Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 229

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

                                                                    

 

 

 

 

 

 

 

 

           А.Батбаярт холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Гансүх, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Р.Энх-Оюун,

Ялтан А.Батбаярын өмгөөлөгч Г.Намуун,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Б.Халиун, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан А.Батбаярын өмгөөлөгч Г.Намууны гаргасан давж заалдах гомдлоор А.Батбаярт холбогдох эрүүгийн 201625031474 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Жагдбаатар овогт Адъяагийн Батбаяр, 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Цэргийн их сургууль гудамжны 1-40 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЙЗ92031711/,   

          А.Батбаяр нь 2016 оны 7 дугаар сарын 10-ны орой 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өнжүүл” нийтийн караокед үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Э.Энхтөгөлдөрийн толгойд пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэн цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: А.Батбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Батбаатарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн хэргийг догшин авирлаж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Батбаярыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Батбаярт оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, шүүгдэгч А.Батбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Батбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнийг цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Ялтан А.Батбаярын өмгөөлөгч Г.Намуун давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 55 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан А.Батбаярын өмгөөлөгч Г.Намуун миний бие дараах гомдлыг гаргаж байна. Учир нь шүүхийн шийтгэх тогтоол нь шударга ёсны зарчимд нийцээгүй бөгөөд хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүхийн шийтгэх тогтоол дараах үндэслэлээр няцаагдана. Үүнд:

1. Миний үйлчлүүлэгч А.Батбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Хүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн бөгөөд түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Танхайрах” гэмт хэргийн зайлшгүй байх шинж буюу бусдыг илтэд үл хүндэтгэсэн байдал тогтоогддоггүй. Тийм ч учраас улсын яллагч яллах дүгнэлтдээ яллагдагчийн ямар үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа тухай бичээгүй боловч дээрх гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт “Тэмдэглэх хэсэгт яллагдагчийн овог, эцгийн нэр, нэр, түүний үйлдсэн хэргийн товч агуулга, арга, сэдэлт, санаа, зорилго, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай зарим нотлох баримт зэргийг дурдана.” гэж заасныг зөрчсөн. Гэтэл шүүх тогтоолдоо дээрх шинжийг улсын яллагч яллах дүгнэлтдээ бичээгүй болохыг дурдаад, хууль зөрчсөн яллах дүгнэлт болохыг мэдсээр байж, шүүгдэгчийн үйлдэлд холбогдох танхайрах гэмт хэргийн заавал байх ёстой шинжийг өөрийн сайн дураар, таамгаараа тодорхойлж бичсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2 дахь хэсэг “Шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй.”, 284 дүгээр зүйлийн 284.2 дахь хэсэгт “Хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ.” гэж заасныг тус тус зөрчсөн буюу шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэл болох юм.

2. Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох /5 дахь тал/ хэсэгт А.Батбаярын үйлдэлд холбогдох “Танхайрах” гэмт хэргийн зайлшгүй байх ёстой шинжүүдийг тодорхойлж бичихдээ хохирогч Э.Энхтөгөлдөрийг гэрч О.Хаджанцанд хандаж “Хөөе, пизда минь” гэснийг нь өөр дээрээ тусган авч, үл ялих зүйлээр шалтаглан, “Чи яагаад намайг пизда гэж дууддаг юм. Чи хэн бэ, яагаад муухай хараад байгаа юм бэ” гэснийг нь бусдыг илтэд үл хүндэтгэсэн үйлдэл хэмээн тодорхойлсон байна. Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 тоот тогтоолд “Танхайрах” гэмт хэргийг бусад ижил төрлийн гэмт хэргээс ялган зүйлчлэхдээ “Олон нийтийг илтэд үл хүндэтгэх” үйлдэл гэдгийг “Хууль тогтоомжоор тодорхойлсон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ, түүнчлэн үндэсний зан заншил, уламжлал, ёс суртахууны шаардлагыг зөрчсөн, тэдгээрийг илэрхий үл ойшоосон үйлдэл хийхийг ойлгоно.” хэмээн тайлбарлажээ. Үүнээс үзэхэд хохирогч Э.Энхтөгөлдөрийн “Хөөе, пизда минь” гэж О.Хаджанцанг дуудсан үйлдэл нь бусдыг илтэд үл хүндэтгэсэн үйлдэл болох бөгөөд миний үйлчлүүлэгчийн хохирогчийн дээрх хууль бус үйлдлийг буруушааж, таслан зогсоосон үйлдлийг бусдыг илтэд үл хүндэтгэсэн үйлдэл хэмээн тодорхойлж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэн ял шийтгэсэнд гомдолтой байна.

3. Миний үйлчлүүлэгч А.Батбаяр нь хохирогч Э.Энхтөгөлдөрт хөнгөн гэмтэл учруулах болсон сэдэл, санаа, зорилго нь огт танхайн гэмт хэргийн шинжгүй байдаг. Тухайн өдөр А.Батбаяр нь гэрч Умдайрийтай урьдын харилцаагаа сэргээж, дотно харилцаа үүсгэхээр ярьж байх үед нь хохирогч Э.Энхтөгөлдөр ирж А.Батбаяр хүслээ гүйцэлдүүлэх боломжгүй болсон. Улмаар хохирогч Э.Энхтөгөлдөрийн гэрч О.Хаджанцанд хандан “Хөөе, пизда минь” гэж хэлсэн зүй бус үг, өөрийгөө дөвийлгөсөн танхай үйлдэлд нь эгдүүцэхдээ Умдайрийг хардаж, харамлан, тэднийг уулзаж, учрах болсонд эртнээс шаралхаж, Умдайрийд гомдож байсан уур бухимдлаа тайлж хохирогчид зориуд, санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан нь хэрэгт цугласан нотлох баримтаар тогтоогддог. Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 тоот тогтоолын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Танхайрах гэмт хэрэг нь хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго зэрэг субъектив талын шинж, мөн үйлдэл, үр дагавар зэрэг объектив талын шинжээр ялгагдана.” гээд “Танхайрах гэмт хэрэг нь гэмт этгээд олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихдөө нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах, хүч хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлэх зэрэг үйлдлээр илэрнэ. Харин тодорхой сэдэлттэй, тухайлбал хувийн таарамжгүй харьцаа, эр эмийн хардлага, хохирогчийн зүй бус ажиллагаа зэргээс үүдэн өөр хоорондоо маргалдсан, зодолдсон, доромжилсон, бие махбодид нь гэмтэл учруулсан нь олон нийтийг илтэд үл хүндэтгэн үзээгүй буюу нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчөөгүй байвал хүний амь бие, эрүүл мэнд, эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” хэмээн заажээ. Үүнээс үзэхэд миний үйлчлүүлэгчийн үйлдэлд танхайн гэмт хэргийн сэдэл, санаа зорилго, бусдыг илтэд үл хүндэтгэсэн шинж агуулагдаагүй буюу дээрх гэмт хэргийг үйлдээгүй болох нь тогтоогдож байх тул шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна.” гэж заасныг зөрчсөн буюу хуулийн үндэслэлтэй болж чадаагүйг харуулж байна. Мөн шүүх тогтоолын тодорхойлох хэсэгт /5 дахь тал/ хохирогчийн зүй бус, бүдүүлэг үг хэллэг, зохисгүй үйлдлийг огт буруутгахгүй, А.Батбаярт чиглэсэн буруутай үйл ажиллагаа хийгээгүй хэмээн зөвтгөсөнд гомдолтой байна.

4. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 6 дахь талд шүүх хохирогч Э.Энхтөгөлдөр, гэрч Умдайрий нарыг эхнэр, нөхөр хэмээн нөхрөөс нь эхнэрийг нь харамласан үйлдэл нь хардалт, хувийн сэдэлт биш хэмээн тайлбарлажээ. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг;” ойлгоно хэмээгээд 3.1.3 дахь хэсэгт “гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг хэлнэ.” гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд хохирогч Э.Энхтөгөлдөр, гэрч Умдайрий нар гэр бүл биш бөгөөд тухайн үед л уулзаж, учирч байсан этгээдүүд болох нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогддог. А.Батбаяр нь мөн гэр бүлтэй гэх боловч хүүхдийнхээ эх Цэрэнхандтай гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй, байнгын хэрүүл тэмцэлтэй байдгаас гэр бүлийн тогтворгүй амьдралтай бөгөөд Цэрэнханд нь хүүхдээ аваад тусдаа амьдрах тохиолдол цөөнгүй байсан байна. Анх Умдайрийтай танилцаж, дотно харилцаанд орох үед ч тэд тусдаа амьдарч байсан бөгөөд Цэрэнханд хэрэг маргаан болсны дараа Умдайрий, Батбаяр хоёрын харилцааг мэдээд мөн л хүүхдээ авч яваад өнөөг хүртэл эргэж ирээгүй, Батбаяртай огт уулзахгүй байгаа юм. Дээрх хэрэг маргаанаас хойш удаагүй хохирогч Э.Энхтөгөлдөр, гэрч Умдайрий нар уулзахаа больсон бөгөөд Умдайрий нь Цэрэнхандыг хүүхдээ аваад явсан гэдгийг О.Хаджанцангаас сонсож, Батбаяртай уулзаад, урьдын харилцаагаа сэргээхийг хүссэн тухай ч шүүх хуралдааны үед миний бие хэлж байсан. Гэтэл шүүх ийнхүү ямар ч баталгаагүй этгээдүүдийг гэр бүл хэмээн, А.Батбаярыг бүх талаар буруутган, яллах гэж улайрч, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна.

5. Миний бие хяналтын прокурор Р.Энх-Оюунд хэргийн зүйл ангийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Хүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” зүйл ангиар сольж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт гаргаж байсан бөгөөд прокурор 5/781 тоот “хариу мэдэгдэх хуудас”-аар хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан юм. Иймд миний бие Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан эрхийн дагуу 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дээд шатны прокурорт гомдол гаргасан. Гэтэл өмгөөлөгч миний бие хяналтын прокурор Р.Энх-Оюунд гомдол гаргасан тухай хэлж, анхааруулсаар байтал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрөөгүй байхад 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь байцаан шийтгэх ажиллагааны журам, өмгөөлөгч миний хууль ёсны эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Мөн гомдлыг хянан шалгах болсон Н.Ганбат прокурор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан албан тушаалтан, байгууллагын шийдвэрийн биелэлтийг гомдлыг шийдвэрлэж дуусах хүртлэх хугацаанд түр түдгэлзүүлж болно.” гэж заасны дагуу хэргийг шүүхэд шилжүүлэх хяналтын прокурорын дээрх үйлдлийг түр түдгэлзүүлэх боломжтой байсан боловч эрхээ хэрэгжүүлээгүйд мөн гомдолтой байдаг. Н.Ганбат прокурор 5/824 тоот “хариу мэдэгдэх хуудас”-аар хяналтын прокурор Р.Энх-Оюун 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр миний 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасан гомдлыг шүүхэд шилжүүлсэн тухай хариу мэдэгдсэн бөгөөд миний бие хэрэг шүүхэд шилжихээс 8 хоногийн өмнө гомдлоо гаргасан. Гэтэл дээрх байцаан шийтгэх ажиллагааны журам зөрчсөн нөхцөл байдлыг анхан шатны шүүх огт хэрэгсээгүйд гомдолтой байна. Өмгөөлөгчийн хувьд хуулийн хугацааг хэрэгжүүлдэггүй дээрх хууль бус байдлаас шүүгдэгч нар ийнхүү хохирч байгааг анхаарч үзэхийг хүсч байна.

Миний үйлчлүүлэгч А.Батбаяр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн учир хохирогч Э.Энхтөгөлдөр миний үйлчлүүлэгчид ял шийтгэхгүй байх тухай хүсэлт гаргасан нь хэрэгт авагдсан. Дээрх бүх үндэслэлээс үзэхэд А.Батбаярт холбогдох эрүүгийн хэргийн зүйл ангийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Хүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” зүйл ангиар сольж, хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох бүрэн боломжтой юм. Иймд өмгөөлөгч миний гомдлыг ханган Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.3 дахь хэсэгт “тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэв.

Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтаар Батбаяр нь “Өнжүүл” нийтийн караокед 7 шил “Сэнгүр” пиво уусныхаа дараа хохирогч Энхтөгөлдөр гаднаас орж ирээд гэрч Хаджанцантай ярьж байхад дундуур нь орж “чи яасан хараал хэлдэг залуу вэ” гэж үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Энхтөгөлдөр лүү 4-5 пивоны шил шидэж, хохирогчийн толгойн тус газарт нь пивоны шилээр цохиж гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон. Мөн мөрдөн байцаалтын шатанд гэрч Хаджанцан, Умдайрий нарын өгсөн мэдүүлэгт яригдаагүй Батбаяр, Умдайрий нарын өмнөх харилцааг тодруулах зорилгоор дахин байцаалт авсан. Тус байцаалтаар Батбаяр, Умдайрий нар урьд уулздаг байсан хэдий ч гэмт хэрэг гарах үед яллагдагч Батбаяр, хохирогч Энхтөгөлдөр бие биенээ огт танихгүй. Хохирогч Энхтөгөлдөр нь Батбаяр, Умдайрий нарыг уулздаг байсныг яллагдагч Батбаяр нь Энхтөгөлдөрийн нөхөр гэдгийг нь мэддэггүй байсан. Энэ гэмт хэрэг гарсны дараа биеэ бие таньдаг болж Батбаяр нь Энхтөгөлдөр, Умдайрий нараас уучлалт гуйсан болох нь дахин авсан мэдүүлгээр тогтоогддог. Прокурорын хяналтын шатанд өмгөөлөгчийн зүгээс тухайн гэмт хэрэг нь танхайн гэмт хэрэг биш, хувийн сэдэлттэй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан зүйл, заалтаар зүйлчилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Прокурорын зүгээс танхайн гэмт хэрэг мөн гэж хариу илэрхийлсэн. Хэдийгээр Умдайрий, Батбаяр нар үерхдэг байсан ч Батбаяр эхнэр хүүхэдтэй хамт амьдардаг. Умдайрий бас өөр залуу хамт амьдардаг байсан. Ийм байхад хүний эхнэрийг харамлаж хохирогчийг пивоны шилээр зодож байгаа нь танхайн шинжтэй гэмт хэрэг гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хуучин найзалдаг байсан охиноо одоо найзлаж байгаа залуугаас нь харамлаж, хардаж дээрх үйлдлийг хийсэн. Энэ нь хувийн сэдэлттэй маргаан гэж шүүх хуралдаанд улсын яллагчтай мэтгэлцсэн боловч хэрэгт авагдсан бусад баримтуудаар хангалттай тогтоогдоогүй. Тийм байсан ч хувийн сэдэлт биш юм бусдын эхнэрийг нөхрөөс нь харамлаж нөхрийг нь зодож байгаа үйлдэл нь ялгаагүй танхайрах гэмт хэргийн шинжтэй юм гэж дүгнэлт хийсэн нь үндэслэл бүхий шийдвэр гэж үзсэн. Прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч Батбаяр нь 2016 оны 7 дугаар сарын 10-ны орой 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өнжүүл” нийтийн караокед үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Энхтөгөлдөрийн толгойд пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэн цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилнэ гэж бичсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж хөнгөн гэмтэл учруулсан талаар яллах дүгнэлт бичсэн байгаа. Энэ талаар өмнө нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд улсын яллагчийн эсэргүүцэл бичиж эсэргүүцлийг хүлээн авсан байдаг. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

А.Батбаяр нь 2016 оны 7 дугаар сарын 10-ны орой 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өнжүүл” нийтийн караокед үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Э.Энхтөгөлдөрийн толгойд пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэн цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Э.Энхтөгөлдөрийн “...2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн орой 18 цагийн үед шиг санагдаж байна, Хаджанцан, Умдайрий, Хуумаа нарын хамт Баянбүрдийн тойргийн тэнд уулзсан. Монгол 3 дугаар сургуулийн ойролцоо 2 давхар караокед орсон. Уг караокены нэрийг нь мэдэхгүй. Уг караокендоо 2 цаг гаруй хугацаанд дуу дуулсан. Уг караоке миний 0.5 литрийн “Сэнгүр” нэртэй 2 шил пиво уусан. Тэгээд байж байтал Хаджанцангийн найз гэх залуу Дэнжийн мянгад хүрээд ир гэж дуудсан. Хаджанцан манай эхнэр Умдайрийгийн хамт Дэнжийн мянга руу түрүүлж явсан. Хуумаа бид 2 манай гэр лүү хамт явсан. Учир нь манай эмэгтэй дүү манайд байхаар нь хамт явъя гэж хэлэх гээд очсон. Манай дүү Саруулбуян “явахгүй” гэж хэлэхээр нь Хуумаа бид хоёр Дэнжийн мянга руу очсон. Дэнжийн мянгын ойролцоо нэг караоке рүү орсон. Уг караокены нэрийг нь мэдэхгүй байна. Хаджанцан түүний найзууд сууж байсан ширээн дээр очоод суутал Хаджанцангийн найз гэж залуу над руу хандан “чи яагаад муухай хараад байгаа юм бэ” гэж Хаджамцан “чи манай найзтай яах гээд байгаа юм бэ” гэж хэлтэл нөгөө залуу нь “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд над руу пивоны шил шидсэн. Намайг сууж байхад 4-5 удаа пивоны шил шидсэн. Хаджанцан “боль” гээд хориод дийлээгүй. Тэр залуу над руу хүрж ирээд намайг боочихоод “чи яагаад над руу хялан далин хараад байгаа юм бэ” гээд байсан. Би ч тухайн үед “боль” гээд нийтийн караокенаас гарах гэсэн чинь араас хүрч ирээд пивоны шилээр толгойны зулай хэсэг рүү цохисон. Тэгээд цохиулсны улмаас миний толгойны зулай хэсгээс цус гарсан. Би Хуумаа, эхнэр Умдайрийгийн хамт уг караокенаас харих гээд гадагшаа гарсан. Гадаа гараад нилээн зогсож байтал нөгөө Батбаяр гэж залуу гарч ирээд над руу дайрсан, Болдоо гэх залуу “боль” гээд хорьсон байсан. Батбаяр гэх залуу намайг явуулахгүй гээд гарнаас татаад байхаар нь би нүүр лүү нь шууд баруун гараараа цохисон. Тухайн үед нүүрний аль хэсэг рүү цохисноо мэдэхгүй байна. Би тэр залууг нэг л удаа цохисон...” /хх-15-18/,

Гэрч Б.Болдбаатарын “...Гаднаас орж ирсэн залуу орж ирэхдээ Хадааг “хөөе, пиздаа минь” гээд ороод ирсэн, тэрийг нь Батбаяр өөр дээрээ тусгаж аваад “чи пиздаа, яагаад намайг пиздаа гэдэг юм бэ” гээд босоод ирсэн. Батбаяр залуутай заамдалцаад авсан, тэгээд тэр хоёрыг би дундуур нь орж салгасан. Батбаярыг ширээ лүү суулгах гээд түлхсэн чинь Батбаяр ширээн дээр байсан хоосон пивоны шил авч шидсэн. Тэр шил нь тэр залуугийн толгойг нь оночихсон. Батбаяртай маргалдсан залууг хамт явж байсан залуу нь гаргасан. Хадаа бид хоёр Батбаярыг хориод зогсож байсан. Нийтийн караокены зөөгч охин “гар” гээд хөөгөөд байхаар нь Хадаа, Батбаяр, Ариунбуян бид нар гаргасан. Тэгтэл Батбаяр маргалдсан залуу нийтийн караокены гадаа зогсож байсан, тэр залуу хүрж ирэнгүүтээ намайг түлхээд би арагшаагаа уначихсан, тэр залуу Батбаярыг шууд нүүр лүү нь цохисон, цохиулсны дараа Батбаярын үүдэн 1 шүд нь уначихсан...” /хх-21-23/,

Гэрч О.Хаджанцангийн “...2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн үед шиг санаж байна, Э.Энхтөгөлдөр түүний эхнэр Умдайрий, Хумаа нарын хамт Баянбүрдийн ойролцоо уулзаад Монгол 3 дугаар сургуулийн ойролцоо нэг караокед орж дуулж, ууж сууцгаасан. Тэнд архи уугаагүй, 0.5 литрийн шилтэй “Сэнгүр” нэртэй пиво ууцгаасан, хүний 3-4 шил пиво уусан. Караокед сууж байтал манай найз Болдбаатар над руу залгаад “хүрээд ир, цуг ууя” гэж дуудахаар бид 4 очихоор нөгөө караокеноосоо гараад явсан. Бид 4 явж байгаад Э.Энхтөгөлдөр нэг охин дүүтэйгээ утсаар яриад очиж авахаар болсон, Би Энхтөгөлдөр, Хумааг дагуулаад, намайг эхнэр Умдайрийгийн хамт очоод сууж байна гэж хэлсэн. Тэгээд би Умдайрийгийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өнжүүл” нийтийн караокед ортол Болдбаатар, Батбаяр найзууд сууж байсан. Батбаяр нилээн согтуу байсан, Болдбаатарыг хүлээж ганцаараа 7 шил пиво уусан гэж байсан. Тэгээд бид 4 хоорондоо юм яриад суусан. Болдбаатар,   Батбаяр нарт уг эмэгтэйг танилцуулсан. Батбаяр, Болдбаатар хоёртой уулзаад 1 шил пиво уусан. Би 00-ын өрөө орчихоод гарч иртэл Э.Энхтөгөлдөр ирчихсэн текэн дээр  зогсож байсан. Энхтөгөлдөр намайг харангуутаа “хөөе пизда минь хайччихсан юм бэ” гэж хэлээд над руу хүрч ирсэн, тэгтэл Батбаяр өөрийг нь хэлж байна гэж андуураад “чи яасан том дуутай, хараал хэдлэг залуу вэ” гэж хэлээд сандал дээрээсээ боссон. Энхтөгөлдөр,   Батбаяр нар зууралцаад, ноцолдоод эхэлсэн. Болдбаатар бид хоёр тэр хоёрын дундуур орж салгасан. Болдбаатар Батбаярыг авч холдуулсан, би Энхтөгөлдөрийг авч холдуулсан тэгтэл Батбаяр ширээн дээр байсан пивоны шил аваад Энхтөгөлдөрийн толгой руу нь цохичихсон, 2-3 удаа Энхтөгөлдөр лүү пивоны шил шидсэн...” /хх-26-30/,

Гэрч Ю.Умдайрийгийн “...2015 оны 3 дугаар сарын дундуур анх Батбаяртай танилцаж байсан. ...тэр үед Батбаярын төрсөн өдөр болж байсан. ...Хэсэг хугацаанд уулзаж байгаад Батбаярыг эхнэртэй болохыг мэдээд би дахиж уулзахаа больсон. Энхтөгөлдөр намайг Хаджанцангийн нэг найзтай үерхдэг байсан талаар мэднэ. Гэхдээ Батбаяр гэдгийг мэдэхгүй. Энэ хэрэг болсны дараа надтай уулздаг байсан залууг Батбаяр гэдгийг мэдсэн. Тэгээд Батбаяр биднээс уучлалт гуйж ирж уулзсан...” /хх-34-38/,

А.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн үед би найзтайгаа уулзах гээд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байх “Өнжүүл” нийтийн караокед очсон юм. Тэнд 22 цаг болтол ганцаараа пиво уусан, тухайн үед би 10 ширхэг шилтэй “Сэнгүр” пиво захиалаад 7 ширхэгийг уучихсан сууж байсан. Тэгтэл Болдоо ирснээс хойш Хадаа гэх найз маань 30 орчим минутын дараа ирсэн. Хадаа ирэхдээ нэг охинтой ирсэн. Дахиад 10 ширхэг шилтэй пиво захиалсан. Тэгээд Хадаа, Болдоо нар тамхилахаар гадагшаа гарсан. Хадаагийн дагуулж ирсэн охинтой нэг залуу уулзаж байсан. Тэгэхээр нь би тэр 2 дээр очоод би залууд хандан “Наад охинтойгоо юу хийж байгаа юм бэ” гэж асуусан, тэр залууг юу гэж хэлсэн би мэдэхгүй байна, тэгээд л тэр залуутай маргалдаад муудалцчихсан. Тухайн үед би нилээн согтуу байсан. Болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Би өөрийн сууж байсан ширээн дээрээсээ хоосон пивоны шил аваад тэр залуугийн толгой хэсэг рүү цохисон, цохих үед пивоны шил хагарсан. Манай найз Болдоо намайг тэр залуугаас салгах хооронд би тэр хоёр залуу руу 2-3 пивоны шил шидсэн. Шидсэн шил маань тэр залууг оноогүй...” /хх-69-70/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 9765 тоот дүгнэлтэд “…Э.Энхтөгөлдөрийн биед толгойн хуйханд шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” /хх-54/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 9793 тоот дүгнэлтэд “…Батбаярын биед баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, уруулд няцарсан шарх, зулгаралт, баруун эгэмд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун дээд 1 дүгээр шүдний булгарал нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонги 5 хувь нөлөөлнө. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой…” /хх-58/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.    

Анхан шатны шүүхээс А.Батбаярт хорих ял оногдуулсан нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, түүний хувийн байдал болон гэм бурууд нь тохирсон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Ялтны өмгөөлөгч Г.Намуун нь “…Ялтан А.Батбаярт холбогдох хэрэг нь хувийн сэдэлтээр үйлдэгдсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэж давж заалдах гомдол гаргажээ.

Түүнчлэн Прокуророос А.Батбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлснийг анхан шатны шүүх А.Батбаярыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан хуульд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй ба хуульд нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан А.Батбаярын өмгөөлөгч Г.Намууны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан А.Батбаярын өмгөөлөгч Г.Намууны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.     

               

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Л.ДАВААСҮРЭН

 ШҮҮГЧИД                                                   Д.ГАНСҮХ

         Д.МЯГМАРЖАВ