна. Ш.Ж- нь намайг цагаатгуулах нэхэмжлэлийг хөөцөлдөж байсан ба тухайн үед олгосон итгэмжлэлээр миний өмнөөс нөхөн төлбөрийг надаас зөвшөөрөлгүй авалгүйгээр хувьдаа ашигласан хууль бус үйлдэл гаргажээ.
1.2 Миний бие удаа дараа шаардаж, нөхөн төлбөрийн мөнгийг буцаан өгөх, шилжүүлэхийг шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. Иймд Ш.Ж-гээс миний улсаас цагаатгасны нөхөн төлбөрт өгсөн 35,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
2.1 Нэхэмжлэгч Б.М- надаас 35,000,000 төгрөг нэхэмжилсэн байна. Би 20,000,000 төгрөгийг Б.М-ы хүү болох Б-ы нэр дээр хадгаламж нээлгэж хийсэн. Ш.Ж- би 10,000,000 төгрөгийг бэлэн авсан үүний 2,000,000 төгрөгийг Улаанбаатар хотод төв архиваас лавлагаа авахаар 3 удаа очсон. Сэлэнгэ аймагт нэг удаа, Баянхараат суманд нэг удаа очсон. Б.М-ы ах нь болох Ж, К, нарын бүртгэлийг авах ажлаас очсон боловч ямар ч материал олдоогүй. К Баянхараат суманд нас барсан байсан ба Шарангод оршуулсан оршуулгын зургийг авчирсан. Ж Казахстанд нүүсэн байсан. Ахтөбе, Караганд очсон гэсэн сургаар хүүгээ явуулсан боловч ямар ч материал олдоогүй. Мөн Ж гэх хүнийг явуулж байсан. Харин 4,500,000 төгрөгийг Улаанбаатарт байдаг У гэдэг хүнд шилжүүлсэн. У гэдэг хүн уг төрөөс олгох 80,000,000 төгрөгийг авахад тусалцсан хүн юм. Уг 4,500,000 төгрөгийг авахдаа Б.М- зөвшөөрсний дагуу авсан бөгөөд Б.М- өгсөн итгэмжлэлтэй байсан. Үүнээс үзэхэд зөвшөөрөлгүй мөнгө аваагүй болно. 80,000,000 төгрөгийг авахад 6 жил 6 сарын хугацаа зарцуулсан юм.
2.2 Б.М- нь Х даргад эцгийн хэлмэгдлийг бүтээхэд 20,000,000 төгрөг өгсөн байсан байна. Б.М- хамаатан дүү нартай байнга асуудал үүсгэн цагдаад өргөдөл гаргаж байсан. Тухайн үед цагаатгалын нөхөн олговрыг шүүхээс нэхэмжлэх үед 4 удаа шүүхэд хадаж байсан ба улсын тэмдэгтийн хураамжид төрсөн 4 удаагийн 70,200 төгрөгийг би өөрөө төлж байсан. Б.М- надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ татаж авахгүй бол Б.М- авах ёсгүй байсан 80,000,000 төгрөгийг улсын төсөвт эргүүлэн төлүүлэх болно. Б.М- нь 1944 оны хүн амын тооллогын лавлагаанд 4 настай гэж бичигдсэн байсан ба Е, К, М- нар 1 дүгээр ангид орж суралцаж байсан. Дээрх хоёр хүнд мөнгө өгнө гэж хуурамч тодорхойлолт бичүүлж авсан. Б.М-ы эцэг нь 1937 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цаазаар авхуулсан юм. Эцэг нь цаазаар авхуулсны дараа 3 жилийн дараа хоёр дахь эхнэрээсээ төрсөн хүүхэд нь юм. Б.М- нь Б-ы 20,0 сая төгрөг, 0,5 сая төгрөг нийт 20,5 сая төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилж байна.
3. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ш.Ж-гээс 35,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.М-д улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Нэхэмжлэгч М- нь надаас 35,0 сая төгрөгийг нэхэмжлэн анхан шатны шүүхээс 35,0 сая төгрөгийг Ш.Ж- М-д төлөхөөр шийдвэр гаргасан юм. Харин 35,0 сая төгрөгийн 20,5 сая төгрөгийг ба итгэмжлэлийн дагуу Б.М-ы хүү болох Б-ы хадгаламжийн дансанд шилжүүлсэн. 10,0 сая төгрөгийг ба хөлс болон хувиасаа төлсөн зардлуудыг нөхөж уг мөнгийг ба авсан юм. Үлдэх 4,5 сая төгрөгийг Улаанбаатар хотод шилжүүлсэн үүнийг М-тай тохиролцсоны дагуу гүйцэтгэсэн юм. Олон удаа шүүх хуралд өмгөөлөгчгүй итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилласан бөгөөд өмгөөлөгч авч ажиллуулсан нөхцөлд 8,0 сая төгрөг өмгөөлөгчийн хөлсөнд төлөх бөгөөд архив, бүртгэлийн лавлагаа, нас барсны лавлагаа, хүн амын 1956, 1971, 1986 онд хүн амын тооллогын материал, М-ы ах дүүгийн материалыг Улаанбаатар хот, Казакстан улс, Сэлэнгэ аймаг, Баянхарсай сум, Ховдын архиваас материал зэргийг бүрдүүлэхэд хувиасаа 3,1 сая төгрөг төлж байсан юм. Улсын байгууллага, хувийн компанид ажилд ороход ажлын нөхцөл байдал цалин хөлсийг тохиролцсоны дагуу ажилд ордог юм.
Иймд Б.М-ы нэхэмжилсэн 35,0 сая төгрөгийг 100% төлөхөөс татгалзаж байгаа тул хянан шийдвэрлэж өгнө үү.
ХЯНАВАЛ:
5. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М-ы хариуцагч Ш.Ж-д холбогдуулан гаргасан 35,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ш.Ж-н гомдлыг үндэслэн хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр хууль ёсны байна гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин үндэслэл бүхий байна гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.
7. Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч Ш.Ж-д холбогдуулж 35,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Б.М- нь намайг БНМАУ-ын үед улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлж байсан ба улмаар шүүхийн шийдвэрээр цагаатгаж, цагаатгасны нөхөн төлбөрт 80,000,000 төгрөгийг улсаас олгохоор болсон билээ. Уг нөхөн төлбөрийг 2022 оны 02 дугаар сард миний Төрийн банк дахь тэтгэврийн нэрийн дансанд улсаас шилжүүлсэн юм. Гэтэл миний зөвшөөрөлгүйгээр хариуцагч Ш.Ж- нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр миний Төрийн банкны данснаас итгэмжлэл бүхий бичгээр 35,000,000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна. Ш.Ж- нь намайг цагаатгуулах нэхэмжлэлийг хөөцөлдөж байсан ба тухайн үед олгосон итгэмжлэлээр миний өмнөөс нөхөн төлбөрийг надаас зөвшөөрөлгүй авалгүйгээр хувьдаа ашигласан хууль бус үйлдэл гаргажээ. Миний бие удаа дараа шаардаж, нөхөн төлбөрийн мөнгийг буцаан өгөх, шилжүүлэхийг шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. Иймд Ш.Ж-гээс миний улсаас цагаатгасны нөхөн төлбөрт өгсөн 35,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэж тайлбарлажээ.
8. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Би 20,000,000 төгрөгийг Б.М-ы хүү болох Б-ы нэр дээр хадгаламж нээлгэж хийсэн. Ш.Ж- би 10,000,000 төгрөгийг бэлэн авсан үүний 2,000,000 төгрөгийг Улаанбаатар хотод төв архиваас лавлагаа авахаар 3 удаа очсон. Сэлэнгэ аймагт нэг удаа, Баянхараат суманд нэг удаа очсон. Б.М-ы ах нь болох Ж, К нарын бүртгэлийг авах ажлаас очсон боловч ямар ч материал олдоогүй. К Баянхараат суманд нас барсан байсан ба Шарангод оршуулсан оршуулгын зургийг авчирсан. Ж Казахстанд нүүсэн байсан. Ахтөбе, Караганд очсон гэсэн сургаар хүүгээ явуулсан боловч ямар ч материал олдоогүй. Мөн Ж гэх хүнийг явуулж байсан. Харин 4,500,000 төгрөгийг Улаанбаатарт байдаг Ууганбаяр гэдэг хүнд шилжүүлсэн. Ууганбаяр гэдэг хүн уг төрөөс олгох 80,000,000 төгрөгийг авахад тусалцсан хүн юм. Уг 4,500,000 төгрөгийг авахдаа Б.М- зөвшөөрсний дагуу авсан бөгөөд Б.М- өгсөн итгэмжлэлтэй байсан. Үүнээс үзэхэд зөвшөөрөлгүй мөнгө аваагүй болно. 80,000,000 төгрөгийг авахад 6 жил 6 сарын хугацаа зарцуулсан юм. Б.М- нь Х даргад эцгийн хэлмэгдлийг бүтээхэд 20,000,000 төгрөг өгсөн байсан байна. Тухайн үед цагаатгалын нөхөн олговрыг шүүхээс нэхэмжлэх үед 4 удаа шүүхэд хадаж байсан ба улсын тэмдэгтийн хураамжид төрсөн 4 удаагийн 70,200 төгрөгийг би өөрөө төлж байсан. Б.М- надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ татаж авахгүй бол Б.М- авах ёсгүй байсан 80,000,000 төгрөгийг улсын төсөвт эргүүлэн төлүүлэх болно. Б.М- нь 1944 оны хүн амын тооллогын лавлагаанд 4 настай гэж бичигдсэн байсан ба Е, К, М- нар 1 дүгээр ангид орж суралцаж байсан. Дээрх хоёр хүнд мөнгө өгнө гэж хуурамч тодорхойлолт бичүүлж авсан. Б.М-ы эцэг нь 1937 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цаазаар авхуулсан юм. Эцэг нь цаазаар авхуулсны дараа 3 жилийн дараа хоёр дахь эхнэрээсээ төрсөн хүүхэд нь юм. Б.М- нь Б-ы 20,0 сая төгрөг, 0,5 сая төгрөг нийт 20,5 сая төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилж байна гэжээ” гэж маргажээ.
9. Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, түүнд хавсаргасан бичмэл нотлох баримт зэргээс дүгнэвэл, хариуцагч Ш.Ж- нь нэхэмжлэгч Б.М-ы Төрийн банкны харилцах ************** дугаартай данснаас 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 20,500,000 төгрөг, 4,500,000 төгрөг, 10,000,000 төгрөг тус тус зарлагаар итгэмжлэлээр нийт 35,000,000 төгрөгийг шилжүүлж авсан болох нь Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулгаар тогтоогдсон ба хариуцагч Ш.Ж-н “...20,500,000 төгрөгийг Б.М-ы хүү болох Б-ы нэр дээр хадгаламж нээлгэж хийсэн. 4,500,000 төгрөгийг Улаанбаатарт байдаг Ууганбаяр гэдэг хүнд шилжүүлсэн. Уг 4,500,000 төгрөгийг авахдаа Б.М- зөвшөөрсний дагуу авсан.” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.
10. Анхан шатны шүүх “….Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэжээ. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн эд хөрөнгийг хариуцагч хууль бусаар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагч Ш.Ж-гээс үндэслэлгүй олж авсан 35,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг зөв тайлбарлаж хэрэглэжээ.
11. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Ш.Ж-н нь нэхэмжлэгч Б.М-аас 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдөр авсан 1414 дугаартай итгэмжлэлээр Б.М-ы Төрийн банкны харилцах ************** дугаартай данснаас 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 20,500,000 төгрөг, 4,500,000 төгрөг, 10,000,000 төгрөг тус тус шилжүүлж авсан боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, өөрөө аваагүй, мөнгийг “20,500,000 төгрөгийг Б.М-ы хүү болох Б-ы нэр дээр хадгаламж нээлгэж хийсэн. 4,500,000 төгрөгийг Улаанбаатарт байдаг Ууганбаяр гэдэг хүнд шилжүүлсэн. Уг 4,500,000 төгрөгийг авахдаа Б.М- зөвшөөрсний дагуу шилжүүлсэн” гэж тайлбарлах боловч хариуцагчийн уг үйлдэл нь хуулийн хүрээнд нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр хийсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг нь хүчин төгөлдөр бус болсон” гэж зааснаас үзэхэд хариуцагч Ш.Ж-г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.
12. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлсэн, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх бөгөөд зохигчийн хооронд ямар нэгэн гэрээнээс үүдэлтэй шаардах эрх үүсээгүй, хариуцагч Ш.Ж-н нэхэмжлэгч Б.М-аас авсан 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 1414 дугаартай итгэмжлэл нь Б.М-ы эзэмшлийн Төрийн банк дахь холбогдох данснаас зарлага хийх болон бусад тодорхой үйлдлүүдийг хийх бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс олгосон боловч уг итгэмжлэл нь тухайн харилцах дансанд хадгалагдаж буй данс эзэмшигчийн өмчлөлийн мөнгөн хөрөнгийг бүхэлд нь захиран зарцуулах, эсхүл тодорхой үнийн дүн бүхий мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах агуулгыг илэрхийлэхгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай хариуцагч Ш.Ж-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх, мэтгэлцэх зарчмуудад тус тус нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
13. Хариуцагч Ш.Ж-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний гомдол гаргахдаа төлсөн 332.950 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 130/ШШ2024/00346 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ж-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Ж-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ