Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
Хэргийн индекс | 128/2017/0175/З |
Дугаар | 374 |
Огноо | 2017-05-16 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 374
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Иргэн Н.Э-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын албанд холбогдох
Гуравдагч этгээд: Иргэн Ц.Д
Нэхэмжлэгчийн “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн *******3 дугаар захирамжийн Ц.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 207 дугаар захирамжаар Н.Э-т газар эзэмших эрх олгосон газрын кадастрын зураглалыг өөрчилж, зөвтгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зөвтгөж кадастрын мэдээллийн санд оруулахыг Баянзүрх дүүргийн газрын албанд даалгах, газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сунгахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.С, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, Баянзүрх дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ш.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, Д.Б, түүний өмгөөлөгч Д.С нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны У******* нэртэй газарт 2006 оноос өнөөдрийг хүртэл Н.Э-ийн газрыг манаж Д.Ү амьдардаг. 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 207 дугаар Баянзүрх дүүргийн Засаг даргын шийдвэрээр 20-******* тоот гэрчилгээг авсан.
2016 онд газар эзэмших эрхээ сунгуулахаар очиход Ц.Д-д газар эзэмших эрх олгосон байна гэж мэдсэн. 2007-2016 он хүртэл газрын төлбөрөө тогтмол төлсөөр ирсэн. 11 жил амьдарсан газрыг маань Баянзүрх дүүргийн Засаг дарга албан тушаалаа ашиглан Нийслэлийн 6 дугаар сургуульд хамт сурч байсан С.Дү-ийн ээж Ц.Д*******д эрх олгосон үйлдэл нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг санаатайгаар зөрчиж амьдралын баталгаа болсон газрыг минь авах гэж байна.
Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2, 6.1.4 дэх заалтуудыг газар зохион байгуулагч Ж.М, Б.А нар мөрдөн ажиллаагүй. Төрийн албан тушаалтнууд албан тушаалаа ашиглаж хууль, журам зөрчиж байгаад маш их гомдолтой байна.
Ц.Д-ийн газрын хувийн хэрэг байгаагүй тул кадастрын мэдээллийн санд зөвтгөж оруулахаар хандаагүй. Нэхэмжлэгчийг очоод хүсэлт гаргах бүрт авдаггүй, буцаан өгдөг байсан. Анх гэрчилгээ сунгахаар хандахад ийм асуудал үүссэнийг хэлээгүй.
Нотариатаар баталсан өргөдөл нь гарын үсгийг баталсан өргөдөл болохоос биш газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн өргөдөл биш юм. Баянзүрх дүүргийн Засаг дарга байсан н.Б гарын үсэг зурахаасаа өмнө заавал шалгах ёстой байсан боловч шалгаагүй илт хууль бус үйлдэл юм.
Нэхэмжлэгч өөрийн анх авсан газар дээрээ газар эзэмших эрхгүй болсон. 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн гэрчилгээ өгөхдөө газрын кадастрын зураг нь буруу хийгдэж, уг газрын зүүн талд орших Ц.Д-ийн газар дээр кадастрын зураг нь буруу хийгдсэн. Ийнхүү кадастрын зураг буруу хийгдсэнийг “Т” ХХК хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ дагуу нэхэмжлэгч кадастрын зургийг зөвтгүүлэхээр Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Газрын алба, бүх л шатны захиргааны байгууллагад хандсан боловч зөрчигдсөн эрх нь сэргээгдэхгүй байсаар шүүхэд хандлаа. Эхлээд нэхэмжлэгч кадастрын зураг буруу хийгдсэнийг мэддэггүй. Учир нь иргэн хүн солбицлуудыг яаж зурсан, тухайн газар дээр хаана байрлаж байгаа талаар ойлголтгүй байсан.
С.Дү-ийн нөхрийн газар нь Н.Э-ийн газрын урд байдаг. Энэ газартай холбоотой эрүүгийн хэргийг хэлэлцэх үед хэний газар хаана байгаа нь тодорхой болдог бөгөөд газрын кадастрын зураг буруу хийгдсэн болох нь харагддаг. Энэ дагуу кадастрын зургаа зөвтгүүлэх гэсэн боловч 2011 онд Ц.Д-д гэрчилгээ өгсөн тул засвар хийх боломжгүй болсон. Тухайн үед “Т” ХХК-иар С.Дү-ийн газрын кадастрын зураг алдаатай хийгдээд Х.Д-ийн газартай давхацсан байдаг. Үүнийг С.Дү мэдээд засуулсан. Өөр хүнд гэрчилгээ өгсөн учраас нэхэмжлэгчийн кадастрын зургийг нь хариуцагч зөвтгөж өгдөггүй.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны *******3 дугаартай Ц.Д-д олгосон гэрчилгээ нь нэхэмжлэгчийн анхнаасаа өргөдлөө өгөөд эзэмшиж байгаа гэж ойлгож байсан газрын өргөдлийг гаргахдаа Д.Ү-ийн хүсэлтээр гаргадаг. Д.Ү-ийн өргөдлийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг Ц.Д-д олгохдоо тухайн газрын гэрчилгээгээ хаясан гэж хэлдэг. Мөн гэрчилгээний дугаар зөрдөг бөгөөд 31 дугаар нь Н.Э-т, 32 дугаар нь өөр хүнд байдаг. 32 дугаартай гэрчилгээгээ хаясан учраас шинээр гаргахдаа Ц.Д-д шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу Газрын алба Ц.Д-д гэрчилгээг өгсөн. Энэ хугацаанд нэхэмжлэгч гэрчилгээний хугацаагаа сунгуулж чаддаггүй бөгөөд 2012 онд хугацаа нь дууссан боловч танай газар маргаантай гэдэг үндэслэлээр гэрчилгээний хугацааг сунгаж өгөөгүй.
2011 оны *******3 дугаар гэрчилгээг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн маргаан бүхий газрыг эзэмших эрх сэргээгдэнэ. “Т” ХХК-ийн хийсэн буруу кадастрын зургийг үндэслэн тухайн үед баримтлах ёстой хээрийн судалгаа хийх үүргээ биелүүлэлгүйгээр гэрчилгээ олгосны улмаас өнөөдрийн маргаан үүссэн. Эрүүгийн хэрэгт энэ гэрчилгээг олгохдоо хээрийн судалгаа хийлгүйгээр олгосон гэсэн тайлбарыг өгсөн байдаг. нэхэмжлэгч анх хүсэлт гаргасан газар дээр эзэмших эрхийг сэргээлгэх үүднээс буруу зурагдсан кадастрын зургийг зөвтгүүлэх, хууль бусаар авсан гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Газар эзэмших эрхийн гэрчилгээг гэрээгээр шилжүүлэх болохоос өргөдлөөр шилжүүлэхгүй. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших нотариатаар гэрээгээ хийлгэх ёстой. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3.2-т заасны дагуу хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О кадастрын мэдээллийн санд суулгахын тулд заавал газар эзэмших эрхийн гэрчилгээг авч ир гэж надаас шаардсан. Ц.Д-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргахын тулд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалтыг санаатайгаар зөрчсөн.
Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын даргын 83 дугаар тушаалаар баталсан журмын 6.1-д “Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийгээд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь очиж хээрийн судалгаа хийнэ” гэжээ. Мөн журмын 6.2.2-т заасны дагуу хээрийн судалгаа гэдэг нь Бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулахыг хэлнэ гэж байна. Хээрийн судалгаа хийх үүргээ биелүүлээгүй. Хууль бус гэрчилгээний улмаас Н.Э-ийн газар эзэмших эрх одоо хүртэл зөрчигдсөөр байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, Б.Э, Баянзүрх дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 207 дугаар захирамжаар иргэн Н.Э-т дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт У******* задгайд газар эзэмшүүлсэн байна.
Дүүргийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн *******3 дугаар захирамжаар иргэн Ц.Д-д 20 дугаар хороо, У*******т амины хашааны зориулалтаар 578 м.кв газрыг 5 жилийн хугацаатай газар эзэмшүүлсэн байна.
Иргэн хүсэлтээ гаргасныг үндэслэн дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д “Дүүргийн Засаг дарга энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “Энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болох тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д тус тус заасны дагуу газар эзэмших эрх олгосон.
Иргэн Ц.Д-ийн эзэмших эрх үүсэхээс өмнө нэхэмжлэгч зургаа зөвтгөх хүсэлтийг Газрын албанд гаргаж байгаагүй бөгөөд захирамжийг үндэслэн мэдээллийн санд зургийг оруулсан гэж ойлгож байна. Нэхэмжлэгчийн кадастрын зураг тэр үеийнхээрээ одоо ч гэсэн хэвээрээ байгаа. Манай байгууллага анх хийлгэсэн зургийг тэр чигээр нь хүлээн авсан. Кадастрын мэдээллийн санд 5 сарын байдлаар Х.Д-ийн хажууд нэхэмжлэгчийн газар байгаа харагдаж байна. Одоогоор хэн нэгэн эзэмшсэн зүйл байхгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлага хангагдахын тулд шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байж, түүний улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байхыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар шаардаж байна. Нэхэмжлэгч нь 2007 оны 207 дугаар захирамжаар 700 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон. Газрын тухай хуульд заасны дагуу тодорхой баримтууд болон газар эзэмших хүсэлтээ гаргасан бөгөөд хүсэлтдээ тухайн газрын тойм зургийг хавсаргаж оруулдаг. Нэхэмжлэгчээс газар эзэмших хүсэлтийг зохих журмын дагуу гаргасныг Баянзүрх дүүргийн Засаг даргаас тухайн иргэний газар эзэмших эрхийг баталгаажуулж, 2007 оны 207 дугаар захирамжийг гаргасан. Нэхэмжлэгчийн анх хүсэлт гаргасан газар нь Х.Д*******гийн газрын хажуу талд кадастрын мэдээллийн санд ямар нэгэн тэмдэглэл хийгдээгүйгээр байна. Нэхэмжлэгч тухайн газраа эзэмших боломжтой.
Нэхэмжлэгч Газрын албанд эзэмших эрхээ дууссан талаар хандан сунгуулах хүсэлт өгөөгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хууль бус эс үйлдэхүй гэдэг нь иргэн өргөдөл, хүсэлт өгсөн байхад хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, иргэний хүсэл зоригт нийцсэн байдлаар хариу өгөөгүйг ойлгоно. Гэтэл иргэн ямар нэг хүсэлт өгсөн зүйл байхгүй байхад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэжээ.
Кадастрын мэдээллийн санд Ц.Д гэж хүний нэр дээр оруулахдаа 2007 оны 207 дугаар захирамжаар олгосон Д.Ү-ийн нэр дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээ хаяж үрэгдүүлсэн, дахин олгохдоо Ц.Д-ийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг гаргасан байдаг. Одоо кадастрын мэдээллийн санд Ц.Д-ийн нэр дээр бүртгэлтэй. Эзэмших эрх 2011 оны *******3 дугаар захирамжаар үүссэн. Газрын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Ц.Д-д газар эзэмших эрх олгосон нь нэхэмжлэгч хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.
2007 онд Н.Э-т олгосон газар эзэмших эрхийн хугацаа 2012 онд дууссан. Нэхэмжлэгч өөрөө газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар хүсэлтээ гаргаагүй тул Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрх нь дуусгавар болсон байна. Түүнчлэн хүсэлтээ гаргаагүй тул хууль бус эс үйлдэхүй гэдэг зүйл яригдахгүй. Нэхэмжлэгч нь өөр газар эзэмших эрхтэй байснаа 2007 онд хийгдсэн газрын кадастрын зургийг буруу газар хийгдсэн байна гэдэг байдлаар маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж ойлгож байна. Түүнчлэн хэрэгт энэ газар нь нэхэмжлэгчийн газар гэдгийг нотлох баримт байдаггүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр Ц.Д-д олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дү, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ш.А нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Н.Э нь 2007 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 207 тоот захирамжид зааснаар газар эзэмших эрхтэй болсон. Гэвч Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгон У*******т иргэн Н.Э нь өөрийн амьдарч байсан газрынхаа кадастрын зургийг мэдээллийн санд бүртгүүлээгүй байсан болно. Захирамжаар гэрчилгээ эзэмшигч аливаа этгээд нь мэдээллийн санд бүртгүүлэх үүрэгтэй ба кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “...эзэмшигч, ашиглагч иргэн нь кадастрын зураг хийлгэх захиалгаа геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх” гэж зааснаар мэдээллийн санд захиалга өгөн бүртгүүлдэг болно. Гэтэл иргэн Н.Э нь 207 дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй болсон боловч тухайн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгон У******* гэх газрын чухам аль хэсэгт газар эзэмших эрхтэй болсноо мэдэхгүй эсвэл санаатайгаар хууль ёсоор *******3 дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй болсон Ц.Д-ийн газартай андуурч булаалдан маргаж байна.
Өөрөөр хэлбэл Н.Э нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын У******* ******* тоот хаягт бүртгэгдсэн боловч хэзээ ч амьдарч байгаагүй, мөн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шүүхээс хийгдсэн баримт бичиг болон кадастрын нэгдсэн бүртгэлд хийсэн үзлэгээр нэхэмжлэгч Н.Э-ийн 2007 оны 207 тоот захирамжаар олгогдсон газар нь маргаж буй газар болох У******* 1-р гудамж *******-р тоот биш Х.Д болон н.Ч нарын газартай тодорхой хэмжээгээр давхцалтай буюу гуравдагч этгээд Ц.Д-ийн 2011 оны *******3 дугаар захирамжаар олгогдсон газартай давхцалгүй болох нь тогтоогдсон тул тухайн газар дээр хууль ёсоор сунгуулах хүсэлтээ гаргахад аль ч талын эрх ашиг хөндөгдөхгүй болно.
Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга А.Д-ын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн албан бичигт “газар эзэмшигч Н.Э, Ц.Д нарын эзэмшил газар нь хоорондоо ямар нэгэн давхцалгүй буюу 2 өөр байрлалд байгааг “Т” ХХК-ийн хийсэн кадастрын зураг болон кадастрын мэдээллийн санд байгаа зургаар нотлогдож байна”, мөн Баянзүрх дүүргийн газрын албаны дарга Д.Б-ын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн албан бичигт “Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгон У*******т иргэн Н.Э, С.Дү нар нь анх хамт хүсэлт гаргаж 2007 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 207 тоот захирамжаар одоо амьдарч байгаа тус тусын газруудыг эзэмшсэн бөгөөд Н.Э нь өөрийн амьдарч байсан газрынхаа кадастрын зургийг мэдээллийн санд бүртгүүлээгүй байсан болно”. Мөн иргэн Ц.Д-д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны *******3 тоот захирамжаар 578 м.кв газрыг эзэмшүүлсэн бөгөөд мэдээллийн санд иргэн Д.Ү-ийн нэртэй зураг байсныг нотариатаар батлуулсан өөрийнх нь буюу иргэн Д.Ү-ийн хүсэлтийн дагуу 2013 онд кадастрын зургийн нэрийг Ц.Д-ийн нэрээр бүртгэсэн байгаа нь зургийн бүртгэлийн архиваар нотлогдож байгаа нь газрын тухай хууль, холбогдох журмыг зөрчөөгүй байна.
Мөн Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2013 оны 1/931 тоот албан бичгийн 1 дүгээр хавсралт болох шинжээчийн дүгнэлтийн 2 дугаар асуултын хариултанд “Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд буй мэдээлэлтэй иргэн Н.Э-ийн эзэмшил бүхий 579 м.кв газрыг солбилцлоор нь давхцуулж үзэхэд иргэн Ц.Д-ийн эзэмшил 578 м.кв, нэгж талбарын 186623112**** дугаартай газартай давхцалгүй байна” гэжээ. Дээрх нөхцөл байдлуудаар нэхэмжлэгч Н.Э-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болох нь тогтоогдож байна.
Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тоот тушаалын нэгдүгээр хавсралтын 9.1-д “ Нийслэл, дүүргийн Засаг даргын шийдвэрээр газар эзэмших, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээд нь энэ журмын 8.4-д заасан мэдэгдлийн дагуу эзэмшил, ашиглалтын газрын хил, заагийг газарт шилжүүлэх, эргэлтийн цэг тэмдэгтийг газарт бэхлэх, солбицол, өндрийг нь тодорхойлох ажлыг кадастрын зураглал үйлдэх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлнэ.”, 9.6-д “Иргэн, хуулийн этгээд нь энэ журмын 9.4-т дурдсан баримтыг тухайн мэдэгдэл өгсөн албан тушаалтанд хүлээлгэн өгнө” гэжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч миний кадастрын зураглал буруу үйлдэгдсэн эрх зөрчигдсөн гэж үзвэл өөрөө кадастрын зураглал гүйцэтгүүлээд Газрын албанд хүргэж өгөх ёстой.
Нэхэмжлэгч хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн;”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.1–д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудаас өгсөн тайлбарыг үзвэл нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн гэх нэг ч баримт байдаггүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд итгэмжлэгдэгч этгээд маргааныг дуусгавар болгох саналтай байхад итгэмжлэгч этгээд хурлыг үргэлжлүүлье гэж байгаа нь итгэмжлэгдэгч этгээдийн хүсэл зориг зөрчигдөж байна.
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 207 тоот захирамжаар газар эзэмших эрхтэй болсон. Ц.Д 2011 оны *******3 дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй болсон. Өөрөөр хэлбэл Ц.Д Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж заасны дагуу маргаан бүхий актыг баталгаажуулж, ямар нэг зөрчилгүйгээр тухайн газрыг шилжүүлж авсан болох нь харагдаж байна.
Даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд Газрын алба, Засаг даргад байхгүй эрх хэмжээг гүйцэтгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Иргэн хүн кадастрын зураг гүйцэтгүүлээд баримт бичгээ газрын албанд өгөөд тухайн газрыг эзэмших эрх нээлттэй. Маргаан бүхий газрын хувьд уг газрыг нэхэмжлэгч эзэмших эрхтэй гэдэг нь тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч зөрчигдсөн эрх болон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны *******3 дугаар захирамжийн хооронд шалтгаант холбоо байхгүй. 2011 оны *******3 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх хязгаарлагдсан, хүчингүй болсон ямар ч зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн 2 удаагийн гэрчилгээ сунгуулах хүсэлт гаргасан нь өөрт байхгүй газрын эрхийг сунгуулах гэсэн хүсэлт гаргаж байсан учраас зохих тайлбарыг анхан шатны байгууллагуудаас өгч байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч нарын, итгэмжлэгдсэн төлөөлөгчид, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Э “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн *******3 дугаар захирамжийн Ц.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 207 дугаар захирамжаар Н.Э-т газар эзэмших эрх олгосон газрын кадастрын зураглалыг өөрчилж, зөвтгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зөвтгөж кадастрын мэдээллийн санд оруулахыг Баянзүрх дүүргийн газрын албанд даалгах, газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сунгахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Н.Э анх 1-******* тоот газрыг дүүргийн Засаг даргын 2007 оны захирамжаар надад эзэмшүүлсэн гэх бөгөөд уг газарт давхцуулан Ц.Д-д газар эзэмшүүлсэн гэж маргаж, давхцуулсан захирамжийн хэсгийг хүчингүй болгуулж, өөрийн кадастрын зургийг 1-******* тоот хаягт болгон кадастрын мэдээллийн санд оруулах, улмаар уг газарт газар эзэмшүүлэх эрхийг сунгахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна .
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 207 дугаар “Газар эзэмшигч иргэдийн эрхийг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай” захирамжаар иргэн Н.Э-т Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын У******* задгай нэртэй газарт газар эзэмших гэрчилгээ олгожээ.
Газар эзэмших 20-******* дугаар гэрчилгээнд 700 м2 газрыг Н.Э-т эзэмшүүлэхээр олгов гэжээ.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 1 дүгээр гудамжны баруун талаасаа зүүн тийшээ *******, *******, ******* тоот гэсэн дугаартай бөгөөд одоо маргаж байгаа газар нь 1-******* тоот юм.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн *******3 дугаар захирамжаар иргэн Ц.Д-д 578 м2 газрыг эзэмшүүлэх эрхийг баталгаажуулжээ.
Баянзүрх дүүргийн газрын албанаас Н.Э-ийн эзэмшлийн гэх маргаж байгаа газрын болон түүний баруун, зүүн талын хашааны газрын болон Д.Ү-ийн эзэмшдэг газрын хувийн хэргийн материалуудыг авч, гэрчийн мэдүүлгүүдийг харьцуулан судалж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдлоо.
2007 онд анх маргаж буй газрыг Н.Э болон түүний хамтран амьдрагч Д.Ү нар эзэмшиж авахаар хүсэлт гаргасан гэж байх бөгөөд дүү Д.Ү иргэн С.Дү-ээс мөнгө зээлж, зээлсэн мөнгөнийхөө оронд одоогийн 1-******* тоот газрыг түүнд эзэмшүүлэх материалыг бүрдүүлж, газрын гэрчилгээ гаргуулж өгөхөөр тохирчээ .
Улмаар “Т” ХХК-иар Н.Э-ийн кадастрын зургийг Д.Ү, С.Дү-ийн тайлбар болон “Т” ХХК-ийн захирлын мэдүүлгээр С.Дү-ийн кадастрын зургийг Д.Ү хийлгэсэн гэжээ.
“Т” ХХК-иар Н.Э, С.Дү нарын кадастрын зургийг нэг өдөр буюу 2007 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хийлгэсэн болох нь гэрч Д.Ү-ын мэдүүлэг, хэрэгт авагдсан “Т” ХХК-ийн кассын орлогын ордероор нотлогдож байна.
“Т” ХХК-иар хийлгэсэн эдгээр зурагнуудыг Баянзүрх дүүргийн газрын албаны мэдээллийн санд оруулж, давхцуулан үзэхэд С.Дү-ийн газар иргэн Х.Д-ийн газарт буюу 1-******* тооттой бүхэлдээ, Н.Э-ийн газар зүүн талд нь Х.Д-ийн газартай 122 м2 газраар хэсэгчлэн, түүний цаана хэнд ч олгогдоогүй хэсэг газар, түүний цаана Л.Ч-ын хэсэг газарт уг кадастрын зураг хийгджээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Т” ХХК кадастрын зургийг буруу хийснээ хүлээн зөвшөөрсөн гэж байх бөгөөд шүүхээс уг компанийн захирал Б.Э-ыг гэрчээр асуухад “Д.Ү над дээр ирж 2007 оны С.Дү, Н.Э нарын газрын зургийг алдаатай хэмжсэнээс болж Н.Э бид нар хохироод байна. Алдаатай зураг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн бичиг хийж өг гэж шаардахад нь алдаатай зураг хийсэн гэсэн ойлголтоор Баянзүрх дүүргийн иргэний шүүхэд бичиг хийж өгсөн. Гэтэл алдаатай хийсэн гэдэг зургийг одоо харахад газар дээр байгаа айлын хашаатай яг таарч байна гэдэг бол хэмжилтийн алдаа биш, Д.Ү зориудаар тухайн айлын хашааг зааж өгч хэмжүүлсэн гэж үзэхээр байна” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
Иргэн С.Дү өөрийн кадастрын зураг буруу хийгдсэнийг Д.Ү-д холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор явж байх үедээ мэдэж, Баянзүрх дүүргийн газрын албанд хандсанаар анх газар эзэмшихээр хүсэлт гаргаж, хашаа барьж, тоосгон байшин барьж эхэлсэн 1-******* тоот хаяган дээр кадастрын зургийг дахин хийлгэж, Газрын албанд хандан Кадастрын мэдээллийн санд оруулуулсан байна .
Түүний газрын зүүн талд буюу маргаж буй 1-******* тоот хаяганд Н.Э-ийн хамтран амьдрагч байсан Д.Ү-ын дүү Д.Ү хашааг манаж, манаачаар амьдарч байжээ.
Хашааг манаж байсан Д.Ү С.Дү-ээс дахин мөнгө зээл, улмаар харж байгаа хашаагаа миний газар гэж, зээлсэн мөнгөнийхөө оронд өгөхөөр С.Дү-тэй тохиролцон түүний ээж Ц.Д-ийн нэр дээр шилжүүлэхээр болсон нь дараах баримтуудаар тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн газрын албанд хандан Д.Ү “Д.Ү миний бие Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 207-р захирамжаар 20-207-32 дугаарын газар эзэмших гэрчилгээгээ хаяж гээгдүүлсэн тул дахин олгож өгнө үү. Дахин олгохдоо Ц.Д-ийн /ХА4408****/ нэр дээр шилжүүлэн гаргуулах хүсэлтэй тул уг хүсэлтийг хүлээн авна уу” гэсэн өргөдлийг Засаг даргаар уламжлуулан нотариатчаар гэрчлүүлэн өгсөн байна.
Мөн Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас гаргуулсан тодорхойлолтын хамт өөрийн нэр дээрх кадастрын зургийн хамт газрын албанд өгчээ.
Шүүхээс Д.Ү-г уг асуудлаар гэрчээр асуухад “Уг өргөдлийг Д хэлж бичүүлсэн. Урьд өдөр нь Д нөхөртэйгээ намайг зодсон. Би дарамтанд орж уг өргөдлийг бичсэн” гэж мэдүүлэг өгсөн нь нотлогдохгүй байна.
Учир нь 2007 оны 207-р захирамжаар өөрт нь уг газрыг эзэмшүүлээгүй байтал уг газрын кадастрын зургийг Д.Ү өөрийн нэр дээр 2011 онд хийлгэсэн , гэрчилгээнд дурдсан 20-207-32 дугаар гэрчилгээ өөрийнх нь биш эгчийнх нь охин болох Э.С-ийн нэр дээрх гэрчилгээ байсан, түүнчлэн Д.Ү уг хороонд өөр газартай бөгөөд тухайн газрынхаа гэрчилгээг гээгдүүлээгүй мөртлөө гээгдүүлсэн гэж өөр гэрчилгээ дахин гаргуулж, өмнөх гээгдүүлсэн гэрчилгээгээр өөр газрыг өөр хүнд шилжүүлэхээр газрын албанд хандан хүсэлт гаргасан , Х.Д, Д.Ү нар нь бүлэглэн У******* нэртэй газарт байрлах 0.7 га газрыг нэр дээр нь шилжүүлэн өгнө гэж иргэдээс мөнгө төгрөг залилан авсан гэх эрүүгийн хэрэгт хийгдсэн Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2013 онд хийсэн шинжээчийн дүгнэлт зэргээс үзвэл Д.Ү-ийн мэдүүлгийг “үнэн” гэж шүүх хүлээн авах боломжгүй.
Д.Ү өөрийн өргөдөлд 2007 оны 207-р захирамжаар газар эзэмшдэг гэсэн байх боловч уг захирамжаар түүнд газар эзэмшүүлээгүй болох нь дүүргийн газрын албанд захирамжийн өнгөн хувьд үзлэг хийсэн баримтаар нотлогдож байна.
Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд Д.Ү С.Дү-ээс мөнгө зээлж, зээлсэн мөнгөнийхөө оронд түүний ээж Ц.Д-д баримт материалыг бүрдүүлж, өгчээ.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийн 23.2.13 дахь хэсэгт зааснаар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага баталдаг.
Газрын харилцаа, геодези, зурагзүйн газрын даргын 2008 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын Гурав-ын 3.4.1.2-т заасан эзэмших, ашиглах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, байршил, зааг, хэмжээ зэргийг тусгасан нэгж талбарын тойм зургийг өргөдөлдөө хавсаргаж өгөхөөр заасан бөгөөд үүний дагуу хавсаргаж өгсөн Баянзүрх дүүргийн газрын албаны архивт байгаа Н.Э-ийн хувийн хэрэгт байгаа кадастрын зураг болон 2013 онд хийгдсэн Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлтээс үзвэл анх “Т” ХХК-иар 2007 онд өөрсдийнх нь хийлгэсэн тойм зураг нь Х.Д-ийн газрын зүүн талд байрлалтай болох нь тогтоогдож байна.
Иймд хариуцагч Баянзүрх дүүргийн газрын албыг 1-******* тоот хаягаар Н.Э-ийн кадастрын зургийг мэдээллийн санд оруулахгүй байгаа эс үйлдэл нь хууль бус гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин Н.Э-ийн анх гаргаж өгсөн тойм зургийн дагуу 1-******* тоотын зүүн талд байрлалтайгаар кадастрын мэдээллийн санд оруулаагүй газрын албаны буруутай үйлдэл байх боловч энэ хаягт кадастрын мэдээллийн санд оруулаагүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас маргаж, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.
Уг газарт Н.Э-т дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлсэн, тухайн газрыг хууль, журмын дагуу бусдад олгосон газартай давхцаагүй хэмжээгээр кадастрын мэдээллийн санд оруулж, хугацааг сунгах боломжтой гэсэн тайлбарыг хариуцагч нарын төлөөлөгч нараас шүүх хуралдаанд өгч байна.
Нэхэмжлэгч кадастрын зургийг зөвтгүүлж оруулахаар хандаж байсан гэх боловч зөвшөөрөл бүхий компаниар хийлгэсэн кадастрын тойм зураг байхгүй, Газрын алба, Засаг даргад хандаж байсан гэх боловч энэ талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тухайн хороог хариуцсан газрын албаны мэргэжилтнээс “энэ талаар манай газрын албанд гаргасан өргөдөл байхгүй” гэсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “кадастрын зургийг зөвтгөх ёстой” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Маргаж байгаа газар нь Ц.Д-ийн нэр дээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн *******3 дугаар захирамжаар эзэмшүүлэх хүртэл хэний ч эзэмшилд байгаагүй бөгөөд эзэмшилд байгаагүй газрыг Ц.Д-д эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн хуулийн заалтыг зөрчөөгүй, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийн 21.5.3-т заасан “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.” гэсэн эрхийн хүрээнд гарсан, хууль зөрчөөгүй захиргааны акт байна.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны *******3 дугаар захирамжаар Д.Ү-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Ц.Д-д шилжүүлээгүй, харин өмнө нь хэнд ч эзэмшүүлээгүй байсан газарт Ц.Д-д хууль ёсны дагуу газар эзэмшүүлсэн, тэрээр шударга эзэмшигч байх тул түүний газартай давхцуулан Н.Э-т газар эзэмшүүлэх хууль эрх зүйн үндэслэл байхгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Н.Э-ийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргаж өгсөн баримтад , “2011-*******3 тоот захирамжаар Ц.Д-д газар эзэмших эрх үүссэн. Ү нотариатын гэрээгээр Ц.Д-д газраа нэр шилжүүлж өгсөн байна. 2011.03.01” гэсэн цохолт, шүүх хуралдаанд эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан учраас гомдлоо гаргаагүй гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзвэл Д.Ү-д холбогдох эрүүгийн хэрэг шалгагдаж байх үед Ц.Д-д эзэмшүүлсэн гэдгийг Н.Э мэдэж байсан байх бөгөөд 2016 онд Засаг даргын тамгын газраас албан бичгийн хариу өгсөн зэргээс үзвэл 2011-2012 онд Ц.Д-д газар эзэмшүүлсэнийг мэдсэн, 2016 оноос өмнө гомдол гаргаж байсан гэдэг нь тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч Н.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Уг хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Ү-ийн охин Э.А нэхэмжлэл гаргасан, Д.Ү уг газрыг өөрийн нэр дээр кадастрын зураг хийлгүүлсэн, улмаар зээлсэн мөнгөнийхөө оронд уг газрыг шилжүүлэх өргөдөл бичиж өгсөн зэрэг нөхцөл байдлуудаас үзвэл нэхэмжлэгч Н.Э өөрт хохирол учирсан гэж үзвэл Д.Ү-аас хуулийн дагуу гаргуулан авбал зохино.
Харин нэхэмжлэгч Н.Э нь өөрийн нэр дээр хийлгэсэн кадастрын зурагт байрлах газар буюу иргэн Х.Д, Л.Ч нарын газрын дунд тэдгээр иргэдийн эзэмшиж байгаа газартай давхцуулалгүйгээр, аль эсвэл иргэдэд эзэмшүүлж болох өөр газарт дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу өргөдөл гаргах эрх нь нээлттэй бөгөөд уг эзэмшүүлсэн газрыг кадастрын мэдээллийн санд оруулах, уг газрын эзэмших эрхийг сунгуулахаар дүүргийн Засаг даргад хандах эрхийг энэхүү шүүхийн шийдвэрээр хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийн 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийн 23.2.13, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Э-ийн “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн *******3 дугаар захирамжийн Ц.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 207 дугаар захирамжаар Н.Э-т газар эзэмших эрх олгосон газрын кадастрын зураглалыг өөрчилж, зөвтгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зөвтгөж кадастрын мэдээллийн санд оруулахыг Баянзүрх дүүргийн газрын албанд даалгах, газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сунгахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ